Categories
мэдээ нийгэм цаг-үе

40 саяын машин бэлгэнд авсан жолооч Г.Болдбаатар: Сэтгэлийн дэм, урам хайрласан хүмүүст талархаж байна DNN.mn

Автомашин нь галд өртсөний улмаас их хэмжээний төлбөрт орсон Г.Болдбаатарт хамт ажилладаг жолооч нар нь нийлж 40 сая төгрөгийн автомашин бэлэглэсэн эерэг мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа билээ. Түүний баярт мөчийг хуваалцаж, цөөн хором ярилцлаа.


-Юуны түрүүнд хамт олондоо хандаж юу гэж хэлмээр байна?

-Хамт олондоо маш их баярлалаа гэж дахин, дахин хэлье. Манай хамт олон бол их мундаг сэтгэлтэй, хөдөлмөрч залуус байдаг. Сэтгэл гаргаж энэ бүхнийг санаачилсан жолооч нартаа талархаж, алтан шар зам нь өлзийтэй байхыг хүсье. Мөн хандивын аянд нэгдсэн ах дүү, найз нөхдөдөө бүгдэд нь баярлаж байгаагаа хэлье. Цахим орчинд хүмүүс их эергээр хүлээж авч байгаа нь сайхан байсан. Хамт олон маань сэтгэлийн дэм, урам хайрлаад, хамгийн сайхан бахархам зүйл болсон доо. Цаашид энэ их итгэлийг нь алдахгүйн төлөө хичээж ажиллана.

-Тухайн харамсалтай зүйл хэзээ, хаана болсон юм бэ?

-Улаанбаатар хотоос Дорнод чиглэлд есдүгээр сарын 27-ны өдөр карго ачаа ачиж гарсан. Жаргалтхаанаас Хэнтий орох замд буюу Чандганы тал дээр явж байхад машины маань дээд хэсгээс гэнэт утаа гараад л шатчтхсан.

-Та ам бүл хэдүүлээ амьдардаг вэ. Хэдэн жил жолоо барьж байгаа вэ?

-Би Дорнод аймгийн Булган сумын харьяат. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2001 онд жолооч болоод ЗИЛ-130 машиныг тав, зургаан жил бариад 2013 оноос хойш том тэрэгний жолоочоор ажиллаж байна. Хүүхдүүд маань бага байгаа учраас аль болох зөв хүн байгаасай гэж ярьж, зөвлөдөг.

-Хот хооронд том тэрэг жолоодоход ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгардаг уу?

-Манай Дорнодын зам эвдрэл гэмтэл ихтэй учраас холын тээвэрт явахад хүндрэлтэй тал бий. Мөн тээврийн хөлс, зардал дээр нэлээд асуудалтай байдаг. Өөр ч тулгамдаад байгаа зүйл алга даа.

 

Г.Балгармаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *