Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
Шинэ коронавирусийн халдвар 215 орон, бүс нутаг, нутаг дэвсгэрт тархаж, 3.4 сая өвчлөл бүртгэгдэж, 239 мянган хүн нас бараад байна. Нэг сая хүн эмчлэгдэж байна.
Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 1,022 хүн ажиглалтад байгаа бөгөөд 276 хүн шинээр ажиглалтад ирсэн. Тэднийг Жаргалан, Наранбулаг, Ивээл, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д тусгаарлаад байна.
Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-ийн утсанд 131 дуудлага ирсэн. Тэр дунд ОХУ-аас нэг, АНУ-аас гурав, Бразилаас нэг хүн холбогдож, шинж тэмдэг илэрч, өвчилбөл ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө авсан.
Бусад дуудлагын тухайд иргэдээс хүүхдүүд гадаа амны хаалтгүй, залуучууд гадуур олноороо бөөгнөрч байгаа талаар гомдол ирж байна. Тиймээс бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүлгэхийг анхааруулж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын захирамжаар үйлчилгээний байгууллагууд нээгдэж байгаатай холбоотойгоор ЭМЯ-аас 15 зүйл бүхий зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлж байгаа. Яамны вэбсайт дээр мөн байршуулсан тул үзэхийг зөвлөж байна.
ДЭМБ-аас COVID-19-ийг цар тахал гэж зарласнаас хойш дэлхийд нэрд гарсан 14 чөлөөт эрдэмтэн хуралдаж, эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсаар байна. Вакцин, шинэ эм үйлдвэрлэхэд онцгой анхаарч байгааг ДЭМБ мэдээлсэн гэлээ.