Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ айлчлал Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж албаныхан хэлж буй.
Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний түвшний айлчлал, тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпинийн манай улсад хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцож, нэгдмэл ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна. Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд, Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва нарт бараалхах аж.