УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийн эхнийх нь болох “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номын нээлтийн ажиллагаа “Интерном” номын дэлгүүрт боллоо. Энэхүү бүтээлийг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн мэндэлсний 145 жилийн ойд зориулан Булган аймгийн нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж гаргаж байгаа юм. Бараг хоёр жилийн өмнөөс тэрээр twitter сүлжээгээр Монголын эрт эдүгээ түүхийн баримтуудыг маш сонирхолтой жиргэж хэвшсэн. Түүх өгүүлсэн эл жиргээг нь унших дуртай мянга мянган дагагч-уншигчдын хувьд олон ЯАГААД гэсэн асуултын хариуг энэхүү цуврал бүтээлүүдээс харж болох нь ээ.
Уг бүтээлийг туурвих болсон учир шалтгааны тухай зохиогч хэлэхдээ “….Монгол Улсын маань тусгаар тогтнолын төлөө эцэг өвгөд, ихэс дээдсийн маань тэмцэл, ялалт, ялагдлын үнэн түүхийг өгүүлэхийг эрмэлзэхээс гадна олон улсын харилцаагаар мэргэжсэн хүний хувьд улсынхаа түүхийг тухайн үеийн дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдалтай холбон өгүүлэх хэрэгцээ байна гэж үзсэн. Түүх эргэн давтагддаг хэмээдэг. Энэ цагт бид Оюу Толгой, Таван толгой гэх мэтийн ордууд, төмөр замын тухай маргалдан мэтгэлцэж буй үед ХХ зууны эхэнд мөн л яригдаж ирсэн “Монголор”-ын алтны уурхай, Дорнод Хятадын төмөр зам Монгол орны хувь заяанд ямархуу үүрэг гүйцэтгэснийг уншин эргэцүүлж, нэгийг бодох нь бас чухал гэж бодсон юм…” гэв.
ХХ зууны эхэнд дэлхий даяараа их гүрнүүдийн дарлалд улс орнууд нухлагдан байсан үед өөрийнхөө тусгаар тогтнолыг зарлан гарч ирсэн цөөхөн улсын нэг нь монголчууд юм. Дөнгөж зарласан тусгаар тогтнолоо хамгаалах, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бүтэн жарны турш ээдрээтэй бэрхшээлтэй замаар замнан, алдаа онооны нугачаанд бүдэрч боссон түүхийг эл номд өгүүлсэн байна. Бичиж найруулахдаа эсээ буюу нийтлэлийн хэлбэрийг өргөн ашиглаж, ямар ч нас, мэргэжлийн хүн уншихад ойлгоход хялбар дөхөм, уншууртай туурвиж чадсан тус бүтээл уншигч Таны Монголын түүхийн мэдлэгийн санд чухал хандив болж, улс үндсээ хэмээсэн үзэл бодлыг тань улам ирлэж өгөх нь дамжиггүй.