Categories
мэдээ нийгэм

Монгол дахь “Оросын Филологийн сургууль 2024” төсөлд оролцох өргөдөл хүлээн авч эхэллээ

2024 оны 11-р сард В.Г Короленкогийн нэрэмжит Глазовын Улсын инженер, багшийн их  сургууль Россотрудничествогийн дэмжлэгтэйгээр Монгол дахь орос хэлийг заах сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Гурван өдрийн интерактив хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас ирсэн багш нар багийн тест, сэдэвчилсэн платформ, лекц, практик хичээл, бүлгийн төслийн үйл ажиллагаа явуулна. Энэхүү хөтөлбөрийг Монгол улсын боловсролын байгууллагуудын орос хэлний багш нар болон ирээдүйн орос хэлний багш нар- Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сүүлийн курсийн  оюутнуудад зориулан боловсруулсан.

Орос хэлний сургалтын хөтөлбөр нь монгол сонсогчидад орчин үеийн орос хэлний сурах бичиг зохиох одоо байгаа арга техник, боловсролын мэдээллийн технологиор орос хэлийг заах аргын сэдэвчилсэн асуудлуудтай танилцах, боловсролын уран зохиол, сурган хүмүүжүүлэх загвартай ажиллах ур чадварыг эзэмшүүлэх боломжийг олгоно.

Арга хэмжээний үр дүнгийн дараа сонсогчид мэргэжлийн хөгжлийн гэрчилгээ авах болно.

Төсөлд оролцох хүсэлтийг 8-р сарын 1-ээс 31 хүртэл төслийн вэбсайтад https://rusphsch.comбөглөж болно.

2024 оны 9-р сарын 16-аас 10-р сарын 11 хүртэл сайтад бүртгүүлсэн хүн бүрийг тест хийх, эссэ бичих хэлбэрээр сонгох шаардлагатай. Сонгон шалгаруулалтын нөхцлийг дараа нь оролцогчдод зарлах болно.

100 багшийг 2024 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт биечлэн зохион байгуулах арга хэмжээнд оролцуулна.

Төслийн бүх үйл ажиллагаа, байр, хоол зэрэг нь Оросын талын зардлаар оролцогчдын хувьд үнэ төлбөргүй зохион байгуулна.

 

Оролцохтой холбоотой асуулт байвал +7-911-730-14-94 (Telegram, WhatsApp) болон info@rusphsch.com хаягаар холбогдоно уу.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцоно DNN.mn

Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд:

  1. Монгол Ардын Нам
  2. Ардчилсан Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний Зориг Ногоон Нам
  5. Бүгд Найрамдах Нам
  6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  7. Иргэний Хөдөлгөөний Нам
  8. Хөгжлийн Хөтөлбөр нам
  9. ХҮН Нам
  10. Ард Түмний Хүч Нам
  11. Үнэн ба Зөв Нам
  12. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  13. Гэр Хороолол Хөгжлийн Нам
  14. ШИНЭ Нам
  15. Иргэдийн Оролцооны нэгдэл нам
  16. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргаснаар дээрх нам эвслүүд сонгуульд оролцох эрхтэй болж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Ганбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентын ээлжит бус чуулган өнөөдөр (өчигдөр) нээлтээ хийлээ. Энэ хурлаар ямар, ямар асуудлыг хэлэлцэхээр болсон юм бэ?

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хамгийн гол нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л хэлэлцэнэ. Үндсэндээ энэ жилийн төсөвтөө тодотгол хийнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Засгийн газар 2024-2028 онуудад ямар, ямар ажлуудыг хийх гэж байгаа юм гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг ярина.

-Төсвийн тодотголын төсөлтэй танилцаж амжсан уу. Нийтдээ гурав орчим их наяд төгрөгөөр төсвийг тэлсэн тухай шүүмжлэл явж байна шүү дээ?

-Миний хувьд төсөлтэй танилцсан. Ер нь төсөв гэдэг чинь орлого, зарлага хоёрыг л хэлдэг. Орж байгаа орлого, гарч байгаа зарлага хоёр тэнцэх ёстой. Үүнийг нь төсвийн тэнцвэржилт гэж ярьдаг. Харин олж байгаа орлого төсөвлөснөөс гэнэт ихсэх юм бол төсвийн тодотгол хийдэг. Одоо шинээр нэмэгдэж орж ирж байгаа 2.9 их наяд төгрөгийг юунд зарцуулах вэ гэдгээ одоо энэ чуулганаар ярина. Олон жил бид төлөвлөснөөс өөрчлөгдсөн учраас юунаасаа хасах вэ гэдгээ ярих гэж төсвийн тодотгол хийдэг байсан. Харин энэ удаад төсвийн орлого нэмэгдсэн учраас тодотгол хийх гэж байна.

