Categories
мэдээ нийгэм

Дагвын Лувсаншарав таалал төгслөө

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав таалал төгсч, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохилоо. Талийгаачийн ах дүү, төрөл төрөгсөд, түүнийг хүндлэн дээдэлж, авьяас билэгийг нь хайрлаж ирсэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1926  оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Тэрээр Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийг найрал дууны удирдаач, Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцан төгсч,  1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын Театрт найрал дууны багш, 1963 -1975 онд УДБЭТ-н Уран сайхны удирдагч, 1975 оноос УАДБЭЧ -ын Дарга, 2004 он хүртэл тус чуулгын зөвлөхөөр ажилласан байна.
Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин ,хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав бид бүгдийн сайн мэдэх “Маамуу нааш ир”, “Би чамд хайртай”, “Дурлал хайрыг минь дамжуулаасай” ,”Усны Тунгалаг тамирын гол”, “Охидын уянга”, “Хэрлэн” зэрэг сэтгэлд хоногшсон дуунаас эхлээд дуурь, бүжгэн жүжгийн олон арван уран бүтээлийг туурвисан Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг агуу суу билэгт хөгжмийн зохиолч байсан билээ.
Нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1951 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээж байжээ.
Ум мани бадми хум.