Эдийн засгийн хүнд байдлаас гарах олон арга чаргыг төрийн түшээд эрэлхийлж байна. Магадгүй манай улс казиногийн бизнестэй байсан бол эдийн засаг өнөөдрийнх шиг туйлдахгүй байсан ч юм бил үү. Ийм бодолтой олон хүн бий. Улс төрөөс хараат бус, энэхүү утаагүй үйлдвэрлэл улсад орж ирэх валютын урсгалыг эрчимжүүлэх нь лавтай.
Барууны орнуудад олон жил казиногийн диллерээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн мэргэжилтнүүдийг уншигч тантай уулзуулж байна. Тэднийг Б.Баясгалан, Д.Мөнхзул, В.Чулуунцэцэг гэдэг юм.
-Та нар хаанахын казинод хичнээн жил ажилласан бэ. Эх орондоо хэзээ ирцгээв. Одоо ямар ажил эрхэлж байна?
-Б.Баясгалан: Анх 1997 онд Монголд казино байгуулагдаж, бидний хэдэн залуус дилерээр ажиллаж байлаа. Тухайн үед Англиас мэргэжилтэн ирж, хичээл заасан юм. Ингээд “Чингис” зочид буудлын нэг давхарт ажиллаж байсан казино жил орчмын дараа үүдээ барьсан шүү дээ. Харин биднийг багш маань Чех Германы хил дээр байгуулсан казинодоо ажиллахыг урьсан. Монголоос 60 гаруй залуу тэнд очиж ажилласан. Зарим нь эх орондоо ирчихсэн байгаа. Одоо дор бүрнээ хувийн бизнес эрхэлдэг. Эдийн засгийн энэ уруудаж байгаа байдал бизнесийн салбарынханд үнэхээр хүнд тусч байгаа. Тиймээс Монголд казинотой болчихвол маш хурдан хугацаанд хөгжих боломж бий.
-В.Чулуунцэцэг: Биднийг анх очиж ажиллахад эзгүй шахам байсан газар богино хугацаанд барилга байгууламжаар дүүрч, хөгжсөн л дөө. Одоо ч Чех Германы хил дээр болон өөр бусад оронд казинод ажиллаж буй монголчууд олон байгаа. Тэдэнд эх орондоо ирэх хүсэл тэмүүлэл нь их бий. Гэвч ажлын байр байхгүй болохоор ирж чаддаггүй. Тэндээ өндөр цалинтай казинодоо ажиллах сонирхолтой байдаг л даа. Хэрэв Монголд казино байгуулагдвал дуртайяа ирэхэд бэлэн шүү гэцгээдэг.
-Д.Мөнхзул: Би АНУ-ын Карнавал хөлөг онгоцон дээрх казинод ажиллаж байсан. Тэнд ажиллаж байгаа хүнийх нь тоо 1200 бол 3500 гаруй хүн үйлчлүүлдэг. Хөлөг онгоцон дээр ресторан, зочид буудал, үзвэр үйлчилгээ гээд бүгд бий. Дэлхийг тойроод явдаг. Манайхаар хоёр жижиг сум нүүгээд байна гэсэн үг. Зогсоолоос 3-5 км-ийн зайд бүх үйл ажиллагаа автоматаар зогсдог хуультай. Хөлөг онгоц буудаллах газруудад том том брэндийн дэлгүүрүүд, худалдаа үйлчилгээ цэцэглэсэн байдаг. Хөлөг онгоцноос тэр олон үйлчлүүлэгч буугаад мэдээж шопинг хийнэ шүү дээ. Ингээд орой нь хөлөг онгоц хөдөлж, портноос таван метр холдонгуут казиногийнх нь үйл ажиллагаа эхэлдэг. Нэг ёсондоо тэр улсын хилээс гарангуут ажил эхэлнэ. Миний хувьд Карнавал дээр 5-6 сарын гэрээтэй ажилладаг байлаа.
Энэ хугацаанд дэлхийг тойрон аялчихаад хоёр сар амардаг байсан. Тэр ажил маш өндөр цалинтай, хангамж сайтай, надад их таалагддаг байсан юм. Гэвч хичнээн удаан хүний нутагт ажиллаж, амьдрах юм бэ гээд эх орондоо ирсэн. Одоо тэнд бидний нэг найз ажиллаж байгаа. АНУ-д казино тоглуулдаг маш олон хөлөг онгоц байдаг.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг саяхан батлахдаа Казиногийн хууль санаачлах тухай тусгасан. Хэрэв казино байгуулах хууль эрх зүйн орчин бүрдчихвэл байрлалын хувьд хаана байсан нь тохиромжтой вэ?
