Categories
мэдээ соёл-урлаг

VII зууны дайчин баатрын ятгыг 1400 жилийн дараа дахин дуурьсгана


1400 жилийн өмнө Монгол баатруудын
тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн
бүтээжээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй
болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж
байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олджээ.
Бүхэл бүтэн мянга гаруй жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь хоёр мм нимгэн,
тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр
технологитой байсныг илтгэнэ.

Уг хөгжмийг дахин сэргээж Монголын
язгуур өв соёлоо дэлхий дахин таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх
зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлээд байна.
Энэ ажлын эхлэл болгож Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь
сонсгох, дэлхий дахинд зарлах “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ”-ыг “Монгол
бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны энэ сарын 16-нд АСА циркэнд
зохион байгуулахаар болжээ. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар
Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,
найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн
найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх-
Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал
хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж
байгаа гэнэ.

Уг ёслолын ажиллагааны тасалбарын орлого нь
цаашид Алтай ятгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд брэнд болгох
“Алтай ятга” төсөлд зориулагдах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *