Categories
мэдээ нийгэм

32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ DNN.mn

Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл авто замыг наймдугаар сарын 27-ны өдрийн 04:00 цагаас 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучиж, хашлагыг түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг тааруулах болон тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байх,

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Аялж, зугаалж, амралтаар явахдаа баталгаат зам гарцаар зорчих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3.3 км авто замыг шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн авто замын 70 хувийг энэ ондоо багтааж засна. Энэ хүрээнд Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3,3 км авто замыг шинэчлэхээр бэлтгэн, эхний ээлжид ашиглалтын хугацаа дууссан хашлагыг хуулж байгаа юм.

НЗХГ-ын хэлтсийн мэргэжилтэн З.Доржбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жил ашигладаг. Шинэчлэх гэж буй дээрх авто замын хашлагын ашиглалтын хугацаа дууссан тул бетон хашлагыг байгалийн чулуугаар солино. Энэ нь эдэлгээ удаан, чанартай байдаг. Тухайлбал, Бага тойруугийн авто замын хашлагыг 2011 онд байгалийн чулуугаар сольсон бөгөөд одоог хүртэл ашиглалтын шаардлага хангаж байгаа” гэв.

Дээрх 3,3 км авто замд ус зайлуулах 70 шүүрт худаг бий. Орон сууцны хороолол, Богд уулын борооны ус зорчих хэсэг рүү орж, дөрвөн байршилд ус их хэмжээгээр тогтдог тул 58 шүүрт худгийг нэмж суурилуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дунд гол дагуу 194 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлээд байна DNN.mn

Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж лаг хагшаас цэвэрлэх ажилд хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Дунд гол дагуу 194 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлээд байна.

Цаашид эргийн хамгаалалтын нурж эвдэрсэн далан сувгийг засварлаж, үерийн хамгаалалтын байгуулажийг шинээр барих ажлыг гүйцэтгэнэ гэдгийг Геодизи усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томиллоо DNN.mn

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгав. О.Сийлэгмаа нь боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээн, мэдээлж байсан билээ.

Categories
гадаад мэдээ

Николас Мадурог огцрохыг шаардсаар байна DNN.mn

Николас Мадурогийн хяналтад байдаг Венесуэлийн тагнуулын алба өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мадурог ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сөрөг хүчний идэвхтнүүд болон сэтгүүлчдийг баривчилсаар байна.

Тухайлбал, Венесуэлийн сөрөг хүчний “La Pa­tilla” мэдээллийн сайтын сэтгүүлч Ана Гуаита Барретог баривчилсан нь сүүлийн гурван долоо хоногт саатуулагдсан зургаа дахь хэвлэл мэдээллийн төлөөлөгч болж байна. Барретогийн хамаатан садны хэлснээр нууц цагдаа нар түүнийг шууд гэрээс нь авч явсан бөгөөд сэтгүүлчийг хаана хорьж байгааг ар гэрийнхэнд нь хэлэхгүй байгаа аж. Америк тивийн хэвлэлийн нийгэмлэг (IAPA)-ээс Венесуэлийн эрх баригчид ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 2400 гаруй хүнийг баривчилсан гэж мэдэгдээд байгаа бөгөөд тэднийг улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилготой гэж байгаа бол заримыг нь терроризмын хэргээр буруутгасан байна.

Венесуэлийн Сонгуулийн хороо Николас Мадурог долдугаар сарын 29-ний ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэж зарласан ч сөрөг хүчнийхэн 2018 оных шиг сонгуулийн дүнг дахин луйвардсан хэмээн Венесуэлд олон мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал болж Мадурогийн засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардсаар байгаа билээ.

Мөн арми болон цагдаагийн хамгаалалт дор Николас Мадурог дэмжигчид ч жагсаж байгаа. Учир нь автобусны жолооч мэргэжилтэй, үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн, талийгаач Уго Чавесын шавь, өв залгамжлагч 61 настай Николас Мадуро анх 2013 онд ерөнхийлөгч болсон бөгөөд тэрээр армийн офицеруудад мөнгө “цутгах” аргынхаа ачаар ийнхүү гурав дахь удаагаа зургаан жил ерөнхийлөгчийн суудалд суухаар оролдож байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Реппер Н.Цэцэнбилэг: “Tsetse vs Bilgee” тоглолт бол миний тайлан DNN.mn

Реппер Н.Цэцэнбилэгтэй ярилцлаа. Түүний “Tsetse vs Bilgee” тоглолт ирэх есдүгээр сарын 7нд Цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тэрбээр анхны бие даасан тоглолтоо 2012 онд хийж байжээ.


-Удахгүй болох тоглолтынх нь талаар ярилцлагаа эхэлье?

-Тоглолтын хүрээнд таван видео клип гаргаж байгаа. Эхний дөрвөн клип нь бэлэн болсон. Дөрөв дэхийг нь энэ долоо хоногт цацна. Хэдэн дууг хэрхэн дуулах талаар бүх дэгийг гаргасан. Зочин артистууд маань ч бэлэн. Одоо бэлтгэл ажил жигдэрч л явна даа. Тоглолтод нийт 29 уран бүтээлч оролцоно.

