Categories
мэдээ нийгэм

96 иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах явц, үр дүнгийн талаар өмнө нь мэдээлсэн. /Энд дарж үзнэ үү/

Тус ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ. Тухайлбал, улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 90, хувийн компанийн захирал, менежер, хувиараа нүүрс тээвэрлэгч 49, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.

Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс анхан шатны шүүх 7 хэргийг хянан шийдвэрлэж, 2 хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Тодруулбал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн, Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн, “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс тус тус шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Б.Б нарын 4 хүн,  “Хилийн цэргийн 0303 дугаар ангийн хангалт хариуцсан орлогч Б.Д нарын 22 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорт буцаасан бол УИХ-ын гишүүн Т.А, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нарын 11 хүн, УИХ-ын гишүүн Б.Э, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Э нар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох 3 хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.

Одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 33, мөрдөн байцаалтын 16 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж,  шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн 3 хэргийг прокурор хянаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *