Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, СХД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна талбай болон тоглоомын талбайн тохижилтын ажил дууслаа. Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0м x 22.5м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, зоорьтой 2 давхар юм.

Хувцас солих өрөө, гал тогоо, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, бассейн, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хүрэл ордон” ХХК болон “И Пи Эс групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсчээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсчээ.

Оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор 616.0 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 109.2 мянган хүнээр буюу 21.6 хувиар өссөн байна. Дээрх нийт зорчигчдын 66.8 хувь буюу 411.7 мянга нь Монгол иргэд, 204.3 мянга буюу 33.2 хувь нь гадаад иргэд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн Монгол иргэдийн тоо 91.1 хүнээр буюу 28.4 хувиар, гадаад иргэдийн тоо 18.1 мянган хүнээр буюу 9.7 хувиар тус тус өсчээ.

Categories
мэдээ спорт

Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Канад Улсад пара гүйлтийн цанын Америк тивийн Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ.

Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж, хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 21-ний 20 цагаас 11-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 25-30 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.


2024 оны 11-р сарын 23-наас 2024 оны 11-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг бууруулах томоохон сорилт тулгарч байна DNN.mn

Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.

Манай улсад сүүлийн 80 жилд агаарын температур 2.4 хэм өссөн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, 7.4 сая толгой мал хорогдсон. Энэ нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
Иймд цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа нэмэгдүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах зэрэг томоохон сорилт тулгарч буйг Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан онцолсон.

Харин гишүүдийн зүгээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон ажиллаж, амьдрах шийдлүүдийг оновчтой гаргах нь чухал гэдэг саналыг илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“United Airlines” Монгол Улс руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ DNN.mn

Соёлын сайд Ч.Номин “United Airlines” компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диаз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын тэргүүлэх агаарын тээвэрлэгч “United Airlines” компани 2025 оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэж эхлэх төлөвлөгөөгөө зарласан. Уулзалтаар долоо хоногт гурван удаагийн нислэг үйлдэх, олон улсын нислэгийн системд Монгол Улсыг чиглэсэн нислэгийг нэмэх асуудлыг хэлэлцэв. Энэхүү нислэгийн чиглэл нь Хойд Америкийн жуулчдыг татах, тийзний үнэ буурах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж ССАЖЗЯ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана DNN.mn

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Улстөрчдийн 300 км DNN.mn

Барууны том хэвлэлүүд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд АНУ-аас нийлүүлсэн зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцалсан тухай мэдээлснийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Үнэн бодит мэдээлэл” гэж батлав. Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Оросын гүнд АТАКМС пуужингаар цохилт өгөх болсон АНУ-ын зөвшөөрлийг сайшааж “Украин өөрийгөө хамгаалахын тулд хилийнхээ цаад талд пуужингийн цохилт өгөх зайлшгүй шаардлагатай. Учир нь Украины зарим суурингууд Оросын хилд маш ойрхон байгаа тул дайсны пуужин хэт хурдан тэнд тусаж, сүйрэл учруулсаар байгаа бөгөөд Олон улсын эрх зүйн үүднээс Украинд Оросын нутагт цохилт өгч, өөрийгөө хамгаалах эрх бий. Тиймээс АНУ-ын зөвшөөрлийн ачаар Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалын зэвсэг ашиглах нь маш чухал зүйл юм. Манай нам, манай Зүүн Европын түншүүд, мөн британичууд, францчууд энэ асуудалд америкчуудтай адилхан хандаж байна. Иймээс би холбоотнууддаа Украиныг өөрийгөө хамгаалах хүчирхэг зэвсгээр хангахыг уриалж байна. Хэрэв манай улсад пуужин, дрон, бөмбөг унаж, хүүхдийн эмнэлгүүд халдлагад өртөж, эрчим хүчний хангамж сүйдэж, бидний хэвийн амьдрал халдлагад өртвөл бид ч бас өөрсдийгөө хамгаалах ёстой болно” гэж хэлжээ. Харин Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Вольфганг Бюхнер “Тийм ээ, Вашингтон гаргасан шийдвэрийнхээ талаар Германы засгийн газарт мэдэгдсэн. Гэхдээ энэ нь Холбооны Канцлер Олаф Шольцийн Киевт TAU­RUS пуужин нийлүүлэхгүй гэсэн шийдвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгдэв. Тэгвэл Германы дэд канцлер, Эдийн засгийн сайд Роберт Хабек “Би хэрвээ Германы засгийн газрын тэргүүнээр сонгогдвол Украин руу алсын тусгалтай далавчит пуужингуудыг илгээнэ” гэж амласан бол Германы Христийн ардчилсан холбооноос Германы канцлерийн албан тушаалд нэр дэвшиж байгаа Фридрих Мерц “Бид Украинд TAU­ RUS пуужин нийлүүлэх ёстой” гээд Шольцыг стратегийн алсын хараагүй гэж буруутгасан байна.

Европын Холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррелл “Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт 300 км хүртэл ашиглахыг зөвшөөрсөн. Энд 300 километрийн радиусын тухай яригдаж байна. Энэ бол тийм ч их биш бас хол биш, гэхдээ энэ бол захиргааны шийдвэр. Тэд яагаад сонгуулийн өмнө биш одоо ийм шийдвэр гаргаж байгааг би мэдэхгүй. Украины цэргийн албан хаагчдад АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг ОХУ-ын гүнд цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрөх асуудлыг даваа гаригт болсон Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэлэлцсэн. Гадаад хэргийн сайд нар Оросын нутаг дэвсгэрт барууны зэвсэг хэрэглэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлах талаар хамтарсан шийдвэр гаргаагүй. Учир нь гишүүн улс бүр өөрөө энэ асуудлыг шийдэх эрхтэй. Иймээс би Оросын хилээс алслагдсан бай руу Украин довтлохыг зөвшөөрөхийг уриалж байна. Украин бидний өгсөн зэвсгээр зөвхөн өөрсдийгөө хамгаалах бус, дайснаа устгах ёстой гэдгийг би дахин дахин хэлж байна” гэж мэдэгджээ. Үнэхээр ч Их Британи, Франц улсууд АНУ-ын дараа Украинд өөрийн нийлүүлсэн зэвсгээр Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрөөд байгаа юм. Тухайлбал, Рио-де-Жанейро хотноо болж буй “Их 20”-ийн уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын нутаг дэвсгэрт Америкийн зэвсгийг ашиглах зөвшөөрлийг Вашингтон Киевт өгснийг “Зөв шийдвэр” гэж нэрлээд “Энэ бол Оросууд Украины дайнд Умард Солонгосын цэргүүдийг оролцуулсантай холбоотой явдал” гэж мэдэгдэв. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны өмнө Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламмитай Нью-Йорк хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Бид Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх цэргийн объектуудад цохилт өгөх чадвартай болсон нь энэ дайнд эргэлтийн цэг болж магадгүй. Украины Оросын гүнд цохилт өгөх зай уртсах тусам дайн богиносох болно. Киев Оросын нутаг дэвсгэрт байгаа цэргийн объектуудад цохилт өгөх бүрэн эрхтэй. Энэ бол бидний хууль ёсны эрх бөгөөд энэ нь манай энгийн иргэдийн амь насыг аврах болно” гэж мэдэгдэв.

Украины арми өнөөдөр өөрийн үйлдвэрлэсэн дроноор Оросын нутгийн гүнд цохилт өгч байгаа ч энэ нь тийм ч үр дүнтэй хохирол учруулж чадахгүй байгаа билээ. Харин тэд задардаг, бэхлэлт нэвтэлдэг барууны пуужингуудыг ашигласнаар дайсандаа учруулах хохирлыг эрс нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ямар ч байсан Курс мужид цугларсан 50 мянган орос, Хойд солонгосын цэргүүдийн хувь заяа хөөрхийлөлтэй байдалд орж байгаа нь тодорхой болов. Иймээс цэргийн зарим шинжээчид “Барууны улстөрчдөд 300 км-ийн зөвшөөрлөө цааш нь ахиулахад хагас алхам бус ганц хуруу л зай үлдлээ. Энэ нь Дональд Трампад очих ёстой байсан ялалтыг нь Жо Байден булаагаад авчихлаа гэсэн үг. Иймээс Трамп төдийгүй түүний ойр тойрныхон уурлаж, бухимдахаас өөр аргагүй” гэж мэдээлж байна. Энэ үнэн бол Иран, Оросын өнөөгийн удирдлага Дональд Трампыг тангараг өргөхөөс өмнө солигдож дайн зогсоно гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Нам даралтын зуух буудаж, гал гарчээ DNN.mn

Өвөрхангай аймаг, Арвайхээр Согоот нэгдүгээр баг байшингийн нам даралтын зуух буудаж гал гарч байна гэсэн дуудлага 11.20-ны өдрийн 22.32 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний хэсгийн нам даралтын зуух буудаж, дээвэр шатаж байсныг унтраасан байна.

Иймд болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж, зуухны бүрэн бүтэн болон аюулгүй байдлаа шалгаж эрсдэлээс хамгаалахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль хэрэгжиж эхлээд ямар хугацаанд үр дүн гарах, “Орано” групп нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглах талаар баталгаа гаргуулах, олборлох ураныг энх тайвны зорилгоор ашиглах талаар гэрээндээ тусгах, олборлосон тодорхой хувийг борлуулах эрхтэй байх, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл дээрх хуулийн төсөл болон цаашид хийх гэрээ, хэлэлцээрийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны ойлголтуудыг тодорхой ойлгомжтой хүргэхэд анхаарах талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үндсэн орд байрлаж байна. Эдгээр сумын иргэдэд нөхөн олговорыг хэрхэн олгох талаар асуухад “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал “2006 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт 9 тэрбум төгрөг зарцуулсан. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян суманд 300 сая төгрөгийн нөхөн олговор  жил бүр өгч байна” хэмээн хариулав. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ө.Шижир нар хог хаягдлыг хэрхэн шийдэх, уран олборлоход их хэмжээгээр шаардагдах хүхрийн хүчлийг хаанаас импортлох талаар асуусан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана гэв. Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, цацраг идэвхт ашигт малтмал олборлохтой холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийхээр тусгасан байна. Байгаль орчны үнэлгээг хийсэн атлаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаарх үнэлгээг тун тааруу байна хэмээгээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг сайжруулах талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж байгааг тэмдэглээд төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож, цаг нь ирэхээр аливаа төсөл эхэлдэг гэдгийг харуулж байна гэв. Цаашид гэрээг үр ашигтай байгуулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.

Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх  хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.

Түүний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах; Монгол Улсын иргэн  бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулж сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах, уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Үндсэн хуулийг тунхаглалын шинж чанартай биш, залуучууд хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг бага наснаас нь ойлгуулах, бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгаж, эргэх холбоог нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн үзэл санаа боловсролын байгууллагын хөтөлбөрт одоо хэрхэн туссан, түүнийг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах бус үүрэгжүүлэх боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Алтангэрэл нар Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлэх хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа хэлсэн.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Үндсэн хуульт ёсоо эрхэмлэн дээдлэж, иргэд нь хуулиа мэддэг, эрх мэдэлтнүүд түүний үзэл санаанд үнэнч зүтгэдэг байх ёстой. Энэ удаагийн парламент Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” шийдвэрийг гаргаж буй нь Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл баримтлалдаа туйлбартай зогсож чадаж буйн илэрхийлэл хэмээгээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найрууллагыг танилцууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжин, баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.