Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны наймдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 16-наас 2024 оны наймдугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.7 (30.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.6 (38.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (54.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, нэг эвсэл хүсэлтээ ирүүлжээ DNN.mn

Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна

Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

​Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд:

1. Монгол Ардын Нам

2. Ардчилсан Нам

3. Иргэний Зориг Ногоон Нам

4. Үндэсний эвсэл

5. Бүгд Найрамдах Нам

6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

7. Иргэний Хөдөлгөөний Нам

8. Хөгжлийн Хөтөлбөр нам

9. ХҮН Нам

10. Ард Түмний Хүч Нам

11. Үнэн ба Зөв Нам

12. Ард Түмний Олонхийн Засаглал Нам

13. Гэр Хороолол Хөгжлийн Нам

14. ШИНЭ Нам

15. Иргэдийн Оролцооны нэгдэл нам

16. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргалаа.

Ингэснээр дээрх нам, эвслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхтэй болж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Эдийн засагч А.Мөнхболд: Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн DNN.mn

-Худалдааны хууль батлахгүйгээр уул уурхайн бүтээгдэхүүний үр шимээ Монгол Улс хүртэж чадахгүй-

Эдийн засагч А.Мөнхболдтой нүүрсний экспортын талаар ярилцлаа.


-Манай улс нүүрсний экспортыг энэ жил нэлээд өөдрөгөөр төсөөлж төлөвлөсөн. Гэвч өнөөдөр экспорт удааширсан, зарим боомтод бүр гацсан гэдэг мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар тодруулмаар байна?

-Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байгаа. Харин ханш унах төлөвтэй байна. Энэ нь Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаатай холбоотойгоор дотоодынх нь нүүрсний үнэ унаж эхэлсэн. Тэгэхээр манайд нүүрсний экспортын биет хэмжээ хэвийн ч үнэ буурах хандлагатай гэсэн үг. Энэ нь манай талд худалдааны баланс сөрөг үр дүн харуулах юм.

Нөхцөл байдлын хувьд урд хөршид жижиг худалдан авагч нарын борлуулалт зүгээр. Харин Хятадын томоохон аж ахуйн нэгжийн худалдан авалт саарсан байдалтай байгаа. Энэ нь нэг талаараа геополитик болон манай хоёр улсын хоорондын бусад асуудалтай хамааралтай.

-Бусад асуудал гэж та юуг хэлэв?

-Миний харж байгаагаар геополитикийн асуудлууд нөлөөлөөд байх шиг байна. Тухайлбал, Аравдугаар богд байна. Энэ чиглэлийн тусгал экспортод ороод ирэв үү гэдэг хардлага байна. Манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх нь чухал. Бид ухаалаг байх хэрэгтэй. Хөрш оронтойгоо яаж зөв харьцах вэ. Манай бодлогууд заримдаа өөрсдийнхөө худалдааны эсрэг нөлөөлөл үзүүлээд байдаг. Бид өөрсдөө ухаажих ёстой болов уу.

Өнөөдрийг хүртэл манай улс маш их хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон. Жишээ нь, Эрдэнэт 700 орчим мянган тонн зэсийн баяжмал, Оюу толгой 750 мянга байснаа хоёр дахин нэмэгдээд 1.5 сая тонн болж байна. Нүүрс гэхэд өнгөрсөн жил 70 сая тонн экспортолсны 57.9 хувь нь коксжих нүүрс гээд тооцоод үзэхээр 30 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлоод байна. Эндээс Монголд үлдэж байгаа нь юу байна, юу ч байхгүй.

-Таныхаар үүнийг хэрхэн зохицуулах ёстой гэж үзэж байгаа хэрэг вэ?

-Худалдааны хуулиар л зохицуулах ёстой юм шүү дээ. Гэтэл манай зарим улстөрчид үүнийг шууд эсэргүүцдэг. Энэ бол яалт ч үгүй гадны гар хөл гэсэн үг. 2023 онд гэхэд л манайх 17 орчим тэрбум ам.долларын худалдаа хийсэн гээд байгаа. Эндээс манайд үлдсэн нь маш бага. Бид нэгд, уул уурхайн экспорт, гадаад худалдааны асуудлаа зохицуулах хууль гаргах хэрэгтэй юм.

