Өнгөрсөн хавар Төв аймгийн Жаргалант суманд тус аймгийнх нь татварын албаны дарга Ч.Адъяасүрэн
гэдэг нөхөр ан хийх гэж маяглаж байж буу алдан хайран сайхан залуугийн амийг бүрэлгэсэн
ноцтой хэрэг гарсан билээ. Хуучны “ху” нам буюу Ардын намын дарга нарын зугааг гаргах гэж хичнээн ч ардын
амь нас, амьдрал ахуй хохирч үлдэж байгааг гагцхүү бурхан тэнгэр л мэдэх биз.
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь юү байна вэ
гэхлээр нөгөө хүний аминд хүрсэн хэргийн гол сэжигтэн Ч.Адъяасүрэн шүүхээс тэнсэн
харгалзах ял аваад өнгөрчээ. Тэр хуучнаар “аймгийн намын дарга” нь байсан хүн л
дээ. Тэгэхлээр Ардын намын гишүүн бол хүн “алсан” ч ял хэлэлцдэггүй аж. Тэд талийгаачийг эхнэр хүүхдээ хотод эмэгтэйчүүдийн
баяраар баярлуулчихаад хариад амарч байхад нь анд хамт явж дарга нарыг зугаацуулахыг хүссэн байдаг.
Буу шийдэм байдаггүй, дээр нь ан ав хийх сонирхолгүй түүнийг заавал авч явахаар
шаргуу хөөцөлдөж хамар хашааны хөршийнх нь утсаар хүртэл ярьж гуйжээ. Тэгээд дээрээс
нь өглөө эрт халуун хэвтрээс нь босгон авч яваад буу осолдож шархдуулсан гэдэг.
Улмаар талийгаач шархаа даалгүй хот орох замдаа нас баржээ. Эмнэлгийн тусламж оройтож
хүргүүлсэн, дорвитой эмчилгээ хийгээгүй гэх зэрэг олон гомдол тухайн үед гарч байсан
ч энэ хэрэг тэгсхийгээд “тэнсэнгээр” дуусав.
Нэг ёсондоо хөдөөх эрийн амь нас тэнсэнгийн үнэтэй, ардын намын дарга хүн зугаагаа
гаргахын тулд яасан ч болдог гэдгийг нийгэмд харуулж байгаа гэсэн үг юм.
Эрх мэдэлтнүүд зугаагаа юугаар ч тайлж болдгийн
тод жишээг Ч.Адяъасүрэн даргын энэ хэрэг сануулж байна. Ер нь ХУ-гийн дарга нарын
хувьд үргэлж ийм л байсан түүхтэй гэдгийг бид мэднэ. Намын гишүүн хүн шоронд явдаггүй
байлаа. Арга байхгүй хүнд хэрэгт холбогдвол
намаа мултлаад ялгүй гардаг юм хэмээн тэр үед хэлэлцдэг байв. Тийм их эрх мэдлийг
нам олгодог байсан. Социализмын үеийн аймгийн
намын дарга нар яаж хөдөө явдаг байсан тухай одоо ярихад үнэмшимгүй. Тэд орон
нутагтаа титэмгүй хаад байсан юм. Кабиндаа
заавал эмч сувилагч, үсчин зурагчин гэх зэрэг бүсгүйчүүд авч явна. Тэд нь царай
зүсээр гайгүй, нас хүйс залуу байх бичигдээгүй хуультай байлаа. Хөдөө сумандаа
очоод гайгүй дуулдаг бүсгүйчүүл, мөн буудлын үйлчлэгч, тэр сумынхаа бөх, анчин гэх
хүмүүсээр хүрээлүүлэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг цаг байлаа. Тэд
өвлийн хүйтэнд иргэдээ дулаан гэрээс нь хөөн босгож чоно үргээлгэнд дайчилдаг байв.
Халуун хэвтрээс нь босгоод баривчлаагүй нь их юм, битгий маягла гэж захын дарга
загнадаг байв, наяад оны сүүл хүртэл. Энэ хуучин уламжлал Төв аймагт яг хэвээрээ
байгаа бололтой. Үүний баталгаа нь ч саяны болж өнгөрдөг Ардын намын дарга асан
зугаацсан нь гэсэн энэ хэрэг юм.
Ер нь ч Төв аймаг яг хуучнаараа байх бүрэн боломжтой
нутаг юм. Энүүхэн Айдасын давааны цаана Ардчилсан үзэл огт хөгжөөгүй байна гэдэг
үнэмшил муутай ч УИХ-ын бүхий л сонгуулиар ХУ нам дархан ялаад байгаа нь энэ үнэн
гэдгийг хэлээд өгнө. Төв аймгийн тойрог маш том тойрог. Тэнд УИХ-ын гишүүний дөрвөн мандат бий. Энэ бүх мандатыг
ардын намын гишүүн нь л байвал хэн ч хамаагүй авч байдаг. Харин яг үнэндээ үнэхээр
тийм олон хүн Төв аймагт оршин суудаг уу гэдэг нь маргаантай асуудал. Цаасан дээр
ная, бүүр зуугаад мянган хүнтэй гэдэг ч энэ бол худлаа тоо. Төв аймгийн хүмүүсийн
лавтайяа дөчөөд хувь нь байхгүй.
Тэд зарим нь гадаад гараад явчихсан, зарим нь
хотод ороод ирчихсэн. Хотод байгаа хэдийн
зарим нь хороонд, зарим нь траншейнд амьдарч байгаа.Үлдсэн жараад хувийн
хэд нь сонгуульд орж хэд нь энэ намд санал өгдгийг хэн мэдлээ. Тэгэхлээр сонгуульд өгсөн санал болгон хуудуутай байх магадлал өндөр.
Хуучинсаг, дээр нь ху намд хайртайдаа энэ нам ялаад байгаа нь худал байх. Бусад
нам оршин тогтнох орон зай Төв аймагт байхгүй
байна гэдэгт олон хүн итгэдэггүй. Тэнд сонгууль гэдэг луйврын жүжиг л болж өнгөрч байдаг биз. Нэг ёсондоо
байхгүй хүмүүсийн саналаар л ХУ нам ялсаар өдий хүрсэн гэсэн үг. Энэ байдлаас гарах
арга бол Төв аймгийн иргэдийн тоог үнэн
зөвөөр нь гаргах хэрэгтэй байна. Тус аймгийн
сумдын иргэдийн тал хувь нь хотод байдаг
бөгөөд харин тоо бүртгэл нь сумандаа байсаар ирсэн. Энэ аймагт ХУ-гийхны дийлээд
байдгийн нууц ердөө л энэ. Тэд сонгууль болгоноор ялж төр барьж, тэгээд хүний амиар
наадаж байна. Тэгээд шүүхээр тэнсэн харгалзах ял авч түүнийгээ хэвлэл мэдээллээр
зарлан гайхуулж байна.
Тийм ч учраас энэ аймаг ХУ буюу ардын намын бүрэн
дарангуйлалд байна гэж хэлж болно. Нэг нам завсаргүй төр барьж байхад ардчилал
хөгжиж байсан түүх байхгүй. Тийм ч учраас аймгийн хурган дарга өөрийгөө зугаацуулахын
тулд гэмгүй ардын амийг үрж чадаж байна.
Ардчилал огт хөгжөөгүй учраас л албатууд нь айхдаа хүзүүгээ хугалчихаа алдан гүйлдэж байгаа. Ардчилал
шинэчлэлийн үнэр ч байхгүй учраас л аймгийн шүүх энэ хэргийг шүүхдээ ардын амийг
тэнсэнгээр үнэлж тохуурхаж чадаж байгаа болов уу.
Categories