Categories
мэдээ нийгэм

Хуульчдын өдөрлөг болно

Монголын хуульчдын өдрийг тохиолдуулан Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “ХУУЛЬЧДЫН ӨДӨР -нээлттэй өдөрлөг” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх Хуульчдын талбайд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээг хууль зүйн салбарын шинэтгэл болон өнөөгийн байдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, эрх зүйн хүрээнд хэрэгжиж буй ажлын талаар сурталчлах, олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч эргэх холбоог сайжруулах зорилгоор Хууль зүйн яамны харьяа байгуулагуудын оролцоотойгоор зохиож байгаа аж.

Энэ үеэр Хууль зүйн яамнаас салбарын шилдгүүдийг тодруулан шагнал гардуулах бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс нэвтрүүлсэн гар утасны “Legalinfo” програмын нээлтийн ёслол болно. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хууль сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтэрч буй эрх зүйн мэдээллийг эрчимжүүлэх зорилгоор “Хууль сурталчлагч түнш – 2014” аяныг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зарласан бөгөөд тус өдөрлөгөөр эрх зүйн чиглэлээр дагнан нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг хууль сурталчлагч байгууллагуудыг алдаршуулах юм.

Мөн уг өдөрлөгийн хүрээндХил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв зэрэг Хууль зүйн яамны харьяа байгууллагууд үндсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, иргэдэд зориулсан үйлчилгээг ойртуулан, санал хүсэлтийг хүлээн авч ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *