Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-нд эхэлнэ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн 1 дүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессежээр илгээгдэж эхэллээ.

Та хүүхдээ мессежээр илгээгдсэн цэцэрлэгт хамруулах хүсэлтэй байгаа бол 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тухайн цэцэрлэгтээ бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулна уу.

Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны цахим бүртгэл И-Монголиагаар дамжуулан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл явагдана.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно DNN.mn

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдрийн 13:00 цагаас орон даяар шууд явагдана. Үүнд өнгөрөгч долдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулна.

Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна.

Сугалааны урамшуулалд:

  • Гурван орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • Дөрвөн орон таарвал /40,000-100,000/
  • Таван орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • Зургаан орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • Долоон орон таарвал /500,000- 10 сая төгрөг/
  • Найман орон таарвал /5-30 сая төгрөг/
Categories
мэдээ нийгэм цаг-үе

11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан.

Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдахаар тусгагдсан.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол охидыг анхны бэлгийн харьцаанд орохоос өмнө хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд хамруулах юм.

Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Нийт оношлогдсон хорт хавдрын 5.9 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

May be a graphic of text

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа DNN.mn

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбогдуулан Ёс зүй, дэгийн байнгын хороонд хариуцлага тооцох тухай албан бичиг явуулсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас дараах тодруулгыг авлаа.


-УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлаар танай байнгын хороо хэзээ хуралдаж, хэлэлцэх вэ?

-Манай байнгын хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдахаар товлосон. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой албан бичиг ирсэн. Үүний дагуу байнгын хороо бүрэлдэхүүнээсээ дөрвөн хүнийг томилсон. Одоо өөртэй нь уулзах байх. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтийн төлөөлөл. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ч гэсэн энэ асуудлыг би ярьдаг. Энэхүү бүрэн эрх гэдэг бол өөрийг нь хамгаалсан зүйл биш юм. Ард түмний санал, мандатыг хамгаалсан бүрэн эрх байдаг. Тийм болохоор гишүүд маань энэхүү халдашгүй бүрэн эрх гэдгээ зөв ойлгож явах ёстой гэж үзэж байгаа. Дээр нь парламент өөрөө ёс зүйтэй, гишүүд нь ёс суртахуунтай байх ёстой гэж бодож байгаа юм. Энэ агуулгаараа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хууль, дүрэм журмын хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ үүнийг би дангаараа шийдвэрлэхгүй. Байнгын хороо хуралдаж, хэлэлцэж байж хууль зүйн талаасаа дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцуулах нь зүйтэй.

-Ер нь Ёс зүй, дэгийн байнгын хорооноос шийдвэр гаргаад ямар, ямар байдлаар хариуцлага тооцдог юм бэ?

-Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ байдаг. Хоёрдугаарт, уучлалт гуйх, гуравдугаарт, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах заалтууд бий. Ер нь парламентад сонгогдсон гишүүд цаанаа аж ахуй эрхэлж байсан бол хуулиараа түүнээсээ татгалзах ёстой. Тийм учраас хэн ч гэсэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон л бол давхар бизнес эрхлэх нь тодорхой түвшинд хязгаарлагдана.

-Өмнө нь гишүүдэд ёс зүйн талаас нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэж байгаагүй гэх шүүмжлэл бас явж байна. Үүн дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Миний хувьд байнгын хорооны дарга болоод удаагүй байна. Хоёрдугаарт, өмнөх парламент гэдгийг арай өөрөөр харах ёстой юм шиг байна лээ. Яагаад гэвэл одоо 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд удаагүй байгаа. Дээр нь энэ шинэ парламентаас иргэдийн хүлээлт их өндөр түвшинд байна. Энэ парламент өнгөрсөн 30 жилийнхээ түвшинд ажиллах юм бол нөгөө иргэдийнхээ хүлээлтэд хүрэхгүй. Тэгэхээр парламент нь өөрөө үйл ажиллагааны түвшинд өөр хэлбэрээр ажиллах ёстой гэж харж байгаа. Тийм ч учраас бичиг баримтуудын төслийг боловсруулаад явж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024” болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран 2024 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд “Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагч хүрэлцэн ирэх юм.

Монгол Улсаас 400 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлээд байна.

Оролцогчид:

-Наймдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут,

-Наймдугаар сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут,

-Наймдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу “Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас – Скай ресорт” цанын бааз гэсэн маршрутаар тус тус алхалт хийхээр төлөвлөж байна.

Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль анх удаа хот доторх алхалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлийн улс орнуудад энэ төрлийн алхалт, олон улсын фестивалиуд өргөн дэлгэрсэн байдаг.

Тухайлбал, Токио хотын Олон улсын явган алхалтын фестиваль, Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотын олон улсын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотын явган алхалтын фестиваль гэх мэт Монголын явган алхагчдын өргөнөөр оролцдог аж.

Фестивальд оролцсоноор Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжийн байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийн, олон орны хүмүүстэй танилцаж, Монгол Улсынхаа өв соёлыг сурталчлан нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

May be an image of ‎map and ‎text that says '‎DAY1 (August 23rd) TERELJ MONGOL OLLE TRAIL #3: Terelj village Distance: 17 km Difficulty: Medium Ulaanbaatar WALKING FESTIVAL -2024 Walking route UB-2 hotel Start HOTEL Terelj village 예당 Resting area #1 去 1TT علبا Terelj road Meadow 朝 WALKINGFE 去 Resting area Restingarea#2 #2 Finish لشو Rock & River‎'‎‎

May be an image of map and text

May be an image of map and text that says 'DAY3 (August 25th) UB city- Sky Resort trail: Tuul river Distance: 17 km Difficulty: Easy Ulaanbaatar WALKING FESTIVAL -2024 Sukhbaatar's Central square Walking route Start Amusement park Shangri-La Mall 8888 二Iに D National park Resting area #1 National Nationalpar park -iN 11T FES rT 去 Resting area #2 መጤ Adam Eve monument Finish Sky Resort The ruins of Military building'

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтийн талаар
  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
  • “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар
  • Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр DNN.mn

Эрт цагийн ийм нэгэн шог яриа байдаг даа. Манай өнөөгийн Засгийн мөрийн хөтөлбөр үүн лугаа л байх шиг байна. Сонгуулийн үр дүнгээр МАН олонх болсон ч АН болон ХҮН намыг урьж, гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсан. Улмаар намын дарга нар нь хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Харин одоо бол УИХ-ын ээлжит бус чуулганаар энэхүү хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй. Ээлжит бус чуулган энэ сарын 27-ны өдрийг хүртэл хуралдаж, төсвийн тодотгол болоод дээрх асуудлыг эцэслэн шийдэх ёстой. Гэтэл гурван намаараа нийлж, өчнөөн хоног бодож боловсруулсан энэхүү үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой шүүмжлэлүүд гараад эхэлсэн байна. Тэр дундаа уг хөтөлбөрийг гоё сайхан гарчиг тавьснаас өөр олигтой зүйл огт алга гэх нь элбэг байгаа юм.

Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж буй. Харин ингэж эдийн засгаа тэлэхийн тулд хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгах, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станцыг барих, Эгийн голын 310 мегаваттын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх, говийн бүсэд зайлшгүй шаардлагатай гэх Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барих, Франц улстай хамтран уран, атомын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, зэс боловсруулах цогцолбор болон гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах цогцолборыг барьж байгуулах, Оюу толгой компанийг түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх зэрэг 14 мега төсөл байгаа гэдгээ чуулганы хуралдаанд танилцуулсан. Ер нь энэ удаагийн Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эс үүсвэр шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолсон. Энэ жилийн манай улсын төсвийг 27 их наяд төгрөгөөр баталж байв. Одоо тодотгол хийгээд төсөв 30 орчим их наяд болох төлөвтэй байгаа гэж үзвэл дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манай улсын дөрвөн жилийн нийт төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Үүн дээр нэмээд мөн Улаанбаатар хотын төвөөс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүрэх ган татлагат гүүрэн байгууламж, Богд уулыг нүхэлж тунель байгуулах, Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэг цэгийн цогцолбор, Туул голыг дагасан хурдны авто зам зэрэг ч багтсан. Нэр шошгийг нь харваас үнэхээр сайхан бүтээн байгуулалтууд мөн үү гэвэл мөн. Нийслэлчүүд төдийгүй монголчууд бидэнд иймэрхүү зүйлс хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харамсалтай нь уран үгсийн цуглуулга болсон олон сайхан гарчиг цаасан дээр л үлдэж, дарга нарын ширээний шургуулганд мартагдсан. Тийм болохоор л ард түмний итгэл иймэрхүү зүйл дээр алдарчихаад байгаа хэрэг.

Дээрээс нь эдгээр бүтээн байгуулалтуудын дийлэнх нь ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй, мэргэжилтэн, инженер, судлаачдын тооцоолол байхгүй юм гэсэн. Үүнийгээ намуудын бүлгийн хуралдаан дээр холбогдох албаныхан ч хэлсэн тухай зарим УИХ-ын гишүүд дурдаж байсан. Нэг ёсондоо тооцоо судалгаа муутай, эдийн засгийн үр өгөөж багатай, зүгээр нэг гарчиг байна гэсэн шүүмжлэл энэ бүхнээс эхлэлтэй. Бид бүхэн дээрх нэрсийг мэддэг болоод олон жил болж байгаа. Даанч заримынх нь ажил эхлээд таг зогсдог. Нөгөө хэсэг нь цаасан дээрээ үлддэг байдал байх л ёстой зүйл шиг болсон.

Нэг нь гарч ирээд өнөөхөө ярьдаг. Гэтэл нөгөөх нь түүн шиг хэрэггүй, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн зүйл байхгүй гэх мэтээр алаглан эрээлжилсээр өнөөг хүрэв. Ганц байгаа төмөр замынхаа доогуур нүхэн гарц нэмж барих гэж л хэдэн жил болж, хэдэн зуны үер усны асуудалтай нүүр тулж байгаа билээ дээ.Тийм болохоор одоо ард түмний итгэл, хүсэл зоригийг бадраахын тулд энэ Засгийн газар эдгээрийг эхлүүлэх, болж өгвөл бүрэн дуусгах хэрэгтэй. Хөтөлбөрт туссан бүх төслүүдийнхээ ард нь эхлэх болоод дуусах хугацааг нь давхар оруулж өгье. Мөн хэн гэдэг дарга толгойлж, аль яам нь хариуцах юм. Хэдий хэр хэмжээний төсөв мөнгөөр босох вэ. Түүнийг нь хаа, хаанаас хэрхэн бүрдүүлэх юм гэдгээ ил тод болгоё. Ингэж байж хариуцлага яригдана. Төсвийн баахан хөрөнгөөр цаас үйлдвэрлэж, хэсэг ажил эхлүүлсэн болоод алга болдог асуудал арилна. Төсөл нэрээр дарга нар мөнгө шамшигдуулдаг гэсэн хардлага, шүүмжлэл тасарна.

Мөн үндэсний хэмжээний эдгээр том төслүүдийнхээ дэргэд Авлигатай тэмцэх газраастөлөөний хүн ажиллуулж, хэвлэл мэдээлэл, олон түмний хяналтыг сайжруулах хэрэгтэй байгаа юм.

Хэдийгээр улс төр, эдийн засгийн огт өөр үзэл баримтлалтай улс төрийн гурван нам нэгдсэн ч гэсэн хяналтын тогтолцоогоо сайжруулаад эхлүүлсэн ажлуудаа дуусгах л хэрэгтэй. “Монголын за-Андагаар буй заа!” гэсэн өвгөд хөгшид, эртний мэргэдийн үг ч бий. Тийм болохоор нэгэнт л ард түмний итгэлийг хүлээж, төрийн эрх барьж буй бол хэлсэн, амласнаа биелүүлэх ёстой. Иргэд, сонгогчид чинь та бүхэнд байж болох бүхий л эрх мэдлийг нэгэнт өгсөн. Хэдий болтол өнөө, маргаашаа аргацаасан хэлбэрээр богино зайн улс төр хийж явах юм. Дээрээ суудлаа олоод олигтойхон байвал ард түмэн гүйдлээ олоод байж дөнгөнө.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Н.Туяа: Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай DNN.mn

Хүртээмжтэй хөгжил хүрээлэнгийн захирал, эдийн засагч Н.Туяатай татварын орчны талаар ярилцлаа.


-Улс орны эдийн засгийн үндсэн орлого татвар байдаг. Манай улс хэдэн төрлийн татвар авч байна вэ?

-Төр буй дор татвар буй гэдэг. Татвар байх нь зайлшгүй, харин татварын систем бүхэлдээ тухайн улс орны онцлогт тохирсон, оновчтой, шударга, бас хөгжлийн хөшүүрэг болохуйц, хөдөлмөр бүтээмжийг дэмжсэн байх нь хамгийн чухал. Татвар ярихаар манай улстөрчид системээр нь бус салгаж аваад хувь хэмжээ яриад байдаг. Эсвэл аль нэг салбар, бизнесийн лобби хуулиуд их баталж харагддаг.

Уг нь татварын системийн загвар Монголын онцлогт тохирч байна уу гэдэгт эхлээд үнэлэлт өгөх хэрэгтэй. Одоо байгаа загвар тохирохгүй байвал мянга их, бага, хувь хэмжээ яриад нэмэргүй. Гажуудал улам л гүнзгийрнэ. Татварын системчлэл, загварчлал үндэсний онцлогт тохирч байна уу гэдгээс эхэлж үнэлэлт дүгнэлт өгч, улмаар бодлогоо гаргах учиртай юм. Татварын ерөнхий хуульд зааснаар 30 төрлийн татвар, төлбөр байна. Ерөнхий утгаараа хувийн өмч болон бүх төрлийн орлогоос, мөн онцгой болон гаалийн албан татвар, нийтийн өмчийн ашиглалтаас төлбөр хураамж авдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ олон татвар, төлбөр оновчтой байна уу, нийтийн баялгийн ашиглалт үр ашигтай байна уу гэдэгт бид дүн шинжилгээ хийх ёстой юм. Гэтэл иж бүрэн шинжилгээ хийж гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт олж хараагүй. Би хувьдаа маш буруу загвараар олон жил явсны үр дагавар ажилгүйдэл, орлогын ялгаа, чадварлаг хүний нөөцийн хомсдол, бизнесийн дампуурал зэргээр илэрч байна гэж үздэг. Судалгаа ч бэлэхнээ тийм үр дүнг харуулдаг. Тиймээс татварын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгамдаж байгаа. Татварын асуудал бол дан ганц төсөв бүрдүүлэх асуудал биш. Татвараар дамжуулж төр хөгжлийг удирдаж байдаг санхүүгийн маш хүчирхэг хэрэгсэл. Үүнийг л зөв тодорхойлж ашиглаж чадвал зах зээл өөрөө бусдыг нь хийчихнэ.

-Татварын загварыг бүхэлд нь харах гэдэг их сонирхолтой өнцөг байна. Та жишээгээр тайлбарлаж болох уу?

-Татварын том ангиллаар иргэдийн өмч, бизнес орлогоос авдаг татвар, газар байгалийн баялаг буюу нийтийн өмч хөрөнгийн ашиглалтаас авдаг төлбөр гэж үндсэнд нь хоёр том бүлэгт хувааж авч үзэж болно. Нийтийн өмчийн ашиглалт гэдэгт төрийн өмчийн компаниас эхлээд байгалийн баялаг, газрын хэвлий, газар ашиглалт гээд өргөн цар хүрээтэй асуудал хамаарна. Жил бүр төсөв өргөн барихдаа төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд дандаа хувийн секторын, хувь хүний татваруудыг нэмж ирсэн. 2018 онд долоон төрлийн татвар, НДШ нэмсэн шүү дээ. Гэтэл нийтийн өмчийн ашиглалтыг сайжруулж тэндээс орох орлогыг нэмэгдүүлэх талаар нэг ч алхам хийдэггүй нь гайхал төрүүлдэг. Төсөв ярих болгонд энэ талаар ямар нэг байдлаар нийгэмд, эрх баригчдад хэлдэг. Нэг жишээ, хэлэхэд газрын үнэлгээг 1997 оноос хойш огт шинэчлэлгүй 21 жил болсон. Газрын төлбөрийн тухай хуульд газрын үнэлгээг Засгийн газар тогтооно гэж эрх олгосоор байтал манай Засгийн газар 21 жил энэ эрхээ мартсан байгаа юм.

-Татварынхны тайлагнадаг хэсгээ шавхдаг залхуу аргыг халж нийтээрээ хамрагдах замаар татварын хэмжээг бууруулах боломжтой-

2018 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнд манай байгууллагаас шаардлага хүргүүлж байж Засгийн газрын тогтоол гаргуулж газрын үнэлгээг 21 жилийн дараа шинэчлэн тогтоож байлаа. Газрын үнэлгээнд суурилж дуудлага худалдаа явагддаг, газрын төлбөр тогтоодог учраас энэ нь маш чухал асуудал. Судлаад үзэхэд энэ хугацаанд зах зээлийн үнэ дунджаар 30 дахин нэмэгдсэн байдаг. Гэтэл орон нутгийн гол өмч газрын үнэлгээг өөрчлөхгүй 21 жил царцаана гэдэг тэндээс ашиг олдог эрх мэдэлтэй хэсгийн бодлогоор “мартсан” эс үйлдэл гэж үзэхээс аргагүй. Эндээс бид ямар их боломжоо алдаж, газрын мафи ямар их ашиг хийсэн нь харагдана. Дэлхийн жишгийг судлаад үзэхээр хотууд буюу орон нутаг төсвийнхөө 50-иас дээш хувийг газар ашиглалт, түүнтэй холбоотой төлбөр хураамжаас бүрдүүлж байхад Улаанбаатар хотын хувьд 10 хувь ч хүрэхгүй байгаа нь бодлогын алдаанаас үүдсэн. Манай иргэдийг төлөөлж сонгогдсон иргэдийн төлөөлөгчид, хууль тогтоогчид асуудлыг тодорхой чиглэлээр, гүнзгий судалдаггүй, судлахгүй юм чинь мэддэггүй. Энэ нь хуулийг нийтэд бус хэсэг бүлэгт ашигтайгаар өөрчлөх, эсвэл ашигтайгаар “асуудлыг мартах” хоёр хэлбэрээр илэрч байгаа харагддаг. Тиймээс төрийн бодлого, хууль зөвхөн судалгаанд үндэслэж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хэлэлцэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байж гарах ёстой юм. Тэгсэн цагт нийгмийн хүлээлт хангасан, шударга тогтолцоо бүрэлдэнэ.

-Тэгвэл таныхаар одоогийн татварын бодлогын загвар ямархуу нөхцөл байдалтай байна вэ. Зөв байж чадаж байна уу, эсвэл асуудалтай байна уу?

-Сүүлийн 34 жил тогтсон татварын загвар нь ний нуугүй хэлэхэд хөдөлмөрлөдөг бүтээдэг хэсэгт бүх ачааг үүрүүлсэн. Нийтийн өмч газар, байгалийн баялгийг эрх мэдэлтнүүд хууль тогтоох, бодлого батлах давуу эрхээ ашиглан бүлэглэлдээ үнэ төлбөргүйгээр, нэр төдий төлбөртэйгээр ашиглуулсан загвар юм. Үүнийг төсвийн хэдхэн тоо, хуулийн өөрчлөлтүүдийг ажигладаг жирийн эдийн засагч харж хэлж чадах зүйл. Нэг ёсондоо авлигын загвар тогтсон байна.

Дээр дурдсан газрын үнэлгээг мартсан жишээнээс гадна нийслэлийн төсвийн хоёрхон тоог харьцуулахад л харагдана. Нийслэлийн 2022 оны төсвийн гүйцэтгэлээр газрын төлбөрөөр 94 тэрбум, тээврийн хэрэгслийн татвараар 34 тэрбум төгрөг төсөвт орсон. Газрын төлбөрийн орлого илүү харагдаж байгаа ч нийслэлийн газар ямар үнэтэй хөрөнгө билээ, нийслэлчүүдийн хэдэн хуучин машины үнэлгээ хэд билээ гээд харьцуулахаар эрүүл ухаанд буухааргүй шударга бус байгаа биз. Газрын үнэлгээг царцааж байгаа нь эрх мэдэлтнүүд тэдний хамсаатнууд талхны үнээр газар авч, дэлхийн зах зээлийн үнээр зарж ашиг хийдэг, жинхэнэ эзэн ард түмэн, төсөвт дуслын төдий орлого ордог. Энэ алдагдсан боломж нийслэлчүүдийн утаа, түгжрэл, стандартын шаардлага хангаагүй бохир хотын төлөөс юм.

Уул уурхайн баялаг ч ялгаагүй. Лицензийг төр нь үнэгүй өгдөг, авсан хүмүүс нь дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүргэдэг авлигажсан гаж тогтолцоог өөрчлөх татварын системийг бид нэн яаралтай хийх ёстой. Энэ реформыг бид хийж чадвал баялгийн үр шимийг хөгжилдөө зарцуулж, тэгш шударга хуваарилалт болж хот шиг хотод хүний наад захын эрхээ эдлэх боломжийг бүрдүүлнэ шүү дээ. Тиймээс хөдөлмөрлөснөө мөлждөг сөхрүүлдэг татварын тогтолцооноос баялгаа зөв удирдаж, үр ашгийг нь нийтээрээ хүртдэг, тэр хэрээр өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, авьяас чадвараа дайчилж бий болгосон орлогын татварыг багасгаж, хөдөлмөр бүтээмжийг дэмжсэн татварын цоо шинэ загварт шилжих ёстой. Ингэж чадвал яриад байгаа хөгжил, нийгмийн эв нэгдэл бүгд шийдэгдэх суурь шинэчлэл болно.

-Татварын хувь хэмжээ өндөр байгаа талаар иргэд ААН-үүд шүүмжилдэг. Өнөөдрийн байдлаар НДШ 26 хувь, ХАОАТ 10 хувь, НӨАТ 10 хувь гээд үргэлжилнэ. Хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлье гэвэл татварыг бууруулах ёстой гэж үздэг?

-Хамгийн гол нь татварын суурь зарчим нь тэгш шударга байдал, дээр нь хөгжлийг хөдөлмөрийг дэмжих хөшүүрэг болох явдал шүү дээ. Манай компани 20 гаруй жил бизнесийн зөвлөгөө үзүүлж байна. Бизнес эрхлэгчдэд өөрийн чинь хэлсэн НӨАТ, НДШ асар хүнд дарамт болж байна. Иргэдийн бодит орлогыг бууруулж байгаа татвар ч НӨАТ мөн. Худалдан авалт бүрээсээ татвар төлсөн орлогоосоо дахин 10 хувь нэмж төлж байна шүү дээ.

НДШ, НӨАТ хоёр өндөр байгаагаас шударгаар тайлагнадаг хэсэг нь сөхөрч, нөгөө талдаа далд эдийн засаг нэмэгдсээр байна. Тиймээс НДШ-ийн хувь хэмжээг багасгавал ачаалал жигд буурч, нуудаг, тайлагнадаггүй, багаар тайлагнадаг хэсэг ил гарч нийт дүнгээрээ орлого буурахгүй, нийгмийн өгөөж нь харьцуулашгүй өснө. Ний нуугүй хэлэхэд шимтгэл өндөр байгаагаас цалингаа доод хэмжээгээр тайлагнах нь хавтгай байна шүү дээ. Ийм байдал нь бизнест ч, хувь ажиллагсдад ч хортойгоос гадна хяналт шалгалтын авлигын нэг том шалтгаан шүү дээ. НӨАТ-ыг ч босгогүй болгож хувь хэмжээг 5-7 хувь руу буулгах хэрэгтэй. Худалдан авагч иргэд угаасаа төлдөг татварыг суутгагчийн нэг хэсэг нь төлдөг нөгөө хэсэг нь төлдөггүй байгаа нь нөгөө л шударга ёсны шалгуурт нийцэхгүй байгаа юм. Тиймээс нийтээрээ бага төлдөг, бизнесийн хөгжилд төдийлэн дарамт учруулахгүй байх хувь хэмжээ болон хамралтыг бид авч үзэх ёстой. Энэ дашрамд хэлэхэд татварын хуулийн өөрчлөлтийг татварын байгууллага санаачилж бичдэгээс улс орны эрх ашгийг гэхээсээ байгууллагынхаа амар хялбарыг боддог талтай гэмээр харагддаг нь нууц биш. Тайлагнадаг хэсэг дээрээ л ачаалал нэмээд, хуулийн хэрэгжилт, бааз сууриа өргөжүүлэх тал дээр төдийлөн хангалттай ажилладаггүй тал харагддаг. Үүнийг ч хууль тогтоогчид анхаарах ёстой.

-Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх тухайд?

-Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх талд зайлшгүй хийх шинэчлэл бол хувь хүний орлогын татварын тогтолцооноос гэр бүлийн орлогын татварын тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Авлига, тэгш бус байдлаас шалтгаалсан ядуурал газар авсан энэ үед олон хүүхэдтэй гэр бүлд халамж үзүүлэхээс илүүтэй татварын хөнгөлөлт үзүүлэх нь айл гэрт ч, улсын эдийн засагт ч хэрэгтэй. Ажил хийхгүй халамжаар амьдарснаас ажил хийгээд үр хүүхдээ өсгөх нь ашигтай байх бодлого хэрэгжүүлэхгүй бол халамж хавтгайрч, ажилласан нь татварын дарамтад өрөөс өрийн хооронд явсаар гадаад руу дүрвэж, Монгол Улс боловсролтой ажиллах хүчнээ алдсаар, бизнесийнхэнд хүний нөөцийн асуудал хүндэрлээ.

Одоо цалингаас жилдээ 240 мянган төгрөг чөлөөлж байгаа нь ам бүлээс хамааралгүйгээс гадна хөшүүрэг болж чадахгүй байгаа. Үүний оронд нэг хүнд ногдох амьжиргааны доод түвшний орлогыг татвараас чөлөөлвөл олон хүүхэдтэй гэр бүлд маш том дэмжлэг болно. Татварын хөнгөлөлтийн халамжаас илүү бас нэг чухал давуу тал нь тэнд ямар ч арын хаалга, субьектив нөлөөлөл орохгүй, татвараас бултах шаардлагагүй болно.

-Татварыг бууруулах ямар боломжууд байна вэ. Нөгөө талаар татвар төвлөрүүлэх үйл явц хэр шударга, зарчимтай явагддаг вэ?

-Дээр ярьснаас татварыг бууруулах бодитой төдийгүй зайлшгүй хийх хоёр арга байна. Нэгдүгээрт, нийтийн өмчийн үнэлгээ, ашиглалтыг зохистой түвшинд удирдах замаар төсвийн орлогын нилээд хэсгийг баялгааасаа олох. Хоёрдугаарт, татварын бааз суурийг өргөжүүлэх. Татварынхны тайлагнадаг хэсгээ шавхдаг залхуу аргаас татгалзаж нийтээрээ шударгаар жигд хамрагдах замаар нэгж татвар төлөгчдөд ногдох ачааллыг бууруулах боломжтой. Дээр НӨАТ, НДШ хоёр дээр би тодорхой тайлбарлалаа шүү дээ. Эндээс харахад одоогийн татварын систем шударга бус байгаа гэж хэлэх бүрэн үндэстэй. Бизнес эрхлэгчид ч хэлж байна. Татварын шударга, бас үр ашигтай зөв тогтолцоо бүрдүүлэхэд улстөрчдийн алсын хараа, Сангийн яам, татварын байгууллагын удирдлагын сэтгэлгээний болон үйл ажиллагааны цараа маш чухал үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 21, Буд гариг. Билгийн тооллын 17, Шувуун хошуут одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 05:56 цагт мандаж 19:55 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар +3…+8 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.