Утга, агуулга нь бага насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хүүхдэд зориулсан ном сурах бичигтэй холбоотой гомдол ШӨХТГ-т иргэдээс иржээ. Үүний дагуу тус газрын улсын байцаагчид холбогдох мэргэжилтнүүдийн хамт өнгөрөгч дөрөв, тавдугаар сард 253 ширхэг номын утга агуулгыг шалгажээ. Энэхүү шалгалтыг БШУ-ны яамтай хамтран хийх санал тавьсан ч хариу ирүүлээгүй байна.
Тэдгээрээс зөрчилтэй 32 номыг хураан авч, ноцтой зөрчилтэй дөрвөн номыг худалдахыг зогсоон, лангуунаас татсан тухай өнөөдөр мэдээллээ. Уг номуудад бага насны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ёс бус үг хэллэг, үйл явдлын тухай бичсэн байжээ. Тухайлбал, “дургүй нь хүмүүстээ хортой мөөг, хоол өгч аминд нь хүрдэг, багш сурагчид нийлэн тархи татдаг, архидан согтуурдаг, бие биедээ хайртай болдог, хулгай хийгээд баяждаг” зэргийн тухай өгүүлдэг байна.
ШӨХТГ-аас ирэх долоодугаар сараас эхлэн шилдэг борлуулалттай номыг шалгаруулахаар төлөвлөжээ. Үүнийг номын дэлгүүрүүд зарладаг байсан ч өөрийн хэвлэлийн компанидаа хэвлэсэн номуудыг шилдэг борлуулалттайгаар шалгаруулдаг гэсэн гомдол ирдэг учир өрсөлдөөний шударга байдлыг хангах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.