Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох замын хучилт болон гүүрэн байгууламжийн ажил үргэлжилж байна DNN.mn

Өнгөрсөн оны наймдугаар сарын мэдээллээс харахад Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байсан байна. Түүнчлэн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан өмнө нь ярихдаа “Гэмтлийн эмнэлгээс “Содон” хороолол, “Толгойт” хүрэх авто зам зургаан эгнээтэй, хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Энэ зам ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон” гэж байв.

Уржигдар “20 минутын хот” арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Ард Аюушийн гудамжийг Содонгийн уулзвартай холбох авто замын ажил нэг, хоёр айлаас болоод гацсан. Бид зохиогч автортой нь яриад айлын үл хөдлөхтэй давхцаад байгаа хэсэг дээр замын трассыг есөн метрээр шилжүүлье гэж ярьсан боловч тохиролцоонд хүрээгүй. Өнөөдөр хамгийн сүүлийн замын трасст өртсөн айл дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Тэр дөрвөн тэрбум төгрөгийг нь Төсвийн тодотголын дараа өгье гэдэг байдлаар ярьж байгаа. Нийтдээ 260 нэгж талбар өртсөн. Ихэвчлэн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг өртөг үнэтэй ийм зүйлүүд байгаа.

Энэ айлтай зөвшилцөл дууссан учраас маргаашнаас эхлээд гэрээгээ хийгээд, айлаа нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэнэ. Ингэх юм бол бид есдүгээр сардаа багтаж, Ард Аюушийн гудамжийг хучиж дуусгаад зорчих хөдөлгөөнөө нээнэ. Явган зам болон бусад ажлуудыг араас нь үргэлжлүүлж хийх төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, авто замын засварын ажлыг сурвалжиллаа.

2022 оны зургадугаар сараас замын бүтээн байгуулалтын хүрээнд х ийгдэж буй газар чөлөөлөлтийн ажил нь явагдаж, өнгөрсөн оны долдугаар сард эхэлсэн гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын засварын ажил үргэлжилж байна.

Хархорингийн 32-ын автобусны буудлаас хойш эргэсэн замаар хэсэг яваад, гүүрээр гараад дээш өгссөн замаар алхсаар дөрвөн замын уулзвар дээрх зам засварын ажил хийгдэж буйтай таарлаа. Одоогоор замын хучилтын ажлууд хийгдэж эхлээгүй, хучилтын өмнөх дөрөв, таван дамжлагат бэлтгэл ажил үргэлжилж байсан юм. Энэ уулзвараас баруун тийш “Содон” хороололтой, зүүн тийш Гэмтлийн эмнэлгийн замтай холбогдох аж. Уулзварын хоёр талд хоёр гүүрэн байгууламж буюу хоёр нүхэн гарц баригдсан байв. Нийт зам талбайн ажилд өчигдрийн байдлаар 30 гаруй хүн ажиллаж байгаа гэв.“Монгол зам групп”ХХК-ийн талбайн инженер залуу “Тодорхой мэдээллийг захиалагч тал болох Нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулах шаардлагатай” гэсэн юм. Зам засвар хийж буй болон ойролцоох оршин суугчдаас газраа чөлөөлж амжаагүй айл байгаа эсэхийг тодруулахад “Энэ хавиар газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдсэн. Гэмтлийн тэр хавьд байх магадлалтай” гэснээр тийш зүглэлээ.

Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын баруун талд гүүрний ажил мөн хийгдэж байлаа. Баригдаж буй гүүрний зүүн талд байрлах үйлчилгээний төвүүдээр оров.

Шал.мн-ын захирал, иргэн Х.Жаргал:

Би дөрвөн тэрбумыг хоёр жилийн өмнө бага байна гээд зөвшөөрөөгүй. Эхлээд манайхыг нэр мөр нураана гээд би газраа бэлдэхээр байр хайж байсан. Таг болсон. Дөрвөн давхар том байгууламж. Бүгдийг нь карказ цутгаад хийсэн. Юу ч асуухгүйгээр гүүрээ бариад байгааг гайхаж байна. Энэ том бизнесийг явуулахад надад орц, гарц гаргаж өгөх ёстой. Яг нарийн зүйл яриагүй. Иргэн Х.Жаргалын ганц барилга үлдчихээд байна. Бусадтай нь тохиролцсон. Тухайн үедээ манайхыг том болохоор нь хөндөхгүйхэн шиг өнгөөрөөе гэсэн. Тэгээд зургаа өөрчлөхөөр болсон юм. Зургаа яаж өөрчилсөн талаарх хариу ирээгүй. Аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгнө гэсэн ч бид хөдөлгөөн ч хийж чадахгүй л байна. Манайх 2015 онд нээлтээ хийж байсан.Тусгай обьекттой байж гэмээнэ байгууллагын нэр хүндийн баталгаа бэхэждэг. Улсыг бодъё гэхэд иргэн хүн дахиад юм барих хэмжээний юмгүй байж болохгүй. Энд олон хүний амьдрал, эрх ашиг явж байгаа. Уржигдар намайг Газар чөлөөлөлтийн албанаас ирж уулзах хүсэлт тавьсан. Би хөдөө явж байсан тул очиж чадаагүй. Одоо үнэлгээ яаж хийгдсэнийг мэдэхгүй байна. Эхний байдлаар хоёр жилийн өмнө дөрвөн тэрбумын үнэлгээ хийгдэж байсан. Энэ нь манай нэг давхрын үнэ шүү дээ. Та нар бодитоор ирээд үз гэж хэлсэн. Хөндөхгүй байхыг хичээсэн ч манай урд талаас 200 мкв-ыг өгөхийг хүсвэл би зогсоолоо яахав. Зогсоолгүй хийх байсан бол илүү том юм барих байлаа. Барилгатайгаа үнэлэхгүй бол газраасаа өгч чадахгүй гээд байгаа юм. Орц, гарцаа шийдэж өгөхгүй бол би энд том байгууламжтай байгаад ямар ч нэмэргүй. Улс гэдэг иргэнээс бүрддэг. Иргэн нь би болон манай ажилчид. Дээрээс нь бид өндөр татвар төлдөг, банкны өр зээл ихтэй. Би бизнэсээ үнэлүүлье гэж хэлсэн. Яармагт очоод уулзаарай л гэж хэлсэн” гэсэн юм.

“Pruis” сервисийн захирал Д.Чинсанаа:

“Уржигдар зөвшилцөлд хүрч гэрээгээ хийсэн. Яг энэ хэсэг буюу газрынхаа талыг чөлөөлж өгч буй гэсэн үг. Яагаад өдий хүрэв гэхээр орц, гарцны асуудал шийдэгдэхгүй байсан. Надад газраа чөлөөлж өгөхгүй гэж гүрийгээд байсан юм байхгүй. Үлдэж байгаа газрынхаа орц, гарцны асуудлыг шийдэж өгөхийг л хүссэн” гэв.

Ажил хийгдсэнээр “Толгойтын зам” буюу “Содон” хорооллын хойгуур гардаг замаар зорчигчид урагшаа эргэж, I хорооллын арын замд нийлэх шаардлагагүй, шууд зүүн чиглэлтэй зорчин гэмтлийн эмнэлэг орчмоор Ард Аюушийн өргөн чөлөөтэй нэгдэх боломжтой аж. Зам засварын ажил ирэх арваннэгдүгээр сард дуусч магадгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч П.Эрхэмбаяр: Хуулийнхан Н.Өнөрцэцэгийг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг уландаа гишгэсэн DNN.mn

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч, хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард ял оноосон. Шүүхээс түүнийг таван зүйл ан-гиар буруутгасан байсан. Сэтгүүлчийг буруутгасан хэргүүдийн талаар өнөөдөр хүртэл нэгмөр ойлголтгүй яваа иргэд олон бий. Түүнийг анх цагдан хорихдоо нэг хэрэгт буруутгаж байсан байх аа?

-Энэ тухай яривал нэлээн өргөн сэдэв болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд Н.Өнөрцэцэгийг цагдан хорь гэсэн шүүхийн шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гаргасан. Үүнээс өмнө ШЕЗ-өөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-т зааснаар нэр төр алдар хүндэд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тараасан гэсэн гомдлыг ЦЕГ-т гаргасан байдаг. Энэ нь “Шалгаж өгөөч” гэсэн гомдол л байсан. Уг нь Эрүүгийн хуулийн 13.14 нь хорих хэмжээний хүнд санкцтай гэмт хэргийн зүйлчлэл биш. Гэтэл Прокурорын байгууллагын зүгээс “Цагдан хоримоор байна” гэдэг саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх дээр оруулж ирсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нь “Цагдан хорих баривчлах үндэслэл байхгүй” гээд харин хилийн хориг тавьсан. Тэр саналыг прокуророос зөвшөөрөлгүйгээр хэргийнхээ харьяаллыг өөрчлөөд Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлсэн.

Тэнд аваачингуутаа урд өмнө авагдсан хилийн хориг байсаар байтал таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор баривчлах шийдвэр болгон өөрчилсөн хэрэг.

Таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулж авч болдоггүй.

Ер нь таслан сэргийлэх арга хэмжээ дотроо хувийн баталгаа гаргах, хилийн хориг тавих, зорчих эрхийг хязгаарлах, цагдан хорих арга хэмжээг байдаг. Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-тэй байхад нь буюу олон нийтэд илт худал мэдээлэл тараасан зүйл ангиар шалгагдаад мэдүүлэг өгөх гээд явж байх үед нь цагдан хорих арга хэмжээг авсан. Энэ маш том зөрчил. Хоёрт нь, түүнийг яллагдагчаар татаагүй байсан. Таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад гарын үсэг зурсан байх ёстой байдаг. Н.Өнөрцэцэг гарын үсэг зураагүй байсан. Танилцахгүй гэх юм бол мөрдөгч өөрөө уншиж өгдөг. Та бүхэн санаж байгаа бол Н.Энхбаяр гуай эмнэлэгт байхдаа хоёр чихээ дараад “Сонсохгүй байна, сонсохгүй байна” гэдэг дээ. Тэр хүн хуулийн процессын алдааг харчихсан байсан учраас тэгж орилоод байсан. Харин Н.Өнөрцэцэг дээр энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Яллагдагчаар татсан мэтээр шууд 30 хоногийн баривчлах таслан сэргийлэх арга хэмжээ болгож явсан. Энэ бол маш том зөрчил.

-Энэ талаар гомдол гаргасан уу. Ямар хариу өгч байсан юм бэ?

-“Таслан сэргийлэх арга хэмжээний ийм, ийм зөрчлүүд байна. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий шүүгч ээ, та хараач” гэж өмгөөлөгчийн зүгээс бараг 15, 16 удаагийн хүсэлтийг гаргаж, мөн тооны шүүх хурлуудыг хийсэн. Харамсалтай нь “Өөрчлөх үндэслэл алга” гэсэн шийдвэр захирамжуудыг шууд гаргаж байлаа. Энэ захирамжууд одоо ч нээлттэй. Үүнийг манай иргэд олон нийт, Их сургуулийн судлаачид авч сонирхох хэрэгтэй. Энд улсын болон хувийн нууцтай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэнд ямар хуулийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн, хэн нь зөв, хэн нь буруу яриад байгаа нь цагаан дээр хараар бичээтэй бий. Энэ бүхнийг нэг өдөр түүх гэрчилж, үнэлэлт дүгнэлт хийсэн, маш том жишиг ойлголтууд гарч ирнэ. Үүнийг би хариуцлагатайгаар мэдэгдье.

-Хүний нэрт төрд халдсаны төлөө цагдан хорьсон үйлдэл тухайн үед ямар нөхцөл байдлыг харуулж байв?

-Үүн дээр улс төрийн нөхцөл байдал, эсвэл хэн нэгэн хүний Н.Өнөрцэцэгийг 461-т суулгах гэсэн маш том ашиг сонирхол, өс хонзонгийн сэдэлтэй. Түүнийгээ хэрэгжүүлэх гэж прокурор, цагдаагийн байгууллагаар, ганц нэг нөлөөлөлд ордог шүүгч нараар дамжуулж хэрэгжүүлэх гэсэн сонирхол байсан байхыг үгүйсгэхгүй. Хууль зүйн салбарт Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний жам ёсны эрх, хувийн халдашгүй эрхэд хуульд заасан үндэслэлээр л халддаг.

-Ямартаа ч 68 хоногийн дараа түүнийг сулласан. Батлан даалтад гараад ирэхээр олон нийт тайвширсан. Гэтэл шүүх хурал болж, анхны буруутгаж байсан зүйлчлэл дээр хэд, хэдэн хэрэг нэмэгдсэн нь анхаарал татаад байгаа юм?

-Түүнийг анх 461-т хориход Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэр төр алдар хүндийг гутааж олон нийтэд худал мэдээлэл тараасан гэдэг ганцхан зүйл ангиар шалгаж байсан. Өөрийг нь ухаж тонгичоод юм олохгүй болохоор ажлын хамт олныг нь, ах дүү нарынх нь дансыг шалгаж эхэлсэн. Н.Өнөрцэцэг гэдэг хүнээс өөрөөс нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирэхгүй байна гэж үзээд бусад газар, орон байр бүх зүйлд нь нэгжлэг хийгээд юу ч гарч ирэхгүй байсан.

-Гэхдээ үүнийг мөрдөгч, прокурор бол нотлох баримт цуглуулах хүрээнд хийсэн ажил гэж тайлбарлана шүү дээ. Харин та “Өөрийг нь ухаж тонгичоод юм олохгүй болохоор…” гэж ярьж байна?

-Эрүүгийн хуулийн 13.14-тэй холбоотой нэр төр алдар хүндэд халдсантай холбоотой Zarig.mn сайтад үзлэг хийх, түүнтэй холбоотой мэдээллүүдийг ухах ажиллагааг хийж болно. Гэтэл мөрдөгчид бүр халиад ямар ч хамаагүй хүний хувийн мэдээлэл рүү, бусад хэн нэгэн, хамаатан садан ах дүү нарынх нь дансыг нь онгичож эхэлсэн. Zarig.mn сайтыг нэгжсэн. Уг нь тэр нэгжлэг, мэдүүлгүүд 13.14-ийг нотлох гээд байгаа биз дээ. Гэтэл түүнийгээ нотлох биш өөр зүйл рүү халиад, баахан өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна гэж эхэлсэн. Ингээд нэг хүнийг өдөрт бараг 5-6 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд яллагдагчаар татсан.

-Тэгж болох юм уу?

-Бүр өмнө нь Нийслэлийн проукророос хааж байсан 13.14-тэй холбоотой хэргийг сэргээж ч байсан шүү. Энэ нь тэр хүний өөрийнх нь эрхзүйн байдлыг маш ихээр дордуулсан үйлдэл. Үндсэн хуулийн 16.14-д заасан хүний эрх, эрх чөлөөний талаар яриад ч хэрэггүй. Түүн дээр үндэслэж гарч ирсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг яриад ч хэрэггүй. Олон улсын гэрээ конвенцид заасан Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргүүдийг санаад ч хэрэггүй. Ийм л процесс 2023 оны арванхоёрдугаар сар гэхэд өрнөсөн. Тэгээд л шуугиад дууссан.

Тэнд Н.Өнөрцэцэг байна уу, өндөр албан тушаалтан байна уу, Монгол Улсын иргэн байна уу ерөөсөө хэн байхаас үл хамаараад хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, түүнийг дагаж баталгаажуулж хамгаалж байдаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын ажиллагаанууд хуульд заасан үндэслэл журмын дагуу л явж байх ёстой.

Гэтэл удалгүй тагнуулаас ирээд “Танд ийм яллагдагчаар татсан тогтоол танилцуулна, энэ ажиллагааны хүрээнд таниас мэдүүлэг авах шаардлагатай байна” гээд үргэлжилсэн.

-Энд эргэлзээтэй нэг зүйл нь мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдгээр мэдээлэл хаалттай болчихсон. Бүр шүүх хурал ч хаалттай боллоо. Эцэст нь ямар хэрэг ил болдог, аль нь хаалттай болдгийг ойлгохгүй болоход хүрч байна. Хууль зүйн талаас үүнийг тайлбарлаж болох уу?

-Ер нь 2018 онд болж байсан томоохон шүүх хурлууд ч тэр, бусад хэргүүдийг харж байхад төрийн нууц, эсвэл хувь хүний нууц гэж байгаад олон нийтээс салгаад нууцлаад гадагшаа мэдээлэл дамжуулахгүй болгоод ирдэг жишиг тогтчихоод байна. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэрэг болгоод хуулиндаа оруулчихсан. Өмгөөлөгч юм уу хэн нэгэн мэдээлэл гаргахаар үүнийг зөрчлөө гэж айлгах гэж оролддог сүрдүүлдэг буруу тогтолцоотой боллоо.

Үүнийг олон улсад төрийн данс ч тэр, шүүхийн процессын үйл ажиллагаа ч гэсэн нээлттэй байх ёстой гэж үздэг. Хэнийг яаж ямар хэргээр буруутгаж байгааг шүүх хурлын танхимд ирээд үзэх нь нээлттэй. Үнэхээр үнэн шүүж байна уу, өмгөөлөгч нь зөв ярьж байна уу, попорч байна уу гэдгийг иргэд олон нийт нь ил тод нээлттэй хардаг. Харин мөрдөн шалгах ажиллагааны үндсэн концепци нь хэн нэгэн хүн амины хэрэгтэй хүнийг гэрч харж байсан тохиолдолд хэрэгтэн гэрчийг айлган сүрдүүлэх, амь насанд нь хүрэх үйлдэл гаргахгүйн тулд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хамгаалах ёстой болдог. Хэрэг боож дуусаад шүүхийн хаалгаар орлоо л бол бүх хэргийн материал ил болдог. Харин бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд шүүх хаалгаа хааж байгаад шийдэж болно.

Ийм зохицуулалтыг манайд хийхгүй бол Монгол Улс хүнийг хэлмэгдүүлж, хуулиа буруугаар ашиглаад байна.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдгээр далайлгаж, айлгаж, юм яриулахгүй байж байгаад хэргийг хаалттай өрөөнд шийдсэн болоод, олон нийтэд “Өө, энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан шүү, ял авсан шүү” гээд хаачихаж байна. Гэтэл шүүх өөрөө ил тод нээлттэй байх ёстой.

Н.Өнөрцэцэгийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс дээр энэ олон зүйл ангиудыг салгах эрхийг нь хангаагүй. Өмгөөлөгчид маш олон хүсэлт гаргасан ч бүгдийг нь хэрэгсэхгүй болгосоор байгаад шийдлээ. Уг нь олон нийтэд худал мэдээлэл тараасан, татвартай холбоотой, төрийн нууцтай, хувь хүний нууцтай холбоотой гэх хэргүүдийг зааглаад олон нийтэд нээлттэй байдлаар шүүх боломжтой байсан.

-Төрийн нууцыг задруулсан гэх хэрэг байгаа. Төрийн нууц задруулсан албан тушаалтан нь хариуцлага хүлээгээгүй мөртлөө сэтгүүлч ял авчихлаа. Өнөөдөр хүртэл эргэлзээтэй сэдэв хэвээр байх юм?

-Миний хувьд төрийн нууцтай холбоотой хавтаст хэрэгтэй танилцаагүй, нууцын баталгаан дээр гарын үсэг зураагүй. Харж байхад, мөрдөгчийн олж авсан баримтын талаар хэн гэдэг хүн нууцыг задруулсан талаар Заригийн сэтгүүлч ярьсан байсан. Төрийн нууцтай холбоотой мэдээллийг байшин дотроос нь гаргаж өгөөд байгаа хүмүүс тэнд ажилладаг ажилтан нь. Тэр хүмүүс мэдээлэл хадгалах үүргээ алдсан бол хариуцлага хүлээх ёстой. Гэтэл мэдээлэл задалсан этгээд хариуцлага хүлээгээгүй байж Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задруулснаар хорьж байдаг нь хошин шогийн жүжиг шиг болсон. Холбогдох өндөр албан тушаалтнууд нь тайлбар мэдээлэл хийгээд л байх шиг байна. Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь гудамжинд яваад байхад тагнуул, ЦЕГ-ынхан юу хийгээд байна вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тогтоомж зөрчигдөөд байгаа юм биш үү. Монголын төр өө, хэн нэгнийг хэлмэгдүүлээд байгаа юм биш үү. Бид хууль тогтоомжийнхоо хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй юм уу. Үүн дээр хуульч, өмгөөлөгч хүмүүс хөндлөнгийн дүн шинжилгээ хийхгүй юм уу.

Н.Өнөрцэцэг гэдэг хүнд дуртай, дургүйгээс үл хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчигдөөд байна. Хүний эрх, эрх чөлөө авах юмгүй боллоо.

-Өмгөөлөгчид давж заалдах гомдлоо өгсөн гэсэн. Хурал хэзээ товлогдохоор байна вэ?

-Өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдлоо гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Хэрэг хараахан ирээгүй байна” гэсэн хариу өгсөн байна. Хурал нь товлогдож таарах байх. Мэдээж хэрэг өмгөөлөгчийн зүгээс шүүхдээ итгэнэ.

Энэ дашрамд нэг зүйл сануулахад, “Н.Өнөрцэцэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэл байхгүй байна, хилийн хориг тавих үндэслэлтэй байна” гээд анх хуулийнх нь хүрээнд шийдсэн шүүгч нь АТГ-т шалгуулж байгаа мэдээлэл байсан. Хуулийнхаа хүрээнд ажиллахаар шүүх цагдаагаас дуудаж дарамталдаг байж болохгүй.

Шүүх бие даасан хараат бус байх ёстой. Би шүүхэд итгэдэг. Гэхдээ нөлөөлөлд орсон байж болзошгүй ганц нэг хүнийг цаг хугацаа хүссэн хүсээгүй шүүнэ. Дараа дараагийн залуу хуульч өмгөөлөгчид үүнийг түүх, кейс болгож ярина. Энэ бол хуульчийн ёс зүй, хувь хүний ёс суртахууны асуудал.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2024.09.07 / Бямба гариг

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ГУРВАН ХӨХ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 06.19-19.21
Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 9 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 4, Салхины эх одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:19-19:21. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна. Цагаан шүүдэр буух улирал (12ц 33м) эхлэнэ.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын вальют илэрчээ DNN.mn

Нэр бүхий арилжааны банкны Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй салбарт иргэдээс гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын вальют илэрлээ.

Тодруулбал, Энэ оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас БНХАУ-ын хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ” гэх нийт 2 дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлээд байна.

Иргэн О, Д нар нь тус банкаар үйлчлүүлэх үед дээрх ……. серийн дугаартай 100 юанийн хуурамч мөнгөн тэмдэгт нийт 10 ширхэг илэрсэн үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Categories
мэдээ спорт

Уран зургийн мастер класс сургалт болно DNN.mn

Дүрслэх урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор мэргэжлийн багш нар мастер класс сургалт зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, ОХУ-ын Урлагийн академийн гишүүн Михаил Горшунов болон В.И.Суриковын нэрэмжит уран зургийн академийн багш Лилия Устюгова нар мастер класс сургалт явуулах бөгөөд мастер класс сургалт есдүгээр сарын 5-ны өдөр буюу өнөөдөр Хүүхдийн урлах бүтээх төвд болох юм байна

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай Төрийн банкны төлөөлөлтэй уулзав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч  М.Мандхай өнөөдөр /2024.09.05/ Төрийн банкны Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал, Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал төлөөллийг хүлээн авч  уулзан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий малчин хоршооны гишүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээл болон одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.

Төрийн банк нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчин хоршооны гишүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгосон үзүүлэлтээрээ тэргүүлэн ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар нийт 10686 малчин хоршооны гишүүдэд 371,8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа аж. Үүнийг зээл авсан бүс нутгаар нь ангилан үзвэл 31 хувь нь хангайн бүс, 29 хувь нь баруун бүс, 29 хувь нь төвийн бүсэд тус тус олгогдсон байна.

Төрийн банк зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд зээлдэгч,  иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс өөрсдийн сошиал хаяг дах чат ботоор мэдээллийг ажлын цагт шуурхай хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 75.1 тэрбум төгрөгийн 2089 төслийн зээлийн хүсэлтийг нэмэлтээр хүлээн авч судлан ажиллаж байгаа гэсэн мэдээллийг уулзалтад оролцсон төлөөлөл өгсөн.

Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Төрийн банк болон хөнгөлөлттэй зээлийн хүсэлтээ гаргаж буй малчин хоршооны гишүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндөн, зээлийн шийдвэрлэлтийн шат дамжлагыг шуурхай, нээлттэй байлгах, зээл олголтын нөхцөл, бодит банкны актив, ажлын хэсгийн хувьд анхаарч үзэх шаардлагатай бусад асуудлуудын талаар Төрийн банкны төлөөлөлтэй ярилцсан. Мөн тэрбээр Ажлын хэсгийн зүгээс бодлого, арга зүйн хувьд Төрийн банктай хамтран ажиллах боломжтойг дурдав хэмээн Ажлын хэсгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

13.4 сая хонинд цэцэг өвчний вакцин хийнэ DNN.mn

Нийслэл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв аймгийн бүх сумын өвчлөмтгий хонь, хурга, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Булган, Говь-Алтай, Завхан аймгийн зарим сумын өвчлөмтгий хонь, хургыг хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтад нийт 13,4 сая толгой мал хамруулахаар ажиллаж байна.

May be an image of map and text

2024 он гарснаас хойших яаралтай дархлаажуулалтад хамруулсан 4 сая толгой малын тарилгын үйлчилгээний хөлсийг орон нутагт шилжүүллээ.

Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 99,692 толгой мал хамрагдаж, 52,2%-тай дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Нутгийн буян” группийн нэрэмжит 128 хүчит бөхийн барилдаан болно DNN.mn

Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 08-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү.

https://www.devjee.mn/t/bufVBV8eJ3H4MolYq7Eb

Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж тус бүр 1.000.000 төгрөг гардуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ханш 61.50 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны долоодугаар сард 3380. 86 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 61.50, өмнөх сарынхаас 0.25 төгрөгөөр чангарчээ.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3663.85 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 139.49 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 23.84 төгрөгөөр суларсан байна.