Олон улсын жишгээр мөнгөн урсгал Монголбанкаар дамжих зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, би ОХУ-аас бараа худалдаж авлаа гэхэд 100 хувь төлбөрөө төлж байж бараа маань төмөр замаар ирдэг. Хятадаас ч тэр. Төлбөр тооцоо хийгдэж байж ачаа наашаа хөдөлдөг. Гэтэл Монголын ачаа ямар ч төлбөр тооцоогүй хил гараад явчихдаг. Энэ л хамгийн том алдаа.

Бид өөрсдөөсөө шалтгаалсан зүйлүүдийг цэгцлэх хэрэгтэй. Аливаа улс мөнгөн урсгал, худалдаа, тээвэр логистик гэсэн гурван зүйл дээр төвлөрдөг. Худалдааны экспорт хангагдаагүй байхад ямар ч нэмэргүй. Гадаад зах зээл дээр байгаа үнэ, эрэлт нийлүүлэлт гэхээс өмнө гадаад худалдааны эрх зүйн орчноо цэгцлэхгүйгээр хөгжихгүй. Гэтэл манайх үүний төлөө юу ч хийхгүй байгаа нь харамсалтай. Сая сонгууль болж, бүх улс төрийн намын мөрийн хөтөлбөрт “Худалдааны хуультай болно” гэсэн заалттай байсан. Харамсалтай нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг уншихаар энэ тухай үг, өгүүлбэр ч байхгүй. Ер нь Худалдааны хуульгүй байх нь ОХУ-д ашигтай. ОХУ-ын Монголын талаар баримтлах бодлогын гуравт, Монгол Улсыг хүнсээр хангана гэсэн заалттай байдаг. Энэ нь ч биелсээр, манай импортын хүнсний 70 хувийг ОХУ-аас оруулж ирж байна. Хятад ойлгомжтой. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээс хамгийн хямдаар авах сонирхолтой. Тиймээс худалдааны хуулийг л нэн тэргүүнд батлах шаардлагатай болоод байгаа юм.

-Нүүрсний экспортын сэдэв рүүгээ оръё. Биржийн худалдаа амжилттай байгаа юу. Экспорт зогссон гэсэн мэдээгээр биржийн худалдаа ч хөндөгдөх шиг болсон?

-Биржийн худалдаа бас хэвийн үргэлжилж байгаа мэдээллийг авсан. Гэхдээ биржийн худалдааны хувьд бид нэг зүйлийг анхаарах ёстой. Нэгэнт манайх Худалдааны хуульгүй учраас биржийн худалдаа бас л худлаа. Үнэндээ энэ бол классик худалдаа биш. Хэлбэртсэн л ажил. Мэдээж манай улсад биржийн худалдаа хэрэгтэй. Гэхдээ олон улсад байдаг хэв загвар энэ биш. Манайх бол зүгээр үнэ хаялцуулаад л сууж байгаа. Ар талд нь тээвэр логистик байхгүй.

Биржийн худалдаан дээр нүүрсний үнэ унахаар манай Таван толгойн удирдлагууд нүүрс тээврээ худалдан авагч талд хамт өгчихдөг. Уг нь энэ чинь тусдаа явах асуудал. Өөрөөр хэлбэл, А цэгээс Б цэг хүртэл ачаа тээвэрлэхэд ачааны үнэ ханш унах ямар ч хамаагүй зүйл. Үнэ бол бензин шатахуун, ажиллах хүчин зэрэг өөр хүчин зүйлээс шалтгаалдаг. Худалдаа, тээвэр логистикийн асуудлыг биржийн худалдаан дээр цогцоор нь шийдэхгүйгээр явахгүй. Хоёрт, Таван толгой компани өнөөдөр олборлогч юм уу, нүүрс худалдаалагч, эсвэл нүүр тээвэрлэгч үү. Бүгдийг хийж байна. Төр бүгдийг өөрөө авах шаардлагагүй. Олборлоод тээвэр худалдаагаа хувийн хэвшлээр хийлгэж болно.

-Нүүрсний худалдаанаас манай улс хангалттай ашиг хүртэх тухай асуудал хөндөгддөг. Та бол экспорт дээр татвар тавих ёстой гэж үздэг хүн. Үнэхээр тийм боломж байдаг уу?

-2014 оны үед болсон явдал. Нүүрс экспорт дээр Баяннуур аймаг татвар аваад эхэлсэн. Харин Монголын тал аваагүй. Уг нь айл ямар арга хэмжээ авна адилхан аваад явах ёстой. Хэрэв тухайн үед манай тал татвар авч эхэлсэн бол Гашуунсухайт боомт Баяннуур, Ганцмодын хэмжээнд хүрчих байсан. Замын-Үүдийг л хар л даа. Дөнгөж хагас жилийн байдлаар 2.9 тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Эрээн тэндээс татвар авдаг. Замын-Үүд авдаггүй. Тэгэхээр яаж хөгжих юм бэ. Орон нутагт эрх өгөх ёстой. Замын-Үүдийг орон нутгийн чанартай хот болгож, татвар авах эрхээр хангаад бие даасан байдлаар явуулахад Эрээнтэй адилхан хөгжөөд л эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

А.Ундраа: Өмгөөлөл үзүүлэхгүйгээр бусдад хэрэг тохдог, ял наймаалцдаг зэрэг ноцтой асуудал бодитой байгаа эсэхийг УИХ-ын Хянан шалгах Түр хороогоороо нээлттэй хэлэлцэх цаг болсон DNN.mn

“Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэн парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ удаагийн сонгууль Үндсэн хуулийн болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд явагдлаа. Таны хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон, ард түмнээ төлөөлөн ажиллаж байна. Юуны өмнө сонгуульд ямар байдлаар оролцов?

-УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор анх удаагаа парламентын 126 гишүүнтэйгээр сонгохоор явагдсан. Энэ бол монголчууд бидний хувьд шинэ өөрчлөлт. Анхны 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүнийг харахад хэд хэдэн зүйлийг хэлж болохоор байна. Тухайлбал, өмнөх парламентуудад гишүүдийн 1/3 нь шинэ гишүүд үлдсэн нь өмнө хэд хэдэн удаа сонгогдсон гишүүд дахин гарч ирдэг байсан. Харин энэ удаагийн парламентад шинэчлэл өргөн хүрээнд явагдлаа гэж харж байгаа. Манай “Үндэсний эвсэл”-ийн хувьд энэ оны нэгдүгээр сарын 29-нд анх байгуулагдсан. Улмаар маш богино хугацаанд сонгуульд бэлтгэн оролцсон. Хагас жил хүрэхгүй хугацаанд энэ эвсэл маань нэг хамт олон болж бүрдэж чадсан. Түүнчлэн энэ богино хугацаанд үзэл баримтлалаа тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж чадсан нь бидний хувьд амжилт гэж харж байгаа.

-“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяртай та өмнө нь буюу 2016-2020 оны парламентад хамт гишүүд байсан. Тэр парламентын үед Н.Номтойбаяр гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж байсан шиг санагдаж байна?

-Тэр үеийн парламентад байхдаа бид гар нийлж ажиллаж байсан. Н.Номтойбаяр тэргүүний хувьд хууль тогтоогч, Засгийн газрын гишүүнийхээ хувьд ч ажилдаа маш хариуцлагатай хандаж ирсэн хүн. Нөгөөтэйгүүр гүйцэтгэх засаглал болон хууль тогтоогч талаасаа бид маш сайн гар нийлж ажилладаг байсан. Тэр үед гарсан асуудлаас болж Н.Номтойбаяр гишүүнийг хорьж байсан. Гэхдээ би энэхүү асуудлыг зуун хувь хэлмэгдүүлэлт гэж ойлгодог. Одоо ч энэ байр суурь дээрээ итгэл үнэмшилтэй байгаа. Хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж хорьсон нь Н.Номтойбаяр гэдэг хүнийг сонгуулиас шахаж гаргах гэсэн харгис үйлдэл байсан.

Улс төрийн хүрээнд нэгнийгээ ингэж хэлмэгдүүлдэг, улс төрийн зорилгоор намнадаг явдлыг цаашид таслан зогсоох ёстой. Нөгөөтэйгүүр “Үндэсний эвсэл”-ийг бид гар нийлж ажиллаж чаддаг учраас анхнаас нь хамт байгуулаад явсан. Энэ эвслийн гол үзэл баримтлал болох “Иргэн баян бол улс баян” хэмээх философи надад маш их таалагддаг. Тиймээс бид анхнаасаа энэхүү улс төрийн хүчнийг үүсгэн байгуулаад явсан.

-Парламент 126 гишүүнтэй болсноороо улс орны хөгжлийг хурдасгах төрийн бодлого гарах суурь нөхцөл бүрдсэн гэж хардаг уу. Таны хувьд 76 гишүүнтэй байх үеийн парламентад ажиллаж байсан. Тоог нэмэгдүүлсэн ялгаа, ач холбогдлыг та юу гэж ойлгодог вэ?

-УИХ 126 гишүүнтэй болсноороо хэд хэдэн ач холбогдлыг хэлж болно. Анх 1992 онд 76 гэх тоог тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын тоо нэлээд их нэмэгдсэн. Энэ утгаараа төлөөллийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Нөгөөтэйгүүр холимог тогтолцоогоор сонгуулиа явуулсан нь тойргийн улс төр гэхгүй илүү бодлогын шинж чанартай шийдвэр гарах бололцоо бүрдэж байгаа. Өөр нэг онцлох зүйл нь сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл нэр дэвшигчдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжлүүлж оруулсан болохоор энэ парламентад хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдон гарч ирлээ. Гэхдээ бид хүйсийн тэгш төлөөлөлд хүрэх болоогүй байна. Анхны 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас дүгнэлт хэлэхэд эрт байна.

-Гишүүдийн хувьд Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг бид өөрсдөө хийх ёстой гэдэг зүйлийг хэлж байсан. Өмнөх парламентын баталсан Дэгийн тухай хууль та бүхний үг хэлэх эрхийг зөрчиж байна гэж харж байгаа юу?

-Дэгийн тухай хуулийн зарим өөрчлөлтүүд УИХ-ын гишүүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан, гишүүдийн ажлаа хийх боломжийг хашиж боогдуулсан заалтууд байна. Үүнийг энэ парламент засаж, залруулах болов уу гэж бодож байгаа. Учир нь ард түмний төлөөлөл ажлаа хийх ёстой. Тэр нөхцөлийг нь Дэгийн тухай хууль хангаж байх ёстой болохоос биш чөдөр болж болохгүй. Энэ хууль парламентаас гарах шийдвэрийн чанарт нөлөөлнө. Парламентаас шийдвэр гарна. Гэхдээ шийдвэр чанартай, сайн байх хэрэгтэй. Сул шийдвэр гаргах нь улс орны хөгжилд чөдөр болно. Тиймээс том зургаар нь харсан ч энэхүү хуулиа бид засаж, залруулах хэрэгтэй.

-Эвсэл байгуулагдаад хагас жил хүрэхгүй хугацаанд бэлдээд сонгуульд орсон гэлээ. Ер нь сонгууль шударга болж өнгөрсөн үү. Яг сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байх үед танай эвслээс нэр дэвшсэн хэд хэдэн гишүүд үнэмлэхээ авсан шүү дээ…?

-Анх байгуулагдсан цагаас эхлээд “Үндэсний эвсэл”-ийг маш олон талаар хааж боож ирсэн. Нэр дэвшүүлэх үйл явцад саад учруулсан. Нэр дэвшигчдийн мандатыг өгөхгүй янз бүрийн шалтгаанаар уяж, сонгуульд тэгш оролцох боломжийг нь үгүй хийсэн. Зарим нь сонгуулийн сурталчилгаа дуусахаас ердөө долоо хоногийн өмнө мандатаа авсан. Энэ маягаар сонгох, сонгогдох эрхэд халдсан. Үүнийг нийтээрээ харсан болохоор  мэдэж байгаа. Түүнчлэн сонгуулийн үеэр манай эвслийн штабын төв байр луу олон цагдаа хүч түрэн орж ирж, зүй бусаар хандсан. Штабт хуулийн дагуу цагийн ажил хийж байгаа оюутан, залуучуудыг айлган цочирдуулсан. Энэ залуус анх удаагаа сонгуульд ажиллаж, зарим нь анх удаагаа сонгуульд саналаа өгөх гэж байсан. Өнөөдөр бид залуучуудын улс төрийн оролцоо тааруу байгааг шүүмжилж ярьдаг. Гэтэл анх удаагаа сонгуульд ажиллаж, саналаа өгөх гэж байгаа залуучуудыг айлгаж, цочирдуулах нь тэдний цаашдын улс төрийн оролцоог үгүй хийж байгаагаас ялгаагүй. Тэр залуучууд зүгээр ажлаа хийснээрээ ямар нэгэн хууль бус ажил хийчихсэн мэт сэтгэгдэлтэй үлдэж байгаа нь хамгийн харамсмаар зүйл. Энэ мэт дарангуйллын шинж чанартай үйл явц саяны сонгуулиар маш их гарлаа. Ийм зүйл ардчилсан улсад байж болохгүй. Цаашид бид үүнд анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр цагдаа, иргэд гэсэн ялгаатай хандлагаар бие биедээ хүйтэн, ширүүн харьцах, нэгэнтэйгээ дайсагнах ийм нөхцөл байдал руу Монгол Улс аажмаар гулсан орж байгаад миний хувьд сэтгэл эмзэглэж байна. Бид өнөөдөр цагдаажсан төр гэж ярих болсон. Төрийн нэрийг барьж иргэд рүүгээ хүч түрэн ордог асуудал ардчилсан улсад байж болохгүй. Нэг үе цагдаа намайг хамгаална гэж ард түмэн ярьдаг, хүндэлдэг байсан. Харин одоо цагдаа хамгаалах нь битгий хэл битгий дарамтлаасай гэж бодох хүмүүс их байна. Тэгэхээр цагдаад итгэх итгэл гэдэг зүйл маш нандин, маш эмзэг зүйл. Энэ итгэлээ бид алдаж болохгүй. Алдчихвал амгалан тайван амьдрах боломж нөхцөл бүрдэхгүй. Тиймээс энэхүү итгэл эргэж сэргэх нь бид бүгдэд хамаатай асуудал юм.