-Тэгвэл төсвийн орлого яагаад ингэж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн хэрэг вэ?

-Үүнийг ёстой ард түмэнд хэлэх ёстой. Хятад руу гэнэтхэн баахан нүүрс зараад мөнгө ороод ирэв үү, эсвэл юунаас болж нэмэгдсэн бэ гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй. Нэгдсэн төсвийн нийт орлогын батлагдсан дүнгээс 2.9 их наядаар нэмэгдүүлсэн байгаагаас хамгийн их нь буюу 58.6 хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас орсон байна. Нэг ёсондоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа юм. Энэхүү өсөлтийн шалтгааныг нь тодруулахаар би яг одоо сууж байна. Ард түмэн үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Яг үйлдвэрлэлийн өсөлт үү. Инфляци хэдэн хувь нөлөөлсөн бэ. Мал, махны экспорт нэмэгдсэнээс болов уу гэсэн асуултуудад хариулт олох нь энэ удаагийн төсвийн тодотголын хамгийн чухал зүйл.

Би бодохдоо энэ удаад эрүүл биш төсвийн өсөлт байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмсэн байна гэж харж байгаа. Тиймээс л хүмүүсийг үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаа юм.

-Засгийн газрын өр нэмэгдсэн гэж байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Үүнийг би ээлжит бус чуулганы үеэр нэлээд дэлгэрүүлж ярина. Гэхдээ танд товч мэдээлэл өгөхөд, үнэхээр Засгийн газрын өр нэмэгдэж орж ирсэн. Гэтэл гадаадын энэ өр зээл, тусламж бодит амьдрал дээр аж ахуйн нэгж, ард иргэдэд яаж наалдаж байгаа юм гэдгийг асуух хэрэгтэй. Монголын ард түмний аж амьдрал, зовлон бэрхшээлийг нулимс гартал төсөл бичээд гадаадаас зээл, тусламж хэлбэрээр авдаг. Үүнийхээ ойролцоогоор 70 хувийг нь өөрсдөдөө цалин болгож аваад 30 хувийг нь аманд ч үгүй, хамарт ч үгүй байдлаар тараадаг юм биш биз дээ гэж би хардаж байгаа. Ийм байвал нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Энэ өр, зээлийг чинь Монголын хүүхдүүд дараа нь хүүтэй нь төлнө. Тийм ч болохоор чуулган дээр нэлээд дэлгэрүүлж ярихаар төлөвлөж байгаа юм. Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт дотор Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэлийн төсөл байгаа. Гэтэл үүн дээр нэгхэн тэрбум төгрөг тавьсан. Уг нь мал аж ахуйн салбарыг өөд нь татах хамгийн гол төсөл юм шүү дээ. Бусад дээр нь болохоор олон зуун тэрбумаар нь тавьдаг. Өөрсдөдөө цалин авах гэж ийм олон хэрэгтэй, хэрэггүй төсөл хэрэгжүүлээд байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Үүнийг би мөнгө угаалт гэж ойлгодог. Сангийн яам хянаж, хариуцах ёстой. Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос яг энэ асуудал дээр Ажлын хэсэг байгуулж ажиллана. Эргээд ард түмэндээ тайлангаа тавина.

-Сонгуулийн үр дүнгээр гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт хамтарсны дараа олон юм ярих нь жаахан ёс зүйгүй юм. Гэхдээ хяналтын механизмаа сайн хэрэгжүүлээрэй л гэж ард түмэн сонголтоо хийсэн байх гэж би ойлгодог. Одоо чинь хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан. Үүн дотор нь олон олон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт бичсэн байна. Гэвч зүгээр л мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна. Үүний цаана ТЭЗҮ, мэргэжилтэн, инженер, судлаачдын үндэслэл нь хаа байна гээд асуухаар бараг 50 орчим хувь дээр нь байхгүй л гэж хариулж байгаа юм. Манайхан чинь гарчиг хараад л баярлаад байдаг. Гэтэл үүн дотор чинь л луйвар байдаг юм. Тиймээс энэ төслүүд дээр хянуур хандаж, ТЭЗҮ-ийг нь сайн харах ёстой.

