УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын чуулган завсарлах гэж байгаатай холбоотойгоор хэлэлцэж батлах хуулиудаас эхний ээлжинд зургаан хуулийг яаралтай батлах нь зүйтэй гэдэг дээр тус бүлэг санал нэгдсэн байна. Тухайлбал, хуулийн хугацаанд нь багтааж 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны нийгэм эдийн засгийн ерөнхий чиглэл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Шилэн дансны тухай” хууль, Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийг батлах хэрэгтэй гэж үзжээ. Мөн нийтийн баярын өдрүүдэд амрах тухай хуулийн төслийг дэмжихээр шийдсэн байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга мэдээлэхдээ ” Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр хэрхэн ажиллах вэ гэдгийг ярилцлаа. Уг нь Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бүлгээс гаргаад ажилласан. Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсэгтэй саналаа зөвшилцөж үр дүнтэй хувилбар нь хэнийх нь вэ гэдэг дээр нэгдэж чадаагүй. Уг нь УИХ-ын бүтцэд ажиллаж байгаа ажлын хэсгүүд бие биенийхээ хийсэн ажилд дүгнэлт хийж харилцан ярилцаад дундын хувилбар гаргадаг уламжлалтай. Гэтэл бүлгийн саналуудыг ойшоохгүй байдал ажиглагдаж байна. Энэ асуудалд Г.Уянга гишүүн болон манай бүлгийн бусад гишүүд бухимдаж байгаа. Тиймээс өнөөдөр хуралдах Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хойшлуулах санал гаргах нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа стратегийн ордуудад хувь эзэмших гэдэг асуудалд төрийн бодлого яаж зөв явах юм бэ гэдэгт анхаарч аль нэг нам эвсэл хүч түру батлах нь буруу. Урд гаргасан алдаанаасаа сургамж аваагүй дүр зураг харагдаж байгаа тул шууд батлахгүйгээр Ашигт малтмалын тухай хуулин дээр ямар ч байсан яриа хэлцэл өрнөх ёстой гэж үзсэн” гэв.
Түүнчлэн “Төрөөс төмөр замын талаар баримтлах үзэл баримтлал”-ын хүрээнд Засгийн газар тогтоолын төсөл өргөн барьсан бөгөөд тус бүлэг Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринд нэгджээ. Өршөөлийн тухай хуулийг урин дулааны цагт буюу наадмаас өмнө батлан гаргах саналтай байгаа аж. Тиймээс тус бүлэг уг хуулийг батлуулахын тулд бусад бүлгүүдтэй зөвшилцөлд хүрэхээр шийджээ.