-Цагдаад итгэх иргэдийн итгэл суларсан гэж байна. Саяхан цагдаад шалгагдаж байсан 21 настай иргэн амь хохирлоо. Үүнээс болж Монголын ард түмэн цочирдолд орлоо шүү дээ. Энэ асуудал дээр та Их хурлын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэхээр харамсалтай хэрэг гарсан. Юуны өмнө ар гэрт нь эмгэнэл илэрхийлье. АТГ-т цагдаа нарын талаар гомдол гаргасныхаа дараа харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ар гэр, найз нөхөд Төв талбай дээр зул өргөх үед миний бие мөн очсон. Ийм зүйл хэнд ч тохиолдоо билээ. Дахиж ийм зүйл болгохгүй, үүнийг таслан зогсоохын төлөө хууль тогтоогчийнхоо хувьд ажиллана. Энэ оны эхэнд буюу нэгдүгээр сарын 29-нд амь хохирогч цагдаа нарын талаар гомдол гаргасан юм билээ. Тэр цагаас хойш бүтэн тав, зургаан сар яг юу хийж байсан юм. Энэ хугацаанд уг асуудлыг яагаад шалгаад, шийдвэрлээд, мухарлаж болоогүй юм бэ. Хүний амь нас эрсдэж, ар гэр нь дахин гомдол гаргаж, энэ хэрэг олны анхаарлыг татсаны дараа тэрхүү камеруудыг өөр тийшээ харуулсан байсан, камер ажиллахгүй байсан гэдэг зүйлийг гарган ирж байна. Мөн цагдаагийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалсан мэдэгдлүүдийг хийсэн. Энэ хэрэг үнэхээр үнэн мөн нь тогтоогдоод цагдаа буруутай бол хариуцлага хүлээнэ гэсэн. Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэдэг бэлэн нөхцөлтэй сууж байдаг юм уу, цагдаа нар. Тогтоогдох юм бол би огцорно гэж цагдаагийн дарга нь хэлж байна. Яасан үнэтэй албан тушаал вэ. Хүний аминаас үнэтэй албан тушаал юм уу. Энэ дарга яасан айхавтар албан тушаалаасаа зууралдана вэ. Зүгээр ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа буух ёстой байсан. Гэтэл тэгээгүйгээс болоод цагдаагийн албанд зүтгэж байгаа олон мянган алба хаагчдын ажлыг үнэ цэнэгүй болгож байна. Ёс зүйн хариуцлагаа үүрээгүйгээс болоод цагдаагийн нэр хүнд унаж байна. Үүнийгээ энэ цагдаагийн дарга огт ухамсарласангүй.

-Нэг талдаа цагдаагийн хандлагын асуудал гарч ирж байна. Нөгөө талдаа Монголын цагдаад өнөөдөр шинэчлэл хийх шаардлагатай болсон гэж та хэлж байна уу?

-Энэ салбарт ноцтой ялзрал үүссэн байна. Үүнийг засахын тулд Хууль сахиулах их сургууль буюу бүүр боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоог бид анхаарах хэрэгтэй. Нэг цагдаа дээр оногдох ачаалал, гэмт хэрэгтэй тэмцэхдээ хүний эрхийн мэдлэггүйгээс болоод гаргаж байгаа алдаанууд юу байна вэ. Нөгөөтэйгүүр маш олон иргэд эрх зөрчигдсөн талаараа гомдол гаргадаг. Хэдэн зуун гомдол ирээд түүн дотроос гуравхан хэргийг шийдсэн байна гэдэг бол олон иргэний гомдол шийдэгдэхгүй, хана мөргөөд зогсдог гэсэн үг. Эдгээр асуудал УИХ хяналт тавих цаг нь болсон. Хяналт тавихын тулд Хянан шалгах Түр хороо байгуулах ёстой. Миний хувьд энэхүү Түр хороог байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Харамсалтайгаар амь насаа алдсан залуугийн төлөө хийж чадах чухал зүйл бол асуудлын үнэн, зөвийг тогтоох гэж бодож байна. Нөгөөтэйгүүр адилхан хүний амь нас хохирсон олон хэргүүдийн сураг, ажиг сонсогдож байна. Зарим нь гомдол гаргасан гэж байгаа. Түүнээс гадна эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон, өмгөөлөл хангалттай байна уу, өмгөөлөл үзүүлэхгүйгээр бусдад хэрэг тохдог, ял наймаацах зэрэг ийм ноцтой асуудал бодитой байгаа эсэхийг шалгах тогтоох, гаргасан гомдлуудыг мухарлах ёстой. Үүнийг УИХ-ын Хянан шалгах Түр хороогоороо ил тод нээлттэй хэлэлцэх цаг болжээ.

-Тэгэхээр энэ агуулгаар таны хувьд УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан гэсэн үг үү?

-Хянан шалгах Түр хороо дээрх хэрэг, асуудлуудтай холбоотой зөрчлийг гаргаж ирэх, шийдлийг нь эрж хайх, улмаар нийгмээрээ хэлэлцэн буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох зэргийг бүгдээрээ хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс яг энэ агуулгаар миний бие УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж байна. Энэхүү тогтоолын төсөл дээрээ УИХ-ын гишүүдийг хамтран санаачлахыг хувьдаа урина. Нөгөөтэйгүүр энэхүү тогтоолын төсөл дээр маань ямар, хэн гэдэг гишүүн хамтарч байгааг тухай бүрдээ өөрийн цахим хуудсандаа нийтлээд, олон нийтэд танилцуулаад явна.

-Та түрүүн цагдаагийн шинэчлэлийг цагдаа бэлтгэж байгаа боловсон хүчний тогтолцооноос эхлэх хэрэгтэй гэж хэллээ. Яг ямар шинэчлэлт энэхүү тогтолцоонд шаардлагатай байна вэ?

-Цагдаагийн мэргэжлийн ур чадвар дээр нэмээд нэр хүнд, хандлагын асуудлыг бид ярьж байгаа. Мэдээж мэргэжлийн ур чадвар сайтай, ажлаа шударга, хуулийн дагуу хийж байгаа бол дагаад нэр хүнд өснө. Нэр хүнд өсөхийн зэрэгцээ цагдаа, иргэдийн дунд итгэлцэл бий болно. Нөгөө талдаа автоматаар цол нэмэгддэг асуудал байна. Ажлаа сайн хийсэн эсэхээс үл хамаараад тодорхой хугацаанд ажилласан бол цол нь нэмэгддэг. Энэ нь зөв үү, буруу юу. Илрүүлсэн гэмт хэргийн гүйцэтгэлтэй дүйцүүлэн явна гэхээр хэн нэгэнд хэрэг тулгадаг асуудал дагаад өсөх вий гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр цагдаагийн асуудлыг зөвхөн нэг өнцгөөр бус олон талаас нь харж байж бид өөрчлөх хэрэгтэй. Үүнд цаг хугацаа шаардагдана. Гэвч бид одооноос шинэчлэлтээ эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Энэ парламентад таван улс төрийн хүчний төлөөлөл орж ирсэн. Гурав нь хамтраад гүйцэтгэх засаглал руу орчихлоо. Үлдсэн хоёр нь, тэр дундаа танай эвсэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж явна. Ер нь энэ хамтарсан Засаг байгуулагдах асуудалд “Үндэсний эвсэл” анхнаасаа ямар байр суурь илэрхийлж байсан бэ?

-“Үндэсний эвсэл” сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж явна гэдгээ анхнаасаа тодорхой хэлсэн. Олны өгсөн санал, итгэлийг бид хариуцлагатайгаар дааж явж, ард түмнийхээ дуу хоолой нь болох ёстой. Сөрөг хүчин гэхээр юм бүхнийг нь эсэргүүцнэ гэсэн үг биш. Зарчмаараа явах ёстой байх. Гэвч энэ улсад зарчим аль хэдийнэ алдагдсан. Үүний нэг тод жишээ бол энэхүү хамтарсан засаг. Үндсэн хуульдаа олонх болсон нам, улс төрийн хүчин дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ. Олонх болж чадаагүй бол суудал авсан бусад улс төрийн хүчинтэй эвсэж Засгийн газраа бүрдүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, ямар үед хамтарч эвсэх вэ, ямар үед дангаараа Засгийн газраа байгуулах вэ гэдэг нь Үндсэн хуульд тодорхой байна шүү дээ. МАН-ын хувьд саяны сонгуулиар дахин олонх болж гарч ирсэн. Гэтэл цөөнхтэйгөө хамтраад Засгийн газраа байгуулчихлаа. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү, биш үү гэдэг асуудал гарч ирж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц тайлбараа өгөх хэрэгтэй. Хэрэв Үндсэн хуулиа зөрчсөн бол анхнаасаа нөгөө мордохын хазгай гэдэг нь болж байгаа юм биш үү. Нөгөө талдаа эрх мэдэл, засаглалын хяналт чухал. Энэхүү хамтарсан Засгийн газарт эвсэж орсон АН, ХҮН намууд өөрсдийгөө яаж хянах нь ойлгомжгүй.

-Дотор нь орж байгаад хянана гэдэг тайлбарыг өгч байгаа шүү дээ…?

-Тийм зүйл гэж байхгүй. Гаднаас нь хянаж болохгүй, дотор нь орж хянана гэдэг бол нэг талдаа хуйвалдааны онол шиг ойлгогдохоор байна. Зөвхөн дотроос нь хянана гэдэг бол ардчилсан, нээлттэй, ил тод байх зарчимтайгаа зөрчилдсөн агуулга. Дотор нь орж байж л ямар нэгэн мэдээлэл олж авах боломжтой. Харин гаднаас нь тэрхүү мэдээллийг олж авах боломжгүй гэх маягтай ойлголт явж байна. Тэгэхээр ийм байж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд үйл ажиллагаагаа явуулсан Засгийн газрыг энтертаймэнт, пи-арын Засгийн газар байсан гэж би хувьдаа шүүмжилдэг байсан. Тэгвэл энэ удаагийн хамтарсан Засгийн газар энтертаймент дээрээ хуйвалдааны Засгийн газар болж таарах гэж байна уу. Өөрөөр хэлбэл, гаднаасаа хаалттай, дотор нь орж байж асуудлыг нь мэддэг Засгийн газар гэсэн үг үү. Тэгэхээр дотроос нь хянана гэдэг ухагдахуун нь өөрөө локигийн алдаатай тайлбар. Ер нь хяная гэвэл хаанаас нь ч хэнийг ч хянах эрх зүйн орчин бидэнд бий. Парламентад сөрөг хүчин гэдэг асар чухал. Хууль тогтоох үйл ажиллагаанд хяналт тавина. Үүнээс гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагууд гэж том хүч бийг мартаж үл болно.

-Тэгэхээр таныхаар бол улс төрийн намууд хамтрах ямар ч шаардлага байхгүй ба хамтарснаараа Үндсэн хууль зөрчсөн гэж хэлж байгаа юм байна, тийм үү. Нөгөө талдаа хамтрах гол зорилго нь юу юм бэ гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хамтарсан Засгийн газрыг харахад нэг зүйл ойлгомжгүй харагдаад байгаа юм. Хамтарна гэж шийдчихээд хамтарсан. Тэгсэн атлаа хэрхэн хамтарч болох вэ гэдэг туршлага судлаад Германд явж байна гэсэн. Би үүнийг нь гайхаж байна. Хамтарчихсаныхаа дараа хамтрах гэрээгээ байгуулдаг юм уу. Эсвэл эхлээд хэрхэн хамтрах вэ гэдэг гэрээгээ байгуулчихаад хамтардаг юм уу. Өөрөөр хэлбэл, танихгүй хоёр хүн хоорондоо шууд гэрлэчихэж. Гэрлэчихсэнийхээ дараа хоорондоо танилцъя гэж байна шүү дээ. Үүнтэй ялгаа алга. Тэгэхээр үнэхээр хамтрах гэж байгаа бол эхлээд юун дээр нэгдэх вэ. Ямар зорилготой хамтрах вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Дараа нь тэрхүү зорилго, зорилтоо биелүүлэхийн тулд хамтарсан гэрээ байгуулаад улмаар Засгийн газрынхаа үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байсан. Ийм олон асуудал байна. Тэр бүгд нь Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байгаа юм биш үү гэсэн байр суурьтай байгаа.