-Б.Баясгалан: Зарим хүн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үүднээс Буйр нуур дээр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Эсвэл хил дагуу ч юм уу гэдэг. Миний бодлоор Алтанбулагийн хил дээр казино байгуулаад дэмий. Оросууд тийм ч их орж ирж тоглоод байхгүй. Хамгийн түрүүнд Замын-Үүдэд байгуулсан нь дээр. Замын-Үүд чөлөөт бүс болж өргөжих учраас тэнд казино байгуулбал бүс нутгийн хувьд тохиромжтой.
-В.Чулуунцэцэг: 1997 онд казино байгуулагдахад хамгийн гоё орчин бүрдэж чадаж байсан. Монголд мөнгөтэй, дипломатууд орж ирж тоглодог байлаа.
-Б.Баясгалан: Тэр жил Кувейтийн шейх баахан бие төлөөлөгчидтэйгээ ирсэн юм. Шейхийг дагалдан явж байсан хүмүүс казино тоглож, Монголд маш их мөнгө үлдээсэн жишээ байна. Манай улс казинотой болчихвол дэд бүтэц нь хамгийн түрүүнд хөгжих боломжтой.
Д.Мөнхзул: Яг үнэндээ Монголд жуулчид ирээд үзэж харах юм байдаггүй шүү дээ. Гадаадын тэр их мөнгөтэй хүмүүс очсон газар болгондоо казино тоглож кайф авдаг. Тэгэхээр манайд казино байгуулсан нь яаж ч бодсон ашигтай.
-Монгол Улсаас хоёр мянган км-ийн радиуст казино байдаггүй юм билээ. Тэгэхээр жуулчдаас гадна тоглогчид их ирэх байх…
-Б.Баясгалан: Казино өөрөө энтертаймент бизнес. Одоо манай хот метротой болох зорилт тавьж байгаа. Тиймээс метро санхүүжүүлэх мөнгө босгож болно. Хүүхдийн паркийг жинхэнэ диснейлэнд шиг болгох боломжтой. Хонконгт гэхэд хүүхдийн паркаа казиногийн орлогоор байгуулсан байдаг. Казиногийн тоглогчдын 50 хувь нь хятадууд байдаг. Яг хажууханд маань том зах зээл байна гэсэн үг. Тиймээс манай улс казинотой болчихвол ашигтай.
-Д.Мөнхзул: Хэрэв арав гаруй жилийн өмнө манайд казино ажилладгаараа ажиллаж байсан бол улс орон маань өнөөдрийнх шиг ийм эдийн засгийн хүнд байдалд орчихгүй байсан ч юм билүү. Маш сайхан хөгжчихсөн байх нь ойлгомжтой.
-В.Чулуунцэцэг: Манай төрийн томчууд цаг нь болохоор казино байгуулна гэсээр өдий хүрлээ. Тэр цаг нь хэзээ ирнэ гэж. Америкчууд гэхэд XVIII зуунд казино байгуулсан. Тэд цаг нь ирчихлээ гээд гэнэт энэ бизнесийг эхлүүлчихээгүй шүү дээ.
-Казиногийн талаар тэр орчинд нь очиж үзээгүй хүмүүс буруу ойлголттой байдаг шүү дээ. Олон жил дотор нь ажилласан та бүхэн энэ тухай үнэнийг хэлэх байх?
-В.Чулуунцэцэг: “Казино бол хар мөртэй. Тэнд архидалт, биеэ үнэлэлт байдаг. Казино бол бузар булай” гэсэн нийтлэг ойлголт байдаг. Тийм биш шүү дээ. Хүмүүс мэдэхгүй юмныхаа дайсан байдаг. Казиногийн тоглогчид архи уудаггүй. Харин казинод орж тоглоод, тэр сайхан зүйлийг нь мэдэрсэн хүмүүс тэс ондоо ойлголттой байдаг. Тийшээ халамцуу хүнийг огт оруулдаггүй.
-Б.Баясгалан: Эрчүүд нь жентельмэн хувцаслаж, бүсгүйчүүд нь гоо сайхнаа гайхуулсан тансаг бүхнийг цогцлоосон тийм л ганган дэгжин байдаг. Хамгийн боловсон бизнес юм.
-Ингэхэд казино ямар үр өгөөжтэй бизнес вэ. Манай улсад хууль эрх зүйн орчин бүрдчихвэл хэдий хугацаанд ашгаа өгөх бол?
-Б.Баясгалан: Сингапур, Макао, Өмнөд Солонгос хурдан хөгжихөд казиногийн бизнес тодорхой түвшинд нөлөөлсөн. Манай улсад өнөөдөр хууль батлагдвал маргааш үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын дээгүүр Хятад, Японы гээд сул мөнгө нисээд байна. Үүнийг буулгаж, Монголдоо авч үлдэх ёстой. Бид бол тэр технологийг эзэмшсэн залуус байгаа юм.
-В.Чулуунцэцэг: Казинотой болчихвол адаглаад л 1500 хүний ажлын байр бий болно. Нэг дор маш олон хүн Монголд ирэх болохоор онгоцны нислэг нэмэгдэнэ. Тэрийгээ дагаад үзвэр үйлчилгээ, худалдаа наймаа хүртэл цэцэглэнэ. Нэг хүн багаар бодоход Монголд 10-20 мянган ам.доллар үлдээнэ. Японд гэхэд энэ бизнесийн ашиг орлогыг аль хэдийнээ тооцоолоод казино байгуулах хуулиа баталчихлаа.
-Д.Мөнхзул: Казино маш онцгой татвартай. 70-80 хувийг тухайн улс нь авдаг. Манайд казино ганцхан жил ажилласан. Казино ажилласан тэр жил буюу 1997 онд хамгийн өдөр татвар төлсөн байгууллагаар казино шалгарч байсан. Яаж ч бодсон казино эдийн засагт нэмэртэй. Монголд ирээд, валютаа солиулаад манай нутаг дэвсгэр дээр л тоглоно. Ингэснээр валютын энэ галзуурлыг дарж өгнө.
-Эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Тэгэхээр казино ямар эрсдэлтэй вэ?
-Б.Баясгалан: Казиног ажиллуулах үндэсний мэргэжилтэн, менежерүүд байхгүй тохиолдолд гадныханд хамаг ашиг орлогоо алдах аюултай. Харин азаар манай улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэргэжлийн боловсон хүчин хангалттай бий болсон. Эдгээр боловсон хүчин бүгд гадаадад ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа.Өөр нэг эрсдэл нь хүмүүс казинод донтож, хамаг юмаа өгөөд туучихдаг. Тэгэхээр энэ мэт сөрөг талыг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй л дээ. Тухайлбал, орон орны Казиногийн хуулийг судлаад харахад төрийн албан хаагчид болоод 40 нас хүрээгүй бол казинод орж болохгүй гэх зэрэг заалтуудыг тусгасан байдаг. 20 насныхан бие даан ажил хийж, мөнгө олох нь байтугай аав ээжийнхээ мөнгөөр суралцаж байдаг нас шүү дээ. Тиймээс өөрсдөө мөнгө олдог, ухамсар суусан үедээ, тийм насандаа казино тоглож болно гэж хуулиар зохицуулдаг юм билээ. Хэрэв манайх казинотой болчихвол монголчууддаа квот тогтоогоод өгчих хэрэгтэй.
–Манайх казиногүй болохоор мөнгөтэй хүмүүс гадагшаа явж тоглодог. Тэгэхээр манай улсад казиногийн эрх зүйн орчин бүрдчихвэл монголчуудыгаа оруулдаг байх ёстой санагддаг…
-Б.Баясгалан: Ер нь хэн дуртай нь казинод ороод байж болохгүй. Манайхны амьдрал ямар билээ дээ. Орон байраа барьцаанд тавиад тоглочих вий гэсэн эрсдлээс болгоомжилж байгаа юм. Нийгэмд байр сууриа олчихсон, бизнес эрхэлж байгаа хүмүүс орох нь бол нээлттэй байхаар хуульчилбал зүгээр болов уу.
-В.Чулуунцэцэг: Сингапурын казинод гэхэд ар гэрээс нь гомдол ирвэл тэр хүнийг бүх насаар нь казинод тоглох эрхийг нь хасах хуультай. Иймэрхүү хамгаалалт байж болно.
Б.Баясгалан: Казиногийн үүдэнд нь хар дансанд оруулж болохгүй хүнийхээ нэрийг бичсэн байдаг юм.
-Д.Мөнхзул: Улс улсын казино өөр л дөө. АНУ-д гэхэд сэтгэхүй нь өөр байдаг юм билээ. Тэнд 18 болон 21-ээс дээш насныхан тоглож болох насны хязгаартай. Хүүхдүүд нь насанд хүрэхийг тэсэн ядан хүлээдэг. Тэгээд аав ээж нь хүүхдүүддээ гоё юм зааж өгч байгаа юм шиг дагуулж ирээд зааж сургадаг.
Б.Баясгалан: Энэ бол ирээдүйн эрсдлээс сэргийлж байгаа нэг арга. Хятад хүний нэг соёл бол мөрийтэй тоглож сурах байдаг гэнэ л дээ. Монгол эр хүн морь унаж сурсан байхтай адил. Монголд бол асуудлыг Монголынхоо уламжлал соёл талаа барих нь зөв байх. Энэ утгаараа гэвэл бид Монголчуудаа казинод тоглуулах гэхээсээ илүү гадаадын баячуулд казиногийн үйлчилгээ үзүүлэх талаас нь илүү харж байгаа.
-Манай улсад казиногийн хууль батлагдчихлаа гэхэд лицензийн асуудал үүснэ. Ер нь бусад орны туршлагаас харахад казино төрд байсан нь дээр үү, эсвэл гадны хөрөнгө оруулагч байх шаардлагатай юу?
-Д.Мөнхзул: Хэрэв гадныхан их хувь эзэмшвэл Монголд орж ирэх мөнгө буцаад л гараад явчихна. Бараг төрийн өмчит 51 хувь байх ёстой болов уу. Дараа нь үндэсний казиногийн салбар хөл дээрээ босоод ирвэл илүү хувийг үндэсний бизнес эрхлэгч нартаа тэр хувьцаагаа улс нь зарах уу, хадгалж үлдэх үү, улсын асуудал. Хамгийн гол нь улс нь хяналтаа сайн тавих чадамжтай байх ёстой.
-Б.Баясгалан: Германд бол төр нь гол хяналтын хувиа эзэмшдэг. Лас Вегаст хувийн хэвшлийнхэн илүү их хувь эзэмшдэг хувилбарууд бий л дээ. Солонгост зарим хувийг улс нь эзэмшдэг. Монголын хувьд гадны хөрөнгө оруулалт 15-20 хувиас илүү байх ёсгүй гэж үздэг. Хятад юм уу, Орос зэрэг орнуудад хувь эзэмшүүлэхийг бид эсэргүүцэж байна. Харин гуравдагч орнуудаас байж болж байна. Учир нь хөрш орнууд казиногийн лиценз эзэмших нь цаашдаа манай улсын дотоод хэрэгт олон талаас нөлөөлөх эрсдэл үүсэх магадлалтай.
-В.Чулуунцэцэг: Германд казино нь улсынх болчихсон. Тэнд казино байгуулж байсан хүмүүс дандаа Чех гээд европын казиногийн хуультай орнууд руу ороод ирсэн. Тэгээд хээл хахууль их болсон. Манай монголчууд авлига авч, тэрүүгээрээ сайхан амьдардаг улстөрчид олонтой шүү дээ.
-Монголд казино байгуулчихлаа гэхэд мэргэжилтнүүдийг хэн бэлтгэх вэ?
-Б.Баясгалан: Бидний хувьд Бирм, Чех, Монголд багшилж байсан. Сургалт явуулж байсан. Менежмент талдаа бид казиног босгож дөнгөнө. Гадаад болон дотооддоо казиногийн чиглэлээр ажиллаж байсан 300 гаруй боловсон хүчин бий. Тэд Монголд казинотой болбол дуртайяа эх орондоо ирцгээхэд бэлэн. Гэтэл ажлын байргүй болохоор гацчихаад байгаа. Үндэсний боловсон хүчин бид казиногийн бизнесийг олон усын стандартын дагуу ажиллуулах гол баталгаа болж чадна. Үндэсний мэргэжлийн боловсон хүчин байхгүй тохиолдолд энэ бизнесийг эрхлэхэд аюултай гэдгийг дахин хэлье.
-Казиногийн бизнес эрхэлдэг улс орнуудын ашиг орлогыг сонирхуулахгүй юу. Мөн манай улсад ямар ашиг харагдаж байна вэ?
-Б.Баясгалан: Дэлхийн улс орнуудын казиногийн салбараас олж буй орлого жил ирэх тусам нэгэгдэж байгаа. Энэ үзүүлэлтээрээ хамгийн их ашиг олсон казино сүүлийн үед Макаогийнх болж байгаа. Макаогийн жилийн орлого 38-40 тэрбум доллар хүрсэн тухай уншиж байсан. Монголын хувьд гэвэл Казиногийн бизнес хөгжлүүлснээс хойш 2018 онд гэхэд улсын төсвийн тав, 2025 онд 10, 2032 онд 20 хувийг тус тус бүрдүүлэх боломжтой болно. Улсын төсвийн 20 хувийг бүрдүүлэгч энэ салбарыг бий болгоход хамгийн гол нь улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахгүй. Үүнийг л улс төрч, эдийн засагчид ойлгоосой гэж хүсэж байна. Казино бол мэргэжлийн боловсон хүчин, хууль эрх зүйн зөв орчин хоёр л байхад өөрөө хөгждөг бизнес. Учир нь энэ салбарт хөрөнгө оруулах бизнесменүүд манай Монгол болон олон улсад хангалттай бий.
М.МӨНХЦЭЦЭГ