Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Өнөөдөр Э.Даваахүү цэц сорино DNN.mn

Парисын олимпийн буудлагын төрөлд өнөөдөр Э.Даваахүү цэц сорино. Тэрбээр 10 метрийн хийн гар бууны төрөлд VII байр эзэлснээр шигшээд өрсөлдсөн билээ.

Өнөөдөр 15:00 цагаас 25 метрийн дасгалд өрсөлдөх аж.

Энэ төрөлд эхний наймд шалгарсан тамирчин маргааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна.

Хүндэт зочин “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх хаад, монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж  сонирхлоо.

Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг үзлээ.

Энэ үзэсгэлэнг Луврын музей, Францын Үндэсний архив, Севрийн Үндэсний керамикийн музей, Чимэглэлийн урлагийн музей болон Швейцарын Рийтбергийн музейтэй хамтран гаргаж байгаа юм.

Үзэсгэлэнг хоёр орны төрийн тэргүүний тохиролцсоны дагуу ирэх оны 10 дугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд дэлгэнэ.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд мөн “Чойжин ламын хийд музей”-д зочиллоо.

Энэ хийдийг 1908 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт төрсөн дүү, олноо “Чойжин лам” хэмээн алдаршсан Лувсанхайдавтаа зориулан бүтээсэн түүхтэй.

Хийдэд 1936 оныг хүртэл хурал ном хурж байсан бөгөөд 1941 оны 11 сарын 13-ны өдрийн Ардын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүх, соёлын тэргүүн зэргийн дурсгал болгожээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Үйлчлүүлэгч бол хаан гэдэг үгний эзэн DNN.mn

Сэм Уолтон гэдэг хүнийг Америкт мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэрээр “Уолмарт” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч юм. Зүйрлэж хэлбэл Америкийн “Номин” сүлжээ дэлгүүрийн эзэн л гэсэн үг. Тэрээр 1992 онд 74 настайдаа өөд болсон ч өнөөг хүртэл түүний гэр бүл Америкийн хамгийн баян гэр бүлүүдийн нэгээр тооцогдсоор байгаа юм.

2022 оны байдлаар Валтоны гэр бүлийн хөрөнгө 240 тэрбум ам.доллар байжээ. Гэсэн хэдий ч Уолтон дэлгүүрийнхээ логотой хямдхан давуун малгайг өмсдөг өвгөн байж. Нээрээ л дансанд нь хэдэн зуун сая ам.доллар байхад хүмүүст яаж харагдах, бусад хүмүүс юу гэж бодох хэнд хамаатай байх вэ. Тиймээс өөрийнхөө толгой дээрээ гэр бүлийг нь хэдэн үеэр нь хангалуун амьдруулах дэлгүүрийнхээ нэртэй малгайг тохох нь зөв. Амьдралын хувьд ч тэрээр даруухан хэв маягтай хүн байсан гэлцдэг. Хэрвээ би буруу санаагүй бол дэлгүүрийнхээ салбарыг өөр мужид нээх төлөвлөгөөтэй байхдаа өөрийнхөө дотны найз  болох Ол Ройтой танилцаж байжээ. Хэдийнэ олон дэлгүүртэй болсон байхдаа ч зочид буудалд бууж мөнгө үрэлгүйгээр Ол Ройныд хонож, буйдан дээр нь унтаж байсан ч гэлцдэг юм. Зарим нэгэн хүмүүс нарийндаа хатсан нөхөр вэ гэх л байх. Гэхдээ тэр хүнд бусдын юу гэж хэлэх чухал биш хойно.

Харин үйлчлүүлэгч хаан гэдэг үгнийхээ учрыг тэрээр тайлбарлахдаа “Үйлчлүүлэгч бол хаан. Үйлчлүүлэгч компанийн ТУЗ-ийн гишүүдээс авахуулаад кассчин хүртэл бүх хүмүүсийг ажлаас нь халж чадна. Хэрхэн бэ гэвэл зүгээр л мөнгөө өөр газар үрж” гэсэн юм. Нээрээ л үйлчлүүлэгчгүй газар дампуурч тэнд байсан дарга цэрэг бүгд ажилгүй болдог билээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Гочоогийн Чардаг: Яруу найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан хүн дээ, би DNN.mn

Холын Алтай нутагтаа он он жилээр сууж бүтээлээ туурвиж буй МЗЭ-ийн шагналт, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч Гочоогийн Чардагтай ярилцсанаа хүргэе.


-Алтай бол гурван сайн зохиолч, 30 тааруу зохиолчтой гэх хуучны нэг хошин яриа бий. Сүүлд 30 сайн зохиолчтой, 300 тааруу зохиолчтой гэж яригдах болжээ. Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж нар яалт ч үгүй чандмань гурван оргил нь. Араас нь Далхаагийн Норов, Санжийн Пүрэв, Сономын Лочин гээд үргэлжилнэ. Ийм л авьяастны өлгий нутгийн уран зохиолын халуун голомтыг та 30 жил түшиж иржээ?

-Говь-Алтай аймгийн Утга зохиолын нэгдлийн гал голомт 1950-иад оноос үүдэлтэй юм билээ. Эхлээд Залуу зохиолчдын дугуйлан байсан гэдэг. 1948 онд Зохиолчдын анхдугаар их хуралд тухайн үед орос хэлний багшаар ажиллаж байсан Түдэв гуай ирж оролцсон түүхтэй. Ингээд дугуйлан хичээллүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон нь мэдээж. Түдэв гуайн дугуйланд Дэгээхүүгийн Сүрьяа гуай, Чимидийн Алагсай гуай, Мөнгөний Чимид багш гээд хожмын алдар цуутай хүмүүс оржээ. Удирдагчаар нь Баян-Уул сумын Алтангэрэл хэмээх монгол хэлний багш хүн анх ажиллаж байсан, гурван жил орчим ажилласан байдаг. Дараа нь Ч.Онгоодой гуай удирдсан. Онгоодой гуай бол саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан хүн. Түүний дараа Ховдын Цэцэг сумын Бямбажав гэж хүн мөн удирдаж байсан. За тэгээд “Зулай цагаан Алтай”-г бичдэг Зүмпэрэлийн Гүнсэн гуай авсан. Онгоодой гуай, Бямбажав гуай, Гүнсэн гуай гурав “Хүүгийн бодол” жүжиг хамтарч бичээд түүнээ Лодойдамба гуайд үзүүлж, зөвшөөрөл авч тавьж аймгийнхаа тайзнаа тавьж байсан түүх бий. 1992 онд би Гүнсэн гуайгаасаа Алтай зохиолчдынхоо “алтан тамга”-ыг хүлээж аваад 30 жил зүтгэсэн. Энэ их авьяастнуудын халуун голомтыг 30 жил манаж ирлээ. Ёстой хувь заяа юм даа.

-Хөдөөд утга зохиолынхоо галыг манана гэдэг нэрэн дээрээ сайхан ч нидэр дээрээ амаргүй алба. Ёстой л тэрэгний морь шиг зүтгэж таарна. Эхний том ажил юу байсан бол?

-Ерэн хоёр он гэдэг чинь хүнд бэрх цаг үе.

Картын бараатай, лангуун дээр давс, гоймонгоос өөр юмгүй ийм байхад агуу их Лодойдамба гуайнхаа шагналыг олгож байлаа. Лодойдамба шагналын энгэрийн тэмдгийг хийлгэхээр миний бие хотод ирж 14 хонолоо. Тэр үед чинь одоогийнх шиг Зоос гоёл, энэ олон чимэглэлийн дэлгүүр байсан биш. 120-д Равдан гэж дархан дээр очлоо. Гангаар нь суурийг нь хийгээд сингапур алт гэдгээр дугуйг нь хийгээд, толгойг нь мөнгөөр товойлгож гаргаад дээд талд нь гарын үсэгтэй, ард талд нь Ч.Лодойдамбын шагналт хэмээх бичээс бүхий тэмдэг хийлгэхээр боллоо. Нэг нь 120 мянгаар гарна гэдэг юм. Тэр үеийн 120 мянган төгрөг гэдэг бол бас л том мөнгө. Аймгийн дарга Лантуу гуай байсан, сүүлд Улаанбаатар хотыг удирдаж байсан хүн. Ямар сайндаа ардчиллыг Цахилгаанаар цахилгаандаж, Лантуугаар лантуудлаа гэсэн яриа гарч байхав, хоёулаа манай аймгийн хүн. Лантуу даргадаа хэллээ, нэг тэмдэг 120 мянга болж байна гэдгийг. “Ямар золиг вэ. Одоо яалтай билээ. Чи цөөхнийг л хийлгэж үзээрэй дээ” гээд зөвшөөрсөн. Ингээд би эхний 5 тэмдгийг хийлгэж ирээд 01 дугаарыг нь “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” ном бичсэн зохиолч, судлаач, доктор Бажуудайн Ганбатад, 02-ыг нь Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” зууны шилдэг романы гол дүр Итгэлт баяны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Очирбат гуай, 03-ыг нь Их зохиолчийн нөхөр Дэгээхүүгийн Сүрьяа гуайд олгож байлаа. Диплом буюу батламжийг энгэрийн тэмдгийнх нь хамт тус бүр таван мянган төгрөгтэй гардуулж байсан. Дараа жил нь буюу 1993 онд Мишигийн Цэдэндорж гуайнхаа алдарт “Морин хуур” шүлгээр нь нэрийдсэн яруу найргийн наадмыг “Болор цом”-ын хэмжээнд хийнэ гээд Монгол Улсын баатар Жанчивын талбайд хийж миний бие анхны түрүүг нь хүртэж байлаа. Ингэж би найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан ийм л хүн.

-Алтайнхаа өнөө гурван оргилын хоёрынх нь авшиг иржээ. Түдэв гуайтайгаа бол мэдээж уулзаж байсан байх?

-Түдэв гуай чинь уулзахад бэрхтэй хүн. Би их сонин уулзсан юм. Тонхил суманд түүх газарзүй, орос хэлний багш байлаа. Уул нь тэнд орос хэлний Батчулуун гэж мундаг хүн байлаа, одоо Ховдын багшийн сургуулийн багш. Пушкины алтан медальтай энэ мундаг хүн байхад надаар орос хэл заалгаж байсан нь одоо бодоход их том сургууль болж дээ. Тэр үедээ бол Батчулуун багшаас сүрдэж, өөрөөсөө ичиж байсан. Ингэж Тонхил суманд орос хэл заагаад манаргаж байтал Түдэв гуай ирсэн. Намын үүрийн дарга Дамдинсүрэн гэж хүн байлаа. Тэр хүн “Манай багш ирсэн, би багштайгаа чамайг уулзуулна” гэлээ. Багш нь алдарт Тү жанжин. Хүн чулуу, хөшөө дурсгал судалж яваа юм гэнэ. Баян-Өлгийгөөс наашаа судалж явсан юм билээ. Аймгийн дарга тосоод оччихсон. Би хэдэн навсгар шүлгээ аваад очлоо. Уншсан ном зохиолоо ярь гэлээ, ярилаа. Болж байна гэж байна. Шүлэг уншина гэдгийг мэдэж байгаа, шууд л шүлэг сонсохгүй ээ гэж байна. Манай орчуулгын гол зохиолуудыг уншсан байна, Нацагдоржоо уншсан уу гэсэн уншсан гэлээ. Миний ямар зохиолуудаас уншсан бэ гэхээр нь “Уулын үер”, “Нүүдэл суудал”-ыг уншсанаа хэллээ. “Чи над руу хэдэн шүлэг явуул, би үзье. Болмоор юм байвал хүнд хэлээд гаргуулчихаж болох байх аа” гэлээ. Тэр чинь 1979 он байх шүү. Дараа нь би хэлснийх нь дагуу шүлэг явуулсан. “Утга зохиол” сонин дээр Санжийн Пүрэв баавайгийн өмнөтгөл үгтэйгээр гараад ирлээ.

-Түдэв гуай, Пүрэв баавайд хэлж дээ?

-Өөрийн шавь учир Пүрэв баавайд хэлсэн байх. Агуу их Лодонгийн Түдэвийн буянаар Пүрэв баавайгийн үгтэй “Утга зохиол” сонинд анх гарсан минь ийм учиртай. Намайг чинь Монголын ард түмэн, уншигч олонд минь танилцуулж өгсөн хүн чинь яалт ч үгүй Пүрэв баавай. 1982 онд “Азын цэнхэр уул”, “Уулын намар” Санжийн Пүрэвийн халуун сэтгэлийн үгтэйгээр “Цог” сэтгүүлийн “Оч” буланд бас гарлаа. “Оч”-д гарна гэдэг чинь ер нь зохиолч болсноо зарлан тунхаглаж байгаа явдал шүү дээ. Ингэж утга зохиолд албан ёсоор нэрээ гаргаж эхэлсэн түүхтэй юм даа. Зохиолчдын хорооны босгыг алхах ч амаргүй байсан шүү. Далантайн Тарваа гуайд шүлгээ үзүүлж байснаа мартдаггүй. Тэр хүн шүлгийг маань огтоос тоосонгүй, харин өөдөөс хаанаас ирснийг минь асуугаад “Төмөр замын эрүүлжүүлэхээс тэрийг аваад ир, танина биз дээ” гэж манай нэг алдартай зохиолчийн нэрийг хэлээд явуулж байж билээ. Тарваа гуайн үүрэг даалгаврыг биелүүлээд буцаад иртэл Зохиолчдын хорооны үүдэнд Цэдэндорж гуайтай таардаг юм. Нүдний шилтэй, хар цувтай Мишигийн Цэдэндорж яг л дүрээрээ байсан. Би сүрдээд сайн байна уу ч гэж хэлж чадаагүй өнгөрсөн. Бурханбуудай уул ханараад л явчих шиг санагдаж билээ. Дараа нь аймгийн зохиолчдынхоо тэргүүн байхдаа Цэдэндорж гуайнхаа төрсөн бууцанд дурсгалын самбарыг нь босгож байлаа. Говь-Алтайн Халиун сумын Уст чацрангийн голын яг хажууд, Бурханбуудай уулын Хавчигийн өтөг хэмээх газрын ханан хаданд дурсгалын самбарыг нь босгосон. Цэдэндорж гуайн “Морин хуур яруу найргийн их наадамд очсон бүхэн тэрхүү дурсгалын самбарт хүндэтгэл үзүүлж, их найрагчаа дурсан шүлэг найргаа дууддаг.

-Таны багш чинь алдарт Тоомойн Очирхүү гуай байх аа?

-“Хүмүүс ээ надад урам хайрла, хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла” гэж бичсэн энэ л сайхан хүний шавь болсон. Очирхүү багшийн аав Тоомой панз гэдэг чинь баруун Алтайг ёстой атгаж байсан гэдэг. Аль л ганган эмээл, үнэтэй морийг эдэлж хэрэглэж явсан хүн. Хүүгээ хотод сургуульд хүргэж ирээд айлд суулгахдаа “Миний хүүгээр ус авахуулж, мод хагалуулж, юм хийлгэж болохгүй. Миний хүү хичээлээ л хийх ёстой. Би хөлсөнд нь 2000 төгрөг өгье” гээд бор халзан зуут гаргаад тоолоод өгч байсан гэдэг. Аавынхаа энэ л сайхан сэтгэлийн хүчинд сурсан шиг сурсан байдаг. Ямар сайндаа Анагаахын сургуулийн ханан дээр “Очирхүү шиг онц сурцгаая” гэсэн бичиг байхав дээ. Жаахан байхад нь аав нь хүүгээ Тангад гэж айлын охинтой сүй тавиад, танай охиныг авна аа. Манай хүүтэй сууна гээд. За чи авгайгаа ав гээд хуримаа хийгээд авсан, суусан. Нэг хүүхэд гарсан. Авгайгаа авч байхад нь би сургуулийн хүүхэд харж байж билээ. Сургуулийн архив янзлаад Тонхилд байхдаа багшийнхаа сургуульд сурч байсан, онц авч байсан хичээлийнх нь дэвтрийг үзсэн. Ямар гоё бичигтэй байхав. Далан есөн онд Тонхил суманд ирээд байхад нь буудалд яваад очлоо. “Алив чи хоёр гурван юм уншаадах” гэж сонссоноо “Чи чинь шүлэг бичих дөгөө суучихсан юм байна шүү дээ” гэж нээх гоё хэлж билээ. Очирхүү гэж тэр гоё найрагчтай сургуулийн саадан дотор хамт явж байхдаа өөртөө ямар их урам бадрал, бахархал итгэл төрж байсан гэж бодно. Сумын төвийнхөн намайг харж байгаа болов уу гэж бодоод л. Тэгэхэд багшдаа номын хадаг барьж шавь орсон. Бид хоёр багш шавь гэхээсээ заримдаа анд нөхөд шиг явна. Улаанбаатарт залуу зохиолчдын анхны номын уралдаан гэж зохиогдлоо. “Тэнгэрийн сүү” шүлгийн ном явуултал тэнцчихжээ. Төмөр замын хэвлэх үйлдвэрт хэвлэж өгсөн. Өмнөтгөл үгийг нь Очирхүү багш бичсэн. “Бид нэг нутаг усны, нэг голын хүмүүс” гэж бичсэнийг уншаад нэг л гоё санагдаж байсан сан. Очирхүү багш Сутай хайрхны Усан зүйлийн голыг улам цэнгэгшүүлсэн тийм гоё хүн байлаа. Хулдын голыг харах бүрт би Очирхүү ахыгаа боддог. “Элс цас”-цын Шоовойн Шажинбат гуай бас манай Тонхилын хүн. “Холын цэнхэр Алтай нутагт минь Холбоо нуур ууланд байдаг” гэж бичсэн. Сайхан ч дуу болсон. Бүс хайрхан уулын шил дээр байдаг нуур юм.

“Сутай зүгийн нутаг минь

Нартай л дуулдах юм

Наран тогоруу шувууд нь

Тийшээ л нисэж байгаа даа

Сургийг нь сонсож явахад

Сэтгэл нялхраад байдаг

Сум нутгийн бүсгүй минь

Тэндээ л суугаа шүү дээ…” гээд таны мөн ч гоё дуу бий. “Хонгорзул”-ын Энхбат гавьяат гоёхон ч дуулсан?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов бид хоёр найз юм. Дондов маань “Алтай” чуулгын хөгжмийн багш байлаа. “Ахтайгаа ер нь дуу хийсэнгүй. Сэтгэл цалгитал нэг дуу хиймээр байна” гэдэг юм. Тэгээд л би дууныхаа шүлгийг бичээд өгсөн. Сутай зүгийн нутгийн хайртай бүхэн дуулж яваг дээ гэж л хийсэн юм. “Сум нутгийн бүсгүй минь тэндээ суугаа шүү дээ” гэдэг мөр бадгаас болж би авгайдаа хүртэл загнуулсан хүн. Сургийг нь сонсож явахад сэтгэл нялхраад байдаг тэр хүүхэн рүүгээ чи явахгүй юу гээд л загнана(инээв). Сум нутгийн бүсгүй минь тэнд суугаа гэхээр уур нь хүрдэг гэсэн. Манайхан бас намайг их явуулнаа. Чардаг аа Сутай яваад ирлээ. Чиний Сутай зүгийн бүсгүй чинь тэндээ л байж байна лээ гээд л. Олон сайхан залуус, нутгийн бүсгүйгээ санаж яв гэсэн санаагаар бичсэн шүлэг юм. Манай Энхбат сайхан дуулсан. Миний дуунуудаас олонд түгсэн 20-иод дуу бий. УГЗ Ц.Жамьян хөгжмийг нь бичиж Завханы Батсүх дуулсан “Ижий хань” гэж дуу бий. Миний анхны ном “Тэнгэрийн сүү”. Ингэж би анх сүүгээр эхэлсэн хүн. Дараа нь “Сутай зүгийн нутаг”, “Цасны анир”, “Мөнгөн сарны шүлгүүд” гэж номууд гаргасан. Ингэхэд Тонхил сум маань сүлд дуу байхгүй юм байна. Тэгээд би саяхан нэг шүлэг бичээд Цэрэндондов руугаа явуулчихсан.

-Ямар шүлэг билээ?

-“Цаст Сутайгаас ниссэн цасан

Тонхил нуурын мандалд хун болж буудаг

Зүйлийн голын мөнгөн боргио

Зүйргүй хайртай ээжийн минь сүү байдаг

Дуулаад явахад дуун дотуур минь хөвөлзсөн

Уйлаад дурсахад нулимсан дунд минь бөмбөрсөн

Хайрлаад санахад сэтгэл дотор минь уянгалсан

Халуунаас халуухан эх нутаг минь дээ

Хулмын нуурнаас дэгдсэн манан

Хулдын голд арц болж ургадаг

Бүс хайрхан уулыг бүслэсэн цэцэгс

Бүүрэгт эмээлийн дэвсэнд хээ болж шаглагддаг

Наран мандахад уулс нь алтарч тоссон

Саран гийхэд ус нь мөнгөрч угтсан

Буман сүргийнхээ мөрөөр түүхээ бичиж үлдээсэн

Буян заяа цогцлоосон Тонхил нутаг минь ээ

Алтайн уулсын цэнхэр салхи

Аавын минь үг болж шивнэдэг

Төрсөн нутгийн минь ахан дүүс

Төрүүлсэн ээжийн минь сэтгэл гаргаж намайг ачилдаг” гэсэн ийм шүлэг юм. Би чинь хүний ганц хүү. Гочоо гэж миний аав. Даншгийн заан цолтой хүн байсан. Эрдэнэ бишрэлт гүний хошуу буюу Ховдын наадамд түрүүлсэн, Хадагт хар Рэнцэндорж зааны дараа гарч ирсэн Довчин гэж зааныг довон дээр нь унагаж байсан гэдэг. Дамбийжанцангийн 74-ний найр гэж баруун бүсийн том наадамд манай аав түрүүлсэн байдаг. Хүний ганц хүү учир би ээждээ их хайртай. Олон шүлгээ ээждээ зориулж бичсэн.

“Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ

Болвол гараас нь хөтөлж

Босго хатуу орчлонг хамт туулахсан гэж боддог

Өөдөсхөн чинээ болж яваа таныгаа

Өргөж өхөөрдөж явахсан гэж санадаг

Энгэрийн товчийг чинь товчилж өгөхдөө би

Элбэг хайрын ундарга мөөмөнд чинь мөргөдөг

Суганы нь товчийг товчилж өгөхдөө би

Суун тусаж өвдөгнөөс чинь адис авдаг

Бүсийг нь бүсэлж өгөхдөө би

Бүсгүй хүүхэд шиг өргөж эрхлүүлдэг

Малгайг нь засаж өгөхдөө би

Магнайд нь духаа хүргэж залбирдаг

Ээжтэйгээ ярилцаж байхдаа би

Этүгэн газрын дусал дэргэд байгааг сонсож л байдаг

Ээждээ золгож очихдоо би

Эрхт тэнгэрийн наран хажууд байгааг мэдэрч дулаацдаг

Ээжийгээ дурсаж явахад минь

Элбэрэлийн ногоон дарь эх дэргэд явааг ухаардаг

Эрх хонгор ач зээгээ өхөөрдөж л суухад нь

Энх амгалангийн шаазан баримлын хоосон чанарыг би мэдэрдэг

Бууж мордож будаатай цай ууж суухдаа

Бурхантай цайлж байгаа гэж омогшдог

Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ” гээд л ах нь ээждээ л зориулж бичдэг юм. Би ингэхэд “Зулай цагаан Алтай” дууны шүлгийг хамгийн түрүүнд сонссон азтай хүн.

З.Гүнсэн гуай “Зулай цагаан Алтай” дууны хөшөөгөө амьддаа босгуулсан хүн юм. Аймгийн намын хороонд Гүнсэн гуай бид хоёр хамт ажиллаж, нэг өрөөнд суудаг байлаа. Нэг өдөр мань хүн “Хөгжмийн Сангидорж ирчихээд байна. Би нэг дууны шүлэг өгөх гэсэн юм” гээд надад үзүүллээ. Үдээс хойш манай хүн баярлачихсан, өнөөх чинь сайхан дуу боллоо, Санги маань шууд л газар дээр нь ая хийчихлээ гэдэг юм. “Алтай” чуулгад “Ард Аюуш”-ийн Маньбазар гүнд тоглосон Дамдин гэж жүжигчин анх дуулсан. Аргил хоолойгоор сайхан ч дуулсан. Ингэж “Зулай цагаан Алтай” дуу төрж байлаа. Гүнсэн гуай анх “Сутай цагаан Алтай” гэж биччихээд, өөрөө Зулай цагаан гэж зассан юм. Шүлгийг нь хамгийн түрүүнд сонсож, дуу төрөхөд нь хамт байж, дууг нь анх сонсож, хөшөө нь босгоход шороог нь зөөгөөд гүйж явсан хүн би юм. Түүхийн гэрч болон үлджээ. Нээлтэд нь Сангидорж хөгжмийн зохиолч өөрөө ирж оролцсон. Цахилгаан гуай, Бямбаа гавьяат гээд олон сайхан хүн байсан.

-Тэр жил Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор очиход Урианхай ах, Чилаа ах, Бавуу ах бид хэдийг та шөнө дүл болтол хүлээгээд сууж байсан сан?

-Ах нь бүх л насаараа Алтайдаа сууж шүлэг найраг, ном бүтээлээ бичиж байна. Манайх чинь замын дэн буудал шиг олон хөлхсөн хөлтэй айл. Лханаагийн Мөнхтөр, манай Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдөөгийн Эрдэнэбаатар гээд манайхаар орж гараагүй хүн гэж ховор. Тэр жил Хөөдөө Эрдэнэбаатар, Маналсүрэнгийн Баттөмөр хоёр манайд ирээд өвөртөө унтаж л байлаа. Найрагчид минь ирж шүлэг найргаа уншиж, тэднийгээ дагаж хөөрч, хундага жингэнүүлж сайхан яриа хөөрөөг нь сонсож суух шиг жаргал үгүй. Би ийм л жаргалыг Алтайдаа насаараа эдэлж олон олон шавь нартаа хүндлэгдэж яваа азтай хүн.

 

Хөөрөлдсөн Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Дорж: Рапс тарьсан газраас ирэх жил ургац горьдох хэрэггүй DNN.mn

Рапс хэмээх ургамлын органик үлдэгдэлд азот маш бага хэмжээгээр агуулагддаг учир дараа жилийн тариалалт, ургац хураалтад маш сөрөг нөлөөтэй аж. Тус ургамлын шинж чанар болон тариалалтын хувьд юун дээр анхаарах талаар Монгол Улсын гавьяат агрономич, доктор, профессор Б.Дорж гуайтай ярилцлаа.


-Тариаланчид маань рапс их хэмжээгээр тариалсан байгаа бололтой?

-Тийм ээ, импортын гурилын үнэтэй өрсөлдөх боломжгүй учир өөр төрлийн тариалалт хийж ашиг олохгүй бол болохгүй шүү дээ. Манай улс жижиг орон болохоор улаанбуудайн хэрэглээ бусад оронтой харьцуулахад харьцангуй бага. Жилд 360 мянган га газар тариалахад дотоодын хэрэгцээгээ хангадаг. Манай оронд улаанбуудай тариалах нь өртөг өндөр учир гадны гурилтай харьцуулахад харьцангуй үнэтэй. Тиймээс өнгөрсөн хавар ард түмэндээ хямд гурил идүүлье гэсэн үүднээс импортын гурилыг татвараас чөлөөлсөн. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого гадны улс орон баримталдаг. Дотоодынхоо зах зээлийг хамгаалах ёстой байтал гадны бүтээгдэхүүн зах зээлээ алдлаа гэж ярьдаг тариаланчид, эдийн засагчид ч байдаг. Уг нь дотоодын зах зээлээ хамгаалж, тариаланчдадаа тусалж дэмжих ёстой байлаа. Тариаланчид бол хагартлаа баяжчихсан улс биш шүү дээ.

-Улаанбуудай бол хүнсний зах зээлд яах аргагүй чухал бүтээгдэхүүн. Импортын гурилын үнэ илүү хямд байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд хүнд тусч байна?

-Хямд үнэтэй гурилыг идүүлье гэж бодсон нь зөв. Гэхдээ энэхүү зөв алхмын цаана давхар сөрөг үр дагавар байсан юм. Тэр үр дагавар нь дотоодын тариаланчид дампуурахгүйн тулд рапс тариалсан юм. Хавар импортын гурилыг татвараас чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн мөчөөс л тариаланчид дараачийн өөр тариалах зүйлсээ эрж эхэлсэн шүү дээ.

-Тариаланчид рапсыг хэр их хэмжээгээр тарьсан байна вэ?

-Өмнө нь рапсыг 60 орчим мянган га газар тариалдаг байсан бол энэ жил 100 гаруй мянган га газар тариалсан байсан.Тэгэхгүй бол тариаланчид маань орлогогүй болох аюултай байсан. Намар улаанбуудай зарж олдог байсан орлогоо олох гэж рапс тарьсан тариаланчид байна.

-Рапс тарих нь хөрсөнд ямар үр дагавартай вэ?

-Эдийн засгийн талаасаа бол маш зөв үйлдэл. Гэхдээ агрономийн талаасаа бол хөрсөнд маш халгаатай. Их хүчирхэг үндэстэй ургамал. Тэр хүчирхэг үндэс нь хөрснөөс ургахад шаардлагатай шим тэжээлээ сорж авдаг. Гол асуудал нь рапсын хөрсөнд үлдээх органик үлдэгдэл. Түүний дотор агуулагдах азотын хэмжээ маш бага байдаг. Түүнээс болж рапс тариалсны дараа дараагийн жилийн буудайн ургац авахгүй байх тохиолдол ч бий. Зарим газар ноднин рапс тариад хураасан учир энэ хавар тарьсан буудайны ургац муу байгааг тариаланчид хэлж байна.

-Тэгэхээр рапс тарьсан газраас ирэх жилүүдэд ургац хураах бараг боломжгүй байх нь?

-Эцсийн эцэст рапс тариалсан нь хүнсний хангамж, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Тариаланчдад буруу байхгүй. Зарим тариаланчид маань сөрөг үр нөлөөг нь мэддэг байх. Гэхдээ үүний сөрөг нөлөөг цөөхөн хүн ойлгож байна. Ихэнх нь энэ жилийнхээ ашиг шимийг л бодож байна. Монголд тарьсан буудайн үнэ бол тэртээ өндөр байхаас өөр аргагүй. Хур тунадас 500мм ордог улс оронд буудай тарих өөр хэрэг. Монгол шиг 250мм хур тунадас ордог оронд буудай тариалах мөн өөр. Тиймээс буудайн үнэ Монголд өндөр байдаг. Нэг жил рапс тарьсан газраасаа ирэх жилүүдэд ургац хураах боломжгүй л болж байгаа юм.

-Рапс тариалсан газраа дараа жил нь ямар ургамал тариалах боломжтой вэ?

-Хөрсний үржил шим нь муудчихсан, доройтчих талбай Монголд их байдаг. Эдгээр талбайг дахин тариалалтад оруулах шаардлагатай. Үүний тулд буурцагт ургамал тарих ёстой. Үржил шим нь хүчтэй буурсан талбайд гурван жил дараалан царгас тарих хэрэгтэй. Олон наст ургамал учир нэг тарьчихвал жил бүр өөрөө ургана. Рапс тариалсан газар бол вандуй тэргүүтэй буурцагт ургамлыг тарих нь нэн зөв. Вандуй ганц жил тарьчихвал нэг жилийн дараа үржил шим нь сайжирчих юм. Манай орон тариалах талбай багатай орон. Тэжээлийн ургамал жилд 100 гаруй мянган га тарьдаг.

-Тариаланчид маань рапсны тухай мэдлэг мэдээлэл дутмаг байгаа бололтой?

-Ирэх жилүүдэд гарах үр дүнгээ тариаланчид маань буруу тооцоолсон болов уу гэж ажиглаж байна. Цаашид гарах үр дүнг бодолцох хэрэгтэй. Газар тариалангийн салбарт баримталж байгаа бодлого зөв харагдахгүй байна.

-Бид мал аж ахуйг дэмжих ажлыг сайн хийж байна. Гэхдээ газар тариалангийн салбарыг орхигдуулаад байгаа бололтой?

-Тариаланчиддаа туслах, дэмжих хамгийн гол түлхүүр нь техник технологи, шинжлэх ухааны шинэ ололтуудыг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Сайн сортын ургамал яах аргагүй чухал. Гэхдээ сайн сортны үр шимийг бүрэн хүртье гэвэл сайн технологиор тарих хэрэгтэй. Мянган сайн сорт байгаад муу технологиор тарьчихвал тухайн сортны ургах потенциалыг бүрэн ашиглаж чадахгүй юм. Түүгээр зогсохгүй цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг маш нарийн судлах, тооцоолох ажлыг хийх хэрэгтэй. Хэзээ ган, зуд болох вэ гэдэг тоцооллыг гаргах боломжтой эрин үе ирж байна. Мөн ямар ч жил байлаа гэсэн аливаа улс орон улаанбуудайн нөөцтэй байх хэрэгтэй.

-Энэ жилийн ургац дотоодын хэрэгцээг бүрэн хангах уу?

-Өнөө жилийн хувьд багахан хэмжээний буудай гаднаас авах шаардлага гарч магадгүй. Хамгийн гол нь дараа жилээс рапс тарьсан газраас ургац горьдох хэрэггүй. Манай орны хөрсний шим тэжээлийн гол элемнетүүд дотроос азот маш дутмаг байдаг. Тийм байтал нэмээд рапс тарьчихаар улам азотын эзлэх хэмжээгүй болох юм. Рапсын сөрөг нөлөөг тариаланчдад таньж мэдүүлэх маш чухал. Үгүй бол “Маргаашийн өөхнөөс, өнөөдрийн уушги дээр” гэгч болж байна.

-Таныг залуу байхад газар тариалангийн салбар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг байсан уу?

-1964 оноос хойш өдийг хүртэл энэхүү салбарт байгаа хүний хувьд олон зүйлсийг биеэр туулжээ. Дээлний хормой харагдахгүй хаврын шуурганд ажиллаж ч байлаа. Цастай намар ургац авах ямар хүнд байдгийг ч мэднэ. Агуулахад нь ургац нь багтахгүй. Тийм их ургац авчихсан баярлаж байсан ч үе бий. Ургац алдчихаад л хөрш улсаасаа гурил авч байсан ч үе бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын 8 сарын 4, Адъяа гараг. Билгийн тооллын 30, Үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:33-20:24. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн салбарын шилдэгүүдэд “Хүндэт төмөр замчин”, “Онц тээвэрчин” цол олгов DNN.mn

Зам тээрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр төмөр замын салбар үүсч хөгжсөний 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяраа тэмдэглэж буй ажилтан, алба хаагчдаас салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлэн “Биг Могул Транс” ХХК-ийн Ерөнхий захирал Баянзул овогтой Ундрал, мөн тус компанийн Тээвэр Борлуулалтын хэлтсийн дарга О.Хэрлэнчимэг, Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Энхбаяр нарыг “Хүндэт төмөр замчин” цол тэмдэгээр шагналаа. Мөн “Онц тээвэрчин” цол тэмдэгээр Цэрэндорж овогтой Сумьяабазар нарыг тус тус шагнасан юм. Шагнал гардаж буй эдгээр ажилтан алба хаагчид нь салбартаа 15-24 жил, түүнээс дээш хугацаанд үр бүтээлтэй ажиллаж байгаа ажээ. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд салбарын нэр хүндтэй шагнал гардаж буй хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд халуун баяр хүргэж, амжилт бүтээлийг дээдийг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар Хангай нурууын араас усжих Хануй, Чулуут, Урдтамир, Хойттамир, Орхон, Сэлэнгэ, Хөгшин Орхон, Сэлэнгэ мөрний савын Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Хараа, Шарын гол зүүн хажуугийн Эг, Барх, Хурх, Хэрлэн, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-85 см нэмэгдсэн байна.

Туул / Босгийн гүүр-Улаанбаатар- Алтанбулаг /, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалт баг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Барх, Балж, Онон, Улз /Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-15 см давсан хэвээр байна.

Маргааш буюу наймдугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд усны түвшин 5-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 15 см, Орхон гол Хархорин болон Өлзийт сум орчимд 15-20 см, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт-Өндөрхаан орчимд 5-30 см, Хараа гол Дархан орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой тул дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Олимпоос мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгоно DNN.mn

Олимпоос мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд төрөөс насан туршид нь сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгоно.

Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон. Үүнд:

-Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;

-Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;

-Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус хүртэнэ.