Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гран прид дэлхийн шилдгүүд өрсөлдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Рио-2016” зуны ХХХI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо Бөхийн  Холбооны “Чингис хаан” гран-при тэмцээн болоход гурав хоног үлдээд байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тэмцээний зохион байгуулах хорооны даргаар Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав томилогдон ажиллаж буй аж. Энэ удаагийн “Чингис хаан” Гран-при тэмцээнд ОХУ, Япон,Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонг Конг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Польш, Филиппин зэрэг 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд буй гэнэ. Мөн тэмцээнд дэлхийн чансаагаараа тэргүүлдэг шилдэг жүдочид ирж оролцох аж. Тухайлбал,  2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг зэрэг бөхчүүд зодоглох нь. Харин эх орноо төлөөлж Дэлхийн аварга, ази тивийн аварга М.Уранцэцэг, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зэрэг шилдэг тамирчид барилдана. “Чингис хаан” Гран-при тэмцээнийг Олон Улсын Жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон шилдэг шүүгчид шүүн явуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *