Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд өчигдөр гал гарсан дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулав. Мөн 5 давхарт байсан 0,8 – 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгсөн байна. Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй. Одоогоор гал түймэр бүрэн унтарсан ба гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.