Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчид оюутан-цэргүүд талархлын захидал илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхдагчдаас талархлын захидал илгээсэн байна.

Төв аймгийн Алтанбулаг суман дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хааж буй Ш.Түвшинбаяр, Б.Есүхэй нарын зэрэг “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан-байлдагчдаас ирүүлсэн захидалд “Бид бол азтай оюутан. Ингэж өөрсдийгөө тодотгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалын дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан, цэрэг болсон явдал юм.

Оюутнууд биднийг суралцахын зэрэгцээ цэргийн жинхэнэ алба хаах боломж олгосон явдалд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг минь эдлүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлж буй явдал юм. Ингэснээр маш их цаг хугацаа хэмнэж, асар их мэдээллийг залуус бидэнд олгосоор байна.

Цэрэг эрс бид оюутан байх хугацаандаа цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хааж, улмаар их, дээд сургуулиа амжилттай суралцан төгсөж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээсэн төрийн жинхэнэ албан хаагч болж чадахаа эх орон, багш, сурган хүмүүжүүлэгчид, аав ээж, найз нөхдийнхөө өмнө андгайлан тангараглая” гэжээ.