Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ DNN.mn

МСНЭ, Глоб Интернэшнл, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явц нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб Интернэшнл төв зэрэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг мэргэжлийн байгууллага, эвсэл холбоодыг ихээхэн түгшээж байна.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан хэд хэдэн үйлдлийг нэгтгэж, төрийн нууц, хувь хүний эмзэг мэдээлэл, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг хэсэгчлэн хаалттай явуулж болох байтал бүхэлд нь хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл шүүх засаглалд хэрэгжүүлж, олон нийтэд тунхаглан зарлаж буй олны итгэлийг хүлээсэн, ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж улмаар хууль эрх зүйн үр нөлөөг алдагдуулж байна хэмээн бид үзэж байна.

Монгол Улс шиг Үндсэн хуульт ардчилсан орнуудад шүүхийн үйл ажиллагаанаас иргэд цаашдаа нийгмийн амьдрал дахь оролцоо, үйл хөдлөлийн чиг хандлагыг олж авах хүлээлттэй байх ёстой. Энэ нь сэтгүүл зүйн ажил эрхэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод тэнд ажилладаг бүх хүнд нэгэн адил үйлчлэхээс гадна эдгээр байгууллага, хувь хүмүүст бүр ч онцгой хамаатай болно.

Н.Өнөрцэцэгт холбогдуулан үүсгэсэн олон хэргийг нэгтгэж, шүүх хурлын мэтгэлцээнийг хаалттай горимд хэрэгжүүлэн ял оноосны үр дагаварт тухайн шүүгдэгчийн сэтгүүл зүйн ажилтай холбоотой үйлдлийг хууль, эрх зүйн хүрээнд шүүх хэрхэн дүгнэж шийдвэрлэсэн нь бүрхэг хэвээр үлдэж байна.

Ингэснээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон шийдвэр, түүний үндэслэлийн талаар мэтгэлцэх, болсон явдалд дүгнэлт хийх боломжгүй болж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн, хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын дээрх боломжийг шүүгчийн тогтоол шууд хааж байгаа хэрэг юм.

Дэлхийн улс орнуудын түүхэн туршлагуудаас харахад шүүхийн ийм төрлийн үйл ажиллагааны үр дагавар нь хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг сэтгүүлчийн өөрийн цензурыг бий болгох бөгөөд эдгээр нь чөлөөт хэвлэл мэдээллийн хөгжил, ардчилсан орны иргэдэд нэн хортой үр дагавар авчрах юм. Энэ бол ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсад байж болшгүй зүйл билээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын 1.1.3-т “Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ”, 1.2.1-т “Шүүхийн шийдвэрийг ойлгомжтой, олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай мэдээлэх ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгоно” гэж тус тус заасан асуудлыг бодитоор хэрэгжүүлэх үүднээс олон нийтийн мэдэх эрхийн төлөө хэрэгжүүлсэн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой маргааныг олон нийтийн хяналт дор нээлттэй шийдвэрлэж байх талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хууль тогтоох байгууллагын гишүүдэд уриалж байна” гэжээ.

May be an illustration of textMay be an image of text

Categories
мэдээ нийгэм

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2023 оны эхний зургаан сард 221.2 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний зургаан сард урьдчилсан гүйцэтгэлээр 309.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 539.0 (22.1%) сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу DNN.mn

Монголчууд энэ зун дэнж хотойтол өргөн дэлгэр наадаж байна. Улсын хэмжээнд 102 сум түүхт зуун жилээ тэмдэглэлээ. Долдугаар сарын 15-наас эхлээд л зуун жилтэй сумдын наадам ар араасаа цуварсан. Хаалт нь энэ сарын 24-нд Ховдын Зэрэг сумын ойгоор өндөрлөх гэж байна. Тэгэхээр бид бүтэн сар гарны турш завсаргүй наадацгаасан байгаа биз. Ойтой сумдын наадам шувтрахтай зэрэгцээд бэсрэг найр хаа сайгүй хөвөрч байна. Сая сумдууд зуун жилээ тэмдэглэх үеэр асар их шагналын хур буусан даа. Тухайн сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцсон хөдөлмөрч, бүтээлч, нэр хүндтэй эрхмүүдээ төрийн дээд одон, медиалаар шагнасан. Нэг сум хамгийн багадаа 30, 40 хүнд төрийн одон, медиал өгнө лээ. Энэ жишгээс улсын хэмжээнд дунджаар таван мянга гаруй хүн нутгийнхаа ойгоор төрийн хишиг хүртсэн гэсэн үг. Тэр олон шагнуулагсад эхнээсээ одон, медалийнхаа найрыг хийгээд эхэлжээ. Зуун жилээ хийсэн сум болгонд ийм цайллага, дайллага үргэлжилж байна. Нийтдээ 17 аймгийн хэмжээнд гээд бод доо. Тэгэхээр Монгол орон даяар хавтгай найрлаж байна шүү дээ.

Наймдугаар сар юу, юугүй дуусч, намрын их ажил толгой дээр бууна. “Монголчууд минь зунжин найр наадам хэсч, аялж зугаалж ханалаа. Одоо хэдүүлээ өвөлдөө бэлдье. Намрын ажилдаа шуурхайлъя. Энэ их найр наадмаа өндөрлөцгөөе” гэж ард түмнээ уриалаад хадуур, тармуур бариад зогсох орон нутгийн удирдлагууд үнэндээ алга. Харин ч эсрэгээрээ нутгийн иргэдээ аргадсан байдалтай найр наадмыг нь хөгжөөгөөд хөөрч яваа сурагтай. Яагаад гэвэл ирэх намар орон нутгийн сонгуультай. Улс төрийн ийм эгзэгтэй үед дарга нар юу гэж оноо алдахыг хүсэхэв. Хэрэв “Одоо та нар наад найр наадмаа зогсоо, хадлан тэжээлээ бэлдэцгээ” гээд хэлчих юм бол амьтны ад болно. Тийм болохоор орон нутгийн удирдлагууд ард иргэддээ хайр зарлачихсан гүйж яваа.

Бүтэн сар гаран наадамлаж, жаргаж цэнгэцгээсэн иргэд маань одоо хэр нь ханаагүй бололтой. Цаашид ч найрлахад бэлэн байх шиг. Үргэлжлүүлээд ес, аравдугаар сард хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, унага тамгалах ёслол, ургийн баяр, овооны наадам гээд их найрын улирал залгадаг. Монгол оронд өвөл ямар хэцүү болдгийг бодох ч сөхөөгүй айл хот, ахан дүүсээрээ зунжин, намаржин дуулж, хуурдацгааж байна. Та нарыг “Хадлан тэжээл бэлдэх юухан байхав. Ямар анх удаа хийх гэж байгаа ажил биш” гэсэншүү бодлоор хөөрч дэвэрч явж байтал чинь өвөл золгох вий. Дулаан цагт нь өөрсдийнхөө жаргал цэнгэлийг хөөцөлдчихөөд өвөл, хавартаа хэдэн малаа алдчихаад гоншигноцгоогоод байдаг шүү. Найрлаж, наадамлахдаа уургын морь шиг байж бусдын өмнөөс мал маллаж, хорвоогийн хамаг зовлонг үүрч яваа улсууд шиг л аашилдгаа болих хэрэгтэй. Намрын сар найм биш шүү. Одоо хэдүүлээ найр, наадмаасаа хөндийрч ажилдаа орцгооё оо, монголчууд минь.

Дэлхийн цаг агаар яаж хувьсан өөрчлөгдөж байгааг бид олон улсад тохиож буй байгалийн гамшигт үзэгдлүүдээс өдөр бүр харж байна. Африк тивд цас орж, Ази, Европ, элсэн цөл гэж ялгалгүй үерт автах болсон. Манай улсын хувьд ч ялгаагүй цаг агаарын гамшигт үзэгдэл бишгүй тохиов. Өнгөрсөн өвөл ямар айхавтар хатуу болж, монголчууд нийтээрээ яаж махаа зулгаалаа даа. Хэд хэдэн удаа огцом хүйтэрч, нийт нутгийн 80 гаруй хувийг зудын аюул нөмөрсөн. Үр дүнд нь 6.6 сая мал нь хорогдож, хотоо харлуулсан малчдын тоо 400 давсан. Амьжиргааны эх үүсвэр болох малынхаа 70-аас дээш хувийг зуданд алдсан малчин өрхийн тоо мянга, мянгаар тоологдов. Энэ зуд том зургаараа улсын эдийн засгийг уруудахад овоохон жин дарсан. Зовсон хэдэн малчдадаа улсаас тэрбум, тэрбумаар нь зориулсан. Хажуугаар нь иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламжийн аян орон даяар өрнүүлж байв. Хандивт нэгдээгүй айл өрх ч үлдээгүй байх. Ирэх өвөл бүр ч чангарч мэднэ. Ядахдаа өвлийн сар нь дөрөв гэсэн. Илүү сартай өвөл болно шүү гээд эртнээс цаг уурчид сануулаад байна лээ. Тийм болохоор тариа будаа, хадлан тэжээлээ одооноос базаасан нь дээргүй юу.

Өвлийн улирал ганцхан Монгол орны хөдөөд болдог үзэгдэл биш. Өвөл хот суурин газруудад ч том сорилт. Дулаан, эрчим хүчээ өргөтгөж шинэчлэх, түлшээ нөөцлөх, нийтийн тээврийн хүртээмжээ сайжруулахаас авахуулаад өвөлжилтөд бэлдэх ажил тоймгүй их байна.

Нийслэлийн хувьд утаа гэж том “мангас” бий. Сүүлийн арваад жилд утаатай тэмцэхэд зарцуулсан хөрөнгө нь аль хэдийнэ нэг их наяд давчихсан. Гаргаж ирсэн шийдэл нь утаагүй түлш. Харамсалтай нь энэ хоронд нь монголчууд хордож үхээд дууслаа.

Жил бүр утаагүй түлшинд хордогсод нэмэгдсээр байхад үргэлжлүүлэн хэрэглэсээр л байх юм уу. Дараагийн анхаарах асуудал нь эрчим хүч. Эрчим хүчний найдвартай хэрэглээгээ хангахгүй бол өвлийн хүйтэнд цахилгаан тасалдвал хот даяараа тас хөлдөнө. Нийслэлчүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 30 гаруй хувийн хэтрэлттэй байгаа гэж мэргэжилтнүүд хэлдэг. Олон жил гацсан Бөөрөлжүүтийн станцын эхний блок нь ирэх аравдугаар сард ашиглалтад орох нь үнэн бол энэ хувь бага ч гэсэн буурах байх гэсэн хүлээлттэй сууна лээ. Орон нутагт хүчтэй салхи шуурга дэгдэнгүүт Оросоос эрчим хүч авдаг шонгууд нь унаж, аймаг сумдаараа харанхуй суух давтамж нь ойртох боллоо. Цаашид эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөх нь ойлгомжтой. Иймд эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа өвөл зунгүй, өдөр шөнөгүй өрнүүлж баймаар байна.

Манай оронд зуны налгар өдрүүд тоотой ирдэг. Богинохон ч гэсэн дулаан цагийг ашиглаж өвлийн бэлтгэлээ ян тан хангачихсаны ард санаа амар байж болно. Удахгүй тариа будаа, ургац хураалтын ажил эхэлнэ. Арайхийн тордож ургуулсан ургацаа зуны үерт урсгачихгүй, намрын цасанд жин зохиулчихгүйхэн шиг авч үлдэнэ гэдэг бол тариаланчдын хувьд нялх хүүхэд асрахтай адил. Ингэж их хөдөлмөрлөчихөөд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, шатахуун, түлшний хангамжаа нөөцлөхгүй бол харамсалтай. Яг намрын ид ажлын үеэр түлш, шатахуун тасалддаг жишиг нэг биш удаагийнх. Тэгэхээр учирч болзошгүй эрсдлүүдийг дор бүрнээ тунгаах нь хаа хаанаа хэрэгтэй. Дарга нар одоо одон медаль тэвэрч сумдын ой хэсч гүйгээд байлгүй бушуухан ажилдаа орж, өвөлдөө бэлдмээр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БҮТ: Монгол хэл бичгийн дахин шалгалтын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэж авах боломжтой DNN.mn

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг 2024 оны 08 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулна.

Шалгуулагчид та бүхэн суудлын хуваариа 2024 оны 08 сарын 13-ны өдрөөс хойш eyesh.eec.mn хаягаар дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж аваарай.

May be an image of 1 person and text

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ж.Галбадрах: Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн DNN.mn

Өмнөх ярилцлагыг ЭНД дарж уншаарай.

“Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ярилцлаа.


Сүүлийн жилүүдэд жар гаруй төрийн сургууль дээр үүнийг хэрэгжүүлэх гэж ажилласан хүний хувьд хэрхэн хийх арга зүй, технологи аргачлалыг нь сайн мэдэж байгаа. Одоо Монголын бүх сургууль менежментээ анхаардаг нөхцөлийг бүрдүүлнэ дээ. Хоёрт, багшлах хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа. Багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх шаардлага байна. Багшийн цалин, нийгмийн халамж, эдийн засгийн хөшүүргийг нь сайн боловсруулж, шилдэг залуусыг багш мэргэжлээр суралцуулах хэрэгцээ байна. Үүнийг би “Шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа ирж багшлах” гэж томьёолоод байгаа. Хөдөө орон нутагт сайн сургуулиуд цөөнгүй бий. Тэдгээр сургуульд нийтлэг нэг зүйл байгаа нь төгсөгчид нь ирж багшилж сургуулиуд сайн байгаа нь ажиглагдсан. Төгсөгч нь төрөлх сургуульдаа ирж багшлахаар сургуулиа сайн мэддэг, багш нар нь ч төгсөгчөө сайн мэддэг тул хурдан дасдаг, бас бахархал болдог, үүнийг харсан номын дүү нар нь үлгэр авдаг. Тэгэхээр багш нар нь шилдэг төгсөгчөө эргэн ирж сургуульдаа багшлахыг ятгах, нөгөө талаас багш болох хүүхдүүдэд төрөөс бодит дэмжлэг үзүүлэх ёстой юм. Үүнийг хэрхэн хийх вэ хэмээн толгойгоо гашилгаж байна даа. Гарц гаргалгаа ч эхнээсээ гарч байна.

-Хөдөө орон нутагт багш ховор байхад таны наад санаа анхаарал татаж байна л даа. Яг ямар дэмжлэг хөшүүрэг байна гэж?

-Боловсролын ерөнхий хуулиар багш мэргэжлээр суралцах, заасан босго оноо давсан хүүхдийн төлбөрийг 100 хувь хөнгөлөх боломж бүрдэж байгаа. Нэмээд суралцах хугацаанд нь дотуур байрны төлбөр, амьжиргааны зардалд нь дэмжлэг үзүүлэх боломжийг бас нээж өгөх хэрэгтэй.Өнөөдөр орон нутаг, нутгийн зөвлөл, төгсөгчдийн холбоо гээд үүнд хамтрах олон нөөц байна. Тэд жилд ганц хүүхдийн 5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байх бүрэн боломжтой.

Тухайн сургуульд шилдэг хүүхэд багш болоход дэмжээч гэхэд захаас аваад хувь хүн, компани гарч ирнэ. Тэгэхдээ их сургуулиа төгсөөд, заавал төрөлх сургуульдаа ирж ажиллах үүргийг хүлээнэ гэсэн гэрээ хийх ёстой. Үүнээс гадна төр бас чухал үүрэг хүлээх учиртай. ЭЕШ-ын өндөр оноотой (700-гаас дээш ч юм уу) төгсөгч, багш мэргэжлээр суралцаад, сум, орон нутаг сургуульдаа(хотын сургуулиуд ч хамаарна) дор хаяж 5 жил ажиллавал гадаад улсад багш мэргэжлээр нь магистрт суралцах боломжийг нээж өгнө гэж амлаж, гэрээ хийвэл цөөнгүй хүүхэд багш мэргэжлийг сонгоно гэж харж байгаа. Өнөөдөр бүхий л залуус гадаадад суралцах хүсэлтэй болжээ. Нэг ёсны гадаад явахгүй бол дутуугийн комплекстэй болоод байна. Тэгвэл багш болоод төрөлх сургуульдаа багшилбал ийм боломж нээгдэнэ гэхээр багш мэргэжлээр суралцах шилдэг залуусын тоо нэмэгдэх учиртай. Таван жил багшлах явцад нь ажлын байран дээр нь хөгжүүлж, ялангуяа гадаад хэлийг нь сайжруулах бүрэн боломжтой. Таван жилийн дараа манайтай ойр, Азийн улс оронд төлбөр хямд, найдвартай сурах боломжийг нээгээд өгвөл гадаадад сурах гээд багшаас өөр мэргэжил сонгож байгаа залууст шинэ сонголт гарч ирнэ.

-Та багш нар зөвхөн хичээл заахаас гадна хүн болоход хүүхдүүдээ чиглүүлэх багш байна гэдгийг онцолдог. Тэр агуулга таны хийх 10 ажилд багтсан уу?

-Миний байнга хэлдэг “Хүний багш байх” гэдгийг хэлж байх шиг байна. Тэр маань оролгүй яахав. Манайд багш нар зөвхөн нэг судлагдахууны багш болоод байгаа юм. Физикийн багш зөвхөн физикээ заадаг. Багш та бол зөвхөн нэг судлагдахууны багш биш хүний багш байх ёстой шүү гэж би дандаа хэлдэг. Хүүхдээ таньж мэддэг, хөгжүүлдэг, харилцааны соёлтой, сэтгэл зүйч, үлгэрлэгч, багш өөрөө мөрөөдөлтэй, багаар ажилладаг байж хүний багш болдог. Тийм багш шавь нараа бие даах чадвартай болгохоос эхлээд ёс зүйтэй зөв хүн болж төлөвшихөд нь нөлөөлж чаддаг. Багш нар ажлын байран дээрээ нэгнээсээ суралцаж, ментор ментий харилцаанд орж, хүнээр хүн хийх арга ухаанд суралцах шаардлага үнэхээр байна уу гэвэл байна. Ийм шалгуурыг багш нарт тавьж, хэрэгжүүлэхийг зорино.

Дараагийн буюу дөрөвдүгээрт, сургуулиудын захирлын удирдах ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад сургуулийн захирлыг тусгай мэргэжилтэн гэж үздэг. Тусгай сургалтаар ур чадвартай болгож бэлддэг, захирал болсных нь дараа ч тасралтгүй сургадаг. Сургуулийн захирал хэрхэн манлайлал үзүүлэх, багш нараа нэг зүгт харуулахын тулд яах ёстойгоос эхлээд эцэг эхийн хурлыг хэрхэн хийх, ахлах ангийнханд ямар сэдвээр юу ярих гээд жижиг гэлгүй бүх зүйлд суралцах шаардлагатай. Манайд захирлыг ямар шалгуураар тавиад байдгийг хүмүүс гадарлах байх. Сайн багш байсан хүн, эсвэл сонгуульд сайн ажилласан хүн гэх мэтээр ямар ч бэлтгэлгүй томилдог, болсон хойноо тэд өөрийн мэдрэмжээр ажилладаг. Ийм байж болохгүй. Захирал, менежер, нийгмийн ажилтанг ажлын байран дээр нь хөгжүүлэхийг төр бодлогоор зайлшгүй хийх ёстой. Үүнийг боловсролын салбарынхантайгаа хамтдаа нэн тэргүүнд хийнэ дээ.

Миний дараагийн бодож байгаа зүйл бол, сургуулийн барилга хамгийн аюулгүй, хамгийн сайн барилга байх юм. Тендер авсан барилгын компаниудын төсөв, зургийг сайн хянаж, дур дураараа барихыг хязгаарлана. Спорт заал нь ямар байх, гэрэлтүүлэг нь ямар байх, хүүхдүүд явах коридорын өргөн ямар байх гээд бүгд стандарттай байдаг. Хамгийн сайныг төсөр зардлаар хийх боломж байдаг. Би өөрийн сургуулиудаа барихад гар бие оролцож, төслөө удирдаж, Монголд шинэ стандарт тогтоосон хүний хувьд ханцуй шамлан орно.Энэ тал дээр стандарт гаргаж, журамлаж өгөх хууль зүйн орчин бүрдүүлнэ.

-Манайд хүн бүр дээд мэргэжилтэй болно гэсээр байгаад лангуун дээр суудаг дипломтой хүмүүс, үйлчлэгч их болсон талаар шүүмжилдэг. Үүнд ямар шийдэл та хэлэх вэ?

-Үнэхээр нэг хэсэг бүгд Их дээд сургууль төгсөнө гэсээр мужаан, гагнуурчин, хэвлэгч, үйлчлэгч гэх мэт мэргэжлийн боловсон хүчин байхгүй болсон. Гэтэл зарим улс орны жишээг харж байхад хэдэн хувь нь дээд боловсрол эзэмших, хэдэн хувь нь мэргэшилтэй ажилчин байх бодлогоо гаргачихаад, түүндээ тохирсон боловсролын тогтолцоогоо гаргасан байдаг. Манайд ийм бодлого алга. Японд гэхэд 45 хувь нь Их дээд сургуульд элсэж дээд боловсрол эзэмшиж байхад үлдэх 55 хувь нь мэргэшлийн боловсон хүчин байна гэсэн тооцоолол байдаг. Тэгэхдээ үндэстнээрээ боловсрол өндөр байхын тулд суурь боловсрол буюу бага, дунд ангийн хөтөлбөрийг хоцрогдолгүй өгөх шаардлагатай. Ажиллах хүчний баланс барихын тулд ахлах сургуулийг төрөлжүүлдэг. Манайд үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Хэд хэдэн аймгууд нийлээд дундаа мэргэжлийн ахлах сургуультай болж болох юм. Хөдөө аж ахуйн, техникийн, асрахуйн, худалдааны гээд мэргэжлийн ахлах сургууль байгуулах хууль эрх зүйн үндсийг бий болгоно. Ялангуяа бид одоо бүсчилсэн хөгжил ярьж буй үед боломж их байна.

Дунд ангид сурч байх үеэс нь багш нар нь чиглүүлж өгөөд ямар мэргэжлээр явбал сайн, чи юуг илүү чадах вэ гэдгийг нь хэлээд өгчихдөг байх.Бид хүүхдүүдэд сонголт олгож, хүүхэд есдүгээр ангиасаа ЭЕШ-д бэлдээд цаг алдаж байснаас цаашид явах мэргэжлээр нь дөр суулгах бодлого гаргах ёстой юм. Энэ бол миний хийх ажлын 8 дахь санаа маань. Японы Коосэн бол яг ийм онцлогтой. Дунд анги төгссөн 15 настай хүүхдэд инженерийн сэтгэхүй суулгаж, 5 жил сургаад, 20 настай инженер бэлддэг технологийн коллежийн тогтолцоо юм. “Экспортлох Газрын баялаггүй манай орны хувьд дэлхийд экспортлох зүйл бол манай Коосэн брэнд боловсрол” гэж Японы ерөнхий сайд уриалга хэлж, Монголд 10 жилийн өмнө анхны гурван Коосэн байгуулагдсан түүхтэй. Япончууд монгол загвараар Малайз, Вьетнамд Коосенүүд байгуулж байгаа.Цаашид Монголын технологийн боловсрол Коосэн загвараар хөгжинө гэж өмнөх засгийн газар бодлого гаргаж тодорхойлсныг миний бие гардах үргэлжлүүлэх хамгийн тохиромжтой хүн гэж өөрийгөө харж байгаа. Анхны гурван Коосены нэгийг үүсгэн байгуулсан,JICA зэрэг япон талтай сайн холбоотой. Иймд өнгөрсөн жил шинээр Дархан, Эрдэнэт, Даланзадгадад байгуулагдсан техникийн коллежуудыг улам бэхжүүлж, бүс болгон дундын коллежтой болох Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

-Багш хангалтгүй байна гэдэг ч үүнийг нэмэх дээр юу ч хийхгүй явж ирсэн. Таны төлөвлөгөө энэ бүгдийг өөрчлөх нь гэж харж байна…

-Энэ есдүгээр сарын 1 гэхэд 4000 багш дутна гэсэн тооцоо гарсан байсан. Дутна гэдгээ мэдэж байгаа бол гүйцээхийн төлөө ямар нэг алхам хийгээд л явах ёстой шүү дээ. Үнэхээр хариуцлагагүй байна. Багшийг зөвхөн МУБИС-д бэлдэнэ гэхээсээ өөр бусад Их дээд сургуульд зөвшөөрөл өгөх ёстой. Гагцхүү стандарт, шалгуураа л сайн гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм.

Ямар мэргэжлээр хэдэн багш дутагдалтай байгаагаа тооцоолж, тэр хяналтын тоондоо хүргэхийн төлөө чармайх хэрэгтэй. Англи хэл тавдугаар ангиас ордог байснаа гуравдугаар ангиас орохоор боллоо гэхэд маш олон багшийн хэрэгцээ мэдээж үүсэх нь ойлгомжтой. Үүнийг урьдчилан харж бэлдэх ёстой. Багш нараа хөгжүүлэх бодлого, тэдэнд зориулсан нийгмийн халамж, урамшууллаа харамгүй өгч, багшийн цалин хамгийн өндөр байх тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тэгвэл одоо байгаа багш нар ч тогтвортой ажиллах болно.Үүний төлөө бүх боломжийг хайх болно.

Миний хийхээр төлөвлөж буй зүйлийн есдүгээрт зүрх сэтгэлийн боловсролын асуудал орж байгаа. Хүүхдийг сэтгэл зүгшил сайтай, зөв хандлага, төлөвшилтэй, гал эрмэлзэлтэй, амьдрах ухаантай зөв хүн болгоход шаардлагатай хөтөлбөрийг тэдний нас бие, физиологид нь тохируулж системтэй хэрэгжүүлэх шаардлагатай.Төслийн 68 сургууль бүр дээр зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарим сургуулиуд дээр гайхалтай үр дүнгүүд гарсан.

-Тодорхой жишээ байвал?

-Тухайлбал, сэтгэл зүгшил сайтай гэдгийн дотор “эзэн сэтгэлгээ” гэсэн ойлголт бий. Сургууль дээр долоо хоног бүр ангиуд “хөөсний баяр”гэсэн нэг өдөртэй болоход хүүхэд өөрөө сургуулиа угааж цэвэрлэхэд оролцдог болох жишээтэй.Ингэснээр эзэн сэтгэлгээ сууна. Төслийн сургуулиуд хүүхдүүдээ өглөөд тосон авч мэндлэх дадал хэвшүүлдэг юм. Энэ хэвшил маш олон давуу талыг авчирдаг. Мөн 7:50 цаг гэхэд хүүхэд бүр ангидаа орсон байх журам гаргаад, 7:50-8:00 цагийг ангийн багшийн цаг болгоход л хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг.Тухайлбал, цаг барих арга ухаанд хүүхэдтэйгээ зэрэгцээд багш нар ч суралцаад явдаг. Малчин айлын хүүхдүүдэд ээж, аавынх нь хөдөлмөрийг ойлгуулж, монгол уламжлалаа түгээх сүү цагаан идээ боловсруулах ажлыг бас хийлгэх жишээтэй. Энэ мэтчилэн зүрх сэтгэлийн хөтөлбөрийн аргачлалыг өгөхөд л багш хамт олноос маш олон санал санаачилга, амьдрах ухааны хөтөлбөрүүд өөрсдөө гаргадаг.

