Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНЭУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла Бин Зайд Аль Нахъяныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад айлчлан ирсэнд нь АНЭУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлж тавтай морилохыг хүслээ. Уулзалтын үеэр Монгол Улс, АНЭУ-ын хооронд сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар 2001, 2007 онд АНЭУ-д айлчилж байсан, мөн Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүн тус улсад айлчилсан бол АНЭУ-ын зүгээс ч сайд нар Монгол Улсад айлчлан ирж байсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр үзүүлснийг онцоллоо.

Монгол Улс, АНЭУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа цаашид өргөжин хөгжих боломжтой талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнх нь чин сэтгэлийн халуун мэндчилгээг Эрхэм дээд Эмир Шейх Халифа Бин Зайд Аль Нахъянд уламжлахыг уулзалтын төгсгөлд АНЭУ-ын Гадаад хэргийн сайдаас хүсэв.