-Таны хэлдгээр үнэхээр мордохын хазгай гэдэг нь болж байгаа бол цаашдаа үр дүн гарах нь бага юм биш үү. Нөгөө амласан, ярьсан том төслүүдээ хөдөлгөх үү. Том бүтээн байгуулалтын ажлуудаа хийж чадна гэдэгт эргэлзээ төрмөөр юм биш үү?

-Юун түрүүнд аль ч нам, эвсэл, улс төрийн хүчин байсан ялгаагүй бид нэг Монгол Улстай. Нэг эх оронтой. Тэр утгаараа чадах чинээгээрээ энэ улсын хөгжил урагшлаасай, эдийн засаг нь илүү дээшээ өсөөсэй гэж бодно. Нэг эерэг мэдээ байгаа нь өнөөдөр дэлхийн зах зээл дээр манай экспортолдог уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй өндөр байна. Энэ бол бидний хувьд сайн мэдээ. Ойрын хугацаанд ч энэ өсөлт хэвээрээ байх хандлага ажиглагдаж байгаа нь ч сайн. Энэ цаг үед бидний хувьд хувийн хэвшлээ дэмжих хэрэгцээ, шаардлага урьд өмнөхөөсөө илүү чухлаар тулгарч байна. Өнөөдөр залуучууд эх орноосоо дайжин гарч байна. Хувийн хэвшлийн компаниудад ажиллах хүч олдохгүй байна. Энэ олон асуудлын хажуугаар төр нь хувийн хэвшлийнхээ өмнүүр орж бизнесийг нь булаадаг, ажлыг нь авдаг, боломжийг нь хулгайлдаг асуудал их байна. Эдгээр асуудлыг энэ Засгийн газар зоригтой шийдээд явж чадах эсэх нь эргэлзээтэй. Анхаарч, ажиглаж байна даа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 15, Бархасбадь гариг. Билгийн тооллын 11, Гар одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 05:48 цагт мандаж 20:06 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уралдаан” нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уралдаан” нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 градус, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уралдаан” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг”  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр “25 мянга
гаруй хүүхэд гуравдугаар ээлжээр хичээллэх магадлалтай байгаа” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уралдаан” нийтлэл хэвлэгдлээ.

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугч М.Төрбаяр “Шатсан байрыг маань гудамжны хүмүүс тонож, хоног төөрүүлдэг боллоо” хэмээв.

Эдийн засагч А.Батпүрэв “Экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр ам.долларын ханш буурна” хэмээн ярилаа.

  • Тяньжин боомтод манай 5150 чингэлэг гацсан хэвээр байна
  • Реппер Гинжин “Энэ мөч” тоглолт кино шиг дөрвөн хэсэгтэй” гэлээ.

Төрийн шагналт зохиолч  С.Оюун “Уйгаржин бичигт шилжвэл ухралт л болно” хэмээн хүүрнэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Украины арми Оросын 74 сууринг эзлэн авчээ

АРЫН НҮҮР: Зөв цагтаа байх үнэ цэнэтэй


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Харанга” хамтлагийн 35 жилийн ойн тоглолтын тасалбар худалдаанд гарчээ DNN.mn

Монголын рок попын хөгжмийн амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 35 жилийн ойдоо зориулан “Амьдрал” амьд хөгжмийн тоглолтыг 2024 оны наймдугаар сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл уг тоглолтын “VIP” болон “Fan zone” тасалбар ticket.mnээр худалдаалагдаж эхэлжээ.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “PPL”, хамтран зохион байгуулагчаар “Mongol Event” ажиллаж байгаа аж. Энэхүү амьд хөгжмийн наадамд 35 хамтлаг, дуучид ая дуугаа өргөх байна.