Categories
мэдээ цаг-үе

Д.Зоригт: Бид популист улстөрчдийн үгээр эх орныхоо хөгжлийг боомилж болохгүй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн ажлын хэсгийн
ахлагч Д.Зоригттой ярилцлаа.

 -Эдийн
засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийн ажлын хэсэг ямар бодлого, зорилтыг дэвшүүлж
байна вэ. Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах төлөвлөгөө боловсруулав?

-Ер нь 2011 оны сүүлээс манай улсын төлбөрийн тэнцлээр дамжиж эдийн
засгийн зарим бэрхшээл, хүндрэлүүд гарч эхэлсэн. Энэ нь 2012 онд үргэлжилж 2013
оны сүүлээр төлбөрийн тэнцлийн хямралын түвшинд ирчихээд байгааг мэргэжлийн шинжээчид
хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байсан. Хүндрэлийн оношийг зөв тавьж эмчилгээг
зөв хийх ёстой гэж яриад байгааг дэмжих хэрэгтэй. Ялангуяа сөрөг хүчний зүгээс тавьж
буй асуудлууд байна. Энэ төлбөрийн тэнцлийн хямралыг зогсоохгүй бол эдийн засгийн
хямралд ч хүргэж болзошгүй. Тэгэхээр УИХ, Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч,
бүтцийн гэж хэлж болох өөрчлөлтийг хийх шаардлага байгаа учраас ажлын хэсэг хэд
хоног ажиллалаа. Тогтоолоор хоёр бүлэг асуудлыг дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт нь валютын
урсгалыг сайжруулах гэх мэтээр асуудлыг тусгасан. Ингэж л санхүү эдийн засгаа эрсдлээс
хамгаалж, тогтвортой байдлыг хангана. Яг энэ хүрээнд есөн арга хэмжээг төлөвлөөд
байна. Хоёрдугаарт бизнес хөрөнгө оруулалтын орчинг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр бас есөн арга хэмжээг зохион байгуулах
бодлого гаргасан. УИХ энэ бүхнийг дэмжчихсэн байгаа.

-Эдийн
засгийг түргэн хугацаанд сэргээх гол хүчин зүйл бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын
орчинг ямар нүдээр харж, ямар арга хэмжээ авах гэж байгаа юм?

-Зөвхөн гадны гэлгүй дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө
оруулалтын идэвхжлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь харж байгаа. Бид мөнгөний,
хүний, капиталийн орох урсгал, “цорго”-ыг хаачихаад байна. Тэгэхээр бүх цоргыг нээж
өгөх ёстой. Эхний алхам нь Хөрөнгө оруулалтын хууль. Үүнийг өнгөрсөн намар баталж
гаргасан. Дараагийн том алхам нь бизнес эрхлэгчид, иргэд, гадаад, дотоодын компаниудын
хөрөнгийг ил тод болгох. Татварын хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар
Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах. Ингэснээр харьд аваачаад нуучихсан хөрөнгөө
ил гаргахаас айдаг, эмээдэг явдал арилж Монголын хөрөнгө Монголдоо эргэлдэх боломж
бүрдэнэ. Шууд хэлбэл тодорхой хэмжээний хөрөнгө ил гарч, тодорхой хэмжээний хөрөнгө
оруулалт ирж Монгол хүн Монголдоо бизнес эрхлээд явах шинэ орчин бүрдэх юм. Гуравдугаарт
хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь орж ирдэг ашигт малтмалын салбар гэж бий. Энэ хуулийн
эрх зүйн орчинг шинэчилье. Хөрөнгө оруулагчдад илүү таатай, илүү нээлттэй болгоё
гээд сүүлийн 2-3 жил зогсоочихсон байсан хайгуулын ажлаа сэргээнэ. Хайгуулын лицензийг
энэ хавраас дахин сэргээх бодлого туссан. Хүмүүс шинэ талбар аваад хайгуулаа эхлэг.

-Монгол
төрийн өмнө нь хийсэн ажил, алхмуудаас үүдэн хөрөнгө оруулалт тасарсан гэж үзэж
байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдалд байгаа ашигт малтмалын лиценз,
ордыг хэрхэх вэ? 

-Ашигт малтмалын хууль, холбогдох хуулиудын хүрээнд хэдэн мянган
лицензийг гацааж, зогсоосон байна. Лицензийг зогсоодог нь эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг
хохироосон гэсэн үг. Олон жил оруулсан хөрөнгөнийхөө үр ашгийг үзэх нь бүү хэл дахин
харахгүй хэмжээнд хүргэсэн. Жишээ нь урт нэртэй хууль, хайгуулын ажлыг хориглосон
хуулийн хүрээнд мянга мянган лиценз цуцлагдаж байлаа. 2012 оны зургадугаар сард
ийм ажлыг хийсэн бол дахиад л авлигын хэрэг нэрийдлээр нэг өдрийн дотор 106 лицензийг
цуцалсан түүх бий. Лицензийг замбараагүй, мөнгө харж өгсөн төрийн албан хаагчийн
буруу болохоос биш тэр компаниудын буруу биш. Ийм хэлбэрээр бужигнуулаад өнгөрсөн
нь хөрөнгө оруулалт буурах гол хүчин зүйл болсон. Уул уурхайн том, жижиг, дунд төслүүдийг
олон улсын хэрүүл, зарга болгочихсон байж байна. Ингэж Монголыг, хөрөнгө оруулалтын
орчинг муухай харагдуулж улмаар хөрөнгө оруулалтын орчны зэрэглэл буурсан юм. Энэ
бүгдийг засах ёстой. -Яг яаж засна гэж?

-Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг батална. 2007 оны суурь
хууль дээр хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгах үүднээс багахан нэмэлт оруулж
байгаа юм. Ингээд боломжийн хуультай болсны дараа Урт нэртэй хууль гэх мэтийг яах
вэ гэдгээ ярина. Гацаанаас гаргана. Аж ах ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг хохиролгүй
болгоно. Төрийн буруугаас болж хувийн аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй. Хийсэн хөрөнгийг
нь буцаан олгоно гэвэл олон зуун тэрбум төгрөгийн асуудал босно. Эдийн засаг хүндэрсэн
энэ нөхцөлд эргүүлэн олгох чадамж байхгүй. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүдэд заавал
нөхөн сэргээлт хийх үүрэгтэйгээр лицензийг нь буцаан олгох боломж байгаа гэж би
үзэж байгаа. Төрийн нэрийн дор хохирсон компаниудад төсвөөс мөнгө өгөх боломж нэгэнт
байхгүй учраас ажлаа үргэлжлүүлээд хийг. Гэхдээ устай, модтой тусгай бүсээс ашиг
олж байгаа учраас нөхөн сэргээлт явуулна гэдгээ баталж харуул гэж шаардана. Тодорхой
мөнгийг тусгай дансанд байршуулах хэрэгтэй. “Чи нөхөн сэргээлт хийхгүй бол тэр мөнгийг
чинь ашиглаад өөр аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгэнэ” гээд байгаль орчны онцгой
хяналтын дор ашиглуулах ёстой.

-Тэгвэл
дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдэд ямар дэмжлэг үзүүлж, ямар боломж олгох вэ. Эдийн
засгийг идэвхжүүлэх хөтөлбөрт яаж туссан байгаа бол?

-Хүндрэлтэй ийм үед төр төсөв, татвараар дамжуулж мөнгө авахаа больж
аж ахуйн нэгжүүдэд нь баялгийг үлдээе гэсэн санааг дэвшүүлж байгаа. Ингэж ажлын
байр, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх бодлого барих ёстой гэж үзсэн. Боломжийг
нь нээхийн тулд татварын хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр болж байна. Аж ахуйн орлогын
албан татвар, НӨАТ, Гаалийн татвар, тайлан тэнцэл гаргадаг хугацааг өөрчилж хялбар
болгоё гэсэн санаа байгаа. Дээрээс нь Монголын эдийн засагт шийдвэрлэх чухал нөлөө
үзүүлж буй Италион гэдэг юм уу жишиг төслүүдийг гацаанаас гаргах асуудлыг хөндсөн.
Оюутолгой, Тавантолгой, төмөр замын цариг, Тавдугаар цахилгаан станцын гацааг гаргах
шаардлага байгааг бас хэлж байна. Царигийн маргаанаа шийдэж төмөр замыг барих хэрэгтэй.
Ингэхгүй бол экспортод нөлөөлж бидний орлогыг бууруулж байгаа. Эцсийн үр дүн нь
жирийн аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээр бууж байна. Хямрал иргэн Дондогийн хашаа,
гэрийнх нь хаалгаар орчихлоо. Улсаас эхлээд аймаг нийслэл, сум дүүрэг, өрх бүрийн
тооноор хямрал ороод ирчихсэн байна. Бид яах гэж Монголын том төслүүдийг гацааж
байгаа юм бэ гэсэн асуудалд хариулт болгож тус бүрээр нь заалт оруулж байгаа.

-Татварын
хуулиуд яг яаж өөрчлөгдөх вэ. НӨАТ, Гаалийн татварыг хэдэн хувиар бууруулах юм?

-Бүтээн байгуулагч хүмүүс гаднаас тоног төхөөрөмж авч байгаа. Үйлдвэрлэл
нь эхлээгүй, орлого олоогүй байхдаа тоног төхөөрөмжөө оруулж ирдэг учраас татварыг
нь хойшлуулъя гэсэн санал бий. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар хоёр шатлалтай
байгаа юм. Жижиг байгууллага 15 хувь, том аж ахуйн нэгж нь 25 гэж. Адилхан 15 хувь
байвал Монголын компаниуд томорно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл татвараас нь үүдэж
том компаниуд дотроо “зулзагалж”, хуваагдаад байна. Татварын шатлалыг арилгаснаар
компаниуд томрох эхлэл тавигдана. Бас НӨАТ-ыг бүх ард түмний хяналтад оруулна гэж
үзэж байгаа. НӨАТ-ын татварын хоёр хувийг баялаг бүтээгчдэд буцааж өгөх хэрэгтэй.
Ингэснээр бүх хяналт ард түмний гарт очиж сүүдрийн эдийн засаг арилна.

-Тэгвэл
хувийн өмчийг хэрхэн хамгаалах вэ?

-Үндсэн хуульд бүх өмч адил тэгш, хувийн өмч халдашгүй дархан байна
гэж байсан байж бусад хуулиар хувийн өмчийг хамгаалсан эрх зүйн үндэс сул байна.
Хувь компанид захиргааны акт тавих, төрийн албан хаагч халдах, царцаах, булаах тохиолдол
их гардаг болж. Энэ чиглэлийг сайжруулах, тусгайлсан хууль гаргах шаардлагатай юм
байна гэж үзээд ажиллаж байгаа. Эцэст нь аливаа бизнес банкнаас зээл авах шаардлага
гардаг. Банк нь заавал үл хөдлөх хөрөнгө шаардана. Тэгэхээр хөдлөх хөрөнгө, эдийн
бус хөрөнгө хувьцааг барьцаалдаг болгож, хуульчлан батлах саналыг хөтөлбөрт тусгасан.
Ингэсэн тохиолдолд зээлжих зэрэглэл өсч эдийн засаг гэх судсаар гүйж буй цусны эргэлт
түргэснэ. Ийм ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргая гэж ярьж байгаа.

-Тэгвэл
капитал, хүний урсгалыг нээх чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг тусгав?

-Хүний урсгал зочин гийчний урсгалыг нэмэгдүүлнэ гэдэг том зорилт
бий. Бид хаалттай улс шиг хаалга үүдээ улам л түгжээд байх юм. Дэлхий дээр 300 гаруй
улс бий. Гэтэл дөнгөж 17 улсын иргэн Монгол руу визгүй зорчиж байна. Гэтэл Сингапур,
Хонконгт 150-170 орны иргэн визгүй зорчиж байна. Ийм жишиг байхад монголчууд яагаад
дуурайж болохгүй гэж. Тэгэхээр визний горим, дэглэмийг өөрчилж хил дээр шууд виз
дардаг болгох асуудлыг шийдэх хэрэгтэй. Түүнээс гадна нүүдэлчдийн уламжлалт соёлыг
үзэх гэж ирж байгаа жуулчдын тоо огт өсөхгүй байна. Жилд 10-15 мянган жуул­чин ирэхээс
хэтрэхгүй байна. Үүний гол нөлөө нь агаарын тээвэр визний асуудал байгаа юм. Түүнчлэн
дэлхийн өнцөг булан бүрт байдаг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох
хэрэгтэй.

-Энд
ямар ажлууд хийгдэнэ гэсэн үг вэ. Казино, бооцоот тоглоомын газруудын асуудал яригдаж
байсан?

-Үүнд бооцоот морин уралдаан нэгдүгээрт орно. Манай улсын уламжлалт
уралдаанаас хүн сонирхох юм алга. Баахан хүлээсний эцэст бариа руу хэдэн эцсэн морь
орж байгааг л хардаг ш дээ. Гэтэл хүмүүс гарааны халуун агшин, дээрээс нь бооцоо
тавин дэмжихийг илүүд үздэг. Тэмээний бас сарлагийн бооцоот уралдаан хийвэл үнэхээр
сонирхолтой. Дээрээс нь хүмүүс аялахдаа байнга шоппинг хийдэг дээ. Тэгэхээр Монголын
брэнд бүтээгдэхүүнүүд, дэлхийн брэндүүдийг хямд үнээр авах боломжуудыг бүрдүүлж
татваргүй худалдааны бүстэй болох хэрэгтэй байна. Мөн аялж явахдаа бас азаа үзчихийг
хүсдэг. Тэр нь казино, бооцоот тоглоомын газруудыг нээх. Дэлхийн 156 улсад дөрвөн
мянга гаруй казино байна. Гэтэл Монгол болоод Монголыг тойрсон хоёр мянган км-ийн
радиуст байдаггүй. Энэ бүс нутагт олон зуун сая хүн амьдарч байгааг ашиглах шаардлага
бий. Тэд Монголд ирээд тусгай бүст орж тоглодог болбол жилийн дөрвөн улиралд аялал
жуулчлал тасрахгүй. Нэг жуулчин мянган ам.доллар үлдээнэ гэж тооцвол сая жуулчнаас
миллиард ам.долларыг авна. Эндээс хэн хожих вэ гэвэл ажлын байр олноор бий болж
худалдаа, нийтийн хоол, нийтийн тээвэр хүссэн хүсээгүй хөгжинө. Бид популист улстөрчдийн
яриагаар эх орныхоо хөгжлийг боомилоод байж болохгүй.

Арван хэдэн жилийн өмнөх хэрэг
явдлаас үүдэн хэн нэгэн казиногийн хууль санаачлахаас эмээдэг болчихсон байна. Ийм
санаа дэвшүүлбэл популист улстөрчид нь намнадаг, түүгээр нь дамжуулж нэр хүндээ
өсгөдөг байдлыг халах хэрэгтэй. Улс орны нийтлэг эрх ашиг, бүхэл бүтэн салбарын
асуудал юм гэж байгаад Казиногийн хуулийг гаргаад явах хэрэгтэй. Хууль гарлаа гээд
хүссэн хүн бүхэн ширээ ажиллуулж бусдыг шулах гээд байж болохгүй. Бүс зааж өгөөд
Хөшигийн хөндийд ч юм уу тусгай бүсийг байгуулж татваргүй худалдаа, казиногийн газруудыг
нээж болох юм. Энэ нь иргэдээ нэг талаас нь хамгаалж байгаа хэрэг. Жаахан мөнгө
муутай байгаа хүн тийшээ зүглэхгүй гэсэн үг. Энэ шийдэл хэнд ч гай болохгүй.

-Томоохон бүтээн байгуулалтуудыг урагшлуулах ёстой гэж үзсэн.
Тухайлбал, тавдугаар цахилгаан станцын ажил ямар шалтгаанаар зогсчихоод байгаа юм
бол? 

-Тавдугаар цахилгаан станц мөнгөгүй
суучихаад байгаа юм биш. Эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөөгүй учраас зогсонги байдалд
орчихсон. Тиймээс эрчим хүчний үнийг зургадугаар сарын 1-ний дотор чөлөөл гэдэг
шийдвэрийг гаргасан. Алдагдалтай станц ажиллуулахыг хэн ч хүсэхгүй, алдагдалтай
станц барихыг хэн ч хүсэхгүй учраас тэр. Шууд хэлбэл эрчим хүчний үнийг 20 гаруй
жил автоматаар барьж ирсэн учраас энэ
салбарын 50 гаруй компани бүгд алдагдалтай ажилладаг. Дээрээс нь шинээр станц барих
бүх төслийн ТЭЗҮ нь алдагдалтай гардаг. Ингэж л Монгол Улс эрчим хүчний салбарын
хөрөнгө оруулалтыг хаачихаад байгааг нээх хэрэгтэй байна. Тогтоолын төслөөр нээж, үнэ чөлөөлөгдөхөд томоохон цахилгаан станцууд
бүгд ашигтай ажиллаад эхэлнэ.

-Тэгвэл хөтөлбөрт Оюу толгойн асуудал яаж туссан бэ?

-Оюу толгойн хувьд тусгайлан заалт
орж байгаа.  Миний бодлоор энэ парламент Оюу
толгойн асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Эдийн засагт үзүүлэх хувь нэмэр
гэхээсээ илүүтэй олон мянган аж ахуйн үйл ажиллагаанд Оюу толгой нөлөөлж байна.
Тэгэхээр тусгайлан заалт оруулж далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэе, Засгийн
газар төслийг бүхэлд нь дэмжих хэрэгтэй гэсэн санал хураахад гишүүдийн 70 хувь нь
дэмжиж байсан. Үүн дээр үндэслээд талууд итгэлтэй ажиллаж болох юм байна гэсэн дүгнэлт
гарч байгаа.

-Бас төмөр замын царигийн асуудал байна?

-Тогтоолд заасан чухал асуудлын
нэг нь төмөр замын царигийн маргааныг шийдэх. Урд хөрш рүү орох гурван зам нарийн
царигтай байна. Харин хойд хөрш рүү нэвтрэх Монголын нутаг дэвсгэрийг хөндлөн туулах
төмөр зам өргөн байна гэсэн заалттай хууль орж ирсэн. Бид дөрвөн жил маргасны эцэст
гуравхан км зам тавилаа. Гэтэл 1940, 1950 оны үед зургаан жилийн хугацаанд мянга
гаруй км төмөр зам тавьсан байдаг. Гашуун Сухайт-Оюу толгой-Таван толгой, Хөөт-Бичигт,
Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд параллель
нарийн царигийн төмөр замыг тавих санал хэлэлцэгдэж байна. 

-Төсөв танах, төрийн албан хаагчдыг цомхотгох асуудал туссан.
Энэ бодлогыг ямар тү
вшинд хэрэгжүүлэх юм бэ?

-Улсын төсвийн урсгал зардлыг
бууруулъя гэж байгаа. Орлого тасарч байгаа учраас хэмнэлт хийе гээд тэвчиж болох
зардал хэдэн арван тэрбум төгрөгийг бага орлоготой, ажилгүй иргэдэд ямар нэгэн аргаар
дэмжлэг болгох бодлого орсон. Түүнчлэн хэмнэсэн мөнгийг хөрөнгө оруулалтдаа нэмээд
явж ч болно. Бас олон яам байна, хэтэрхий олон сайд УИХ-аас ажиллаж байна. Олон
агентлагийн чиг үүрэг давхцаж байна гэдэг шүүмжлэл үнэн. Тэгэхээр энэ асуудлыг хаврын
чуулганы хугацаанд шийдэх ёстой. Энэ тогтоолд энэ бүхнийг зааж өгсөн.

