Эдийн засгийн өршөөл буюу Ил тод байдлын тухай хуулийг УИХ гаргах гэж байна. Араас нь залгаад Эрүүгийн өршөөлийн хуулийг батлах шинжтэй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн санаа нь зөв юм билээ. Төрийн албан хаагчид 2006 оноос хойш энд тэнд нууж хаасан эд хөрөнгө, мөнгө төгрөгөө бүгдийг нь илчилнэ. Мэдээж төрийн өндөр алба хашиж яваа дарга, сайд, УИХ-ын гишүүн бүхэнд энэ хууль хамаарна. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг болгон хамрагдана. Цалингаасаа гадуур илүү олсон хэдэн төгрөгөөс эхлээд юу байдгаа тоочно. Өнөөдрийг хүртэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж зүрхлээгүй хав дарсан эд хогшил, гадаад, дотоодын дансанд байгаа мөнгөө ил болгоно гэсэн үг. Бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө, эд мөнгө байдаг юм бол нэгийг ч дутаалгүй өөрийнх гэдгээ зарлана. Үүнийгээ санхүү татвар, нийгмийн даатгалын тайланд тусгана.Шинээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөнө. Гаалийн байгууллагад нөхөн мэдүүлнэ.Улсын бүртгэлийн дансанд шинээр бүртгүүлнэ. Хэрэв хууль батлагдчихвал төрийн албан хаагч, дарга сайд, УИХ-ын гишүүд ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын нэгэн хүртэл нуусан хөрөнгөө ил болгох ажилд ханцуй шамлан орох нь ээ. Нуусан хөрөнгөө сайн дураараа, шударгаар ил болгосон төрийн албан хаагчдыг элдэв хариуцлагад татахгүй, албан татвараас нэг удаа чөлөөлнө гэж байгаа.Цаад зорилго нь хэл ам, хууль, шүүхээс айж, татвар гувчуураас зугтаалгаж, гадагш нь гаргасан тэдний хөрөнгө, мөнгийг нааш нь татаж, Монголдоо “мөнгөн бороо” оруулах гэсэн байх. Үүгээрээ хуулийн санаа авууштай.
Гэтэл хүмүүсийн зориг гарган ил болгосон мэдээллийг төр засаг архивлаад чанд хадгалах гэнэ. Хичнээн төгрөг, эд хогшил нуун дарагдуулж байсныг нь хэнд ч хэ¬лэхгүй. Гэмт хэргийн нотлох баримт болгон элдэв зүйлд ашиглахгүй. Хэн хэн юу нууж байсныг хэвлэл мэдээллийнхэн нийтэлж, нэвтрүүлж, олон нийтэд түгээх нь хориотой гэдэг заалтыг оруулаад ирлээ. Үүнийг зөрчвөл таваас 50 сая төгрөгөөр торгох юм байх.
Ингээд ирэхээр энэ хууль үлгэр болон хувирч байна.Нуух байсан юм бол хүмүүсийг улалзуулан байж хамаг юмыг нь дэлгүүлэх хэрэг юу байна.Ийм гэнэн тэнэг юм яривал хэн та нарт итгэх юм бэ. Тэр архивыг цагаа тулбал хэн дуртай нь ашиглана. Сонин хэвлэл та нарын үгэнд орно гэж бодож байна уу. Нууц гэж хаана ч байдаггүй юм. Тийм учраас сонин хэвлэл тэр мэдээллүүдийг бичиж л таараа. Олон нийт мэдэх л болно.
Хүний хамаг нууцыг хэлүүлчихээд архивлах гээд байгаа нь ч ямар учиртай юм. Монголчууд цөөхөн. Бараг биенээ танина. Төрийн албан хаагч тоотой. Худалч хүнд өнөөдөр энэ баримтуудыг хүлээн авч, бүртгэсэн төрийн албан хаагчид хоёр жилийн дараа гэхэд гудманд гарна. Хуулиар ямар ч үүрэг хариуцлага хүлээхээргүй болчихсон хүмүүс юу хийж чадахав. “Тэр муу тэгж мөнгөө нуусан байна лээ” гээд ах дүү, амраг садандаа ам алдахад Монгол тэр чигтээ сонсоно. Тэгэхээр наад заалт чинь Монгол зан заншил, монголчуудын сэтгэлгээнд огт таарахгүй байна. Энэ хууль бүхэлдээ Монголын нөхцөлд тохирохгүй болчихлоо.
Социализмын үед өөрийгөө шударгаар илчилсэн хүн юутай ч зүйрлэмгүй гавьяа байгуулдаг гэх ухуулан сэнх¬рүүлсэн уриа лоозон хүчтэй байсан юм гэдэг. Коммунист дэглэмийн орнууд ард түмнийхээ тархийг энэ мэтээр угааж, өөрсдөөр нь хамаг булхай луйврыг нь хэлүүлдэг туршлага маягийн зүйл дэлгэрсэн юм билээ. Гэвч энэ нь хүн төрөлхтний түүхэнд аймшигтай түүх дурсамж үлдээснээс өөр сайн зүйл авчраагүй. Ийм гашуун түүх дэлхийгээр дүүрэн байна.
Сүүлээс нь дурдъя.Хятадын удирдагч Мао Зедун соёлын хувьсгалын үеэр “Цэцэг бүхэн дэлгэрдэг, шувуу бүхэн жиргэдэг” гэсэн уриа гаргасан юм гэнэ лээ.Энэ нь юу гэсэн утгатай үг гэхээр хүн болгон өөрөө дутагдлаа хүлээнэ. Буруугаа шударгаар илчилж, цэвэр коммунист болно гэдэг санаа. Үүнд үнэмшсэн олон мянган хятад иргэн өөрсийнхөө алдаа дутагдал бүхнийг илчилсэн. Дараа нь цөллөгт явдаг эсвэл буудуулж үхдэг л хувь тавилантай учирсан гэлцдэг.
И.В.Сталины дэглэмийн үед ч өөрийгөө илчлэх асуудал Оросын ард түмэнд их байсан гэх. Харамсалтай нь тэр бүгдийн төгсгөл болгон үхэлтэй холбогдож байжээ. Манайд ч сэхээтний төөрөгдлийн үе байсан. Коммунизмын он жилүүдэд өөрийн шүүмжлэлийг өрнүүлэх нь тусгай ажил байсан тухай өдгөө түүх болгон ярьдаг.Амьдарч байгаа нийгэм, дарга нарын уриа лоозон, илтгэлд нийцэхгүй бодол санаа тээж, үг үйлдэл хийсэн гэж бодвол өөрийгөө шүүмжилдэг. Үнэнээ илчилснийхээ хариуд шийтгэл амсдаг. Энэ мэтээр өөрийгөө илчилсэн төгсгөл болгон гунигтай. Нэг бол цөлөгддөг эсвэл шорон гянданд хоригддог, залхаан цээрлүүлдэг дурсамж олон ажээ.
Тэгвэл өнөөдөр яригдаж байгаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үүнтэй адил болох нь шиг байна. Өөрөөр нь бүгдийг хэлүүлчихээд өршөөнө, дараа нь бүх нууцыг нь архивлаж хадгална. Нэг л сэжигтэй байгаа биз. Ард түмнээ өөрийгөө илчлэх зам руу урхидах кампанит ажил болчих вий. Бараг өөрөөсөө ч нуусан үнэнээ өчсөний дараа яах юм бол гэдгээс болгоомжлох хэрэгтэй.
Манай “Өдрийн сонин” цагаан захтнуудыг шоронд хийх тоолонд ихэд харамсан бичдэг. Яагаад гэвэл Монгол Улс сэхээтэн цөөнтэй. Дэлхийн хэмжээний боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх өртөг манайд маш их. Тиймээс арайхийн бэлтгэсэн цагаан захтнуудаа шоронд хийх нь Монголын эмгэнэл гэж үздэг юм. Энэ санаагаар сэхээтэн, цагаан захтнуудаа хамгаалах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж байвал болж байна.Тийм бол энэ хууль гарах ч хэрэгтэй. Гэхдээ дэмжмээргүй зүйл нь өөрийгөө илчлэх тухай заалт байна. Сөрөг хүчин үүнийг эсэргүүцэх ёстой.Хууль хэрэгжвэл хэнд илүү халгаатай вэ гэдгийг тэд юу юунаас илүү мэдэж байгаа. Монголын түүхэнд аль нам нь төрийн жолоог арай олон жил атгасан бэ гээд харвал Ардын нам л байна. Тэр өнцгөөс нь үзвэл нуусан хаасан зүйл ихтэй нь тэдний намд олон байж магадгүй нь.
Ийм учраас тал талаасаа зөвшилцөж хуулиа оновчтой гаргах хэрэгтэй. Энэ хууль “Ийм олигархиуд Монголыг цөлмөж байж” хэмээн зарлах гэхээсээ илүү монгол үндэстэн хоорондын итгэлцэл, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх ёстой. Амьдралд нийцэхгүй байгаа өөрийгөө илчлэх тухай заалтын оронд 2014.07.01-нээс өмнө олж авсан өмч, хөрөнгөө ил болго. Тэр болгоныг шалгахгүй гэдэг заалт оруулчихад л болно. Энэ нь хамаагүй шударга бөгөөд элдэв яриа хөөрөөгүйгээр асуудлыг яг шийднэ.
Үүнийг одоогийн УИХ хийх хэрэгтэй. Тэгвэл дан ганц АН гэхгүйгээр хоёр намын болоод хамгийн гол нь энэ парламентын нэр хүнд өснө. Өнөөдөр Эрүүгийн өршөөлийн хуулиас илүү Эдийн засгийн өршөөлийн хууль асар олон хүнд эергээр тусна. Хэдэн арваараа шоронд ачигдаж, эрүүдэн шүүгдэж байгаа цагаан захтнуудаа хамгаална.Тэдний потенциалыг эх орондоо хэрэгтэй үйлс бүтээхэд ашиглаж, хүчийг нь дайчлах боломж олдоно. Ер нь ирээдүйд АТГ-ыг ажилгүй болгох зорилгоор энэ хуулийг баталмаар байна. Монголчууд нэгийгээ уучилж чаддаг, уужуу тайван ард түмэн гэдгээ дэлхий нийтэд үлгэрлэн харуулах сайхан боломж бидэнд олдлоо. Энэ завшааныг алдалгүй ашиглах хэрэгтэй. Тийм ч дэмий хоосон популистууд УИХ-д суудаггүй гэдгийг ард түмэндээ батлан харуулах цаг ирээд байна. Тиймээс Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хоосон улстөржилгүй, дороо суурьтай, дотроо бодолтой, олон талаас нь харж байж зөв л гаргах хэрэгтэй юм.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