Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан Гадаад харилцааны сайдын
2013 оны төсвийн багцын гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэлд дараах хариу
тайлбарыг өгч байна.
Гадаад
Харилцааны сайдын төсвийн багцын 2013 оны гүйцэтгэлээр нийт зардал
653.4 сая төгрөгөөр хэмнэгдсэн. Үүнд барилга байгууламж, тоног төхөөрөмж
зэрэг хөрөнгө оруулалтын зардлын хэмнэлт гол нөлөө үзүүлжээ.
Харин урсгал зардлын гүйцэтгэл төлөвлөснөөс 2 хувиар давсан байна.
Үүний дотор гадаад томилолт, арга хэмжээний зардал 558 сая төгрөгөөр
хэтэрснийг ‘’Гадаад харилцааны сайд гадаадад зугаалжээ’’ гэх мэтээр
тайлбарлаж байгаа нь бодит байдалд яавч нийцэхгүй юм.
Учир нь энэхүү хэтрэлтийн 96 хувийг гадаад дахь нийт 39 Дипломат
Төлөөлөгчдийн Газрын ажилтнуудын томилолт, эх орондоо бүрмөсөн буцах
унааны зардал зэрэг зардал бүрдүүлж байна.
Гадаад харилцааны яамны төв аппаратын томилолт, гадаад арга хэмжээний
зардал 2013 онд 9 сая төгрөгөөр давсан нь валютын ханшийн өсөлт маш
өндөр байсан өнгөрсөн оны хувьд үнэндээ ихээхэн хэмжээний хэмнэлтийн үр
дүн байсан юм. Ер нь тус салбарын нэг онцлог нь зардлын дийлэнхийг
гадаад валютаар төлдөг бөгөөд өнгөрсөн онд салбарын төсвийг батлахдаа 1
ам.долларыг 1336.1 төгрөгөөр тооцсон ч бодит байдалд жилийн дундаж ханш
1523.6 төгрөг байснаас их хэмжээний санхүүжилтийн дутагдал үүссэн.
Энэхүү бодит шалтгааны улмаас урсгал зардлын 2 хувийн хэтрэлт бий
болсон бөгөөд сайдын гадаад томилолтоос болсон зүйл биш гэдгийг дахин
тодотгож байна.
Хэдийгээр валютын ханшийн өсөлт гэсэн зайлшгүй хүчин зүйл гол нөлөө
үзүүлсэн ч гэлээ Дипломат төлөөлөгчийн газруудын томилолтын зардлын
зөрүүг төлөөлөгчийн газар тус бүр дээр дахин нягтлан шалгаж, хариуцлага
алдсан асуудал байгаа бол арга хэмжээ авах болно.
2014.6.26