Социализмын үед тусгай сургуулийн “согог зүйч” мэргэжлийн 120-иод багшийг гадаадад бэлтгэсэн түүхтэй. Өдгөө эдгээр багш нарын дийлэнхи нь 50-аас дээш насныхан юм. Харин МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын нэг жилийн хөрвөх ангийг 50 оюутан төгсч байна. МУБИС-ийнхан мэргэжлийн чадварлаг багш нартай баг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулсан аж. БШУЯ-ны дэмжлэгээр 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн одоогийн нэг жилийн хөрвөх сургалтын ангийг өргөжүүлэн, Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр аймаг орон нутгаас элсэлт авч, дөрвөн жил суралцуулж, бакалаврын зэрэгтэй төгсгөх зорилт тавьсан аж. Эхний нэг жилийн ангийн оюутанууд нь ихэвчлэн тусгай сургуулиудад ажилладаг, ажлын туршлагатай багш нар юм. Төгсөгчдийн нэг Дауны холбооны гүйцэтгэх захирал Г.Ариун байлаа. Түүнээс энэ ангийг сонгосон зорилго болон Монгол дахь дауны өвчтэй хүүхдүүдийн суралцах нөхцлийн талаар тодруулав.
– 1993 оноос өмнө хуучин ЗХУ, Зүүн Европын орнуудад согог зүйч бэлтгэж байжээ. Харин зах зээлд шилжсэнээс хойш бэлтгэсэн анхны тусгай хэрэгцээт боловсролын багш нар нь бид. 2008 онд Дауны холбоо байгуулагдсан, зургаан жил ТББ-д ажилласан. Дауны хам шинжтэй, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйг судлахаар ирсэн юм. Дауны хам шинжтэй хүүхдүүд сурч чадахгүй, эцэг эхийн бүрэн асрамжид байдаг, бусадтай харьцаж чадахгүй гэсэн ойлголт байдаг. Бусад оронд ийм өвчтэй хүүхдүүд энгийн хүүхэдтэй адил цэцэрлэгт хүмүүжиж, сургууль, коллежид сурах боломж бүрдүүлж өгдөг. Гэтэл манай нөхцөлд ийм бэрхшээлтэй хүүхдүүдийг зөвхөн тусгай сургуулиар хязгаарладаг. Орон нутагт сурах боломж огт байхгүй. 0-6 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна. Энгийн хүүхдүүдтэй ижил орчинд өсгөх хандлага руу явах хэрэгтэй. Хүүхэд бүрийн чадвар өөр. Тухайн хүүхдэд тохирсон хэмжээнд нь сургах арга зүй бий болгох учиртай. Манай төрийн бус байгууллага анхдагч оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Хүүхэд хөгжлийн төв байгуулж байна. Олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хандаж, энэ төвийг байгуулсан. Эхлүүлж байтал улс нь хараад дэмжих байлгүй дээ гэж боддог гэж тэр ярив. Дауны холбоонд бүртгэлтэй 190 хүн бий. Эдний 80 хувь нь 0-16 насныхан аж. Дауны өвчнийг хүүхэд төрсөн цагаас нь туршлагатай эмч нар оношлох боломжтой байдаг гэнэ.
Тусгай боловсролын багш Д.Баяртай ярилцлаа. Тэрбээр 1981 онд ЗХУ-д согог зүйч мэргэжил эзэмшжээ. Одоо бол нийгэм хүмүүнлэг байх учиртай гэсэн үүднээс согог гэдэг үгнээс татгалзаж байгаа гэнэ. Согог гэдэг нь анагаах ухааны хэллэг гэсэн шүү. Тэрбээр Багшийн дээд сургууль төгсөөд 29 дүгээр тусгай сургуульд сул сонсголтой хүүхдийн багшаар очиж байжээ. Тэр үед сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд хамт хичээллэдэг байж. Ахмад багш нарын туршлагаас суралцах замаар ажиллаж байжээ. Хоёр жилийн дараа нам засгийн бодлогоор сургуулиасаа гурвуулаа Эрхүүгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багш бэлтгэх сургуульд суралцсан аж. “Бидний үеийнхэн тэтгэвэрт гарч байна. Төрөөс энэ байдлыг харгалзаж ийм анги нээсэн. Сургалтанд хамрагдсан хүмүүс тусгай сургуульд хоёроос дээш жил ажилласан, ажлын туршлагатай, хүмүүнлэг үйлстэй багш нар. Бид Монголдоо анх удаа үндэсний боловсон хүчнээ бэлтгэж байна” гэж Д.Баяр багш ярилаа. Хөгжилтэй орнуудад зөвхөн эмнэлэгт төдийгүй хот дүүргүүдэд эцэг эхэд зөвлөх хэл заслын төвүүд ажилладаг гэнэ. “Эцэг эх, ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх лаборатори төв байгуулахаар шавь нартайгаа ярьж байгаа. Эхний ээлжинд зөвлөгөө өгөх сайт нээхээр төлөвлөж байна. Дээхнэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нууж дардаг байсан. Одоо бол ийм хүмүүст тусгай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэсэн нийгмийн зөв соёл төлөвшиж байна” гэж Д.Баяр багш хэлсэн юм.
Хүүхэд хэл ярианы хоцрогдолтой эсэхийг хэрхэн таних талаар багшаас лавлав. Анх эхлээд шулганаж хэлд орж байгаа үеэс нь ээж, аав нь бусадтай харьцуулж үзэх хэрэгтэй. Авиаг зөв дуудаж байгаа эсэхийг, авиа сольж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй юм байна. Хүүхдийн ярьж байгаа зүйлийн утга санаа ойлгогдож байгаа эсэхийг анзаар. Утга төгс өгүүлбэр хэлж, авиагаа зөв дуудаж байвал санаа зовох хэрэггүй. Авиагаа алдаатай хэлж, яриа нь ойлгогдохгүй бол мэргэжлийн хүнд хандаарай. Хүүхдийн хэл ярианд орчин их үүрэгтэй. Хэл ярианы хоцрогдол нь анатоми физилогийн бүрэн бүтэн байдал, төв мэдрэлийн системээс хамаардаг. Хэл ярианы түр согогтой эсвэл хөгжлийн бэрхшээл нь тогтонги эсэхийг судалж байж л тогтооно гэв.
МУБИС-ийн хичээлийн танхимд нэг жил амжилттай суралцан дадлага хийсэн тайлан, бүтээлээрээ оюутнууд үзэсгэлэн гаргасан байлаа.
Б.Янжмаа