Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгажээ DNN.mn

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна. Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ. Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг.

2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоосон. Ингэхдээ 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт шалгалтыг явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байгаа болохыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ DNN.mn

“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ. Энэхүү чуулга, уулзалт нь наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. Уг форумаар үндсэн зургаан сэдвийг хэлэлцэнэ.

  • Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлж буй эмэгтэй удирдагчид (НҮБ-ын Эмэгтэйчүүд, UNEP)
  • Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг (ХХААБ, ОУХМ, ДЭМБ)
  • Жендэрийн тэгш эдийн засаг (НҮБХХ)
  • Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, түүний үр нөлөө (ЮНИСЕФ, НҮБ-ын Хүн амын сан)
  • Спорт, урлаг, соёлын жендэрийн тэгш байдал (ЮНЕСКО)
  • Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүд (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НҮБ-ын ESSCAP)

Хүлээгдэж буй үр дүнд форумын хуралдаанаас гарсан зөвлөмж бүхий үр дүнгийн баримт бичгийг батална. Форумд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүн нар, НҮБ-ын сайн санааны элчин сайд нар, бизнес, урлаг, тамирчид зэрэг бүхий л салбарын эмэгтэй удирдагчид оролцоно.

Дэлхийн хаана ч шударга, хүртээмжтэй, энх тайван, амар амгалан нийгмийг бий болгоход эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендэрийн эрх тэгш байдал чухал. Нөгөөтээгүүр энэ нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) биелүүлэх гол хэсэг юм.

Монгол Улс уг форумыг түнш орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд дэлхийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, эрх мэдлийг нэмэгдүүлэхийг уриалж байна. 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан “Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-өөс хойш 29 жил болж байгаа ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа аж. Жендэрийн статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын дунд шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Жендэрийн тэгш байдалтай дэлхий ертөнцийг бий болгох нь гол зорилго бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах үүрэг, хариуцлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зайлшгүй чухал гэдгийг дэлхий нийт ойлгох шаардлагатай.

"Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" эхэллээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм нь арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүйгээр хүн бүрийн эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэж, дэмжих үүрэгтэй. Цаашилбал, Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны дараахан Эмэгтэйчүүдийн эрх зүйн байдлын комиссыг байгуулсан нь НҮБ энэ чиглэлээр манлайлж, анхдагч байсны нэг илрэл юм.

Монгол Улс үндэстний хувьд хүний ​​эрх, эрх чөлөө, шударга ёс, жендэрийн тэгш байдлыг улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хүрээнд хөхиүлэн дэмжих үүргийг Үндсэн хуульдаа тусгаж ирсэн. Иймд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдал, цаг уурын асуудалд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх зорилгоор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газраас санал тавьсны дагуу Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 22-23-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Манай улс уг форумыг түнш орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

22-ын товчоо чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаана DNN.mn

Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг салдаг тойрог болон “Энхжин” худалдааны төвөөс “Номин” агуулах хүртэл авто замыг тус тус наймдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

С.Гэрэлмаа: Инфлүүнсэр нэртэй мэргэжлийн бус хүмүүс зөвлөгөө өгөх нь нийгмийн эрүүл мэндэд маш хортой DNN.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.


-Сошиал орчинд мэргэжлийн бус хүмүүс ямар ч хамаагүй чиглэлээр хүмүүст зөвлөгөө өгдөг, бараа сурталчилдаг болоод удлаа. Ялангуяа эмч эсэх нь тодорхойгүй хүмүүс өвчний талаар иргэдэд зөвлөдөг явдал хавтгайрч байна. Иргэд ч маш ихээр хандах юм. Та бүхэн энэ нөхцөл байдал дээр тандалт хийдэг үү. Ямар байр суурьтай байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи эрчтэй хөгжиж, монголчууд сошиал сүлжээ ашиглах байдал маш өндөр хувьтай байгаа. Нэг талаасаа ард иргэдэд мэдээ мэдээлэл түргэн хүрч байгаа боловч үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд их байна. Жишээлбэл, эрүүл мэндийн талаарх нотлогдоогүй зөвлөгөө мэдээлэл, нэг талыг барьж туйлширсан мэдээллүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн жишээ хэлье л дээ. Улаанбурхан өвчний эсрэг вакцин товлолын дархлаажуулалтад орчихсон, Дархлаажуулалтын хуулиар зохицуулагддаг. 1973 оноос хойш дэлхий нийтээрээ хүүхдэд есөн сартайд, хоёр настайд хийгддэг товлолт вакцин. Энэ сарын эхээр манай улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор вакцин хийж эхэлсэн.

Тодруулж хэлэхэд, улаанбурхан өвчний халдварлах чадвар 98 хувь гэж үздэг. Тиймээс зөвхөн вакцинаар сэргийлэх боломжтой гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.

Энэ үүднээс манайд улаанбурханы дэгдэлт гарч, вакцин хийх болсон талаар эрүүл мэндийн байгууллагаас хэвлэлийн бага хурал хийсэн шүү дээ. Үүний дараа цахим тандалт хийхэд 10 сэтгэгдлийн ес нь сөрөг байх жишээтэй. “Хугацаа нь дууссан вакцинаа шахах гэлээ”, “Вакцин шаардлагагүй” гэх мэтээр дийлэнх нь сөрөг байв. Вакцин гэдэг өнөөдөр судлагдаад маргааш хийгдэх гэж байгаа зүйл биш юм. Улаанбурханы вакцин гэхэд 1973 оноос хойш 50 гаруй жилийн түүхтэй. Яагаад ард иргэдэд вакцин муу гэх ойлголт их байна вэ гэхээр “анти вакцин групп” (вакцины талаарх буруу ташаа мэдээлэл хүргэдэг хүмүүсийг анагаах ухаанд ингэж нэрлэдэг)-ийнхэн маш их нөлөөлдөг. Ялангуяа “Ковид 19” цар тахлын үеэр хамгийн их мэдрэгдсэн шүү дээ.

-Тэгэхээр вакцин болон халдварт өвчний талаар ойлголтгүй, шинжлэх ухааны нарийн мэдлэггүй хүмүүс ч энэ тухай шүүмжилдэг, эсэргүүцдэг гэж харагдаж байна шүү дээ. Ер нь ийм байдал нийгэмд, нийт иргэдийн эрүүл мэндэд ямар үр дагаврыг үүсгэж болох вэ?

-Нэг талаасаа энэ байдал ард иргэдэд эрүүл мэндийн боловсролын дархлаа тогтоогүйтэй холбоотой. Хүмүүс инфлүүнсэр гэх шинжлэх ухааны нотлогдсон зүйлсийг уншихгүйгээр, зөвхөн лайваар ярьдаг хүмүүсийг сонсоод тэр ч тийм, энэ ч ийм гэж амнаас ам дамжсан ярианд итгэдэг. Энэ нь маш их сөрөг нөлөөллийг бий болгодог. Учир нь манайд инфлүүнсэрүүдэд тооцох хариуцлагын тогтолцоо байхгүй учраас дураараа ярьдаг. Судлаад үзэхээр Зөрчлийн тухай хуульд буруу, ташаа мэдээлэл түгээвэл тэдэн нэгжээр торгоно гэсэн заалт л байдаг юм байна. Харин олон улсад инфлүүнсэр хүмүүс ард иргэдэд худал, хуурмаг мэдээлэл түгээсэн тохиолдолд их хэмжээний торгууль ноогдуулдаг. Жишээлбэл, АНУ-д Хүнсний болон эмийн захиргаа, Холбооны худалдааны комисс гэж байдаг. Энэ нь инфлүүнсэрүүдээ хянадаг байгууллага. Эрүүл мэндийн буруу бүтээгдэхүүн сурталчилсан тохиолдолд 5000-500000 ам.долларын торгуулийг ногдуулдаг юм байна. Гэтэл манай улсад хүнийг буруу эмчилсэн тохиолдолд хуулийн хариуцлага тооцохоос биш буруу мэдээлэл түгээснээс үүдэж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд гэж бараг байдаггүй. Үүний үр дүнд олонд танигдсан хүн бүр дураараа ярьж эм, эмийн бүтээгдэхүүн сурталчилдаг болчихоод байна. Нэг ёсондоо ард иргэдийн юу ч хийхгүйгээр турах, баяжих хүсэл хэрэгцээ шаардлагат нь тулгуурлаад тухайн байгууллага инфлүүнсэрээр дамжуулаад реклам хийлгэдэг. Гэтэл Австрали, Европын холбооны улсуудад зар сурталчилгааны хязгаарлалт гэж байдаг. Буруу ташаа мэдээлэл олон нийтэд өгвөл олсон орлогыг нь хэд дахин нугалж торгодог, бүтээгдэхүүн худалдаалахыг нь хориглодог гэх мэтээр хариуцлага өндөртэй.

-Шал өөр мэргэжилтэй, түүгээрээ олонд танигдсан хүмүүс эрүүл мэндийн зөвлөгөө өгөх нь их юм. Бас эмч хүн бүх төрлийн өвчнөөр зөвлөгөө өгдөг болсон байна?

-Инфлүүнсэрүүд мэргэжлийн эмч хүмүүс биш шүү дээ. Хүний бие махбодыг судлаагүй хэрнээ дураараа ярьдаг болжээ. Эмийн сөрөг үр дагавар, гаж нөлөө гэж бий. Яагаад гэвэл тэр хүмүүс ашгийн төлөө байдаг. Харин эрүүл мэндийн салбарын эмч нар ашгийн бус учраас энэ эмийг уухдаа ингэж уугаарай, ууж байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, жолоо барьж болохгүй, гаж нөлөөлөлтэй, хэдэн цагт уух ёстой гэх мэт зүйлсийг тайлбарлаж өгдөг. Харин инфлүүнсэрүүдэд тэр талын мэдлэг байхгүй учраас тайлбарлахгүй орхидог. Энэ нь иргэдэд амар, цаг алдаж олон зүйл сонсохгүй гэдэг хандлагатай болсон.

Тандалт хийж үзлээ л дээ. Сошиалд эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгч байгаа идэвхтэй 10 хүний гурав нь л эмч байна. Тодруулбал, дотрын нэг, уламжлалтын нэг, нөгөө нь нарийн мэргэжил эзэмшээгүй эмч байх жишээтэй. Эдгээрээс бусад нь сайн дурын, өөр мэргэжилтэй, олон нийтэд янз бүрийн аргаар танигдсан хүмүүс байна.

Эдгээр хүмүүс ашгийн төлөө л бусдад зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн сурталчилдаг. Нөгөө талд хүмүүс маш хурдан хугацаанд үр дүн гаргаж асуудлыг шийдэх гээд байдаг. Нэг онцлог нь эмч нар урд өмнөх түүхийг ярьдаггүй. Харин инфлүүнсэрүүд бол “Би энэ өвчнийг ингэж давлаа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ингэж турлаа” гэж яриад хүмүүсийг “Би чадна” гэдэг марафонд гүйлгэчихдэг. Сошиалд ярьж буй хүмүүс хэтэрхий нийтлэг зүйл ярихаар яг өөрт нь таарч, тохирч байгаа юм шиг ойлголтыг өгч, надад тийм шинж байгаа мэтээр хамаатуулаад ярьчихдаг. Яг үнэндээ мэргэжлийн эмч нар инфлүүнсэрүүд шиг олон цагийг хүмүүст зарцуулах боломжгүй, ярих чадвар ч муу байх нь бий. Харин инфлүүнсэрүүд ярих чадвар өндөр, нүүр хагарчихсан хүмүүс. Түүнд нь хүмүүс итгээд “Мэдлэгтэй юм байна” гэж хүлээж авдаг. Уг нь тийм хүмүүсээс эрүүл мэндийн тухай мэдээлэл авчихаад тэр хүнийг даган дуурайж асуудлыг шийдэх бус мэргэжлийн эмчид хандах ёстой.

-Олон улсад олны танил хүмүүс өндөр хариуцлагатай байдаг. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлд энэ асуудлыг хатуу баримталдаг гэв үү?

-ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан гэх мэт үндэсний хэмжээний байгууллагууд эрүүл мэндийн элч төлөөлөгчийг сонгодог. Жишээ нь, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, дуучин Адель гэх зэрэг хүмүүс нийгмийн хариуцлагын хүрээнд өөрөөсөө мөнгө гаргаж нийгмийн эрүүл мэндийн төлөө нүүр царай болж ажилладаг. Манай байгууллагын хувьд эхийн сүү, вакцины тухай сурталчилгаа хийлгэхээр олны танил хэд, хэдэн хүнтэй холбогдож байсан. Ихэнх нь хэдэн төгрөгөөр гэрээ хийх вэ, надад ямар ашигтай вэ гэж асууж байсан. Зарим нь “Би вакцин ярихгүй. Миний ярих сэдэв биш” гэж татгалзаж байсан удаатай. Харин гурван хүн л төлбөр мөнгөгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллаж өгсөн. Тэд бол Rokit Bay, Big Gee, мисс Бадамцэцэг нар. Монгол Улсад НҮБ-ын элчээр дуучин Ариунаа, Хаан банкны гүйцэтгэх захирал Мөнхтуяа нар сонгогдсон байдаг.

Тэгэхээр том зургаар харвал инфлүүнсэр хүмүүс зорилготой байдаг. Бусад улсын хувьд олон нийтэд танигдсаныхаа дараа НҮБ-ын элч болж байна. Манай улсын хувьд бизнесийн байгууллагуудаар түншлэгдээд инфлүүнсэр болдог. Үүнийг бид зохицуулах шаардлагатай. Хэн дуртай нь яриад, олон жил анагаах ухаанаар сурсан хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа нь шударга бус шүү дээ. Жишээ нь, бүх төрлийн тамхи хортой гээд эрүүл мэндийн салбар мэдээлж байхад сошиалд электрон тамхи хор нөлөөгүй гэж ярьж байх жишээтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага никотин агуулсан л бол хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Сайн, муу тамхи гэж байхгүй, тамхи л бол тамхи.

-Эрүүл мэндийн боловсролын дархлаа сул байгаа энэ үед яах ёстой вэ?

-Бид нар эрүүл мэндийн боловсролын дархлаатай болох ёстой. Эрүүл мэндийн боловсрол, шинжлэх ухаанд итгэдэг хүн бол хүнийг даган дуурайдаггүй. Хэн нэгнийг даган дуурааж, уруу татагдаж сайн гэх болгоныг дагадаггүй. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлье гэвэл хүүхдийг багаас нь мэдлэгтэй болгох ёстой. Энэ л хамгийн сайн арга. Эрүүл мэндийн боловсролгүй хүмүүст эмч эмийн талаар зөвлөхдөө “Та энэ эмийг 11:00 цагт уугаарай” гэхэд мартчихаад маргааш нь давхарлаад уучихдаг. Ингэснээр тухайн эмийн гаж нөлөө илэрч таарна. Тэгэнгүүт “Надад энэ эм таарахгүй байна” гээд больчихно. Ингээд л өвчнөө бүрэн эдгээхгүй.

Өнөөдрийн эрүүл мэндийн боловсролын сөрөг үр дагавар маргааш гарахгүй ч том утгаараа тухайн улс орныг сүйрүүлж, үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлж байдаг. Бид энэ асуудлыг хууль, эрх зүй дээрээ тусгах ёстой. Хэн дуртай нь инфлүүнсэр болох биш, бусад улс орон шиг шалгуурыг бий болгох ёстой.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Баярмаа: Зардлаа нэмж, төсөв тэлэх тусам инфляц өсч, улмаар Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй байдал руу орно DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөриййг Их хуралд танилцууллаа. УИХ-ын гишүүний хувьд энэ хөтөлбөрийг ямар байдлаар хүлээн авч танилцав?

-Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь хамтарсан Засгийн газрын хөтөлбөр гэдгээрээ онцлог байгаа. Миний хувьд энэ хөтөлбөрөөс нэг л зүйлийг хүлээсэн. Юу гэхээр дангаараа засаглаж байхдаа хийж чаддаггүй байсан томоохон төсөл, хөтөлбөрүүд хамтарсан засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт орсон болов уу гэж бодсон. Эдийн засаг талаасаа буюу мега төслүүдийн хувьд мэдээж мөнгөнөөс хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Энэ утгаараа орлогоо олж чадаж л байвал эдгээр төслүүдээ хөдөлгөх, эхлүүлэх нь зөв. Гэхдээ 120 их наядын мега төслүүдийг хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Учир нь энэ хэмжээний хөрөнгө Монгол Улсын төсөвт орж ирэх үү, үгүй юу гэдэг нь тодорхой бус. Нэмээд олон эрсдэл байгаа. Тэр бүгдийг тооцоогүй оруулж ирсэн нь харагдсан. Нэгээ талаар мега төслүүд хэрэгжих эсэх нь дан ганц Засгийн газрын менежментийн асуудал биш. Дэлхийн зах зээл дээрх Монгол Улсын борлуулдаг түүхий эдийн ханшаас ихээхэн хамааралтай гэсэн үг. Учир нь манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Энэ салбарт 120 их наядын орлого бүрдэж чадахгүй л бол хамтарсан засаг байна уу, ямар ч засаг тэр мега төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс таны хүлээж байсан өөр онцлох зүйл юу байв?

-Миний хамгийн их хүлээж байсан зүйл бол нийгмийн шинжтэй суурь реформуудыг хийх байх гэж бодсон. УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм, улс төрийн нам нь ямар байх ёстой юм.

Сахилга, хариуцлага нь юу байх шаардлагатай вэ. Улс төрийн нам нь яаж бодлогын нам болж хөгжих ёстой юм, тийм үү. Нөгөөтэйгүүр саяны Сонгуулийн тухай хууль зөв байв уу. Холимог тогтолцоо нь ямар байв. Бидний гаргасан алдаа юу байв. Тэр бүхнийг засаж болох боломж байсан уу. Цаашид засах ёстой юу гэх мэт суурь реформуудын шинжтэй асуудлууд хамтарсан Засгийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй байна гэж харсан. Улс төр дахь мөнгөний зохистой нөлөө буюу тэнцвэртэй байдал алдагдсан. Өөрөөр хэлбэл, улс төр дахь мөнгөний нөлөөлөл асар их болсон гэсэн үг. Үүнийг засах гол арга зам нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах байсан. Сонгогчдын саналыг худалдаж авдаг бохир ажиллагааг хуулиар хатуу зогсоох шаардлагатай. Бүр тодорхой хэлбэл, зөвхөн сонгуулийн жил худалдан авах ажиллагааг хориглодог бус сонгуулийн бус үеэр ч хориглох ёстой. Тэгэхээр иймэрхүү өөрчлөлтүүдийг хийе гэсэн зорилтууд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт огт орсонгүй.

-Ерөнхий сайдын хувьд С.Зориг агсны хэлсэн үгийг энэ Засгийн газрынхаа үндсэн үзэл баримтлаа болгох шиг боллоо. Ер нь төрийн албан хаагчийн эрх ашгийн эрэмбэ гэж тусгайлан байх ёстой ойлголт уу?

-Ер нь Ерөнхий сайдын хэлсэн үг агуулгын хувьд зөв. Төрийн албанд эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйл алдагдсан байгааг Ерөнхий сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн нь чухал. Тэр дундаа сүүлийн найман жилийн хугацаанд энэ эрх ашгийн эрэмбэ асар ихээр алдагдаж, гажуудсан. Үүнийгээ Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч байгаа нь сайн. Энэ утгаараа алдагдсан эрх ашгийн эрэмбийг засах гэж оролдож байгаа юм болов уу гэж би хувьдаа ойлгож байгаа. Гэвч үүнийг Засгийн газрын хөтөлбөрт тусгайлан томъёолж оруулж байгаа нь философи талаасаа ч тэр, ёс зүйн талаасаа ч тэр зохимжгүй байсан. Учир нь төрийн албан хаагчид тангараг өргөдөг. Улстөрчид буюу УИХ, Засгийн газрын гишүүд ч тангараг өргөдөг. Энэ тангарагт “Ард түмний элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхолыг эрхэмлэнэ” гэдэг. Ингээд тангараг өргөчихсөн учраас заавал улсын эрх ашиг нэгд. Дараа нь намын, сүүлд нь хувийн эрх ашиг байна гэдэг байдлаар дугаарлаж болохгүй. Намын эрх ашиг гэдэг бол угаасаа улс орны хөгжлийн төлөөх бодлого байдаг. Нөгөөтэйгүүр заавал ингэж хөтөлбөртөө тусгаж байгаа нь нэгдүгээрт, улсын эрх ашгаа, дараа нь нөгөө хоёроо бодоорой гэдэг агуулгыг хэлээд байгаа юм. Заавал намын болон хувийн эрх ашгаа бодох ёстой гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл, арван ажил хийе гэж бодъё. Үүний долоог нь улсынхаа төлөө хийлээ. Үлдсэн гурвынх нь хоёрыг намынхаа төлөө, харин нэгийг нь өөрийнхөө төлөө хийх ёстой юм шиг ойлгогдоод байгаа юм. Тэгэхээр энэ бол зарчмын хувьд огт байж болохгүй томъёолол.

-С.Зориг агсны хэлсэн үг бол цэвэр онолын үг гэдгийг хэн ч мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр онол практик хоорондоо ялгаатай. Таны хувьд энэ эрэмбэ ямар байх ёстой гэж бодож байна вэ?

-Би түрүүн хэллээ. Улстөрчдийн хувьд Ерөнхий сайдын эрэмбээр явах ёстой. Тийм ч байх шаардлагатай. Харин энэ эрэмбэ жирийн иргэдэд буюу ард түмэнд үйлчилж болохгүй. Иргэний хувьд хамгийн нэн тэргүүний эрх ашиг нь хувийн эрх ашиг байх ёстой гэсэн үг. Тэр хүн өөрийгөө бодох ёстой. Өөрийнхөө төлөө амьдрах ёстой. Том зургаараа харвал иргэн бүр өөрийнхөө амьдралын төлөө яваад эхэлбэл аяндаа нийгэм маань зөв болоод, улмаар хөгжинө. Иргэн хүн хувиа хичээгээд өөрийнхөө төлөө ажиллаад ирэхээр тэнд баялаг бий болно гэсэн үг. Хувь хүн бүр баялаг бүтээгээд эхлэхээр өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн бий болохоор нийгэм зөв системээрээ хөгжинө. Тэгэхээр улстөрчдийн хувьд улс орон, нийтийн эрх ашгийг бодож ажиллах ёстой бол, иргэний хувьд ерөөсөө өөрийгөө буюу хувиа хичээх нь л чухал.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ долоо хоногтоо батлах товтой байгаа. Ер нь ийм богино хугацаанд Төсвийн хуулийг өөрчилдөг асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Тантай санал нэг байна. Төсвийн тодотголыг ганцхан долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд л баталчих нь буруу. Төсөв гэдэг бол маш чухал асуудал. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн юунд зарцуулах вэ гэдэг ийм хөнгөн, хуймгай хандаж огт болохгүй. Үүнээс улбаалаад миний хувьд яаралтай горимоор хэлэлцэж огт болохгүй хуулийн төслийн жагсаалт гэж гаргамаар санагдсан. Яаралтай горимоор хэлэлцэгдсэн хууль болгон бушуу туулай борвиндоо баастай гэдэг үлгэр шиг байнга алдаа, хийдэл олон гардаг. Ер нь парламентад яаралтай горимоор хууль баталдаг буруу жишиг өмнөх парламентаар тогтчихлоо гэж харж байгаа. Сонгуулийн өмнө нэг өдөр 200 хууль баталсан. Ийм маягаар хууль тогтоох үйл ажиллагааг хялбаршуулж огт болохгүй. Хууль гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулж байгаа гол зүйл.

-Хамтарсан Засгийн газар зардлаа гурван их наядаар нэмэгдүүллээ гэж шүүмжлүүлж байна. Таны хувьд АН-аас сонгогдсон гишүүн. Та бүхэн Засагт орж дотроос нь хяналт тавина гэсэн. Хяналт тавьж байгаа бол зардлыг нь багасгах ёстой болохоос биш улам өсгөж байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Мэдээж зардлаа энэ хэмжээнд нэмэгдүүлж байгааг миний хувьд огт дэмжихгүй. Төсвийн тэнцэл мөн энэ хэмжээний ашигтай гарсан гэж байгаа. Өмнөх төсөв 1.6 их наядын алдагдалтай батлагдаж байсан. Ер нь энгийнээр айлын жишээгээр л бодъё. Айлд ашиг ороод ирвэл өмнөх өр, зээлээ тэглээд үлдсэн мөнгөөрөө яах, ийхээ шийддэг. Үүнтэй яг адилхан. Улс ашгаараа өмнөх алдагдлаа нөхөх хэрэгтэй. Алдагдлаа нөхөөд үлдэж байгаа мөнгөөрөө өөр зүйлд хөрөнгө оруулалт хийгээд явж болно. Гэтэл өмнөх алдагдал буюу өр, зээлээ тэглээгүй байж олсон хэдэн төгрөгөө шинэ зардлуудад зориулах гэж байгаа нь том алдаа. Зардлаа нэмэх тусам төсөв тэлнэ гэсэн үг. Төсөв тэлэхээр яах уу, мэдээж инфляц нэмэгдэнэ. Инфляц нэмэгдээд ирвэл Монголбанк төсвийг хумихын тулд бодлогын хүүгээ нэмдэг. Мөнгөний хатуу бодлого барина гэсэн үг. Бодлогын хүү нэмэгдэхээр арилжааны банкууд зээл гаргахаа болино. Зээл гаргахгүй болохоор аж ахуйн нэгжүүд бүсээ чангалж орон тооны цомхотгол хийж эхэлнэ. Үүнээс шалтгаалж нийгэмд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ эрсдэлийг ард түмэн болон хувийн хэвшил л үүрч таарна. Гэтэл хамтарсан Засагт орсон намуудын мөрийн хөтөлбөрт улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлээ дэмжих бодлого явуулж байж хэрэгжүүлж чадна гэсэн агуулгатай заалтууд олон бий.

-Үнэндээ хувийн хэвшлээ шахах тал руугаа бодлого нь чиглээд байна гэсэн үг үү?

-Яг тийм. Ам ажил нь зөрнө гэдэг шиг наанаа хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний төлөө бодлогоо чиглүүлнэ гэдэг ч өнөөдөр гаргаж байгаа шийдвэр болгон нь хувийн хэвшлээ шахах чиглэлтэй байгаа нь харамсалтай. Тэгэхээр Засгийн газраас оруулж ирж байгаа Төсвийн тодотголыг дэмжих боломжгүй байгаа юм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор л төсвийн тодотгол хийх байх гэж ойлгосон. Гэвч хаа хамаагүй олон асуудлыг энэхүү тодотголоор оруулах гэж үзэж байна. Ийм байж болохгүй ээ. Тэвчиж болох зардал гэж байна. Үр ашиг, ач холбогдлын эрэмбэ гэж жинхэнэ утгаараа төсөвт байх ёстой. Фэйсбүүкээр мэдээллээ авчихдаг болсон энэ үед гурван тэрбумаар мэдээллийн төв барихын оронд бүх сумаа халуун усны газартай, сургууль, дотуур байраа боловсон ариун цэврийн газартай болгомоор байна. Бүхэл бүтэн сумаараа халуун усны газаргүй, хүүхдүүд нь модон жорлонд бие засна гэдэг бол дэндүү эмгэнэл. Монголд бол мөнгө орж ирж байна.Харамсалтай нь хуваарилалт нь дэндүү амиа бодсон, үр ашиггүй, эрэмбэ нь буруу, товчхондоо шог байна. Нөгөө бүсчилсэн концепциосоо ч зөрж байна. Тэгэхээр тодотгол бол шинэ засаг гэдгээр далимдуулж баахан бүтээн байгуулалт эхлүүлэх нэрээр тууз хайчилж мэдэх нь. Гурван их наядаар нэмэгдэж байна гэдэг өнгөрсөн сонгуулиар хамаг төсвөө барчихаад тодотголоор түүнийгээ нөхөхийн сацуу ирэх орон нутгийн сонгуульд зориулагджээ гэж хардахаар байгаа юм.

-Төсвийн тодотголын хажуугаар орж ирэх ямар хуулийн төсөл байна вэ. Иймэрхүү үеийг ашиглаж хуулийн хулгай явагдах нь цөөнгүй шүү дээ?

-Мэдээж хажуугаар нь орж ирж байгаа олон хууль байна. Нөгөө бүсчилсэн хөгжлийн бодлогынхоо эсрэг чигтэй хуулиуд олон орж ирсэн. Тухайлбал, Тендерийн тухай хуулийн өөрчлөлт орж ирсэн. Монгол Улсын гол бодлого бол хувийн хэвшлээ дэмжье гэдэг рүү чиглэх ёстой гээд байгаа. Энэ олон төрийн өмчит компаниудын менежментийг нь өөрчилье, хувьчилъя гэдэг. Гэтэл энэ хуулиар төрийн өмчит компаниуд дээр гардаг хулгай, луйвар, авлигыг улам цэцэглүүлье гэсэн шиг агуулгууд орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн компаниуд зарлагдсан тендерт хоёр удаа оролцохгүй, санал өгөхгүй тохиолдолд тэрхүү ажлыг төрийн өмчит компаниар хийлгэнэ гэдэг заалт орж ирж байна. Тэгэхээр иймэрхүү хувийн хэвшлээ шахсан, ерөнхий хөгжлийн бодлогынхоо эсрэг хуулийн өөрчлөлтүүд орж ирж байгааг дэмжихгүй.

-Хүний эрхийн асуудлаар та бүхэн сонсгол хийнэ гэж байсан. Тэр асуудал төсөвт дарагдаад хойшлогдов уу, юу болсон бэ?

-Хүний эрхийн асуудлаар сонсгол хийхийг Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцээд товыг нь есдүгээр сарын 10-нд гэж тогтоосон. Хэдийгээр би санаачилж байгаа ч гэсэн хуулиараа энэ ажлыг Хууль зүйн байнгын хороо хийдэг. Нэг харамсалтай зүйл нь миний хувьд энэ байнгын хороонд байдаггүй. Тэгэхээр энэ сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзоригоор ахлуулан явуулахаар болсон байна лээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Дашнямтай, шар морь өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 22, Бархасбадь гариг. Билгийн тооллын 18, Могойг хүлэгч одтой, шар морь өдөр. Өдрийн наран 05:57 цагт мандаж 19:53 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Дашнямтай өдөр.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +2…+7 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Наадмын маргааш …” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Зардлаа нэмж, төсөв тэлэх тусам инфляц өсч, улмаар Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй байдал руу орно” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Эдийн засагч, судлаач, АН-ын УТЗ-ийн гишүүн М.Чимэддорж “Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, мега төслүүдийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр байгуулах зорилготой нь илт байна” гэлээ.
  • ЗАСГИЙН ГАЗАР: Их, дээд сургуулиа амжилттай төгссөн иргэдэд багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Наадмын маргааш …” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

  • “Монголиан Байкинг Экспертс” ХХК-ийн захирал Б.Наранбаатар “Орон нутгийн нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна” хэмээн ярилаа.
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга  С.Гэрэлмаа “Инфлүүнсэр нэртэй мэргэжлийн бус хүмүүс зөвлөгөө өгөх нь нийгмийн эрүүл мэндэд маш хортой” хэмээснийг I болон III нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ:  Ерөнхийлөгч Жо Байден намынхаа их хуралд үг хэлж, нулимс унагав


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсвийн нэмэлт зардал болох 1000 төгрөгийг зорилтот бүлгээс авахгүй DNN.mn

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсвийн нэмэлт зардал болох 1000 төгрөгийг эцэг эхээс нь авахаар болсон. Тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг өглөө.

БШУ-ны сайд П.Наранбаяр “Эмзэг бүлийн буюу зорилтот бүлгийн 80,000 гаруй хүүхэд байгаа гэх судалгаа гарсан. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийн эцэг эхээс нэмэлтээр 1000 төгрөг авахгүй. Харин төсвөөс гаргана” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Robot Challenge 2024” тэмцээнд Монголын баг тамирчид III байр эзэлжээ DNN.mn

“Robot Challenge 2024” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, нийлбэр дүнгээр III байр эзэлжээ.

БНХАУ-ын Бээжин хотод наймдугаар сарын 8-наас 11-ний хооронд зохион байгуулагдсан “Robot Challenge 2024” тэмцээнд дэлхийн 31 орны 5000 гаруй тамирчин, 700 гаруй дасгалжуулагч, 300 гаруй байгууллага, 300,000 оролцогч өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Улаанбаатар хот, Орхон, Ховд аймгийн Зохион бүтээгчдийн академи болон “Орхон Эмпати”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулийн 50 гаруй тамирчин насанд хүрэгчид болон ерөнхий боловсролын сурагч гэсэн ангиллаар амжилттай оролцсон юм.

Тэмцээний амжилтаас дурдвал:

  1. Алтан медаль:
    • Мега сумо (Радио удирдлага) Adult – Б.Батзаяа, Б.Эрхэмзаяа
    • Robot rugby (Senior ангилал) – Г.Тамир, Э.Санчирболд, Ч.Давхарбаяр (“Монгол тэмүүлэл” сургууль)
  2. Мөнгөн медаль:
    • Мини сумо (Радио удирдлага) Adult – Т.Баатархүү, Т.Энхсайхан, Б.Эрдэнэчимэг (Зохион бүгээгчдийн академи)
    • Robot rugby (Senior ангилал) – С.Ананд, Б.Бишрэл, Г.Нямбаяр (“Шинэ эхлэл” сургууль)
    • Мега мумо (Радио удирдлага ) Adult – Б.Шагай, О.Анар-Эрдэнэ, С.Эрхэмбаяр (ШУТИС-МИС)
    • Мега сумо (Радио удирдлага) Senior – Б.Батхишиг, Г.Хаш-Эрдэнэ (“Монгол тэмүүлэл” сургууль)
    • Мега сумо (Автомат) Adult – Г.Шинэ-Од /багш/, Г.Уужим, Б.Батхишиг
  3. Хүрэл медаль:
    1. Мини сумо (Senior ангилал) – Б.Ган-Эрдэнэ, Б.Тэмүүжин (“Орхон эмпати” сургууль)
    2. Robot rugby (Senior ангилал) – З.Билгүүндалай, Х.Билигжаргал, Б.Бэлгүтэй (“Шинэ эрин” сургууль)
    3. Unknown mission (Senior ангилал) – Г.Тод-Од, М.Ариг (“Монгол тэмүүлэл” сургууль)