Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомт БНХАУ-ын Сэхэ боомттой хиллэдэг. Нийт боомтуудад Монголын гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан ажлын хэсэг шалгалт хийх үеэр Шивээхүрэн- Сэхэ боомтын ажиллах цагийн хуваарийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын боомтод ажиллаж байгаа хяналтын байгууллагын ажилтнууд өдрийн цайны цаггүй ажиллаж байгаа ч БНХАУ-ын Сэхэ боомт дахь хил хяналтын байгууллагууд өдрийн цайны цагтай ажиллаж буй нь хил дээрх бөөгнөрөл үүсэх шалтгаан болдог ажээ. Тиймээс талууд энэ асуудлыг хэлэлцээд, цайны цаггүй болгож, хоёр талд харилцан хүндрэлгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн талаар албаныхан онцоллоо.