Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байгаа эмнэлгийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэн ажиллаж буй.
Коронавирусын халдвараас сэргийлэх нийслэлийн Шуурхай штабын албан ёсны мэдээллээс үзвэл, энэ сарын 03-ны өдрийн 08:00 цагаас 04-ний өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоод дээр зохион байгуулж буй хяналтын цэгт эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн нийт 201 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор нийт 54.389 тээврийн хэрэгсэл нэвтэрч, нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байгаа билээ.