-Та бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй нэлээд уджээ. Олон жилийн дараа тайзан дээрээс үзэгч, фенүүдтэйгээ уулзах гэж байна. Догдолж байна уу?

-Хип хоп гэдэг урлагтай танилцаад, дуулж эхлээд 20 жил болжээ. “Миний пүүз” гэдэг дуунаас эхлүүлбэл 15 жил соло уран бүтээл хийсэн байна. Хоёр удаа бие даасан тоглолтоо хийсэн. Энэ удаагийн тоглолт бол миний гурав дахь тоглолт, миний тайлан. Миний эхний бөгөөд сүүлийн том тоглолт болж магадгүй. Уран бүтээлчийн карьер унаж босоод л явдаг. Энэ жил стадионд тоглолт хийх миний мөч гэж бодож байгаа.

Энэ удаагийн тоглолтын хувьд хамгийн том газар хийж байгаагаар онцлог. Маш их айдастай байна. Цэнгэлдэх хүрээлэн дүүрэх эсэх тал дээр нэлээд сэтгэл зовниж байгаа. Гэхдээ Цэнгэлдэх дүүрсэн ч, дүүрээгүй ч их сайхан тоглолт хийнэ ээ.

-Анхны бие даасан тоглолт тань 2012 онд болсон санагдаж байна?

-2012 онд “АСА” циркт, 2019 онд “Crocus”-т тоглолтоо хийж байлаа.

-Тоглолтын нэр их содон санагдлаа. Уран бүтээлчид дууныхаа эсвэл цомгийнхоо нэрээр нэрлэдэг шүү дээ. Таны хувьд яагаад “Tsetse vs Bilgee” гэв?

-Хоёр төрлийн уран бүтээл гаргаж байгаа гэсэн утгатай юм. Rokit Bay-гийн клипт дөрөв, таван хүн гардаг шиг надад Цэцэ, Билгээ гэдэг хоёр хүн бий гэдэг утгаар л нэрлэсэн. Зарим дуунууд маань хип хоп хараалын үгтэй байхад зарим нь хайрын дуу байх жишээний. Миний хувьд тоглолтдоо 37 дуу дуулахаар бэлдсэн.

-Тоглолтынхоо аль хэсгийг хамгийн их анхааръя гэж бодсон бэ?

-Бусдаас арай онцгой байхыг илүүд үзсэн. Тайз засалтыг ч өөрөөр харуулъя гэсэн бодолтой байгаа. Бусад тоглолтууд хоёр талдаа дэлгэцтэй байдаг. Үүнийг шинэчлэхийг зорьсон. Энэ талаараа хамтран ажиллаж буй BRB-ийнхээ хамт олонтой ярилцсан. Найм дахь жилдээ стадионд тоглолт зохион байгуулж байгаа учир их туршлагатай. Ер нь бол гадаадынх шиг тоглолтоо хийнэ(инээв).

-Урт хугацаанд бүтсэн клиптэй дуу бий юү?

-Анхны ганцаараа дуулсан “Миний пүүз” дуу байх. Америкт хийж байсан юм. Найзуудтайгаа нийлж зургийг нь авангуутаа Монгол руу явуулаад клипжүүлж байлаа. Энэ л хамгийн удаан бүтээсэн дуу болов уу.

-“Миний пүүз” тэр үедээ нэлээд хит болж байсан даа?

-“Vanquish” хамтлагаасаа тусдаа ганцаараа хийсэн анхны уран бүтээл. “Энэ бол би” гэдэг дуу анхных, харин “Миний пүүз” хоёр дахь клипжүүлсэн дуу юм. Намайг бага байхад тэр үеийнхэн пүүзээр гангардаг байсан юм. Ориг пүүзтэй бол ганган санагддаг үе л дээ. Аав, ээж жилд ганц хоёр удаа л ориг пүүз авч өгнө. Тэрийгээ нандигнаж, хайрлаж өмсөнө. Гэхдээ “Миний пүүз” дуу гарч байх үед пүүз гэдэг зүйл “моод”-ноос гарчихсан байсан. Ер нь кет өмсдөг болчихсон байсан л даа. Харин энэ дууг гаргаснаас хойш Монголд пүүзийг дахиад “моод”-нд оруулсан гэж боддог. Одоо ч хүүхдүүд “Жордан-1”-ийг өмсөж л байгаа. Монголын пүүзний зах зээлд нэлээд том хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг шүү.

-Энэ удаагийн тоглолтод “Vanquish” хамтлагаараа дуулах уу?

-“Vanquish” хамтлагийнхан маань ирж дуулна. Өөрсдийн гэсэн аж амьдралтай учир урдынх шиг байнга уулзаад байдаггүй. Гэхдээ холбоотой байгаа.

-Цаашид хамтарсан уран бүтээл гаргах уу?

-Хамтлагаараа дуу гаргах бодол бий. Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ирэх жилээс уран бүтээл гаргаж, тоглолт хийх төлөвлөгөө бий. Одоогоор тов гараагүй.

-Та урлагаас жаахан хөндийрөөд тогоочоор ажиллаж байсан. Ер нь яагаад тогоочоор ажиллая гэж бодов?

