Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Словени Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Др. Наташа П.Мусар Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал, аялал жуулчлал, ой зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайншанд Замын-Үүд чиглэлийн авто замыг сэргээн засварлажээ DNN.mn

Сайншанд Замын-Үүд чиглэлд 576-578-км-т орсон борооны улмаас эвдэрсэн авто замын хөвөө шуудуу сэргээн засварлалаа.

May be an image of text

Categories
гадаад мэдээ

Курск болон Украины фронт ба “F-16” DNN.mn

Энэ сарын 6-нд Украины зэвсэгт хүчин Курск мужид томоохон хэмжээний давшилтын ажиллагаа эхлүүлж, дэлхийн II дайн дууссанаас хойш анх удаа гадны цэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт ороод байгаа билээ. Харин энэ сарын 9-нд Оросын эрх баригчид Белгород, Брянск, Курск мужуудад “терроризмын эсрэг ажиллагааны дэглэм” тогтоож, Холбооны Аюулгүй байдлын албаны удирдлагад Курскийн асуудлыг хариуцуулсан юм. Энэ нь Путин Батлан хамгаалах яамны генералуудад итгэхгүй байна гэсэн үг болсон билээ. Харин Курскийн тулааны байдлыг барууны хэвлэлүүд тасралтгүй мэдээлсээр байна. Тухайлбал, “The Wall Street Journal” Кремль Украины зэвсэгт хүчний довтолгооны эсрэг өнгөрсөн долоо хоногийн дундуур Курск мужид Украины фронтоос 5000 цэрэг шилжүүлсэн тухай мэдээлжээ. Уг нийтлэлд “ОХУ-ын гол довтолгооны хүч төвлөрсөн Донецк мужаас зөвхөн нэг бригад, бусдыг нь ач холбогдол багатай газруудаас татсан” гээд цэргийн шинжээчид Украины Зэвсэгт хүчнийг Курск мужаас шахан гаргахын тулд Москвад 20 мянга гаруй сайн бэлтгэгдсэн цэрэг хэрэгтэй гэж үзэж байгаагаа онцолжээ. Харин Украин өөрийн цэргийн довтолгооныг дэмжихийн тулд Курск руу 6000, Сумы муж руу 4000 цэрэг илгээсний нэлээд хэсгийг нөөцөөсөө татсан байна гэжээ. Мөн “The Wall Street Journal” Оросын техник хэрэгсэлд саад учруулах, цэргийн байрлалыг илрүүлэх, харилцаа холбоогоо найдвартай хангах зорилгоор гол механикжсан довтолгооны ангиудаас өмнө Украины цахим ангийн цэргүүд Оросын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэдгийг дурдаж, энэхүү урьдчилсан арга хэмжээ нь урагшилж буй Украины довтолгооны хүчний эргэн тойронд “хамгаалалтын хөөс” үүсгэсэн гэдгийг онцолжээ. Довтолгоог Америкийн “Stryker” хуягт байлдааны машинууд болон Германы “Маrdеr” явган цэргийн байлдааны машинууд бүхий Украины хамгийн хүчирхэг ангиуд болох 80, 82 дугаар агаарын десантын бригадууд удирдсан гээд Украины дроны оператор “Довтолгооны бүсэд Оросын хуягт машин цөөхөн байсан учир Украины довтолгооны хэсэг Оросын нутаг дэвсгэрт хурдан нэвтэрч чадсан” гэж хэлснийг дурдсан байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Оросын Батлан хамгаалах яам зарим нэгжийг Курск муж руу шилжүүлж байна” гэж мэдэгдэв. Гэхдээ Москва Курскийн хамгаалалтанд гол төлөв Оросын байлдаан болоогүй бүс нутгаас бэлтгэл сургуулилтгүй хугацаат цэргийн алба хаагчдыг татаж байгаа нь тодорхой болоод байна гээд Ленинградын цэргийн тойрог, Калининградын хугацаат цэргийн албан хаагчдыг Курскийн бүс нутагт илгээж байгааг “CNN” мэдээлжээ. Тэгвэл Их Британийн “The Economist” сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан “Орос улс Харьковын фронтоос Курск муж руу цэргээ шилжүүлсэн ч гол нь Донбассаас Киевийн хүсч байснаас хамаагүй цөөн тооны хүч илгээгээд байна” гэж мэдээлжээ. Харин энэ үеэр Украины зэвсэгт хүчин Курск муж дахь бас нэг гүүрийг нураан ажиллагаагүй болгожээ. Украины зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Николай Олещук “Украины нисэх хүчин Оросын армийн стратегийн ач холбогдол бүхий Курск мужийн Званное тосгон дахь Сейм гол дээрх гүүрийг нураасан” гэж мэдэгдсэн байна. Курскийн Глушково, Званной, Карыж тосгоныг холбон Глушковский дүүргийг бүхэлд нь дайран өнгөрдөг Сейм гол нийт гурван гүүртэй байсан юм. Тэгвэл энэ сарын 16-нд Званной суурингаас найман километрийн зайд байрлах Глушково дахь гүүр Украины пуужинд өртөн эвдэрсэн нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс одоо Сейм голоор хил дээрх Оросын цэргийн нэмэлт хүч, зэвсэг, хоол хүнс, түлш нийлүүлэх ганцхан гүүр үлдээд байна. Хэрэв энэ гүүр сөнөөгдвөл хил дээр байгаа Орос цэргүүдэд “хавх”-нд орох аюул нүүрлэнэ. Харин Украины фронт дээр Оросын арми довтолсоор байгаа төдийгүй Украины гурван сууринг эзлэн авсан байна.

Цагаан ордонд, сонгогч иргэдийнхээ өмнө тэдний мөнгийг Украинд тусламж болгож дэмий ч өгөөгүй гэдгээ батлахын тулд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Путиныг “авч хаях” шаардлага бий болоод байна. Иймээс барууны тэтгэвэрт гарсан “F-16” онгоцны нисгэгчдийг Украинд ирүүлж, хөлсөөр байлдуулах асуудал яригдаж эхлэв. Өнөөдөр НАТО-гийн гишүүн Европын улсууд АНУ-ын “F-16” онгоцуудаа илүү орчин үеийн “F-35”-аар эрчимтэй сольж байгаа билээ. Иймээс зөвхөн Бельги, Грек, Дани, Нидерланд, Португал, Польш улсад гэхэд л нийт 371 хэрэгцээнээс гарч буй “F-16” бэлэн зогсож байна. Бас Орос, Хойд Солонгосын “хэт ойртолт”-оос үүдэн “Украинд зэвсгийн тусламж үзүүлж эхэлнэ” гэж мэдэгдээд буй Өмнөд Солонгос 167, АНУ өөрөө 936 “F-16” онгоц ашиглаж байна. Бас барууны нисгэгчид Украинд байлдахаар ирнэ гэдэг нь тэдний амийг хамгаалахын тулд АНУ Украины талд байлдах “F-16” онгоцнуудыг орчин үеийн пуужингуудаар өвч бүрэн зэвсэглэнэ гэсэн үг билээ. Энэ бүхэн Оросын Курск мужид төдийгүй Украины фронтын агаарт “F-16”-нууд бүрэн ноёрхож эхэлнэ гэдгийг баталж байна. Иймээс зарим нэр хүндтэй цэргийн шинжээчид “Путинд суудлаасаа буухад сар хагасаас илүүгүй хугацаа үлдсэн” гэж дүгнээд эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороод хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр /2024.08.20/ долоон байнгын хороо хуралдаж, дараах асуудлууг хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Төсвийн байнгын хороо

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Хууль зүйн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны дарга сонгох тухай/

Эдийн засгийн байнгын хороо

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга сонгох тухай/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  • Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

Ёс зүй, дэгийн байнгын хороо

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Categories
мэдээ улс-төр

Г.Золбоо: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн үндсэн төлбөрийг хэрхэн төлөх тухай тусгайлсан заалт оруулсан DNN.mn

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад өөрчлөлт орох хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Үүнд төсвийн тусгай шаардлага буюу төсвийн дүрэм гэж юу болох талаар гишүүд ярьж байсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу. Улс орнууд хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

-Энэ бол олон улсад маш түгээмэл ашиглагддаг эрх зүйн заалт. Тухайлбал, олон улсад 2021 оны байдлаар 106 улс төсвийн дүрэм буюу тусгай шаардлагуудыг баримталж байна. Эдгээр дүрмүүдийг төсвийн орлого, зарлага, тэнцэл, болон өрийн дүрэм гэж үндсэн дөрвөн хэсэгт ангилдаг. Улс орнуудад нийтлэг хэрэглэгдэж байгаа нь төсвийн тэнцэл болон өрийн дүрмүүд байна. Харин дэлхийд эдгээр төсвийн дүрмийг бүгдийг нь ашигладаг таван улс байгаагийн нэг нь Монгол Улс гэж ойлгож болно. Дэлхийн улс орнууд хязгаарлагдмал нөөцөөр эдийн засгийн өсөлтийг дэмжих, дунд болон урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах, өрийн дарамтаас сэргийлэх зэрэг нийтлэг зорилгын хүрээнд төсвийн дүрмийг хэрэглэдэг. Ингэхдээ улс орон бүр өөрийн улсын онцлог, орлогын эх үүсвэр, эдийн засгийн нөхцөл байдалдаа тулгуурлан төсвийн дүрмийг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Түүнчлэн, улс орнууд хөгжлийн үе шат, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаас хамаарч, төсвийн дүрмээ сайжруулдаг нийтлэг жишгийг олон улсын туршлагаас харах боломжтой.

-Таван улс байгаагийн нэг нь манай улс гэлээ. Монгол Улс анх хэзээ, ямар зорилгоор төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн юм бэ. Энэ дүрмийг өөрчлөх цаг нь болсон гэж үзэж байна уу?

-Монгол Улс анх 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, 2013 оноос уг хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг бүрэн мөрдөж эхэлсэн. Тухайн үед манай улсын эдийн засаг уул уурхайн эрчимтэй өсөлтийн үед байсан. Улмаар төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг уул уурхайн савлагаанаас хамгаалах, төсвийг тогтвортой байлгаж, сахилга батыг сахих, эдийн засгийг дэмжих зорилгоор баталж байв.

Түүнчлэн, бид уул уурхайн салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг хадгалж, мөчлөг дагасан савлагаанаас эдийн засаг, төсвийг хамгаалахыг зорьж байсан. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг өнөө үетэй харьцуулбал дотоодын нийт бүтээгдэхүүн болон төсвийн тэнцвэржүүлсэн орлого ойролцоогоор дөрөв дахин, гадаад худалдааны нийт эргэлт 2.3 дахин өсөж эдийн засгийн багтаамж 2-3 дахин тэлснийг харуулж байна.

-Тэгэхээр одоо ч гэсэн хэрэгцээ шаардлага нь байх ёстой гэсэн үг үү?

-Бид дахин сэргээгдэхгүй уул уурхайн баялгийн орлогоос өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зорилготой Ирээдүйн өв санд 3.4 их наяд төгрөг, уул уурхайн үнийн хэлбэлзлээс хамгаалж, төсвийг тогтворжуулах зорилготой Тогтворжуулалтын санд 1.3 их наяд төгрөгийг хуримтлуулж чадсан. Улмаар сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн тусгай шаардлагууд нь төсвийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, анх тавьсан зорилгоо биелүүлснээр түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Сая энэ тусгай шаардлагыг шинэчилсэн.

-Тэгвэл шинэчилсэн тусгай шаардлага өмнөх тусгай шаардлагаас юугаараа онцлог, давуу талтай юм бэ?

-Өмнөх тусгай шаардлагууд анх дэвшүүлсэн эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгодоо хүрсэн. Гэвч сүүлийн 10 жилд эдийн засаг тэлж, хүн амын өсөлт нэмэгдэхийн зэрэгцээ нийгмийн зардлын хэмжээ эрс нэмэгдсэн. Ингэж урсгал зардлын нийт зардалд эзлэх хувь хэмжээ буюу суурь үйлчилгээг иргэдэд хүргэх зардлууд, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт хийх орон зай хумигдаж ирсэн. Нөгөө талаас бидэнд эдийн засгийн суурийг тэлж, хурдтай хөгжлийн дараагийн шатанд гарах эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Энэ утгаараа бидний танилцуулсан тусгай шаардлагын шинэчлэлийн үндсэн зорилго нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн зорилтыг биелүүлж, эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхэд шаардлагатай томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийх боломжоор хангахын зэрэгцээ төсвийн тогтвортой байдлыг хадгалан өрийн дарамтаас сэргийлж байгаагаараа онцлог юм.

-Яг энэ төсвийн тодотголоор энэхүү төсвийн дүрмээ өөрчлөхдөө ямар байдлаар оруулж өгч байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар төсвийн тусгай шаардлагыг боловсронгуй болгосон. Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах, нэн хэрэгцээт хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зайг бий болгоно. Хоёрдугаарт, дотоод эдийн засгийн нөөц бололцоогоороо санхүүжүүлж байгаа урсгал зарлага, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хамаарах суурь тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь ба түүнээс дээш хувийн ашигтай гаргаж, тухайн ашгийг зөвхөн өрийн үндсэн төлбөрийг төлөх заалт оруулж ирсэн. Гуравдугаарт, Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог байсныг нэрлэсэн үнээр тооцдог болгож, олон нийтэд ойлгомжтой, хяналт тавихад хялбар болгож байгаа. Олон улсын туршлагаас үзэхэд Засгийн газрын өрийн дүрэмтэй улс орнуудын дийлэнх нь нэрлэсэн үнэ цэнээр тооцдог. Монгол Улс ч мөн тус аргачлал руу шилжиж, олон улсын жишигт нийцүүлж байна гэсэн үг.

-Гадаад зээлийн ашиглалт, бондын санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтуудыг төсвийн тусгай шаардлагаас тусад нь тооцсоноор цаашид өрийн дарамтад орох эрсдэл бий юу?

-Шинэчилсэн төсвийн тусгай шаардлагаар бид Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 60 хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарыг огт хөндөөгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 39 хувь байгаа. Нэрлэсэн үнээр тооцвол 44 орчим хувь болохоор байна. Цаашид гадаад зээлийн ашиглалтын өсөлтөөр Засгийн газрын өрийн үлдэгдэл тодорхой хэмжээнд нэмэгдэх хэдий ч суурь тэнцлийн ашгаар жил бүр өрийн үндсэн төлбөрийг төлөхөөр хуульчлан оруулсан. Ингэснээр суурь тэнцлийн ашиг болох дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь буюу ойролцоогоор 400-500 сая ам.долларыг жил бүр Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлж, өрийн дарамтаас сэргийлнэ. Өмнө нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн үндсэн төлбөрийг хэрхэн төлөх тухай тусгайлсан заалт байгаагүй бол энэ удаад хуульд тусгайлан оруулж ирлээ. Иймд Засгийн газраас төсвийн тусгай шаардлагуудыг Монгол Улсын хөгжлийн шинэ загвар болон олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, дунд, урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах, өрийн дарамтаас сэргийлэх зорилгоор УИХ-д өргөн бариад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагдаа бусдын дугаарыг давхардуулж 14 хуурамч гэрчилгээ гаргажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 934 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Тухайлбал,

  • Гадаадын иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэх,
  • ШШГЕГ-ын албан тушаалтан “Т” нь үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх,
  • Дундговь аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтан “Г” нь нэр бүхий компанид давуу байдал олгосон гэх,
  • Гаалийн улсын байцаагч “У” нь бусдаас хахууль авсан,
  • Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахлах мэргэжилтэн “Т” нь бусдад давуу байдал бий болгож өмнө гэрчилгээ авсан иргэдийн гэрчилгээний дугаараар давхардуулан 14 иргэнд хуурамч гэрчилгээ гаргаж өгсөн гэх,
  • Дорнод аймгийн Гаалийн газрын удирдах албан тушаалтан “В” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Залуус PC тоглоомны газарт хонон өнжин POKERSTAR, GGPOKER, 1XBET сайтад мөрийтэй тоглодог болжээ DNN.mn

2024.08.19. 08:00 цаг. PC тоглоомын газар

Одоогоос арав гаруй жилийн өмнө PC тоглоомонд донтсон хүүхдүүд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд олноор хүргэгддэг байлаа. PC тоглоомын газар гэхээр орон сууцны хонгилын давхарын харанхуй орчин төсөөлдөгдөж байгаа байх. Технологийн дэвшил гар утсанд багтсан өнөө үед PC тоглоомын газрууд хаалгаа барьсан мэт ажиглагдаж байна уу. Тэгвэл бодит байдал дээр ямар байгааг энэ удаагийнхаа Өдрийн сурвалжлагаар хөндөж байна. Өнөө үед PC тоглоомын газрууд өндөр орон сууц, барилгын дээд давхруудад үйл ажиллагаа явуулдаг болжээ. Бид Улсын Их дэлгүүрээс холгүй байрлах шилэн барилгын зургадугаар давхарт байдаг PC тоглоомын газарт очлоо. Хаалгаар нь оронгуут том гэгч танхим угтав. Үүдэндээ “18:00 цагаас хойш 18-аас доош насныханд үйлчлэхгүй” гэсэн бичиг наажээ. Нэвширсэн муухай үнэр хамар цоргилоо. Шөнөжин PC тоглочихсон хүмүүс гутлаа тайлаад, нүүрээ цамцаараа бүтээгээд хоёр сандал нийлүүлээд нам унтаж байх нь тэр. Харин зарим нь өглөөний 08:00 цаг өнгөрсөн ч тоглосоор л сууна. Яагаад гэвэл цагийн зөрүүний улмаас шөнө эхэлсэн цахим мөрийтэй тоглоомын тэмцээн нь дуусаагүй байгаа аж.

Удалгүй үйлчлэгч эмэгтэй орж ирэн шалаа угааж эхэллээ. Эгнээ бүрийн сандлыг холдуулж ширээний доод хэсгийг угаахдаа бөх гэгч нь унтаж байгаа залуусыг сэрээхэд зарим нь нойроо “харамлаж” уцаарлах янзтай. Тус PC тоглоомын газар энэ барилгын зургаа болон долдугаар давхарт нийтдээ 100 орчим компьютертэй үйл ажиллагаа явуулдаг юм билээ.

Тэнд голдуу насанд хүрсэн залуус өдөр, шөнөгүй мөрийтэй тоглодог болох нь ярианаас анзаарагдав. Тэд зөвхөн тоглоомныхоо тухай л ярьцгаана. Жишээлбэл, “ggpoker” гэдэг сайт дээр покерын тэмцээнд орсноо ийнхүү ярьж байв. “Өчигдөр ggpoker-ын тэмцээн рүү 10 доллараар “buy-in” хийж ороод (энэ нь бүргэлийн хураамж төлж байна гэсэн үг) шилдэг 32-т шалгараад мултарчихлаа. 16-т шалгарсан бол ядаж 100 доллартой болчих байлаа” гэлээ. Тэдний юу тоглож байгааг харах юм бол “llondon.xyz” болон “bit.ly/tatalt” гэдэг сайтаар 500, 1000, 2500, 5000 мянган төгрөгийн ултай ширээнд сууна. Тус сайтаар нь орж үзэх юм бол цэнэглэх доод дүн нь 5000 мянган төгрөг. Мөн банкны данс тавьсан байв. Цахимаар мөрийтэй тоглож байгаа залуус үе, үе хараал урсгана. Мөнгөө алдаж байгаа нь тэр. Алдсан мөнгөө эргүүлж олно гэсэн шартайгаар дансаа дахиад л цэнэглэнэ. Ойр тойрны хүмүүс рүүгээ утас цохиж мөнгө асууна. “Найзынхаа данс руу 100, 200 мянган төгрөг хийчих, удахгүй өсгөөд өгье” гэж хэлнэ. Дахин тоглоомны дансаа цэнэглэж байгаагаа “төрөх” гэж нэрлэдэг аж. Ийнхүү олон залуус нийлж мөрийтэй тоглоом тоглоно.

Б.Бат-Эрдэнэ: АЛДСАН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭЭД ОЛЧИХВОЛ АХИЖ ХЭЗЭЭ Ч ТОГЛОХГҮЙ

PC тоглоом тоглож байсан залуучуудын нэг Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та ямар тоглоом тоглодог вэ?

-Dota2, CSGO, Valorant тоглодог. “ggpoker” сайтын тав, 10 ам.долларын тэмцээнд орж суудаг даа. Dota2 хүнийг маш их стрессдүүлдэг тоглоом болохоор сүүлийн үед тоглохгүй байгаа. Монгол покерын сайтуудад ховор л сууж байна. Суухдаа найзтайгаа зэрэгцэж суухгүй бол амархан идүүлээд хожигддог.

-Ер нь нийт хэдэн цаг тоглосон бэ. Тоглосон нийт цагаа харж болдог уу?

-Болно оо. Dota2 гэдэг тоглоомыг нийт 1400 цаг тоглосон байна лээ. CSGO-ыг 200 орчим цаг тоглосон байх. Гэхдээ яг 1400 цаг тоглосон гэсэн үг биш, аккаунтаа компьютердээ оруулаад орхичихоор цаг нь гүйгээд байдаг бололтой. Би харин ч бага тоглосон доо тооцогдох байх шүү.(инээв) Манай найзууд дунд гурав дөрвөн мянган цаг тоглочихсон хүмүүс зөндөө бий.

-1400 цаг тоглоход ойролцоогоор хэдэн төгрөг үрсэн бол?

-Гэртээ ихэвчлэн тоглодог болохоор хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ 100, 200 ам.доллар л үрсэн байлгүй дээ. Их мөнгө видео тоглоомонд үрэхгүй. Харин мөрийтэй тоглоомонд бол их мөнгө үрсэн шүү. “ggpoker”-ын тэмцээнүүдэд их ордог. Хүмүүс их мэддэггүй л байх. Дэлхийн покерын аваргад Жонатан Тамайо гэдэг залуу өнгөрсөн долдугаар сард түрүүлээд 10 сая ам.доллар шагналд нь авсан. Тэмцээн нь Лас Вегаст болж өндөрлөсөн. Манайх шиг ядуу орны хүмүүст мөрийтэй тоглоом зохихгүй ээ. Хүмүүс хамаг зүйлсээ алдаад л дуусна.

-Яаж 1400 цаг тоглов. Бараг амьдралынхаа 60 хоногийг зөвхөн тоглоход зориулчихсан байна?

-Стрессээ тайлах гэж шүү дээ. Монголчууд баар, караоке орж л стрессээ тайлж байна. Ажлынхаа газрынхантайгаа ч юм уу, хуучны найзуутайгаа ганц хоёр тоглох ч сайхан шүү.

-Тоглох сайтаа хаанаас олдог вэ?

-Чи фэйсбүүк дээрээс “покер сайт” гээд хайхад зөндөө линк гараад ирнэ. Зарим нь утас руу мессеж явуулдаг л юм. Шинэ сайтын тоглох линк явуулдаг.

-Танай гэр бүлийн хүмүүс таныг мөрийтэй тоглодог гэдгийг мэдэх үү?

-Эхнэрээрээ тоглох, тоглохгүйгээ юу гэж заалгах вэ дээ. Манай эхнэр мэдэлгүй яахав. Амьдралаа тавиад туучихгүйгээ мэдэлгүй яахав. Харин энэ залуус хамаг цалингаараа тоглоод байдаг нь буруу даа. Цахим мөрийтэй тоглоомны цаана өөрөөс нь хэд дахин ухаантай. Өөрөөс нь олуулаа хүмүүсд сууж байгааг ухаарахгүй байна. Амархан мөнгө олох гэнэн хүсэлдээ хөтлөгдөөд байна.

-Яагаад мөрийтэй тоглосоор байна вэ. Алдах нь тодорхой биш үү?

-Алдсан мөнгөө эргүүлээд олчихвол ахиж хэзээ ч тоглохгүй. Хамгийн анх ийм тоглоомонд уруу татсан хүн нь манай найз. Одоо манай найз өөрөө тоглодоггүй. Харин би гарч чадахгүй ингээд яваад байна. “Ковид-19”-ийн жил “Poker­rrr 2” гэдэг аппликейшнээр бага багаар тоглож сураад л тоглодог болчихсон. Анх хожих мэдрэмж гоё. Сарын цалингаа ганц хоёр цаг хөзөр тоглоод олчихно. Харин алдсан тохиолдол нь илүү их шүү. Хүн хэзээ ч алдсан мөнгөө эргүүлж олно гэж байдаггүй юм байна. Гэхдээ одоо энэ “ggpoker”-ын жижигхэн тэмцээнүүдээс алдсанаа бага багаар нөхөх бодолтой байна. “Pokerstar”-ыг орос сайт гээд ам дамжиж яриад байдаг болохоор их ордоггүй.

-Гадны сайтаас хожсон мөнгө шууд дансанд чинь ордог уу?

-Монгол сайтаас хожсон мөнгөө авч чадаагүй тохиолдлууд бий. Цагдаагийн газар хандъя гэхээр тоглосон хүн нь өөрөө хэрэгт холбогдоно. Харин гадны сайтаас олсон тав арван цаасаа хэл амгүй авчихдаг шүү. Тухайн улс орондоо хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газрууд аргагүй биз.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаад өндөрлөнө. Уг чуулганаар Засгийн газар парламентад мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хэлэлцүүлж байгаа. Улмаар Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлах учиртай. Энэ чуулганы эхнээс Засгийн газрын тэргүүн танхимаа цаашид хэрхэн удирдаж явах болон гишүүд, сайд нарт хандан эрх ашгийн эрэмбэ гэх зүйлийг онцлон хэлсэн. Ингэхдээ Монголын улс төрийн тод өнгө, ардчилсан хувьсгалыг манлайлагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хэлсэн үгнээс ишлэн энэ цаг үед хүргэж байгааг олон нийт тийм ч итгэлтэйгээр хүлээн авсангүй. Юуны өмнө С.Зоригийн хэлсэн ямар үгийг өнөөгийн эрх баригч намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы индрээс онцлон хэлэв гэдгийг тодруулъя.

Тэрээр “Энэхүү нийгмийн хүлээлтийг хүндэтгэн Ерөнхий сайдын хувьд сонгуулийн холимог тогтолцоог хамтран шийдвэрлэсэн Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газрыг хамтарч байгуулах санал тавьж, бусад намын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандахыг эрмэлзлээ. Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэн Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, хувийн эрх ашиг эцэст нь байх тухай хэлсэн үгийг суурь зарчим болгож, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна” гэв. Мөн Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ төгсгөлд Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жил эхэлж байна гэдгээ дахин дахин хэлсэн. Энэхүү хэлсэн үгэнд нь Монголын ард түмэн төдийлөн сэтгэл нь огшиж, итгэж хүлээн авсангүй бололтой.

Учир нь Засгийн газрын тэргүүн төрийн хүний эрх ашгийн эрэмбэ нэгд, улсаа хоёрт, намаа гуравт буюу сүүлд нь өөрийнхөө эрх ашгийг бодох ёстой гэж тайлбарласан. Ингэхийн тулд л энэхүү 126 гишүүн ард түмнийхээ саналыг авч төрд гарч ирсэн шүү гэдгийг анхааруулж хэлж байна лээ. Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хүн ингэж хэлж, бодож, бусдыг уриалж байгаа нь сайн ч энэ хэлсэн үг нь ард түмний чихэнд огт наалдсангүйд л учир байна. Үнэхээр улстөрчид нэгдүгээрт улс орныхоо эрх ашгийг боддог байсан бол юутай сайхан бэ. Ерөнхий сайдын хэлсэн үг чуулганы танхимд цугларсан хүн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн бололтой нижигнүүлэн алга ташин омогшиж байгаа нь харагдсан. Үүнийг нь харсан зарим иргэд манай төр түшилцэж байгаа эрхэм гишүүд маань яасан ч уужуу сэтгэлтэй улсууд байдаг юм дээ хэмээн хүлцэнгүй шүүрс алдах шиг болсон байх. Заримд нь ч Ерөнхий сайд маань гэгээн дүрийг олсон хутагт, хувилгаан мэтээр л харагдсан болов уу.

Үнэндээ Ерөнхий сайдын ишлэл болгон авсан тэрхүү С.Зоригийн хэлсэн үг зүгээр л онолын үг байсан гэдгийг Монголын ард түмэн мэддэг. Онол, амьдрал хоёр тэс өөр гэдгийг манай улстөрчид мэддэг баймаар. Мэдсэн ч тэд олон нийтэд таалагдахын тулд онолоор ярьж, онолоор хуурах гэж оролддог болоод удаж байна. Тэгвэл энэхүү эрх ашгийн эрэмбэ амьдралд дээр ямар байдлаар үйлчилдэг вэ. Үнэхээр хүний эрх ашгийн эрэмбэ гэж ярих гэж байгаа бол тэр нь ямар байх боломжтой вэ. Энэ бол маш тодорхой асуудал. Мэдээж хүн хэмээх бодьгал төрсөн цагаасаа эхлээд үхэх хүртлээ нэгдүгээрт хувийн эрх ашгаа л боддог. Энэ бол хүн төрөлхтний мөн чанарын хэмжигдэхүүнд илэрдэг бичигдээгүй хууль. Хүн үүссэн цагаас эхлээд л энэхүү хууль үйлчилж ирснийг дэлхийн түүх бидэнд нотолж байгаа. Эхлээд хүн өлсөж үхэхгүйн тулд өөрийгөө хооллох ёстой байдаг. Өөрөө гэдэс цатгалан, айх аюулгүй болсныхоо дараа бусдадаа туслах, бусдыгаа аюулаас хамгаалах тухай бодож эхэлнэ. Дараа нь овог, аймгаараа нэгдэн нийлээд хамгаалж явъя гэнэ. Үүнээс харвал хүн эхлээд өөрийнхөө нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг хангаж байж дараа нь бусадтайгаа нийлж, бусдын тухай бодож эхэлж байна. Бидэнтэй цуг үүссэн энэхүү суурь эрх ашиг одоо ч хэвээрээ гэдгийг дэлхийн алдартай түүхчид, эрдэмтэд, судлаачид шинжлэх ухааны баримт, үндэслэлтэйгээр нотолчихсон. Энэ цаг үед хүмүүс бид яг энэ зарчмаараа эхлээд өөрийнхөө амьдралыг эмх цэгцэнд оруулах буюу хөл дээрээ босгохын төлөө зүтгэнэ. Өөрийнхөө амьдралд санаа зовох зүйлгүй болсон хойно бусдын амьдралд санаа тавьж эхэлнэ. Гэхдээ заавал бусдад санаа тавих шаардлага тэдэнд бас байхгүй. Хүн хэмээх бодьгалын хувьд энэ бол үүрэг огт биш. Өөрөөр хэлбэл, заавал бусдын төлөө санаа тавьж явах ёстой гэсэн үүрэг хүнд байхгүй гэсэн үг.

Тэртээ 300 жилийн өмнө Адам Смитын хэлсэн үг байдаг. Тэрбээр “Талхчин хүн бусдын төлөө талх барьдаггүй, ашиг олохын төлөө талх барьдаг. Энэ нь нийгэмдээ эргээд сайнаар нөлөөлдөг” гэж. Ерөөсөө зах зээлийн нийгэм ийм л зарчим дээр тогтдог. Хүний амьдрал энэхүү зарчмаа дагаад л явдаг. Адам Смитийн хэлсэн үг Ерөнхий сайдын үгтэй эсрэг ухагдахуунтай байгааг үүнээс тодорхой харж болно. Ерөнхий сайд маань амьдрал дээр хэзээ ч биелэгдэх боломжгүйн дээр хүний үндсэн зарчимтай зөрчилдсөн хийсвэр онолын үгээр шинэ гучин жилээ эхлүүллээ. Нэг талаасаа үнэхээр бурханлаг, нигүүлсэнгүйгээр эхэлж байна уу гэж бодогдохоор. Нөгөө талдаа Ерөнхий сайдын хэлсэн энэхүү үгийг “ард түмнийхээ чихэн дээр ёстой нэг цэцэг ургууллаа” гэж ойлгох иргэд олон байна. Монгол Улсын хөгжлийн шинэ гучин жил ийм худлаа хоосон үгээр эхэлж байгаад нь тэд дургүйцэж байх шиг. Үнэхээр үнэмшил багатай ийм үгийг сонгон УИХ-ын чуулганы хүндэт индэрээс цээж дүүрэн омогшилтойгоор хэлж байгааг нь сонссон сонгогчдын урам нь хугарлаа. Хэн ч хэзээд ч эхлээд өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ бодно. Үүнийг нь чи хувийн эрх ашгаа нэн тэргүүнд бодлоо гэж шийтгэх үү. Яахав, нийтийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүс цөөнгүй. Тэр хүмүүсийн урмыг нь бодоод бусдын төлөө хийсэн зүтгэсэн гавьяаг нь үнэлээд төрөөс шагнаж, урамшуулдаг системгүй л бол Ерөнхий сайдын хэлсэн улсын эрх ашгаа нэгдүгээрт боддог, бусдыг өөрөөсөө илүүд үздэг хүн олшрохгүй л болов уу. Олсон талхаа олон нийтийнхээ төлөө зүтгэх ёстой гээд бусдад хувааж өгөх нь хэцүү. Өнгөрсөн гуч гаруй жилийн Монголын улс төрийн түүхэнд хэн ч энэхүү хоосон онолын эсрэг үг хэлж үзээгүй. Харин энэ цагийн улстөрчдөөс тэр дундаа анхны 126 гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Нара-Нарантуяа “Би гэр бүлээ эхлээд тэжээдэг юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Түүнийг зарим хүмүүс төрийн хүн болчихоод хувийн эрх ашгаа бодож, лайв хийж УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглан бизнесээ явуулж байна гэж шүүмжилсэн. Энэхүү шүүмжлэлийнх нь эсрэг тэрбээр дээрх үгийг хэлсэн байгаа юм. Үнэнгээ л хэлж гэж өмөөрөх, дэмжих хүмүүс ч олон байна. Ардчиллын удирдагч С.Зориг агсны хэлсэн үг бол цэвэр ШУК-ын онол.

Тэрбээр 1980-1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн философийн ангид сурч төгсөөд, 1985-1990 онд МУИС-д Шинжлэх ухааны Коммунизмын онолын багшаар ажиллаж байсан хүн гэдгийг бид мэднэ. Тиймээс түүний хэлсэн нэгдүгээрт, улс орны, хоёрдугаарт, намын, гуравдугаарт хувийн эрх ашгийг бодох ёстой гэдэг үг бол цэвэр ШУК-ын онол. Энэ үг амьдралд нийцэхгүй. Учир нь коммунизм амьдралд нийцээгүйг монголчууд өнгөрсөн түүхээсээ тодорхой харсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2024 оны наймдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 21-нээс 2024 оны наймдугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др.Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар төрийн айлчлалынхаа хүрээнд “Ой тогтвортой байдал, эмэгтэйчүүд” хөтөлбөр, бизнес форум, Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэрэгт оролцохоор төлөвлөж байна.