ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Хууль зүйн ухааны доктор Ширчингийн Сүхбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Юм бүрт урагш давшилттай байваас юуг ч бүтээж
чадна. Монгол төрийн жолоог ухаалгаар удирдан залж явсан Жамсрангийн Самбуу гуай
ингэж хэлсэн байдаг билээ. Түүний амьдралын хуудсууд хийгээд төрийн албыг ямар
сайхан төвшин нуруулаг хашиж явсан тухай түүхийг “Монгол төрийн мэргэн өвөө” ном өгүүлдэг. Номын зохиогч, Хууль зүйн ухааны доктор
Ширчингийн Сүхбаатартай ярилцлаа.
-Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу
гуайн талаар бичсэн “Монгол төрийн мэргэн өвөө” ном тань хоёр дахиа хэвлэгджээ.
Ингэхэд та Ж.Самбуу гуайн талаар хэдийнээс сонирхож эхлэв?
-Би 1982 оноос энэ мундаг хүний
талаар судалж эхэлсэн гэхэд болно. Миний багад манай нутгийн хөгшчүүл Ж.Самбуу
гуайн талаар маш сайхан үлгэр домог шиг яриа өрнүүлдэг байлаа. Энэ бүх дуулж сонссон
аман түүхээ “Монгол төрийн мэргэн өвөө” нэртэй ном болгож 2003 онд хэвлүүлсэн л
дээ. Өнгөрсөн арван жил Ж.Самбуу гуайн түүхийг нарийвчлан судлаад нэмж тодотгосон
хоёр дахь хэвлэлээ одоо гаргаж байна. Ж.Самбуу гуай насан туршдаа тавин жил тасралтгүй
төрдөө алба хашиж ирсэн хүн. Анх хошуу тамгын хавсраа бичээчээс, Сангийн яамны
тэргүүн зэргийн нягтлан бодогч, Төв аймгийг Богд хан уулын аймаг байхад нь анхны
дарга, бас Өмнөговь аймгийн анхны дарга байлаа. Орон нутагт төр төвхнүүлэх ажлыг
хийгээд зогсоогүй Хөдөө аж ахуйн яам, Гадаад яаманд хэлтсийн дарга, дараа нь Гадаад
яамны орлогч сайдаар ажиллаж, ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар
суусан дипломат хүн. Монгол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан. Ийм хүний амьдралыг
сонирхон судлах бүх ухаад баршгүй уурхай шиг арвин баримтууд олддог юм даа. Энэ
бүхний сэжүүрээс энэ ном бүтсэн.
-Ж.Самбуу гуай өөрөө мал аж ахуйн талаар олон ном бичсэн байх
аа?
-Тиймээ. Ж.Самбуу гуай малчин,
мал сүрэг хоёртоо амиа тавьдаг хүн байсан юм билээ. Тэр чанар нь олон ч ном бүтээлээс
нь харагддаг. “Ардын нүүдлийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх арчлалт арга маягийн
сэдэв” гэдэг номоо анх 1935 онд хэвлүүлж байсан. Түүнээс хойш 1937 онд “Малчны
туршлага”, 1945 онд “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга,
сургааль” зэрэг номуудыг нь нэрлэж болно. Ж.Самбуу гуай эдгээр номоо бичихийн
тулд хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан саруулхан дэнж дээр олон цагаан эсгий
гэр бариулаад Монгол орны бүх бүсээс шалгарсан
сайн малчид цуглуулж, тэдний ярьсан яриа болгоныг тэмдэглэж авсан байдаг юм. Ингэхдээ
уйгаржин монгол бичгээр 108 хуудас хөтөлсөн тэмдэглэл ч бий. Ийм хашир малчдын мал
маллах арга ухааныг өөрийн төрөлхийн ухаантайгаа нийлүүлэн сайн сайн номуудаа бүтээсэн.
Эдгээр номууд бол мал маллах ухааны ёстой л шижир тунгаамал гэсэн үг. Ж.Самбуу гуай
мал аж ахуйн талаар томоохон эрдмийн зэрэг цолгүй ч цолтой юм шиг юм бүтээсэн хүн.
Энэ тухай Академич Б.Ширэндэв гуай дурссан байдаг юм. “Танд академич цол өгье” гэж
эрдэмтэд санал тавихад Ж.Самбуу гуай “Би
төрийн том алба тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд халгаагаагүй юм билээ.
-Түүний талаар хүмүүс ер нь юу ярьдаг юм бол?
-Ж.Самбуу гуайн төрийн хүний
төвч ухаан, ноён нуруу, зангаргийг дандаа сайн сайхнаар хүмүүс дурсдаг. Ю.Цэдэнбал
дарга гэхэд “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” гэж
онож хэлсэн. Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латимор “Ж.Самбуугийн хүмүүнлэг
чанарыг хүндэтгэдэг” гэсэн байхад манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ж.Самбуу
даргын ард түмнээ хайрладаг хайр, хүнлэг, энгийн өөриймсөг сэтгэл, мал аж ахуйг
эрхлэх ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрхгүй
татаж чадсан билээ” гэж хэлсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн Ж.Самбуу гуайн хэлж байсан
сэтгэлд хоногшим үгнүүд энэ номд орсон. Тэрбээр монгол эр хүний жудагтай, хүнтэй
нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөчихдөг эр байж. Дэлхийн хоёрдугаар дайны үед гадаадын
Элчин сайд нар Москвагаас холдож, зарим нь нутаг буцаж байхад Ж.Самбуу гуай “Үхэвч
сэхэвч хамт” гэж хэлээд үлдсэн. Тухайн үед Оросын ард түмэн түүний энэ чанарыг ихэд
үнэлж дайны дараа Монголын Элчин сайдын яамыг Москвагийн төвд байгуул гэсэн шийдвэр
гаргаж байсан түүхтэй. Бас Хойд солонгосчууд Самбуу гуайг маш их хүндэтгэдэг байж.
Ким Ир Сен Монголд ирэхдээ “Ж.Самбуу даргын хүүхдүүд хаана байна” гэж сураглаж байсан
удаатай.
2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн
өргөө гэрийг босгоход Ж.Самбуу гуайн нэр төрөөр зарим зүйл нь бүтсэн гэдэг. Монгол
төрийн уламжлалыг шингээсэн ёслол хүндэтгэлийн гэрийн хөшгийг 26.8 метр урттай магнаг
торгоор хийхээр анх тооцоолж. Энэ дагуу Энэтхэгт суугаа Элчин сайдын яаманд хэлтэл
төсөвлөсөн мөнгөнөөс нь 30 дахин өндөр үнэ хэлж, ингээд зээгт наамлаар хийх гэтэл
бас өндөр үнэ сонсож. Тэгэхээр нь ардчилсан Солонгосын Элчин сайдад хандсан юм билээ.
Элчин сайд нь “Самбуу гуай бол бөмбөгдөлтийн үед биднийг орхиогүй. Жаргал зовлонгоо
хуваалцсан хүн. Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод тусалъя” гэсэн. Энэ дагуу 150
хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний гэрийн хөшгийг хатгаж
өгсөн байгаа юм. Тус улсын ханшаар анх төлөвлөснөөс 10 дахин өндөр зардал гарах
байсан ч хамгийн хямд үнээр нь хийж өгсөн гэдэг юм. Ингэж Ж.Самбуу гуай өнөө байхгүй
ч үлдсэндээ хэрэг болсоор байгаа хүн.
-Монгол төрийг 20-иод жил удирдаж явсан энэ эрхмийн талаар
судалсан таны хувьд “Ж.Самбуу гуайн жишгээс харахад төрийн хүн ийм л байх ёстой”
гэх бодол байгаа байх…?
-Монголын төрд Самбуулаг хүнийг
олон болгох хэрэгтэй гэж сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн надад хэлж байсан юм. Би
түүнтэй санал нэг байна. Төрийн албыг төвшин, ноён нуруутай, буурь суурьтай яаж
хашдагийн үлгэр жишээ бол Ж.Самбуу гуай юм. Москвад олон жил Элчингээр суугаад ирэхдээ
барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирж.
Тэгэхэд Х.Чойбалсан “Төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн талаар Элчин Самбуу
шиг бай” гэж нам улсын хариуцлагатнуудад хэлж байсан юм билээ. Ерөөсөө тийм шуналгүй
хүн байсан хэрэг л дээ. Тэрбээр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байхдаа Улаанбаатар
хотын захиргаанд орон сууц хүссэн өргөдөлдөө
“Нэг өрөө байр олгоно уу” гээд Ард Самбуу гээд гарын үсгээ зурчихсан байсан
гэдэг. Ж.Самбуу гуай шиг албан тушаалтай хүмүүс тухайн үед баригдаж буй барилгаас
дураараа авдаг байсан цаг шүү дээ. Харин Ж.Самбуу гуай бол асуудалд ийм л хүндэтгэлтэй
ханддаг байж. Нэг удаа Цэндийн Дамдинсүрэн гуай түүнд гадагшаа цагаачлах хүсэлт
тавьж л дээ. Тэгсэн Ж.Самбуу гуай “Дамдинсүрээн наадах чинь хороон даргын чинь
шийдэх асуудал байна” гэж. Хороон дарга нь шийдээгүй байхад дээрээс Их хурлын дарга
оролцож аливаа асуудлыг шийдэж болохгүй юм гэдгийн жишээ энэ. Ж.Самбуу гуай хүний
үгийг тэвчээртэй сонсдог. Тэгээд бодож байгаад цөөн үг хэлдэг хүн байжээ. Төрийн
албаны зангаргаараа улс орноо, ард түмнээ бодсон шийдвэр гаргадаг байв.
Аливаа асуудалд Монголоо, монгол
хүнээ юун түрүүн боддог байж. Жамбалдоржийн “хар тогтоол” гэж нэрлэгдэж байсан Социалист
өмч үрэгдүүлж, хулгайлсан хүнийг цаазаар авах тухай асуудал Их хурал дээр орж ирэхэд
Ж.Самбуу гуай “Хүнийг айлгах цаасан буу хэрэгтэй ч, монголчууд угаас цөөхөн хүнээ
л гамнах юмсан” хэмээн хэлсэн байна. Мөн ЗХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд улсын баатар
цол олгох тухай асуудал зохих шатанд яригдаад Их хурлын түвшинд шийдэгдэхээр орж
ирэхэд Ж.Самбуу гуай “Монголд баатар эмэгтэй төрсөн билүү” гэж байсан. Үнэхээр Монголд
улсын баатар цол өмнө нь эмэгтэй хүнд олгож байгаагүй аж. Ингээд анх Түвдэнгийн
Борыг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нөхөн шагнаж, анхны эмэгтэй баатар болгож
байжээ. Ж.Самбуу гуай бол аливаад ингэж л ханддаг хүн байлаа. Түүний шинж чанарыг
харахад төрийн хүн яг түүн шиг байх ёстой. Төрийн хүн гэдэг бол аливаа юмны дүн
нуруу, голыг нь олоод шийдчихдэг юм байна. Иргэн хүндээ энэрэлтэй, зөөлөн сэтгэлээр
хандаж, тавьж байгаа асуудлыг нь аль болохоор шийдэж өгөхийн төлөө төр ажилладаг
юм байна. Төрийн ажил бол ихэмсэглэл, бардамналын ажил биш гэдэг нь харагддаг. Харамсалтай
нь өнөөгийн манай зарим төрийн албан хаагчид иргэддээ үйлчилж, тэдний төлөө ажиллана
гэхээсээ илүү өөрийгөө боддог нь нууц биш. Ж.Самбуу гуайн нэг ийм сургаал байдаг
юм. “Төрийн алба хаагч хүн амнаас гарах
хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад хэцүү.
Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Төвшин сайхнаар хүн рүү харж ярь, үгийг нь сонсохын
тулд нүд рүү нь хар гээд дандаа мэргэн үг хэлдэг байсан юм билээ. Хүрз зээтүү барьж,
малын шивтэр бууц үнэрлэж байж төрийг удирдах хүн болно. Тиймээс төрийн том албанд
хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй. Төрд хүнийг бэлтгэхдээ ийм зарчим
барьж бай” гэдэг байсан юм билээ.
-Ж.Самбуу гуайн гэр бүлийнхнийх нь талаар сонирхуулахгүй
юу. Одоо үлдэж хоцорсон ямар хүмүүс байна?
-Ж.Самбуу гуай түүний гэргий Нямаа
гуай нар төрүүлсэн үр хүүхэдгүй ч тэд олон хүүхэд өргөн авч, гарыг нь ганзаганд,
хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн ачтай буянтай хүмүүс. Хэдий тийм боловч Ж.Самбуу
гуайд төрсөн хүүхэд нь байсан юм билээ. Ж.Самбуу гуайг амьд сэрүүн байхад нь тэр
хүүхэд нь уулздаг, өргөмөл хүүхдүүдтэй нь
ойр дотно байсан тухай шинэ баримтыг энэ номондоо оруулсан. Ж.Самбуу гуай 1923 онд
Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын зааг Булгуудын хэцийн Цэвэгжав
гэдэг эмэгтэйтэй үерхэж байсан юм билээ. Ингээд тэдний дундаас Цэнд охин нь төрж
л дээ. Тэрээр 1982 он хүртэл амьдарсан. Тэр аавтайгаа ойр дотно холбоотой байсныг
О.Гомбосүрэн, С.Сүрэнжав, С.Сосорбарам, түүний зээ хүү С.Ганбаатар нар нотолдог.
-Та охиных нь хүүхдүүдийг сураглаж үзэв үү?
-Ж.Самбуу гуайн зээ хүү С.Ганбаатар,
С.Баярсайхан гэж байсан. Харин С.Баярсайхан нь өөд болчихсон юм билээ. С.Баярсайханы
хүү Б.Батсайхан гэж залуу бий. Одоо Төмөр
замын холбоонд ажиллаж байгаа. Ер нь Ж.Самбуу
гуай төрсөн үр хүүхэдтэйгээ уулзаж, холбоо тогтооход гэргий Нямаа гуай их уужуу
ухаанаар ханддаг байсан гэнэ лээ. Тэдний өргөмөл хүү С.Сүрэнжав “Аавыг нас барахад
Цэнд эгч хамт байсан, түүний тухай ярихгүй
бол алдас болно” гэж хэлж байна билээ.
-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумын хүн. Нутгийнхан түүнийг Элчин Самба гэж дууддаг байсан гэдэг. Та ч бас
энэ сумын уугуул. Түүний тухай танд ямар дурсамж үлдсэн бэ?
-Миний багад Ж.Самбуу гуайн төрсөн
дүү, ах дүүс манайхтай нэг дор нутаглацгаана. Ж.Самбуу гуай төрийн том хүн гэхэд хөдөө нутагтаа очихоороо эгэл жирийн.
Мал хариулж, усалж, ан ав хийж ард олонтойгоо адил хүн байсан. Хүүхдүүдэд ховор
нандин чихэр боов тарааж өгдөг байлаа.
Түүнээс чихэр авч байсан хүүхдүүдийн нэг нь би. Ж.Самбуу гуайн дүү Ж.Гаажид гэж
байсан. Түүний охин Осоржамаагийн бага хүү А.Одхүү бид хоёр нэг ангид сурдаг байв.
Нэг хотноос сургуульдаа явна. 1967 оны үед санагдаж байна. Самбуу гуай намайг сургуульд
орохоос хэдэн жилийн өмнө Бүрэндээ ирэхдээ надад шар сүүлт янжуур тамхи шиг бал
өгч билээ. Ээж маань тэр балыг хадгалж байгаад намайг сургуульд ороход өгсөн юм.
Ж.Самбуу гуайн бэлэглэсэн балаар би анхны А үсгээ бичиж байсандаа ихэд бэлгэшээдэг.
Ер нь Самба гуай нутагтаа ирэхээрээ хүүхэд хөгшид гэж ялгахгүй бүгдэд нь юм өгдөг
байв. Тэр үед ховор байсан хулсан сам, толь зэргийг эмэгтэйчүүдэд өгнө. Эрчүүдэд морь сарлаг буюу коньяк зэрэг
ховор нандин архи авчирч өгдөгсөн. Тухайн үед хөдөө байшин савны хүрэлцээ ч тааруу
байж. Гадаа эсгий дэвсч нутгийн олноо суулгаж байгаад хурал хийдэг байсан. Ан ав хийлээ гэхэд агнасан ангийнхаа арьс үсийг
хоршоонд тушаагаад хамт явсан хүмүүстээ хувь тараагаад өгдөг хүн байсан юм билээ.
-Та ч бас төрд олон жил ажиллаж байгаа хүн. Ж.Самбуу гуайгаас
үлгэр дуурайлал авдаг болов уу?
-Би төрдөө зүтгэж л явна. Ийм
хүний тухай ном бичихээр өөрийн эрхгүй бодогдох юм байлгүй яахав.
-Төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэж та дээр хэллээ.
Яавал төрд түүн шиг хүн олноор төрөх вэ?
-Төрийн албаны зөвлөл өөрийнхөө
хууль эрх зүйн баримт бичгээ шинэчилж байгаа юм билээ. Тус зөвлөлийн гишүүн, доктор
Д.Даваа-Очир “Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал бий болгоё” гээд судалгаа хийлгэж байгаа.
Энэ нь төрд Самбуулаг хүн олноор бий болгохын бодит санал санаачилга, эхлэл гэж
бодож байна.
-Энэ шагналыг ямар хүмүүст өгөх юм бол?
-Төрийн албаны хуулиар хүлээсэн
үүрэг, төрийн албан хаагч гэж ямар байх ёстой юм, тэр жишигт хүрсэн хүнд өгөх байх.
Яг үнэндээ өнөөдөр төрийн албан хаагчийг шагнадаг тухайлсан шагнал алга. Тиймээс
Ж.Самуу гуайн нэрэмжит шагнал бий болох байх.