Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаярыг огцруулах асуудлыг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоол, Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төсөл, Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг тус тус хэлэлцлээ. Үүнээс Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа хэлэлцэх горимын саналын дагуу хойшлуулав.

Үүний дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс энэ асуудлыг хойшлуулах горимын санал гаргалаа. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага бол бүдүүлэг, хүний нэр төрд халдсан, асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь, улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурьджээ. Тиймээс бид шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох газруудад албан бичиг явуулсан байгаа. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг нягталж, шалгах шаардлагатай байгаа тул хурлыг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв.

Уг горимын саналаар санал хураахад 14 гишүүний 10 нь дэмжсэнээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *