Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Есөн-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй энэ жилийн ургац хураалтын талаар ярилцлаа.


-Энэ жил улсын хэмжээнд хэдэн га талбайд тариалалт хийсэн бэ. Одоогоор хэдэн тонныг хураагаад байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс улаанбуудай 316.7 мянган га, төмс 18.9 мянган га, хүнсний ногоо 18 мянган га, тосны ургамал 124.9 мянган га, тэжээлийн ургамал 92 мянган га талбайд тариалсан.

Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна. Үүнээс 377.5 мянган тонн улаанбуудай, 160.7 мянган тонн тэжээлийн ургамал, 56.0 мянган тонн тосны ургамал, 239.0 мянган тонн төмс, 221 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан гэсэн урьдчилсан мэдээтэй байгаа.Зарим бүс нутгуудад тэжээлийн таримлын ургац хураалт, тээвэрлэлтийн ажил зохион байгуулагдаж байна.

Тухайлбал, Хэнтий аймагт тэжээлийн таримлын татан авалт хийгдэж байна. Үндсэндээ ургац хураалтын ажил дууссан гэж хэлж болно. Ургац хураалтын нэгдсэн дүн арваннэгдүгээр сарын 15 гэхэд эцэслэж гарна.

-Улаанбуудайг аль аймгуудад голчлон тариалдаг вэ?

-Үр тарианы үйлдвэрлэлийг тариалангийн төвийн бүсэд голчлон эрхэлж байна Тухайлбал Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Увс, Орхон аймгуудад голчлон тариалдаг. Тариалангийн тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн хурлын тогтоолыг үндэслэн Засгийн газрын 131 дүгээр тогтооолоор Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Тариалангийн бүс нутагт найман аймгийн 68 сум хамрагдаж байна.

-Манай улсын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахад дунджаар хэдэн тонн улаанбуудай хэрэгтэй вэ. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа юу. Мөн төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ хангаж чадах уу?

-Гурилын хэрэгцээг бүрэн хангах улаанбуудайг тариалах нөөц боломж бидэнд бий. Дотоодын хэрэгцээгээ хангахад жилдээ 230-240 мянган тонн гурил шаардлагатай болдог. Энэ хэмжээний гурилыг үйлдвэрлэхэд 300-320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Төмс болон төмсний үрийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж байна. Мөн лууван, манжин, хүрэн манжин гэсэн гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ ч хангаж байгаа. Байцаа, сонгино, сармис гэх мэт зарим төрлийн хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бид ойрын хугацаанд голлох арван нэр төрлийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангана гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.

-Энэ жилийн ургац хураалтад ямар ямар саад тулгарч байв?

-Ургац хураалтын ажил богино хугацаанд явагддаг учраас хүн хүч ихээхэн шаарддаг. Тэгэхээр хүн хүчний асуудал чухал болоод байна. Мөн тээвэр, зохион байгуулалт, цахилгаан эрчим хүч тасалдах гээд асуудлууд тулгарсан. Байгаль цаг уурын эрсдлээс гадна тариалангийн талбайд мал орж ургац сүйтгэх гэсэн асуудлууд байсаар байна. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий улсын ургацын комисс ажилласан бөгөөд аймаг, орон нутагт зохион байгуулалттай холбоотой ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах, тариалангийн талбайн хөрс хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлага байна.

-Цэргийн алба хаагч, оюутнуудыг ургац хураалтын ажилд хэр дайчилж ажилласан бэ?

Жил бүр цэргийн алба хаагчид болон оюутнууд ургац хураалтын ажилд нэмэлт хүч болон ажилладаг. Тариалан бүхий ААН-үүд Их, дээд сургуулиудтай гэрээ байгуулж, оюутнуудад хөдөлмөрийн хөлс өгөөд ажилладаг. Жилд дунджаар 1400 цэргийн алба хаагч, оюутан ургац хураалтад дайчлагддаг.

-Тариаланчид нэг тонн улаанбуудайг дунджаар хэдэн төгрөгөөр борлуулж байгаа талаар мэдээлэл бий юу?

-Худалдаж авах үнэ нь янз бүр байдаг. Хөдөө аж ахуйн корпораци стратегийн нөөцөнд улаанбуудай худалдаж авдаг. Одоогоор 40 орчим мянган тонныг худалдаж аваад байна. Нэг тонн улаанбуудайг тариа-ланчдаас ангиллаас нь хамаарч 900.000-1.150.000 төгрөгөөр худалдаж авдаг. Тариаланчид гурил үйлдвэрлэгчид харилцан үнээ тохиролцож худалдан авалтыг хийдэг. Цаашид биржээр улаанбуудай, улаанбуудайн үр тариалах ажлыг зохион байгуулна. Энэ намар улаанбуудайн биржийн арилжааг туршилтаар зохион байгуулсан.

-Хүнсний зориулалтаар нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд улсаас мөнгөн урамшууллыг тариаланчдад олгодог. Энэ жилийн урамшууллын хэмжээ хэдэн төгрөг байхаар тогтсон бэ?

-Өнгөрсөн жилүүдэд тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан. Энэ жилийн тухайд мөн 80 мянган төгрөгийн урамшууллыг он гараад олгож эхэлнэ. Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн систем /www.plant.mofa.gov.mn/, урамшууллын нэгдсэн систем гээд цахим систем бий. Энэ системээр дамжуулан тариаланчид урамшуулал авах хүсэлтээ гаргаж байгаа бөгөөд урамшууллыг цахим системээр олгодог.

-Ямар стандарт шаардлагыг хангасан улаанбуудайг хүнс үйлдвэрлэлд хэрэглэдэг вэ?

-Хүнсний буудайд тавигдах техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010 гэж Монгол Улсын стандарт бий. Улаанбуудай нь тэр заасан шаардлагуудыг хангасан байх ёстой.

-Тариалан эрхлэгчдийг дэмжиж хэр хэмжээний зээл, тусламж өгч байна вэ?

-“Хөдөө аж ахуйн Корпораци” ТӨХХК нь тариалан эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажил хийгдсэн. Нэгдүгээрт, “Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилтийн хүрээнд арилжааны 10 банкнаас жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 400 иргэн, аж ахуйн нэгжид 20.5 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэгч 489 иргэн, аж ахуйн нэгжид 91.3 тэрбум, нийтдээ 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хоёрдугаарт, “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтыг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх” арга хэмжээнд 3.9 тэрбум төгрөг төлөвлөгдөж нийтдээ 137 иргэн, аж ахуйн нэгжид төмс, хүнсний ногооны тариалалт, хураалтын 100 ширхэг техник хөнгөлөлтөд хамруулсан. Үүний үр дүнд төмс, хүнсний ногооны 1200 га талбайн ажлыг механикжуулах боломжоор хангасан. Гуравдугаарт, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэж, 2023-2024 онд зоорь агуулах барих чиглэлээр нийт 69 иргэн, аж ахуйн нэгжид 63.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зоорийн багтаамжийг 20 мянган тонноор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрөвдүгээрт, хаврын тариалалтад зориулан “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хүсэлт гаргасан 359 аж ахуйн нэгж, иргэнд 11.6 мянган тонн улаанбуудайн үр, 50.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 10-30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгосон.

Ө.Анхзаяа

 

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

КИВИ хамтлаг: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа сонсогчидтойгоо хамтдаа дуулна DNN.mn

“Киви” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд “Аса арена”-д хийх гэж байгаа юм. Одоогоос 20 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус хамтлагийн гишүүдтэй ярилцсанаа хүргэе.


-Хамтлагаа яагаад “Киви” гэж нэрлэх болсон талаар ярихгүй юу?

Д.Уламбаяр: -Киви бол жимсний хаан. Мөн охидын хамтлаг жимсний нэртэй байвал маш онцгой юм байна гээд, хамтлагийн маань продюсер Б.Ангирмаа багш, Б.Наранзун ах, Б.Дашдондог багш, Б.Долгион ах дөрөв ярилцаад, энэ нэрийг бидэнд шууд санал болгосон. Цаг хугацаа өнгөрөх тусам хамтлагийн маань нэр үнэ цэнэтэй болсон. Киви жимс дөрвөн өөр өнгөтэй, амттай, идэхэд хүртэл хялбар биш байдаг шиг манай хамтлагийг зарим хүмүүс домог гэж ярьдаг. Ийм үг сонсохоор маш гоё мэдрэмж төрдөг. 20 жилийн турш тууштай хөдөлмөрлөж байгаагаараа бахархаж байна.

-Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд хэн хэн багтаж байсан бэ?

Д.Уламбаяр: -“Киви” хамтлаг анх Э.Энхзол, Ц.Намуун, Д.Уламбаяр гэсэн гурван гишүүнтэй байсан. Дараа нь Б.Халиун, Ц.Намуун, Д.Уламбаяр гурав болсон. Гурав дахь удаагаа Б.Солонгоо, Ц.Намуун, Д.Уламбаяр, сүүлд нь Ц.Намуун, Т.Алтанцэцэг, Д.Уламбаяр болсон. Харин одоо “Киви” хамтлаг анхны бүрэлдэхүүнээрээ дуулж байна.

-Танай хамтлагийн продюсероор хэн ажиллаж байгаа вэ?

Д.Уламбаяр: -Ангирмаа багш маань продюсероор ажиллаж байна.

-Та бүхэн урлагийн ертөнцтэй амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?

Ц.Намуун: -Би цэцэрлэгт байхдаа “Хүүхдийн ордон”-ы бүжгийн дугуйланд явдаг байлаа. Мөн “Бяцхан эстрадын дуучин” дууны тэмцээнд оролцож, хүрэл медаль авч байсан. Өвөө минь урлагийн хүн учраас намайг багаас урлагт “автомат”-аар хөл тавиулсан. Өвөө маань надад авьяас байна гэж мэдэрсэн болохоор ингэсэн байх л даа. Зургаан настайд Хөгжим бүжгийн сургуульд төгөлдөр хуурчийн ангид бүртгүүлж, долоон настайдаа энэ сургуульд орж байлаа. Хөгжим бүжгийн сургууль төгсөөд, Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурч, багш мэргэжлээр элсэн орж, төгссөн. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Киви” хамтлагт орж байсан. Хичээл, ажилдаа явдаг, биеэ даасан, гэрээсээ хараат бус оюутан байлаа.

Б.Халиун: -Би Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийг төгссөн. Багын л урлагт дуртай хүүхэд байсан. Долдугаар ангид байхдаа урлагийн үзлэгт ангиа төлөөлж дуулдаг байлаа. Мөн ардаа гурван охин бүжиглүүлээд, урд нь өөрөө дуулдаг хамтлагтай ч болсон. Ингээд ирэхээр сургуулийн хүүхдүүд таниад эхэлсэн. Хичээлдээ явж байхад хүүхдүүд намайг таниад “Дуулдаг эгч” гэж дуудахаар надад үнэхээр гоё санагддаг байсан. Тэр жил би сургуулиудын хоорондох спортын тэмцээнд дуулж, тэр тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулан хүргэж байсныг тод санадаг. Тэр өдөр заалны голын тайзан дээр гараад, Бритни Спирсийн дууг дуулсан. Тухайн үед Бритни Спирс гэдэг дуучин гарч ирээд, бүх дуунд нь дуртай болоод, дууных нь нугалааг дагаж дуулах гэж хичээсээр байгаад үнэхээр их “уусчихсан”. Энэ үеэс хойш урлагт үнэхээр их татагдаж, хайртай болсон. Ингэж явсаар “Киви” хамтлагтай учрах тавилан надад тохиосон юм. Хүний амьдрал их сонин шүү дээ. Болох зүйл нь аяндаа болчихдог, болохгүй зүйл нь яаж ч хичээгээд болдоггүй. Урлагт хөл тавих гэсэн янз бүрийн оролдлогууд маань бүтэлгүйтсэн тохиолдол зөндөө байдаг. Би энэ хамтлагаасаа л эхлэх байсан юм болов уу даа гэж боддог. “Киви” хамтлагт орсон түүх минь маш урт шүү.

Д.Уламбаяр: -Дуу хөгжим намайг үнэхээр их хөгжөөдөг, сонирхлыг минь татдаг болохоор би дэлгэцийн бүхий л урлагт маш их дуртай, шимтэж үзэж, сонсдог. Онцгой гэж бодсон дуучдаасаа үлгэр дуурайл авч, ингэж ажиллаж, амьдарч болох юм байна, энэ чиглэлээр явбал би жаргалтай байх юм байна гэж бодсоны үндсэн дээр урлагийн ертөнцийг сонгосон. “Киви” хамтлагтай амьдралаа холбоод 20 жилийг ардаа үдсэн байна. Сэтгэл маш сайхан байна.

-Тоглолтынхоо онцлогийн талаар юу хэлэх вэ?

Ц.Намуун: -Маш олон жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа “Киви” хамтлагийн томоохон тоглолт. “Киви” хамтлагийн сонсогчдын чихэнд хоногшсон бүхий л хит дуугаа дуулна. Мэдээж бид үзэгчидтэйгээ маш сайхан оройг хамт өнгөрүүлэхийг зорьж байна. Манай хамтлагийн тоглолт дандаа гоё болдог. Энэ удаагийн тоглолт маань ч гоё болно гэдэгт итгэл төгс байна. Тоглолт хийнэ гэж бид гэнэт ярилцаад шийдсэн юм биш, маш удаан бодож, ярилцаж, төлөвлөсөн. Тийм ч учраас бэлтгэл хангалттай хийгдэж байгаа гэж бодож байна. “Киви” хамтлаг үүсэн байгуулагдсан цагаасаа хойш томоохон хэмжээний гурав, жижиг хэмжээний гурван тоглолт, сүүлд “Зайсан Хилл” цогцолборт жил дараалж “Киви” хамтлагийн “Night” концертууд хийсэн.

Б.Халиун: -Манай хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Төдийгөөс өдийг хүртэл хийсэн маш олон уран бүтээл бидэнд бий. Олон жилийн хөдөлмөрөө энэ тоглолтоороо үзэгч олондоо хүргэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Циркийн шинэчилсэн хувилбар болох “Аса арена”-гийн анхны тоглолтыг манай хамтлаг хийх болсон нь сайхан санагдаж байна. Тоглолт маань үзэгчдийг залхааж, тийм ч их сунжрахгүй. Зочин уран бүтээлч бараг байхгүй. Манай хамтлаг маш олон дуутай учраас дуунуудаа сонсогчидтойгоо хамтдаа дуулна.

Д.Уламбаяр: -“Киви” хамтлагийн маань анхны гишүүн Б.Халиун оролцож байгаа нь тоглолтыг маань онцгой болгож байна. Мөн дуунуудын маань хөгжмийн найруулга шинэчлэгдсэн нь бидэнд маш таатай байгаа учраас дуугаа жаргаж дуулж байна.

-Тоглолтын бэлтгэлээ хийх явцад 20 жилийн өмнөх дурсамжууд маань сэдэрсэн гэж ярьсан шүү дээ. Танд ямар мэдрэмж төрж байна вэ?

Ц.Намуун: Бидний дунд маш их дурсамж үлдсэн. Бид шөнө тусдаа унтдагаас бусдаар өглөөнөөс орой хүртэл дандаа хамт байдаг байсан. Амьдралын минь салшгүй хэсэг учраас “Киви” хамтлагтаа маш их хайртай. Дуу хуур биднийг байнга холбож байдаг учраас бид уран бүтээлээ яавч орхиж чадахгүй, үргэлжлүүлж хийсээр байх болно.

Д.Уламбаяр: -Хамтлагийн охид маань багаасаа найзалж, нөхөрлөсөн. 20 жилийн хугацаанд бүгд гэр бүлтэй болж, амьдралд хандах хандлага, харах өнцөг нь ч өөр болсон. Өмнө нь дуулж байсан дуунуудаа дуулахаар инээд хөгжөөнтэй, мөн мартахыг хүсдэг дурсамжууд эргэн санагддаг юм билээ. Дуу хөгжим хүний амьдралд гоё гэгээлэг, тод мартагдахгүй дурсамж үлдээдэг юм байна. Миний хувьд дуулах урлагт өөрийгөө сорьж яваа нь хэчнээн сайхан болохыг, яруу тансаг монгол хэлээрээ дуулах нь ямар гоё болохыг үргэлж мэдэрдэг. Энэ дууны утга, агуулга ямар гоё илэрхийлэгддэг талаар, дууныхаа үгийг яаж зохиох вэ гэж ярилцаж байсан, тэр гоё хөгжмүүдийг сонсоод, авсан мэдрэмжийнхээ тухай эргэн дурсаж, дандаа ийм сайхан дурсамж дунд амьдарч байгаа минь хэчнээн азтай хэрэг вэ гэж бодож суулаа.

-Та сонсогч фэнүүддээ болон хамтлагийнхаа гишүүдэд юу гэж хэлмээр байна вэ?

Ц.Намуун: Хамтлагийн бүрэлдэхүүнээрээ нэг тайзан дээрээс сонсогчидтойгоо уулзалгүй нэлээн удсан байна. Дурсамж хөглөсөн дуунуудаа хамтдаа дуулцгаая. Та бүхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Манай хамтлагийг зургаан настай балчир хүүхдээс зуун настай буурал хүртэл сонсдог учраас та бүгдийг нь урьж байна. Хамтлагийн охид маань бүх зүйлийг амжуулах гэж хичээж байгаа. 20 жилийн хугацаанд бид ээж болсон, эхнэр болсон. Охидоороо маш их бахархдаг шүү гэж хэлмээр байна.

Б.Халиун: -20 жилийн хугацаанд бид яг л эгч дүүс шиг дотно болжээ. Ямар ч цаг үед бие биеэ хайрлаж, дэмжиж, хамтдаа байж, сэтгэл зүрхээрээ нэгдэж, нэг хүн шиг байдагт баярлалаа. Хамтлаг гэдэг бол хамтдаа лаг гэсэн үг. Бид нэг зорилготой. Тэрхүү зорилгынхоо төлөө бид тоглолтоо хийх гэж байгаа. Хоёр найздаа үнэхээр их хайртай шүү. Мөн Б.Ангирмаа багш маань биднийг өдий хүртэл боловсруулж, хамтлагийг маань хэзээ ч уруудуулаагүй, дандаа оргил руу тэмүүлж, тэр олон уран бүтээлийг гаргахад хурцалж, ээж шиг минь бидэнд хандсаар ирсэн. Багшдаа цаг үргэлж баярлаж явдаг, тандаа маш их хайртай шүү. Бүгдэд нь амжилт хүсье гэж хэлмээр байна.

Д.Уламбаяр: -Бидэнд итгэл хүлээлгэн олон жил бидэнтэй хамт байж, биднээс хийх гэж буй зүйлийг маань шаардаж, амжилт хүсч байгаа “Киви” хамтлагийн үзэгч, сонсогчдодоо маш их баярлалаа. Мөн хамтлагийн гишүүдийнхээ гэр бүлүүдэд хандаж хэлэхэд, бидний ард үргэлж дэмжиж, хурцалж, хайрлаж байдагт баярлалаа. Хүүхдүүдэд нь хайртай шүү гэж хэлмээр байна.

Ө.АНХзАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -9…-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан морь өдөр DNN.mn

2024.11.02 / Бямба гариг

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН
НЭГ ЦАГААН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 07.39-17.33
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 11 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 1, Хонгорцог одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:39-17:33. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Дашням өдөр.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 144.871 иргэнийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагджээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 130 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4.7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Тэрбээр “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын замын өвчлөлтэй 800 гаруй хүүхдийг хүлээж авах зориулалттай ор дэлгэсэн. Үүнийг нэмэгдүүлж, 1300 гаруй ор дэлгэж бэлтгэсэн. Цэцэрлэг, сургуулийн нөхцөлд эрүүл ахуйн байцаагч нар бусад агентлагийн энэ чиглэлийн албан хаагчтай хамтран эрүүл ахуйн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой зөвлөмжүүд хүргэсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн өвчлөлөөс сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг авдаг. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан томуу, томуу төст өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд зохион байгуулна” хэмээлээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг  зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмээлт захад хонь 120.000-200.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Эмээлт захын амьд малын үнэ ханшийн /2024.11.01/ мэдээллийг хүргэж байна.

Ямаа- 80.000-150.000 төгрөг

Хонь- 120.000-200.000 төгрөг

Үхэр- 1.500.000-2.000.000 төгрөг

Адуу- 1.000.000-1.300.000 төгрөг

Тэмээ-1.200.000-1.800.000 төгрөг

Сарлаг- 1.000.000-1.500.000 төгрөг байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Байнгын хороонд чиглэл өгч буцааж болох зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын дарга 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойших хуралдааны үеэр Хууль зүйн болон Төсвийн байнгын хороонд чиглэл өгсөн юм.

Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.11.01) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл дэх “Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 113.1 км, гүүрэн байгууламж, 885.6 у/м /Төвийн бүс/ гэсэн арга хэмжээний төсвөөс санхүүжих дүнг бууруулж, уг эх үүсвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад хамаарах шүүхийн байрууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тоног төхөөрөмжтэй холбоотой болон Улсын Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх саналтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар болов. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Б.Жавхлан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэйг гишүүд тэмдэглээд, шүүхийн салбарын бүтээн байгуулалтуудыг он дамнуулахгүй, төсөвт ондоо ашиглалтад оруулахаар хуваарилж, шүүхээр үйчлүүлж буй иргэдийн эрхийг хангах, хамгаалах шийдвэр гаргахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Ингээд санал хураалт явуулахад дээрх томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжсэн юм. Байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Мөн энэ өдөр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан 14 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул Төсвийн  байнгын хороонд буцаасан билээ.

Энэ хүрээнд Байнгын хороо хуралдаж, Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал санал хэлсэн. Тэрбээр, “Хууль зүйн байнгын хорооны зардал нэмэгдүүлэх саналыг дэмжиж байна. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг “Дархан-Алтанбулаг” чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл гэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг бууруулахыг дэмжихгүй байна” гээд зардал бууруулах эх үүсвэрийг нь өөрчлөх боломжтой эсэх талаар санал хэлсэн.

Ингээд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан “Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 113.1 км, гүүрэн байгууламж, 885.6 у/м /Төвийн бүс/” гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулж, уг эх үүсвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад хамаарах шүүхийн байр, тоног төхөөрөмж болон Улсын Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх саналтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn

“Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тодруулбал,

• Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:   – 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь   – 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

• Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.

Харин эл хөнгөлөлтөд хамрагдахдаа,

• Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх

• Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх

• Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөлийг хангасан байх бөгөөд хөнгөлөлт 11 дүгээр сарын дараа оны 4 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Хятадыг танин мэдэх нь” Өмнөд Монголын соёлын өдрүүд болно DNN.mn

2024 онд Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Хятад орныг танин мэдэх нь Өмнөд Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо 2024 оны 11 дүгээр сарын 3 өдрөөс 7 өдрийн хооронд болно.

Уг үйл ажиллагаа нь Монгол-БНХАУ-ын хооронд байгуулсан бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Хятадыг танин мэдэх нь” Өмнөд Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Шаолины үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно. Мөн Монгол анагаах ухааны өвөр Монгол эмч нарын үзлэг, эмчилгээ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулагдана. Тэнгис кино театрт хятадын кино өдрүүд болж, үзэгчдэд онц сонирхолтой киног үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн хятадын ном уншлагийн танхим Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулна. Өсөхийн урт аянд цуврал номыг холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө. Мөн телевизийн олон ангит киног монголын зарим телевизэд хүлээлгэн өгнө. Хятадын танин мэдэх нь Өмнөд Монголын соёлын өдрүүдийн нээлт 2024 оны 11 сарын 4 өдрийн 19:00 цагт соёлын төв өргөөнд болох бөгөөд уг нээлт дээр шаолины үзүүлэх тоглолт болно.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ DNN.mn

Хот байгуулалт, хотын стандартын газраас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор “Хоосон таваг” аяныг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийн хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байсан. Харин энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Хүнсний органик хаягдал нь хурдан хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болороос онцолж байв.