Categories
мэдээ нийгэм

Төмөр замын автобус Хүй долоон худаг руу явна

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт наадмын бэлтгэл ажилтай танилцжээ. Энэ жилийн наадмын нэг онцлог нь төмөр замын автобусыг Хүй долоон худаг руу явуулж байгаа аж.  Хүй долоон худаг руу явах иргэд “Дүнжингарав”, Дунд голын буудлаас төмөр замын автобусанд сууж, Давааны өртөөнд хүрэх юм байна. Давааны өртөөнд буусан иргэд морь барих газар руу эко автобусаар үнэгүй явах гэнэ.  Тиймээс иргэд наадмын талбай руу  заавал машинтай явах шаардлагагүй аж.  Хүй долоон худаг дахь үйлчилгээний талбай, авто зогсоол хооронд дотоодод үйлдвэрлэсэн бага оврын эко таван автобус явуулж, иргэдэд үнэгүй үйлчлэхээр болсон байна. Уг автобусыг нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар “Цахилгаан тээвэр” компанид үйлдвэрлэсэн. J-800 EV маркийн уг автобус 4.6 метр урт, 1.45 метр өргөн, хоёр метр өндөртэй, 12 хүний суудалтай, цагт 80-100 км-ийн хурдтай явах чадалтай юм байна.  Хүй долоон худагт өнгөрсөн онд 5300 машины зогсоол барьсан бол энэ жил 500-г нэмэхээр болж.  Мөн 3000 сандал нэмж, шороон замуудыг асфальт болгохоор  барилгын ажил эхэлжээ. Бие засах газрыг долоогоор нэмж, 31 болгожээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд 13.600 сандал шинээр тавьж байгаа гэнэ. 

Хүй долоон худаг хүртэлх 2.4 км, худалдаа, үйлчилгээний талбайнуудыг холбосон 2.7 км автозам тавьж, 500 автомашины зогсоолыг эко хавтангаар хучиж байгаа аж. 

Мөн “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн төсвөөс дөрөв орчим тэрбум төгрөг гаргаж байгаа юм байна.  Наадмын төсөв өнгөрсөн жил 1.5 тэрбум төгрөг байсан бол энэ жил 2.2 тэрбум болсон. Долдугаар сарын 11-ний үдэш Чингисийн талбайд Улаанбаатарын үдэш цэнгүүн зохион байгуулахад Японы компанитай хамтран шинэ технологийн шоу зохион байгуулах өртөг нэмэгдсэн учраас ийм дүн гарчээ. Валютын ханшийн өсөлт ч нөлөөлсөн гэнэ.  

Ч.МӨНХЗУЛ