-Засгийн газрын бүтцийг өөрчлөх ерөнхий зураг нь гарсан уу?

-Одоохондоо гараагүй байна. Мэдээж
намын бүлгүүд дээр ярьж УИХ  руу оруулна.
Олон талаас нь санал хэлсний дараа УИХ-аар шийднэ. Миний хувийн бодлоор Засгийн
газар бүтцээ өөрчилж илүү цөөхөн багаар үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт
уялдааг нь илүү сайн хангах хэрэгтэй. Гуравдугаарт УИХ-аас сайд хийж байгаа энэ
олон тохиолдлыг хуультай хуульгүй засах хэрэгтэй. Заримыг нь гаднаас томилох хэрэгтэй.
Тухайн салбарын шилдэг менежерийг аль нам байхаас нь үл хамаарч уриад зарим яамыг
толгойлуулуулах нь илүү үр дүнтэй. Засгийн газарт болж бүтэх зүйл байна. Алдаа дутагдал
байна. Алдаагаа засахын тулд цомхотгол хийж, цус сэлбэх хэлбэрээр ажиллах хэрэгтэй
гэдгийг нам дээрээ ярьж байгаа. Ганц нэг хүнийг сугалж асуудлыг шийднэ гэвэл бүтэхгүй.
Тэгэхээр өөрчлөлтийг томоор хийе гэсэн бодлого бий.

-Бас хүнд суртлыг арилгах зорилгоор үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цөөлөх асуудал туссан байсан байх аа?

-Төрийн хүнд суртлыг багасгахын
тулд 900 орчим тусгай зөвшөөрөл байгаагийн 500 орчмыг нь хасах тухай ярьж байна.
Хуулийг зургадугаар сар дуусахаас өмнө оруулж ирж хэлэлцэх ёстой. Дээрээс нь хяналт
шалгалтын дарамт асар их байна. Татварынхан ирээд сар гаруй хугацаанд шалгаж шалгаж
явтал араас нь нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, тэгээд хөндлөнгийн аудит, цагдаа,
АТГ дуудаж шалгана. Тэгэхээр давхацсан шалгалтыг цөөлье гэж байгаа.

-Хөтөлбөрийн хүрээнд хэдэн хууль, тогтоомж гарах юм. Хэдэн
сарын, хэдэнд бүгдийг нь баталж, сайжруулсан байх ёстой вэ?

-Аль болох хурдан хийнэ төдий
чинээ үр ашиг гарна. Тэгэхээр УИХ-ын энэ тогтоолд заасан 15 хуулийг зургадугаар
сарын 1 гэхэд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгон өгч байгаа. Ингээд долдугаар
сард чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж амжихгүй бол хугацааг нь сунган хуралдах
шаардлагатай.

-Эцэст нь асуухад төсвийн тодотгол орж ирлээ. Ямар түвшинд
төсвийг тодотгон хэлэлцэх юм бол?

-Царцаасан объектуудын асуудлыг
шийдэх заалт зөвхөн нэг нь. Сая миний ярьсан урсгал зардлыг танах, төрийн байгууллагуудын
бүтэц чиг үүргийг өөрчлөх, хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлж, зохистой болгох, орлогоо
бодитой болгох асуудлууд туссан байгаа. Мөн монгол даяар жижиг дунд үйлдвэрийг дэмжих
сангийн дэмжлэгийг илүү хүртээмжтэй болгох, хөрөнгө нэмэх асуудал яригдана. Төсвийн
орлого 20 хувиар тасалдчихсан байна.

 Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *