Categories
мэдээ улс-төр

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, түүний гэргий Гүлтен Чичек болон албаны бусад төлөөлөгчид өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн бүлгийн дарга А.Бакей, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек нар хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна. Мөн ноён Жемил Чичек Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана.

Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Улсын Их Хуралд хэрэгжсэн “Цахим номын сан” болон “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийн ажиллагаанд оролцохын зэрэгцээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд зочилж “Эрдэнэ зуу”, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн хөшөө цайдам музей, бэсрэг наадам үзэж сонирхох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны 6 дугаар сарын 24-ний 09.30 цагт хүндэт зочныг Эзэн Чингис хааны талбайд угтах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *