Цахим ертөнцөд хэн нэгэн нөгөөгөө гүтгэн доромжлох нь хэвийн үзэгдэл болоод байна. Өнгөрөгч оны 10 дугаар сарын 23-нд Зам, тээврийн сайд А.Гансүхийг иргэн Л.Даваапил “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3.6 тэрбум төгрөг завшсан гэх утга бүхий мэдээллийг твиттер хуудсаар дамжуулан тараасан билээ. Энэхүү гүтгэлгийн хариуд Зам, тээврийн сайд А.Гансүх ямар нэгэн луйвар хийгээгүй гэдгээ мэдэгдэж, АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандаад байсан юм. АТГ-аас хэргийг шалгаж, “БНСУ-ын “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа А.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ ашиглаагүй, хөрөнгө мөнгө завшсан гэх үндэслэл тогтоогдоогүй” болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
А.Гансүх өөрийг нь гүтгэсэн Л.Даваапилийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад прокурорт шилжүүлж, прокуророос 2014 оны 04 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дээрх эрүүгийн хэргийг хэлэлцээд 650 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Даваапилийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг тогтоосон байна.