Мьянмарын баруун нутгийн Ракхайн мужид нэг сарын хугацаанд 6700 гаруй рохинжа хүн амь үрэгдсэн гэж “Хил хязгааргүй эмч нар” хүмүүнлэгийн тусламжийн байгууллага мэдэгджээ. Рохинжачууд нь Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт хүмүүс юм.
Мьянмараас Бангладеш руу дүрвэсэн 2400 гаруй айл өрхийг хамруулсан судалгааны тайлангаа тус байгууллага өчигдөр танилцуулсан байна.
Уг тайланд дурдсанаар, наймдугаар сарын сүүлчээс Мьянмарын засгийн газрын хүчнийхэн рохинжа босогчдын эсрэг ажиллагаа явуулж эхэлснээс хойших нэг сарын хугацаанд 6700 гаруй энгийн номхон рохинжа хүн, тэдний дотор 5-аас доош насны 730 хүүхэд амь үрэгджээ. Энэ хүмүүсийн бараг 70 хувь нь сумны шархаа даалгүй, орон гэрийг нь шатаасан болон зодуулсны улмаас амиа алдсан гэнэ.
Харин Мьянмарын Засгийн газар энэ мэдээллийг үгүйсгэн няцаагаад “Цэргийн ажиллагааны явцад 400 хүн амиа алдсаны олонх нь босогчид байсан” гэжээ.
НҮБ Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан ажиллагааг “үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа” гэж тодорхойлж, рохинжачуудын хямралыг шийдвэрлэхийг Мьянмарын удирдагч бөгөөд Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чигээс шаардсаар байгаа юм. НҮБ-ын тооцоолсноор, наймдугаар сарын сүүлчээс хойш 640 мянга гаруй рохинжа хүн хөрш Бангладеш руу дайжин дүрвээд байна.