Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ц.Уянга: МАН 103 жилийн түүхтэй. Харин манай улс 103-ын дуудлаганд байна DNN.mn

Нийгэмд “Элийрэгч” хэмээх нэрээр танигдсан Ц.Уянгатай ярилцлаа.


-Таныг улс төрд орж ирсэнд их олон хүн гайхаж бас янз бүрээр хүлээж авч байгаа харагдсан. Ингэхэд та яагаад заавал АН-д элсэв?

-АН сул дорой гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Миний бие улс төрд орох сонирхолгүй явж ирсэн хүн. АН-ын хувьд өнгөрсөн нөхцөл байдлыг харахад бойжилтынхоо хугацаанд алдаа, оноо их. МАН-ын урт түүхтэй, төлөвшсөн институцитэй өрсөлдөх чадвар мэдээж энэ хугацаанд бага. Ардчилал гарснаас хойших 33 жилийн хугацаанд МАН дангаараа шахам засаг барилаа шүү дээ. Энэ хугацаанд АН улс төрийн институци болох төлөвшлөө олохгүй бойжилтынхоо үеийг давах гэж нэлээд зүтгэлээ. Манай орон улс төр, геополитикийн хувьд хөршүүдийн нөлөө ихтэй. Ялангуяа хойд хөршийн ноёрхол нөлөөлөлд нэлээд явдаг учраас дангаараа нэг намыг базаж командлахад амар. Үүн дээр тухайн үед С.Баяр сайд байхдаа иймэрхүү алхам хийсэн болов уу. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал, сонгогчдын бухимдал зэрэг нь нийгмийг айдастай болгочихсон байлаа. Болсон үйл явдлууд, өчигдрийг харахаар дандаа шүүмж. Одоогийн байдлаар маргааш яах вэ гээд харахаар өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй олонхоор ялж ирлээ. Сөрөг хүчин байхгүйгээр гурав дахь удаагаа дахиад эрх барих юм бол дотоодын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал сайжрах боломжгүй байгааг харлаа л даа. Ардчиллын суурь зарчмуудын гажуудал улайм цаймдаа гарлаа. Нөгөө талаар хойд хөршийн дээрэнгүй бодлого шууд манай улсын дотоод хэрэгт оролцдог боллоо. Ер нь МАН хүртэл эх барьж байгаагийнхаа хувьд ацан шалаанаас гарах ганц гарц нь хүчтэй сөрөг хүчинтэй байх ёстой гэдгээ ухаарч байгаа байлгүй. Сүүлийн үед барууны болон ардчилалд ээлтэй хөгжингүй улс орнуудын хамтын ажиллагааны санал санаачилга зөндөө л явсан. Энэ хугацаанд түүхэндээ дахиж тохиохгүйгээр эдийн засгийн боломжуудыг олгосон нь ч бий. Тухайлбал, европын орнуудын Элчин сайд нар нэгдэж байгаад Монголыг эрчим хүчний хараат байдлаас гарахад нь туслахаар хүчирхэг эдийн засагтай орнуудын хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар санал тавьсан байдаг. Гэвч манай энэ саналыг хүлээж авах бололцоо байсангүй. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ гэдэг сайд унхиагүйдээ гэхээсээ илүү манай улсын Засгийн газарт үзүүлж байгаа шахалт, дарамт нь тэр өндөр боломжийг авах сонголтыг өгсөнгүй. Энэ асуудал дээр уг нь АН-ын байр суурь нэлээд зангарагтай сөрөг хүчин болж иргэдээ, нийгмээ манлайлаад оролцох үүрэг рольтой байсан юм. Гэвч гадна, дотны янз янзын явуулга, зөрчилдөөнөөр ч гэдэг юм уу сөрөг хүчин байх байр сууриа олж авч чадсангүй л дээ. Иргэдийн итгэлийг хүлээх ч чадваргүй явж ирсэн. Ковидын дараа Монголдоо иртэл иргэд маань хуулийн дарангуйллаар цагдаажсан системд орчихсон, үг хэлэх эрхгүй. Ганц нэг цор цор хийснийг нь эрх мэдлээ далайлган холбогдох, холбогдохгүй хэрэг наалдуулаад залхаан цээрлүүлэх маягтай болжээ.

 

Ерөнхийдөө ирээдүйдээ иймэрхүү унхиагүй байдлаар хандах юм бол хойшдоо эрсдэл үүсэх учраас нэг хоёр удаа дуугарлаа. Ганц, хоёр акц өрнүүллээ. Олон улсын болон дипломат байгууллагуудад хандаж, хүний эрх зөрчсөн эрх зүйн кэйсүүд тайлангууд явууллаа. Эдийн засгийн хориг арга хэмжээнд сайтар анхаарал хандуулах хүсэлт гаргалаа. Ингээд акц хийсний хүчинд бүр даам гарсан байсныг бодвол ухаан орсон юм шиг хүний эрхийн чуулган явуулах шив. Ардчиллын суурь зарчмын дагуу олон улсад хүлээсэн гэрээ конвенцийнхоо үүргийн дагуу шахалтад орсон хэлбэр л дээ. Тэгэхээр энэ нам л болохгүй, эд нарын өөрсдийнх нь тоглолтоор айдас үүсгээд явахаас илүүтэй системийн тэнцвэр хангах үйл ажиллагаанд оролцохоос өөр зам байхгүй юм байна гэж ойлгоод наадмын өмнөхөн АН-д элсэх сонголтоо хийлээ. Мэдээж янз бүрийн шүүмж авч л байгаа.

-АН маш олон фракцтай. Сүүлийн үед клуб нэртэй болж, залуучуудын фракц нэмэгдэж байгаа. Таны хувьд аль клубт нь байгаа вэ?

-Одоогийн байдлаар би дотор нь ороод АН ийм байдаг юм байна, тийм юм байна гэж хэлж мэдэхгүй байна. Хүмүүстэй нь танилцаж уулзаагүй. Наадмын өмнөхөн АН-ын клуб фракцуудыг танилцуулж байсан “Гранд мийттинг” хуралд нь суусан. Фракцуудын зодоон гэж ойлгож байснаа нуугаад яахав. Тэнд очоод энэ бодол маань арилсан. Мэдээж өөрсдийнхөө дундаас бодлогоо гаргаж, тэр бодлогоо хэрэгжүүлж, манлайллын чадвартай нэгнээ дэмждэг гэх ч юм уу иймэрхүү систем юм билээ. Миний хувьд клубүүдийг харж байгаад арай нэг хэлээр ярих бололцоотой болов уу гэж үзсэн фракцад нь нэгдэж орсон. Үүн дээр илүү үзэл санааны чиг баримжаагаа сурталчлаад хүмүүстээ ойлгуулахад хоёрдугаарт, бодлогын нам юм чинь улс орны бодлогын уралдаан явна шүү дээ. Салбар чиглэл болгондоо ямар, ямар бодлого явуулж тэрийгээ хэрэгжүүлэлт дээрээ ардчиллынхаа суурь зарчмыг хангаж ажиллах юм уу, зүгээр оноо авахын төлөө ноцолдоод явах юм уу гэдгийг нь ажиглаж л байна. Одоогийн байдлаар дөнгөж суралцах шатандаа явна. Мэдээж шинэков учраас намын дүрэм, журмыг нь сайн мэдэхгүй. Нэгэнт энэ намд орчихсон юм чинь нэлээд судалж л байна. Наймдугаар сарын 28-нд ҮБХ-ны хуралдаанаа зарлах юм шиг байна лээ.

-Ингэхэд таны харж байгаагаар АН-д ямар зовлон байна вэ?

-Ер нь анзаарч харсан нэг зүйл гэвэл АН-ын бүтэц яг л МАН-ын хуулбар юм байна. Энэ загвараар сонгуульд өрсөлдөөд өөрсдийнхөө байр суурийг олж авна гэж байхгүй шүү дээ. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд улс төрийн тавцанд яг л МАН-ын загварчлалыг дууриаж өрсөлдөөд байнга л хусуулж байдаг.Тэдний тавьсан бүтцээр тэдний тоглоомын дүрмээр явах юм бол АН цаашид энэ чигээрээ л байна. Өнгөрсөн хугацаанд АН өөрсдийнхөө бодлогыг нийгэмд сурталчилж, нийгмийг манлайлж ажиллах идэвх санаачилга нь тааруухан явж ирсэн. МАН-ын коммунист загварчлалтай намын бүтцийн шатлал нь яг адилхан. Анхан шатны үүрээсээ дэмжигдээд дээшээ явдаг зарчимтай юм байна. Тэр өрсөлдөөн нь цэвэр шударга, анхан шатны нутаг дэвсгэр, хороо хориноосоо нийгэмтэйгээ ажиллаад манлайлаад бодлогоо танилцуулаад явдаг юм уу гээд харахаар өв залгамжлалын системтэй. Хувьчлаад авчихсан ч юм шиг. Дүүргийнхээ хороо, нам, бүх шатны намынхаа байгууллагуудыг базчихсан байхад хэн, хаана яахаа мэддэг. Тэрүүгээрээ нам дотроо сонгуульт болон сонгуулийн тойрогтоо тохиролцож, наймаалцдаг юм шиг. Ерөнхийдөө манлайллын систем нь буруу явдаг юм байна гэж харлаа. АН шиг либерал зарчимтай шинэ нам гарлаа гэхэд төлөвшлийг нь хүлээхэд дахиад 30-50 жил шаардагдах болно. Хоёрдугаарт, эрх баригч нам гурван удаа улиран сонгогдоод ирэхээр мафижсан ашиг сонирхлын бүлэглэлүүд гулсаад орчихож байгаа юм. Реформ хийх ямар ч бололцоогүй. Яг үнэндээ нураагүй салбар гэж байхгүй боллоо. Төрийн бодлогод шинжлэх ухаанч болон зах зээлийн зарчим үгүйлэгдэж байна. Дээрээс нь эрүүл мэнд, боловсрол, аж ахуй, макро болон микро эдийн засгийн системээ хар. Эсвэл салбарын улсууд зөв замаар явлаа гэхэд амжилт үзэхгүй учраас бохир системээр нь тоглохоос өөр аргагүй байдалд ордог. Үндэс суурь нь эрх мэдлийн системийг намд юм уу төвлөрсөн тодорхой хүмүүсийн гарт орохоороо л ямар ч мундаг нам байсан тийм байдалд хүрнэ л дээ. нийгэм дандаа ротацийн систем дээр явж байж урагшилж, цэвэршдэг. Тэрэнд нийгмийн оролцоо чухал. АН бол бусад жижиг намуудынхаа дэргэд интитуци болоод түүх үзэж, унаж, босоод сурсан. Одоо идэр насны амьдралаа аваад явах залуугийн хэмжээнд байгаа учраас үүрэх ёстой ачаагаа үүрнэ. Өнгөрсөн баларсан түүхийг сөхөөд хуучин акулуудын хэдэн талд нь гарч хуйвалдаад ямар ч амжилт үзэхгүй нь тодорхой. Ийм тоглолтын горыг өнгөрсөн долоо, найман жил үзлээ. Хоорондоо эрх мэдэл, наймааны төлөө гүйхээсээ илүү АН гэдэг чинь улс төрийн хүчний хувьд ямар байх ёстой вэ гэдгээ ярих бодох, хүчитгэх цаг нь болжээ.

-Та өнгөрсөн долоо хоногт АН-ын шинэчлэлийн асуудлаар гишүүдийн дунд уулзалт санаачилсан. Энэ үеэр гишүүдээс ямар санал гарч байв. Ер нь АН яавал шинэчлэгдэх вэ?

-Би “АН-ыг шинэчилнэ” гэж том ярих хүн нь ч юу билээ. Гэхдээ бүтцийн хувьд, идеалогийнхоо хувьд ардчилсан нам шинэчлэгдэх шатандаа буюу дараагийнхаа алхам дээр гарч ирэх цаг нь болсон. АН ийм нөхцөл байдалтай байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Мэдээж үзэл санааныхаа хувьд МАН-ыг хүмүүс дэмжихгүй. Коммунист суурьтай, үнэт зүйл, үзэл санаа, залгамж чанар зэрэг нь Оросын журмаар яваад ирсэн улсуудыг өөрчлөхөөсөө илүү АН өөрт байгаа нөхцөл байдлаа шинэчлэх ёстой. Ингэснээр өрсөлдөөнийхөө тэнцвэрийг бий болгоод явсан нь дээр. Заавал ялалт гэхээсээ илүү хувь хэмжээ тэнцсэн байх асуудлыг ярьж байгаа юм. Үүн дээр миний бие санаачлаад, АН-ыг дэмжиж байгаа хүмүүстэй уулзаад санаа бодлоо солилцож, хандлагыг нь харъя гэж бодсон юм. Уулзалтад бүх насныхан ирсэн, гоё, гоё санаанууд гарсан. Монгол хөл толгой нь хамаагүй гээд хаячихсан байгаа юм уу. Эсвэл олигтой учир зүйгээ олоод явчихаасай гээд сэтгэл нь зовниод явж байгаа юм уу. Бодит хандлага ямар байхыг нэгдүгээрт харахыг хүссэн. Хоёрдугаарт, яриа хөөрөө ямар байх юм, бүтцийн юм уу, бодлогын реформ талаасаа байх юм уу. Эсвэл шүүмжлэлттэй ханддаг тэр чигээрээ дайрах юм уу гэдгээ ярилцаад уулзсан. Санамсаргүй байдлаар органик уулзалт хийсэн. Миний баярлаж байгаа зүйл бол тэр уулзалтад ирсэн хүмүүсийн бодол санаа ерөнхийдөө фокуслагдсан байгаа юм байна гэдгийг харлаа. Миний төсөөлж байснаар “Э.Бат-Үүл нь тийм, Ц.Элбэгдорж нь ийм, Х.Баттулга нь тэгсэн” гээд өнгөрсөн баларсан зовлонгоо яриад байх юм болов уу гэж бодож байтал тэгээгүй. Цаашид яах юм. Мэдээж улс төрд орж байгаа хүмүүс амбицтай байж явна. Жишээлбэл, чөлөөт өрсөлдөөнийг баримтлалаа болгож байгаа нам юм бол гэр бүлжсэн, өв залгамжилсан байдлаар биш цэвэр манлайллаараа улс төрийн өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг юм уу, үгүй юу. Нөгөөтэйгүүр өөрсдийнх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хандлага нь намыг зодож, муухай харагдуулж, хуучин бугшсан, хоцорчихсон арга барилаараа явах гэж байгаа юм уу. Эсвэл бодитой ротацийн ажлуудаа танилцуулах ёстой юу. Дөрвөн жилийн сонгуульт хугацаа гэдэг бол үлгэрийн жагсаалт танилцуулж явдаг зүйл биш шүү дээ. Яг энэ дөрвөн жилийн хугацаанд АН тулгуур салбаруудад яг ямар бодитой төслүүд хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа юм. Тэр бодлогуудаа хэрэгжүүлэх шахалтыг нь үзүүлье. Бодлого хэрэгжүүлэх процесс нь ямар байх юм, баг нь хэн байх юм. Танай, манай ах, дүү, намдаа 30 жил үнэнчээр зүтгэсэн гээд хуучин аргаараа явах юм уу.

-Сонгууль хаяанд ирлээ. АН хүчтэй улс төрийн хүчин болохын тулд ямар реформ хийх ёстой гэж та харж байна вэ?

-Анзаараад байхад нийгэмтэй ажиллахдаа сошиал флатформ дээр АН ажиллахгүй байна. Өнөөх л улиг болсон тэднийх муу, эднийх хулгай хийсэн гэдэг юмаа ярьдаг. Ардчиллын идеалогийн үнэт зарчмуудыг нийгэмд яаж хүргэж байгаа, хувь хүмүүсийн ажлын бие даасан байдлыг хэрхэн хангах юм. Дараагаар нь макро түвшнийхээ бодлогуудыг хүмүүстээ яаж хүргэж ойлгуулах юм. Тухайлбал, уул уурхайн салбарт гэхэд хичнээн төгрөг эргэлдэх юм. Оногдох зардлаа яаж тооцох юм. Тэндээс үүсч байгаа баялгаа яаж хуваарилах юм бэ. Төсвөөр эсвэл зах зээлийнхээ эрэлт хэрэгцээгээр хуваарилах уу. Энэ зэрэг бодлогоо тодорхой болгож байж, нийгэмтэйгээ ажиллаж байж хүрнэ. Тэгэхээр өнөөдөр сошиал флатформууд янз янзаар гарчихсан байна. Мөнгөөр хүн рүү дайрч гүтгэдэг. Нэг бол хүний хулгайг хамгаалж өмгөөлдөг ч юм уу нийгмээ хооронд нь зодолдуулдаг байдлыг сошиал флатформын маркетинг, улс төрийн пиар гэж үзэх гээд байгаа юм уу. Яг тодорхой хэлэлцүүлгийн шатанд клуб юм уу жижиг видео контент хүргэдэг хэлбэрүүд байна. Тэгэхээр бидэнд цахим аппликэйшн байх ёстой. Үүгээрээ АН-ын гишүүдийг бодитой гаргаж, идэвхгүй нь хэд байгааг харах юм. Тэр аппликэйшнд нэгдэж орж чадаж байгаа хүмүүс нь тодорхой асуудлуудыг дэвшүүлдэг, бас шүүмжилж болно. Тэрнээсээ шүүлтүүрээр бэлэн болсон асуудлыг нийгмийн флатформд гарч хэлэлцүүлэгт оруулдаг ч юм уу. АН одоо нийгэмтэйгээ ажиллахгүй бол сонгуульд яаж орох гэж байгаа юм бэ гэдэг асуудлыг яриад байгаа юм.” Манай энэ сайн хүн” гэдэг модулиар ажиллалаа гэж бодъё. Магадгүй МАН сүйрээд АН яллаа. Гэтэл маргааш нь АН-д хийх ажил байгаа юу. Яг л бахь байдгаараа даргын суудлын төлөө хоорондоо алалцаж хэрүүлээ хийх үү. Хэдэн яамдаа булаацалдаад дахиад хоорондоо хөлөө жийлцэх юм уу. Яг үнэндээ хэрүүл, тохироогоор хуваагдлаа гэхэд тэр яамдын хийх ажлууд, хүн нь хаана байгаа юм бэ. Энэ мэтчилэн Монголын нийгэм, эдийн засгийн зовлон өргөс авчихсан юм шиг ангижрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тулгамдсан ойрын хугацааны ажлуудаа ингэж хэрэгжүүлнэ, босгох хөрөнгийн тооцоолол нь ийм байна гэдэг юмаа өнөөдрөөс бодож баймаар байна. Энэ бүгд АН-д тодорхойгүй. “Манай нам ялах ёстой, манай нам ялахгүй бол ардчилал сөнөлөө” гэдэг зүйлээ л яриад байдаг. Тийм болохоор өрсөлдөөнийхөө зарчмыг ойлгомжтой тод болгоод өгөөч гэж шинэковууд нь шахахаас өөр арга байхгүй. Би томоотой суугаад тоо гүйцээх гэж АН-д ороогүй нь тодорхой. Нөгөө л хүн шүүмжилсэн бүлэглэл фракцаараа хуваагдсан, ах нар руугаа дайрсан нөхдийн нэг болохын төлөө АН-д ороогүй. Хэрэв манлайлах зам, боломж нь байвал өрсөлдөөнд чөлөөтэй оролцоход бэлэн байна. Тэгэхгүй бол том ахыг олоод налж гүйдэг, юу ч байсан АН-д наалгахгүй бүгдээрээ гоё сайхан энхийн ариун гэж солиорох нь миний натур биш.

МАН 103 жилийн түүхтэй. Харин манай улс 103-ын байдалтай болсон. Яаралтай түргэн тусламжийн дуудлагаар явуулах хэрэгтэй болсныг хүмүүст ойлгуулахгүй бол хувийн байдлаар талархлын сэтгэлээр юманд төөрөөд бодитой сонголт, дүгнэлт хийхээс холдчихсон. Тэгэхээр эхлээд өөрсдөөсөө эрүүл саруулаар харж, ярьж дүгнэж байж бид дараагийн шатанд очно. Ер нь нийгмийг дундаж давхарга л авч явдаг. Дундаж нийгэм хүчтэй байдаг. Монголд өнөөдөр дундаж давхаргаа хүчтэй болгож явахгүй бол хэмжээлшгүй хүчтэй 200 гэр бүлтэй, үгээгүй хоёр сая иргэнтэй, дунд нь яахаа мэдэхгүй хамаг юмыг нь хийж бухимдан зодуулдаг 500 мянга хүрэхгүй гэр бүлтэй үлдэх гээд байгаа юм. Тэгэхээр энэ бүхнийг эрс шинэчлэхээ байг гэхэд 75 градус эргүүлье. Ингэж дундаж давхаргаа айдастай байдлаас нь гаргахын тулд оролцоогоор нь хангах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *