Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг АПЕК-д гишүүн орноор элсүүлэхийг Хятадын зүгээс дэмжинэ гэв

БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даваа гаригт хүлээж авсан бөгөөд албан ёсны уулзалтын дараа тэд хамтдаа өглөөний цай уув.
Тэдний уулзалт 40 минутаар төлөвлөгдсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр хөрш хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нөхөрсөг яриа хэлэлцээр өрнүүлэв. Тухайлбал, хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцлаа.  Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байсан юм. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Өнөө жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн арга хэмжээг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан юм. Иймд хоёр улсын төрийн тэргүүн түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *