Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ИНЕГ-ын хуучин удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар ярилаа.

Тодруулбал мөрдөн байцаалтын явцад дээрх хүмүүс тус газрын харъяа “Чингис Хаан” олон улсын буудлын “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг тендерт хууль бусаар шалгаруулсан болохыг тогтоосон аж. Үүний улмаас улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэд “Медиа саммит Лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авсан байна. Мөн “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон нь илэрчээ.