МАН буюу хуучин МАХН завсарлага авах, шинэчлэлийг улдан чангаахдаа алдартай. Энэ тэдний гэм биш зан л даа. Эд нар хуучин яаж завсарлага авч байсныг эргэн саная. Улсын бага хурлын дэд даргаар Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхэд одоогийн энэ МАН Н.Багабандийг сөргүүлж дэвшүүлээд гурван сар ажил хийлгээгүй. Тэрнээс болж хуульд өөрчлөлт оруулж байж бүлэг бүрээс дэд даргатай байхаар заалт оруулсан. Үндсэн хууль баталж байхад мал төрийн хамгаалалтад байна гэдгийг хэлэлцэхэд хэд хоног уяв. Малыг малчдад, орон сууцыг иргэдэд, иргэн бүр гадаад паспорттой болох асуудлыг хэлэлцэхэд мөн л гацааж байв.
1996-2000 онд АН эрх барьж байхад ер ажил хийлгээгүй. Бараг л санаачилсан хууль болгоныг нь гацаадаг байсан. Эсвэл өөрсдийн саналыг тулгаж барьцаалддаг. Одоогийн МАН тэр дөрвөн жилд дөрвөн удаа засаг унагаж, улс төр хийхээс өөр ажил хийгээгүй. АН-ынхныг ч ажил хийлгээгүй. УИХ-ын дэд даргад Р.Гончигдоржийг дэвшүүлэхэд мөн л завсарлага авсан. Ерөнхий сайдад Да.Ганболдыг дэвшүүлэхэд долоон удаа буцааж байлаа. Гурав, дөрвөн сар ажил уяж үүнийх нь үр дүнд төсөв цалингаа тавьж чадахаа байж, орлон гүйцэтгэгчтэй өчнөөн удаж, ард түмэн амаараа шороо үмхэж элгээрээ хэвтсэн. Энэ хэнд ашигтай байв. Зөвхөн энэ намд ашигтай байсан биз. Үүнийг Ц.Элбэгдорж “АН ялсан нэртэй боловч улс төрийн гянданд өнгөрүүлсэн дөрвөн жил” гэж хэлж байсан. Дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, завсарлагыг хүссэн хугацаагаараа авдаг байсан даа. Харин сүүлд энэ утгагүй байдалд бага ч болов хаалт хийх гэж ажлын таван өдөр л завсарлага авч болохоор хуульчилсан. МАН 1996-2000 онд эхэндээ завсарлага авч ажил хийлгэхгүй байсан бол сүүлдээ АН-ын урвагчид буюу Элсний 13-тай дөрөө харшуулж засаг унагах л тоглолт хийдэг болж билээ. Бусад нь тэдэнд үнэндээ ямар ч хамаагүй байв. Тэр тусмаа улс орон яах нь ямар ч хамаагүй, зөвхөн улс төр хийх нь чухал байсан юм. Энэ дөрвөн жилд АН эрх барьж байгаа нэртэй ямар ч асуудал шийдэж чадахгүй нь. Ер нь бол шийдүүлэхгүй нь л дээ, сөрөг хүчин нь. Тэртээх дөрвөн жил улс төрийн гянданд байлгаснаас болж дараагийн сонгуулиар АН цэвэр ялагдал амсч, Л.Гүндалай л парламентад намаасаа ганцаар суухдаа өөрийг нь хэн ч сонсохгүй болохоор цаасан дээр үгээ бичиж, УИХ-ын дэд дарга хойноос нь муур, хулгана болж байж, барьсан цаасыг нь урж хаяж байлаа.
АН-ын ялагдал дүүрч. Улс орон элгээрээ мөлхсөн. Энэ үед Н.Энхбаярын хаанчлалын үе эхлэв. Яг энэн шигээ эдийн засгийг эрчимжүүлэх зуу хоног гэж ярьж байгаад МАН-ынхан гэнэт арав хоног болгож оруулж ирж тулгаад захалчихлаа. Үүнээс болж төр засгийн үйл ажиллагаа арав хоногийн дараа зогсоно. Энэ МАН-ынхны улс төр. Хэний ч мэдээжийн юу гэж эдийн засаг арав хоногийн дотор өргөс авахын дайтай сайжрахав. Тиймээс энэ засаг унана. Эрхбиш орлон гүйцэтгэгчтэй хэсэг хугацааг авах биз. Үүнд МАН баярлана. Ард түмэн хохирно. Ирэх жилийн ес эхэлтэл дахиад засаг байгуулах нүсэр ажил өрнөнө. МАН-ын шаардлага дотор энэ засгийн хийж чадахгүй, боломжгүй зүйлийг тусгасан байна лээ. Ханшийг Засгийн газар биш УИХ л Монгол банкныхнаа дуудаад шийдэх асуудал. Удирдлагыг нь эндээс л сонгодог. МАН өнөөдөр УИХ-ын тэн хагасыг шахам бүрдүүлчихээд бурууг засагт өгөөд сууж байгаа нь хачин шүү. МАН-ынхан эдийн засаг муу, улс орон хэцүүдэж, улс амьтан уурлаж бухимдаж байвал баярлаад байх шинжтэй. Ардчилсан нам, эрх баригчид л муу гэж хэлбэл тэр улс орон хэцүүдэх ч МАН-д ёстой пад алга. Ингээд засаг унах нь тодорхой болох нь. МАН-ын шаардлагыг биелүүлэх гэж ямар ч шидтэй бирд гарч ирээд ч арав хоногт эдийн засаг сайжрахгүй. Н.Алтанхуяг яаж ч мяндсан ухаан гаргаад хүчрэхгүй. Долларын ханш энэ янзаараа 2000 давахад хөрөнгө оруулалт бүхэлдээ зогсоно. Үүний нэг дохио нь Ашигт малтмалын хуулийг унагасан явдал. Хөрөнгө оруулагчдын ганц найдвар тавьж байсан, хонгилын үзүүр дэх гэрэл энэ байлаа. Хөрөнгө оруулагчид Монголд дургүйдээ, сонирхохгүй байгаадаа нүүр буруулсан юм биш. Монголын засаг төр тогтворгүй, хууль нь хэзээ яаж ч өөрчлөгддөг учраас болгоомжилдог, нүүр буруулдаг. Яг энэ болгоомжлолыг улам баталж, хамгийн их сонирхож байгаа хуулийг нь унагаж, төрийг тогтворгүй болгож орхилоо. Хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахаар эдийн засаг өөдлөхгүй.
МАН-ынхны ийм улс төрийн шантаажаас болж энэ зуны бүх бүтээн байгуулалт зогсоно. Өнөөдрийг хүртэл хийсэн улс төр нь Засгийн газрыг ажиллуулах боломж олгосонгүй. МАН-ынхан юунаас болж гэдийж захлав. Гол нь АН МАХН-тай гэрээ байгуулснаас болж дургүйцэв. АН-ын МАХН-тай гэрээ байгуулахад дургүйцсэн АН-ын зарим хүчнүүд ч үүнд нэгдээ биз. Ингээд нөгөө зуу хоногийн мөрөөдөл өнгөрөх шиг болов.
Эх орноо ингэж хорлохоо боливол яасан юм. Ард түмэн та нарыг мэдэж байгаа шүү дээ, МАН-ынхаан. Эхний удаа Монголыг ядууруулж засаг барьсан. Одоо харин ард түмэн та нарыг уучлах уу. Өнгөрсөн нэгдүгээр сард Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах болоход ажлын тав хоног завсарлага авсан. Царцаасан барилгуудад хийсэн аудитын шалгалт хийх үеэр бас л олон хоногийн завсарлага аваад л алга болсон. Ердөө л ажил хийлгэхгүй арга сэдэж, ирэх сонгуульд АН юу ч хийгээгүй гэж хэлээд сууж байх гэж л ингэж байна. Сүүлдээ МАН-ынхан АН-ын гал тогоонд орж, дотоод асуудалд хутгалдах болов. Өөрсдөө болохоор УИХ-ын гишүүнийг сайдын албатай давхар хашиж болоод байдаг, Ардчилсан нам эрх барихаар болохоо байчихлаа гээд завсарлага авдаг. Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэхэд ч завсарлага авлаа л гэсэн. Ингэж ажил гацаачихаад дараа нь эрх баригчид юу ч хийгээгүй, бүтээгээгүй гээд л сууна. Түүх давтагдахаараа эмгэнэл болдог. 1996-2000 давтагдах шинжиндээ орлоо. Яг л тэр түүхийг давтахаар МАН улайрч эхлэв.
Categories