Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Монголын утга зохиол дахь залуусын хийрхэл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монголын утга зохиолд 1990-ээд оныхон гэж бүлэг бий. Тэд утга зохиолд
шинэчлэлийн салхийг хүч түрэн оруулж ирсэн бол түүнээс хойш утга зохиол унтаа
байлаа. Одоо ч хурхирсаар л байна. Харин 2000-аад оноос хойш утга зохиолын
ертөнцөд хөл тавигсад нэлээдгүй олширсон. Эднийг “Шинэ мянган”-ы залуус гэдэг. Тэдний
хувьд өөрсдийгөө олох гэж хуулбарлаж, дуурайх, унших, бичихээс эхлээд өөрсдийгөө
олох гэж зүдэрсэн. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэгчлэн залуусын хувьд зарим
нь өөрсдийн бичлэгийн өнгийг тодорхойлсон бол зарим нь хийрхэлийг л олж авсан
юм. Оюутан ахуй цагтаа халаасандаа ганц ч зоосгүй нөхөрлөж, дүн өвлөөр
галлагаагүй байшинд бөөнөөр цуглаж шөнөжин шүлэг хэлж өнждөг байсан тэр дэврүүн
үеэ мартав бололтой. Залуусын хувьд анхны тэр нэгдмэл хүч нь сарнисан. Утга
зохиолын хэд хэдэн бүлгэм болсон нь нэгдмэл хүчийг сарниулсан байж мэднэ. Утга
зохиол хэмээх адармаатай хэрнээ барьцгүй зүйлээс зарим нэг нь хийрхэлийг олж
авснаа ихээхэн олз олсон мэт бодох болжээ. Халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж
тэд ном авдаг байсан бол одоо хийрхэл авдаг болж. Өөр өөрсдийн гэсэн хувийн
амбиц эрх ашгийн төлөө нэгнээ дорд үзэх болсон. Утга зохиолдоо хайртай хэмээн
худал хэлж бие биеийнхээ ар нуруунаас хутга дүрэх болсон.

Мөнгөн үеийнхэн хэзээ ч биенээ цаашаа гэж түлхэж байгаагүй. Зарим нэг нь
үзэл бодлын зөрчилтэй байдаг ч утга зохиолынхоо тал дээр зангидсан гар шиг байж
чаддаг. Монголын утга зохиолд залуусын хүчтэй давалгаа үгүйлэгдэж байна. Үгүйлэгдэхдээ
бүр анган цангаж байгаа нь нууц биш.

Утга зохиолын 1990-ээд оныхноо давж чадахгүй бол утга зохиолд шинэчлэл гэж
байхгүй гэсэн үг. 1990 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй гэхэд болно. Мөнгөн
үеийнхэн өдгөө 40 гарч дөрөө дарцгаалаа. Харин “Шинэ мянган”-ыхан живхтэйгээ
зууралдсаар байна. Хийрхэл, мэдэмхийрэл нь ихдэж хийж бүтээх нь багассан ажээ. Тэдний
хувьд сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр “халтуур”-ын уран бүтээл
хийх нь эрс нэмэгдсэн. Хийж буй зүйлс нь зүрх сэтгэлээс бус шуналаас нь гарах
болсон. Дэгж дэрвэсэн оюутан цагийнх шиг нь мэдрэмжийн бүтээл ховордсон. Зарим
нь яруу найргийн наадамд байр эзэлсэнгүй хэмээн бусаддаа агсамнах болсон нь энэ
бүхнийг гэрчилнэ. Энэ дунд бүр хөгийн юм ч болно. Нэгэн бүсгүйд сайхан
харагдахын тулд үзэг нэгт нөхрөө газар дор ортол муулна. Муу үг модон улаатай
гэгчээр мөрөөрөө яваа нэг нь атаархуу нөхрийнхөө золиос болж үлдэнэ. Хийрхэлийн
хөх мананд нь хөө төгрөг болон хийсч явна.

Удахгүй Монголын зохиолчдын эвлэлийн их хурал болно. Монголын утга зохиолын
дараагийн дөрвөн жилийн хөгжлийг хэлэлцэх хурал юм. “Болор цом” яруу найргийн
наадмын дараагаас МЗЭ-ийн дараагийн даргын суудлын төлөөх нууц тэмцэл эхэлсэн. Энэ
дунд залуучууд ч гүйж яваа. Тэр бүү хэл ханцуйдаа хутга нуугаад инээж явна.

Хийрхэгчид албан тушаалын төлөө хэн нэгний гар хөл болохын төлөө явж байхад
жинхэнэ уран бүтээлчид нь даруухан уран бүтээлээ хийсээр явна. Зарим нэг залуус
нь утга зохиолын бохир заваан үеийнхнийхээ золиос болохгүйн тулд утга зохиолоос
алгуурхан дөлж өмнөх ажлаа хийж эхэлсэн. Тэд алдаагүй. Хэний ч аманд орж, хэн
нэгнийг муулаагүй. Шүлэг зохиолоо бичих үедээ бичиж бусад үед нь ажлаа хийж
байна. Жишээ нь яруу найрагч Ц.Доржсэмбэ шиг “Хэнд би таалагдах ёстой гэж”
хэмээн амьдарч явна.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *