Hээгдсэнээсээ хойш 90 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байгаа “11 11 төв”-д өнгөрч буй долоо хоногт 866 иргэн ханджээ.
“Буянт-Ухаа” хорооллын орон сууцны сугалаанд тэнцсэн ч банкны шаардлагаас шалтгаалан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байрандаа орж чадахгүй байна гэсэн гомдол энэ долоо хоногт цөөнгүй ирсэн ба тухай бүрт нь ТОСК-д уламжлан хариу өгүүлжээ.
Амины орон сууц барихад бага хүүтэй зээлд хамрагдах боломж, хэрэгжиж эхлэх хугацааны талаар иргэд мэдээлэл хүссэн байна. “Засгийн газрын 2014.5.10-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулж, амины тохилог орон сууц барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор Засгийн газрын тогтоол албажиж ирээгүй ба журам эцсийн байдлаар гараагүй байна. Тогтоол гарснаар нийслэлд амины орон сууц барих аж ахуйн нэгж, байгууллага 8 хувь, орон нутагт 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэж БХБЯ-наас хариулжээ.
ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаагаар ХААН банк үйлчлэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Автомат машинаар өгч байгаа лавлагаа, тодорхойлолт нь албан ёсны баримт бичиг ба нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгддэг. Иймээс тус бичиг баримтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх ёстойг УБЕГ-аас дахин анхааруулж, энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаагаа иргэдэд мэдээлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.