-Хамтарсан Засгийн газрын гэрээн дээр ямар, ямар заалт орсон юм бэ?

-Гэрээ гэдэг чинь хэрэгжих ёстой. Хэрэв хэрэгжихгүй бол яаж хариуцлага тооцох юм. Хэн нь хэндээ хариуцлага тооцох юм гээд асуудлууд бий. Миний нэг дургүй байгаа зүйл гэвэл МАН-ын дарга нь Ардчилсан намын сайд нарыг нөгөө фракцуудтай нь ярьж солино гэдэг заалт орсон байна лээ. Үүнийг ч гэсэн тодруулж асуух шаардлагатай.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зүйлүүдээс онцлох юм юу байна вэ?

-Үйл ажиллагааны хөтөлбөрт бүтээн байгуулалтын том том төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна лээ. Жишээлбэл, Ган татлагат гүүрэн байгууламж, Хөшигийн хөндийн тунель, Засгийн газрын нэг цэгийн цогцолбор, Туул хурдны зам гээд долоон том төсөл байсан. Харамсалтай нь аж үйлдвэржсэн, ажлын байр бий болгосон, орлого нэмэгдүүлдэг, мөнгөөр мөнгө хийдэг аж үйлдвэрийн төсөл огт байхгүй. Дандаа дэд бүтцийн төслүүд. Үүнийг би эсэргүүцээгүй. Гэхдээ дэд бүтцийн төслүүдийг аж үйлдвэрийн төслүүдээсээ олсон ашгаараа хийдэг. Бүгдээрээ дэд бүтцийн төсөл байдаг нь яаж байгаа юм. Ядаж тал нь аж үйлдвэрийн төсөл байж болоогүй юм уу гээд асуулт их байна. Дээрээс нь төсвийн тодотголд 3.1 их наяд төгрөгөөр зарлагыг нэмэгдүүлж байгаа. Үүний 1.7 их наяд нь хөрөнгийн зардал, 1.2 их наяд нь урсгал зардал байсан. Одоо он дуустал дөрөвхөн сарын дотор ийм их мөнгийг нэмж зарцуулах гэж байна. Хамгийн аюултай зүйл нь энэ. Орон нутгийн сонгуульдаа зарцуулах гэж байна гэж хардах нь хаашаа юм. Гэхдээ үүнийг тодруулах ёстой. Хөрөнгийг нь зарцуулж чадах эсэх дээр тайлбар авна. Мөн хувь хүний орлогын албан татварыг 539 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Гэтэл зөрүүлээд төрийн албан хаагчдын цалинг 110 тэрбум төгрөгөөр хассан байгаа юм. Тийм олон цомхотгол хийсэн үү. Эсвэл тооцооны алдаа байна уу гэдгийг тодруулах л хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн бүсчилсэн паркууд барина гэж яриад л байсан. Засгийн газрын хөтөлбөрт тэр нь хэр туссан юм бэ?

-Яг энэ асуудал Засгийн газрын хөтөлбөрт байгаагүй.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүн 37.4 их наяд төгрөг болжээ DNN.mn

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 (5.6%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

May be an image of text

Categories
story-news

“Орбис” нүдний нисдэг эмнэлэг Монголд ажиллаж байна

“Орбис” нүдний нисдэг эмнэлэг Монголд ажиллаж байна

Categories
story-news

Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү

Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү

Categories
story-news

Эдийн засагч А.Батпүрэв: Экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр ам.долларын ханш буурна

Эдийн засагч А.Батпүрэв: Экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр ам.долларын ханш буурна

Categories
story-news

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугч М.Төрбаяр: Шатсан байрыг маань гудамжны хүмүүс тонож, хоног төөрүүлдэг боллоо

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугч М.Төрбаяр: Шатсан байрыг маань гудамжны хүмүүс тонож, хоног төөрүүлдэг боллоо

