Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарыг няцаав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлын үеэр “888 төсөлд шалгарсан төслийг зарна” гэсэн зар ор үндэсгүй гэж хэлээд “Орон нутгийн иргэдэд анхааруулах нь зүйтэй” хэмээн санууллаа. Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэрлэлийг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн уралдаан зарлахад 1150 төсөл ирсэн. Зорилгод нийцээгүй төслүүдийг хасч, 888 төсөл үлдсэн байна. 

“7,8 саяас 2 тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төсөл бий. Эдгээр төслүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, аймаг, дүүргийн  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Чингис бондоос тус бүр 1 тэрбум төгрөг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийн төслүүдээ санхүүжүүлэх учиртай” гэж Ерөнхий сайд хэллээ.

 Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, 9 аймагт дулааны станц байгуулах, 16 суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбох, аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих зэрэг ажлуудыг Ерөнхий сайд нэрлээд, эдгээрт онцгой анхаарал тавьж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Энэ үеэр мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, шаардлагагүй зарим импортын хэрэглээг багасгах”-ыг зөвлөлөө.