Дараагийн миний бодож санаж байгаа зүйл бол яалт ч үгүй сургуулийн орчны стандартын асуудал. Жишээ нь, багш нарын өрөөний стандартыг авч үзье. 100 багшийн дунд амрах өрөөг багш нарын өрөө гэж ойлгоод байгаа. Ийм нөхцөлд зарим багш нар хичээлээ заачихаад, цүнхээ сугавчлаад гараад явчихдаг тал бий. Багш бүр өөрийн гэсэн сандал ширээ, хувийн орон зайтай байж тэндээ сууж ажиллаж, өөрөө хөгжиж, хүүхдүүдээ хөгжүүлэх ажилдаа бэлдэх ёстой. Тийм орчин байхгүй байхад хичээлээ заачихаад гараад явах нь аргагүй. Бид төслийн сургууль бүрээ хамгийн түрүүнд багш тус бүрээ сандал ширээтэй болгож, сууж ажиллах боломжийг нь хангахыг зөвлөдөг. Эхэндээ тийм боломж муу гэдэг ч ямар нэг аргаар өрөө гаргаж, ширээ тавьж эхлэхэд багш нар үр бүтээлтэй ажилладаг болдог.

-Хүүхдийн тоо дандаа асуудал дагуулдаг. Таныхаар хэд байх ёстой вэ?

-Хүүхдийн тоо стандартын гол үзүүлэлт. Нэг ангид байх хүүхдийн тоог хуульчлах ёстой. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй сургуулиуд байна. Энэ бол байж болохгүй зүйл. Ахлах ангид 40 хүртэл, бага, дунд ангид 30-35-аар тогтоох нь зөв. Саяхан Японы Боловсролын сайдаар ажиллаж байсан хүнтэй уулзаад ярьж байхад Сангийн яамтайгаа тулж байж,40-ийг 35 хүртэл бууруулж чадсанаа бахдан ярьж байсан.Манай сайд үүнийг хийх ёстой. Би тултал нь дэмжинэ.Мэдээж төсөв мөнгөний асуудал яригдах ч хүүхдээ, багшаа нэгдүгээрт бодох нь чухал.Хөрөнгийн эх үүсвэр олох дээр тууштай ажиллана. 50-60 хүүхэдтэй ажиллах нь хүнд хөдөлмөр учир багш нар зугтаад байгаа шүү дээ. Багшийн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж олон ажлыг халах хэрэгтэй гэж боддог. Үүнийг цэгцэлбэл багш болох хүмүүс нэмэгдэх учиртай.

Түүнээс гадна сургуулийн нийт хүүхдийн тоо чухал. Ер нь нэг захирлын хүрч ажиллаж чадах хязгаар бол хамгийн ихдээ 2000 сурагч, 150 багш шүү. Гэтэл манайд 5000-6000 хүүхэдтэй сургууль байна. Ийм сургууль хөл толгойгоо олохоо байж, сургалт чанаргүй болдог. Иймд бас энэ тоог судлаачдын баг ажиллуулж тогтоох болно.

-Төрөлх сургуульдаа ирж багшлаад гадаадад сурах боломжийг ярьж байна. Төрийн сангийн зээлээр суралцана гээд эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс төрийн мөнгийг цөлмөснийг мэдэх учраас хүмүүс үүн дээр жаахан болгоомжилж магад юм?

-Журам нь тодорхой, хяналт нь тодорхой байхад бүх зүйл болдог. Манай “Шинэ Монгол” сургуулийн ивээн тэтгэгчид 580 орчим төгсөгчид, нийт 11 сая орчим ам.долларын тэтгэлэг олгосон байдаг. Тэтгэлэг авах хүүхэд ямар шаардлага хангах, юу хийх нь тодорхой байдаг. Тэднийг явахаас нь өмнө мөрөөдөл зорилгыг нь бичүүлж авдаг. Ингэж явсан хүүхэд хийх ёстой зүйлээ хийгээд л буцаад ирдэг. Ийм байдлаар боловсролд оруулах хөрөнгө оруулалт үр дүнтэй болдог. Ивээн тэтгэгчид маань сэтгэл хангалуун байдаг.

Түүнээс гадна хөдөө орон нутгийн хүүхдүүд УБ хотод ирж Их дээд сургуульд сурах үед тэтгэлэг олгодог Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн санг 2015 онд үүсгэн байгуулж тэтгэлэг олгож ирсэн туршлага бий. Орон нутгийн оюутан сургалтын төлбөр болоод амьжиргааны зардал дээрээ асуудалтай бол энэ сангаас тэтгэлэг авах боломжтой юм. Жилийн 1500 ам.долларын тэтгэлэгийг буцаан төлөх нөхцөлтэй олгодог. Хоёр жил, дөрвөн жилийн хугацаанд авдаг ба ажлын байран дээр гараад хоёр жилийн дараагаас жил болгон авсан тэтгэлгээ буцааж төлдөг зарчимтай. Одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүргийн 316 хүүхдэд энэ тэтгэлгийг олгосон ба эргэн төлөлт 69 хувьтай байна. Энэ хугацаанд буцаалтаа хийгээгүй гээд шүүх цагдаагаар явж, асуудал болсон нэг ч хүүхэд гараагүй. Тэдэнд анх тэтгэлэг олгохдоо түүнд итгэж байгаагаа хэлдэг, бас түүний буцааж төлөх мөнгө дараагийн дүү нарын тэтгэлэг болно гэдгийг ойлгуулдаг учраас тэд маш бахархалтайгаар буцаан төлөлтөө хийдэг. Тэтгэлгээ буцаан төлсөн залууст өөрийн гараар дараагийн тэтгэлгийн эзэн дүүдээ гардуулж өгөх эрх өгдөг. Тухайн цаг үед өөрт нь хэрэг болсон боломжийг дараагийн дүүдээ үзүүлсэндээ залуус өөрөөрөө бахархдаг.

-Таны харж байгаа энэ бүхэн манай боловсролын салбар хүмүүсийн хүлээж байгаа суурь өөрчлөлт болж чадах болов уу?

-Би хувьдаа чадна гэдэгт итгэлтэй байна. Би энэ бүх өөрчлөлтийн суурийг хийе гэсэн итгэл үнэмшилтэйгээр улс төрд орж ирсэн. Түүнээс надад дараагийн дөрвөн жил энэ тэр гээд бодоод байх юм алга. Мэдээж, шууд гурав дөрвөн жилийн дотор энэ гээд харуулах үр дүн нь гарахгүй байж болох ч арван жилийн дараагаас энэ бүх өөрчлөлтийн үр дүн гарах болно.

-Та парламентад байгаа Японы эзэн хааны “Мандах наран одон”-той ганц хүн. Тиймээс парламентын бүлэгт гойд нөлөөтэй ажиллаж, хоёр орны харилцаанд улам бүр хувь нэмрээ оруулаасай гэж бодож байна…

-Аливаа улс орнуудын харилцаа хувь хүмүүсийн үүрэг роль, нэр хүндийн нөлөөгөөр улам илүү хөгжих тохиолдол байдаг. Шинэ парламентад япон хэлтэй, Японд сурсан нэлээд олон гишүүн байгаа сурагтай. Миний хувьд хоёр орны харилцааг парламентын түвшинд хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно, тийм ч амбицтай байгаа. Өнөөдрийн миний амьдралын түүх, амжилт, бүтээн байгуулалт бас Японтой салшгүй холбоотой юм.

-Нээлттэй ярилцсан танд баярлалаа. Манай уншигчдад хандаж хэлэх үгийг тань сонсъё.

-Боловсрол улс орны үндэс. Манай улсад нийгэм эдийн засгийн маш олон хүндрэлтэй асуудал байгаагийн дотор ядуурал хамгийн эмзэг байна. Ядуурлаас гарах цорын ганц бодит гарц бол нийтийн боловсролыг чанаржуулах явдал юм. Үүний төлөө зөв бодлогыг бид гаргах учиртай. Би үүнийг л гол зорилгоо болгож байна. Олон гишүүд боловсролыг нэгдүгээрт ярьж байгаа нь сайшаалтай санагдаж байгаа. Ярихдаа биш, хийхдээ зарчмыг баримталж ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Шарагчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 13, Ангараг гариг. Билгийн тооллын 9, Онгоц одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:45 цагт мандаж 20:09 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
story-news

ТОЙМ: “Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь ганц мөнгөн медаль болж байна уу” гэв

ТОЙМ: “Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь ганц мөнгөн медаль болж байна уу” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 градус дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Байдраг голын хөндийгөөр +18…+23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар, Алтайн өвөр говиор +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь ганц мөнгөн медаль болж байна уу” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл “Шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд төвтэй болно” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн” гэв.
  • Булангийн орнуудад мах экспортлох гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олголоо

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь ганц мөнгөн медаль болж байна уу” гэв.

“Баримт, үйл явдал” нүүрт Эмч Х.Хонгорзул “Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан” хэмээн ярилаа.

  • Үндэсний аудитын газраас Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын ХНН- ийн 2021- 2023 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Шалгалтын талаар тодруулж ажлын хэсгийн ахлагч орлогч аудитор  Я.Самбууням “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн аудитын шалгалт 12 дугаар сард дуусна” гэв.

ГАДААД МЭДЭЭ: Мадурог цагаатгаж магадгүй

АРЫН НҮҮР: Урт богинодоо биш, ухаан санаандаа байгаа юм


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул  мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.