Categories
гадаад мэдээ

Украины армийн ээлжит амжилтууд DNN.mn

Глушково тосгоныг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад удаагүй байсан Курск мужийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов энэхүү дүүргийн нутагт бүхэлд нь албадан нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаснаа зарлаж “Курск мужид Украины Зэвсэгт хүчний ажиллагааны үеэр Глушковский дүүрэг гурван талаас шахагдсан. Баруун ба өмнөд талаас – Украины хил, зүүн зүгээс-Украины Зэвсэгт хүчний зарим хэсэг Суджанскийн дүүргээс Кореневскийн дундуур ойртож байна” гээд “Эрхэм элэг нэгтнүүд ээ! Би та бүхнээс одоогийн нөхцөл байдалд ойлголцолтой хандаж, аюулгүй байдлын болон орон нутгийн удирдлагуудын бүх зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсч байна” гэж мэдэгдэв. Украины дайны өмнө Глушковский дүүрэг 20 мянга орчим хүн амтай байсан юм байна. Энэ үеэр “ВВС” Оросын нутаг дэвсгэрт байгаа украин цэргүүдтэй холбогдож ярилцлага авснаа нийтэлжээ. Нэг украин цэрэг ”Манай “гэнэдүүлэх довтолгоон” үүргээ сайн гүйцэтэсэн. Бид бараг ямар ч эсэргүүцэлгүйгээр маш амархан Оросын нутгийн гүнд нэвтэрч чадсан. Наймдугаар сарын 6-ны шөнө манай эхний бүлгүүд хил давж, хэд хэдэн чиглэлд довтолсон. Бараг тэр даруйдаа бид Сужа хотын баруун захад хүрсэн” гэж хэлсэн бол Украины армийн өөр нэг цэрэг “Агаарын довтолгоон улам ширүүсч, тулалдаан ойртож байгаа тул хилийн хоёр талаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна. Оросын энгийн иргэд биднийг ямар нэгэн байдлаар эсэргүүцэхгүй байна. Гэхдээ ихэнх нь бидэнд маш таагүй хандаж, эсвэл огт харьцахгүй байна. Бас тэд Оросын цэргүүдийн байршлуудын талаар худлаа ярьж байна. Харин бид тэдэнд муу саналгүй, тайван зөнгөөр нь байлгаж байна” гэж хэлжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ өдрийн орой ээлжит мэдэгдэл хийж “Оросын нисэх онгоцны дөрвөн буудалд оновчтой, цаг алдалгүй, үр дүнтэй цохилт өгсөнд баярлалаа. Манай Украины дронууд яг шаардлагатай хэмжээгээр ажиллаж байгаа ч дроноор хийх боломжгүй зүйл гэж бас байна. Харамсалтай нь бидэнд одоогоор барууны пуужингуудыг ашиглах боломж байхгүй байна” гээд “Өнөөдөр Курск мужид манай арми сайн ахиц дэвшил гарган, бид стратегийн зорилгодоо хүрч байна. Манай олзны цэрэг солилцох сан ч нэлээд хэмжээгээр нэмэгдлээ” гэж хэлжээ. Украины Агаарын цэргийн хүчин ОХУ-ын Курск, Нижний Новгород, Воронеж мужид байрлах Оросын цэргийн “Халино”, “Саваслейка”, “Борисоглебск”, “Балтимор” цэргийн нисэх онгоцны буудлуудад нэгэн зэрэг дроны цохилт өгч гал түймэр дэгдэж буй нь нийтийн  сүлжээнд тавигдаад байгаа билээ. Эдгээр буудлуудад Украинд гол хохирол учруулж байгаа Оросын “Су-34” сөнөөгч бөмбөгдөгч онгоц, “Су-35” сөнөөгч болон бусад цэргийн нисэх онгоцууд байрладаг юм. Гэхдээ энэ дайнд удахгүй Украины “F-16” агаарт ноёрхож эхлэх нь тодорхой болоод байна. Учир нь саяхан АНУ-ын гол хоёр намын төлөөлөл Киевт айлчилсан. Энэ үеэр өнгөрсөн жил “НАТО-гийн холбоотнуудад “F-16” онгоц Украин руу шилжүүлэх зөвшөөрөл олгохыг хэргээр хойшлуулсан” гэж Байдены засаг захиргааг шүүмжилж байсан АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэхэм Киевт болсон хэвлэлийн бага хурал дээр “Украины нисгэгчид “F-16” онгоцыг жолоодож сурч байгаа бөгөөд та бүхэнд хангалттай олон нисгэгчтэй болоход хугацаа орно. Иймээс та бүхэн тэтгэвэрт гарсан “F-16” онгоцны барууны нисгэгчдийг хөлсөлж авснаар Украины нисэх хүчин эдгээр онгоцнуудыг хурдан, үр дүнтэй ашиглах боломжтой болно… Та бүхэн үнэхээр зоригтой байна. Бүр маш гайхалтай! Үргэлжлүүлээд байгаарай! Миний хувьд Байдены засаг захиргаанд хэлэхийг хүсч буй зүйл

бол “Украинчууд алдаа гаргаж болохгүй. Иймээс тэдэнд энэ дайнд ялахад шаардлагатай бүх зэвсгийг нь өг” гэж хэлэх явдал юм” гэж хэлсэн билээ. Хэргийн учир нь Кремлийн суртал ухуулагчид сүүлийн үед “Барууны орнууд Украинд цэргийн тусламжийн шинэ багц өгнө гэж амлахад тэр нь аль хэдийнэ ирчихсэн байдаг” хэмээн гомдоллох болоод байгаа юм. Энэ нь эдгээр нисгэгчид аль хэдийн Украинд ирчихсэн байж магадгүй гэсэн үг юм.

Ингэснээр Курскийн чиглэлд ОХУ агаарт ноёрхож чадахгүй гэдэг нь тодорхой болж байна. Учир нь Оросын онгоцнууд тус бүрдээ локатортай байдаг бөгөөд харин “F-16” өөрөөсөө ямар нэгэн долгион гаргаж, локатор ажиллуулахгүй зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ гаднаас хүлээн авдаг юм. Энэ нь Оросын “Су”, “МИГ”-уудын локаторын долгионыг хүлээн авмагц “F-16”-ийн “агаар-агаар” ангиллын пуужингууд автоматаар Оросын онгоцнуудыг очиж сөнөөнө гэсэн үг билээ. Иймээс “F-16”-д Сирийн тэнгэрт Оросын “Су”, “МИГ”-үүдийг устгасан байлдааны хангалттай туршлага байгаа бол харин Оросын онгоцнуудад “F-16”-г сөнөөх туршлага байхгүй байгаа юм. Энэ нь Украины арми Оросын эзэлсэн нутгийг түр хориглон хамгаалж, цаг хожин агаарт ноёрхож эхлэнгүүт ганц “ухас хийлт”-ээр Москва чиглэлийн Е105, Е38, М-4 чиглэлийн төмөр болон авто замыг тасална гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайнд хангамжийн замаа таслуулж ялагдсан Францын армийн гол хүчний хувь заяаг Оросын арми давтаж магадгүй болоод байна.

Categories
мэдээ нийгэм

“Орбис” нүдний нисдэг эмнэлэг Монголд ажиллаж байна DNN.mn

Эрүүл мэндийн яамны урилгаар “Орбис” нүдний эмнэлэг ес дэх удаагаа Монгол Улсад иржээ.

Энэ сарын 22-ныг хүртэл Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг дээр сургалт зохион байгуулна.

“Алкон” сан, “ФедЭкс” болон “ОМЕГА” ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл нь Монголын нүдний эмч нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлж, хүүхдийн катаракт, хялар, насанд хүрэгчдийн глауком, торлог зэрэг нүдний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг сайжруулж сургалт явуулах юм. Түүнчлэн мэдээгүйжүүлэлт, сувилахуйн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр сургалтууд хийнэ.

Тус эмнэлэг 1989 онд Монгол Улсад анх ирснээс хойш найман удаа айлчилсан бөгөөд  хамгийн сүүлд  2018 онд иржээ. Мөн “Ковид-19” тархсан жилүүдэд нисдэг эмнэлгийн хөтөлбөрийг цахим  хэлбэрээр нийт 4 удаа хэрэгжүүлсэн байна.

4 настай Сарнай охинд Орбисын дэмжлэгтэйгээр мэргэшсэн нүдний эмч мэс заслын дараах үзлэг хийж байна. Зургийг: Жефф Оливер Багби

Орбисын эмнэлгийн хамт олон болон сайн дурын нүдний мэргэжилтнүүдээс бүрдсэн баг нь симуляц, гар мэс заслын сургалт, өвчтөний тусламж үйлчилгээ зэрэг сэдвээр семинарт оролцогчдыг удирдан чиглүүлнэ.

Прожект Орбис Интернэйшнл ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ  “Орбис нь Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) болон П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаадаа гүнээ талархаж байна. Бидний урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын нүдний тусламж үйлчилгээний чанар хүртээмж тодорхой хэмжээнд сайжирсан гэж үзэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Алкон Сан, Федэкс болон ОМЕГА нарт Орбисын нэрийн өмнөөс ихэд талархаж байгааг энэ дашрамд хэлмээр байна” хэмээн хэллээ.