Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Намын өмчийн асуудал нэлээд маргаантай байна


Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ дахь АН

-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудалд намын бүлгийн байр суурь хэвээрээ байгаа юу?

-Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын суудалд Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Хуваарийн дагуу энэ долоо хоногт асуудал хэлэлцэгдээд явна.

-Зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбохоос хоёрынх нь төсвийг танасан гэх мэдээлэл байна. Эсвэл бүгдийг нь ингэж танаж байгаа юм уу?

-Аймгуудыг авто замаар холбож дуусах Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэвээрээ хэрэгжиж байгаа. Концессийн тендерийн үйл ажиллагаа долоодугаар сарын 1-нд дуусна. Замын ажил цаашид хэвийн үргэлжлээд явна.

-Сонгуулийн хуулийг энэ долоо хоногоос идэвхижүүлнэ гэлээ. Ямар, ямар асуудал дээр тогтож ярих вэ?

-Сонгуулийн хуульд бидний баримталж байгаа бодлого яг хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, бид холимог системээ цаашид хадгалж явах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Пропорцианаль нь 50 хувь, можаратор нь 50 хувь байх ёстой гэсэн зарчмын байр сууриа Ардчилсан нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ?

-Намын тухай хуульд ганц зүйл дээр тохиролцохгүй байх шиг байна. Тэр нь намын өмчийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа юм байна. Гишүүнчлэлтэй байх, байхгүй тухай асуудал мөн маргаан дагуулж байгаа юм байна. Тийм учраас маргаантай байгаа асуудлыг УИХ-д татаж оруулах нь ямар байх бол гэсэн эргэлзээ байгаа. Үүнийг нэг тийш нь болгож чадвал энэ асуудал УИХ-д яригдана.

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг Засгийн газар боловсруулсан байгаа юу. Цензурийг нь хэрхэн тавих вэ?

-Эдийн засгийн ил, тод байдлын тухай хууль гэж нэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж өнөөдрөөс эхлээд өөрийнхөө байгаа санхүү болон хөрөнгөө ил тод мэдээлээд цаашид бүх зүйлээ тунгалаг болгох ёстой гэсэн хууль юм. Хүнийг гэмт хэрэг талаасаа илүү эдийн засгийн зөв либералчлал иргэн хүн өөрийнхөө өмч хөрөнгийг нээлттэй мэдээлж цаашаа авч явах боломжийг нээх гарааны хууль гэж ойлгож байгаа. Ямарваа нэгэн эрүүгийн хуультай холбоотой асуудлаар ямар, ямар заалт орж ирэх талаар өргөн баригдсаны дараа Хууль зүйн яам тодорхой тайлбарыг хийх байх.