УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар өчигдөр “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар мэдээлэл хийв. Г.Уянга гишүүн байгалийн баялгийг шударга хуваарилах зарчим алдагдсаны дээр маргаантай байгаа лицензийн асуудал одоо болтол шийдэгдээгүй атал “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах гэж яарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр өнөөгийн парламентад зөвшилцлийн хэлбэр алдагдаж буйг онцоллоо. Харин УИХ-ын дэд дарга Л.Цог “Байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон” гэв. Тиймээс Газрын тухай хууль шигээ энэ төслөө буцааж татах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
Я.ЦЭЦЭГ