-2006 онд Америкт очоод ажлынхаа хажуугаар тогооч хийдэг байсан. Гриль дээр япон хэв маягаар таван жил хоол хийсэн. Монголд ирээд түүгээрээ ресторан ажиллуулсан. Нэг ажлыг 10 мянган цагаас дээш хийсэн бол мэргэжлийнх гэж ярьдаг юм гэсэн. Миний бодлоор би 10 мянгаас дээш ажилласан байна лээ. Энэ чиглэлийн хоолыг дажгүй хийнэ шүү.

-Тогооч байх үедээ урлагтаа эргээд очих юмсан гэж бодож байв уу?

-Тухайн үедээ бодож байгаагүй юм байна. Зөвхөн хоол хийхдээ төвлөрдөг байсан. Ер нь хараад байхад маш их зүйлийг хийж үзлээ. Хүн өөрийнхөө дуртай чаддаг юмыг хийх нь хүнд хэрэгтэй юм билээ. Сэтгэлзүйн хувьд ч, цалин мөнгөний хувьд ч дуртай зүйлээ хийх нь өөрт хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Ер нь тоглолт хийе гэдэг санаа хэзээ гарсан бэ?

-Цэнгэлдэх хүрээлэн гэдэг чинь өөрөө маш том газар. Хэрвээ дүүргэж чадвал уран бүтээлчийн карьерт маш сайнаар нөлөөлнө. Мөн уран бүтээлч хүний мөрөөдөл нь байдаг. Хоёр жилийн өмнөөс Цэнгэлдэхэд тоглолтоо хийе гэж бодсон. Гэсэн ч цаг хугацаа таарахгүй явсаар ирсэн юм. Тэгээд хүмүүстэй уулзаж, энэ жил “XMF”-ийн артистаар орж есдүгээр сарын 7-нд тоглолтоо хийхээр болсон.

-Есдүгээр сарын 7-нд хэд, хэдэн газар тоглолт болох юм билээ?

-“Guys”-ийн Төгсөө ахын тоглолт, Young Mo G, Young Sub-ийн гээд хэд хэдэн тоглолт болно. Бусад хоёр тоглолтдоо амжилт хүсье.

-Та хэд хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ. Жүжигчний карьераа ахиулах бодол бий юү?

-Нэг кино уран бүтээл хийж, өөрөө гол дүрд нь тоглосон. Ганц хоёр кинонд туслах дүр бүтээсэн. Кино урлаг гэдэг мэргэжлийн, төгссөн хүмүүс нь хийх ёстой юм шиг байна лээ. Миний хувьд хэцүү санагдсан. Жүжиглэх гэдэг өөрөө өөрийнхөөрөө тоглосон болохоор арай гайгүй байсан. Ер нь л кино урлагийн салбар худлаа юм билээ. Би бол чадахгүй.

-Таныг тодорхойлох, илтгэх зүйлийг нэрлэ гэвэл?

-Шударга, намхан(инээв). Бас пүүз байж болох юм.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл…?

-Худал хэлэхгүй, хулгай хийхгүй л явах юм даа. Мөн хэлсэн үгэндээ эзэн байх. Энэ зарчмыг л дагахыг хичээдэг.

-Тоглолтоо дуусгаад ямар уран бүтээл гаргахаар төлөвлөсөн бэ?

-Тоглолтоо дуусгаад дэлхийгээр аялан тоглолт хийнэ. Европ, Америк, Австрали, Япон, Солонгос зэрэг улсаар тоглоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна DNN.mn

Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар зуншлага сайн байна.

Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт 20 гаруй хувьд нь дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-9.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу байна.

Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгийн зарим, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Наранбаатар: Орон нутгийн нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна DNN.mn

Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарласан билээ. Өнгөрсөн онд манай улсад 651.061 жуулчин ирснээр 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбарт оруулжээ. Энэ нь нэг сая жуулчин хүлээн авах зорилгодоо хүрээгүй ч Цар тахлын үетэй харьцуулахад өндөр үзүүлэлт байв. Энэ он гарсаар одоогийн байдлаар 528 мянган жуулчин Монголд ирээд буй аж. 2024 онд монгол Улс 1.3 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ.

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар энэ салбарын төлөөлөл “Монголиан Байкинг Экспертс” ХХК-ийн захирал Б.Наранбаатартай ярилцлаа.


-Танай компанийн хувьд аялал жуулчлал дундаа аль чиглэлээр нь түлхүү үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Миний хувьд 2005 оноос аялал жуулчлалын салбарт ороод өдийг хүрч байгаа. Өөрийн компанийг байгуулаад ихэвчлэн тусгай сонирхлын унадаг дугуйн аяллын чиглэлээр хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тогтмол дугуйн аялал зохион байгуулж буй тав хүрэхгүй цөөхөн компани бий. Тусгай зориулалтын аялагчдын тоо өндөр биш л дээ. Манай компанийн хувьд дугуйн аяллаар 90 гаруй хүнд үйлчлээд байна. Энэ жилийн хувьд 130 орчим дугуй сонирхогч аялагчдад үйлчлэхээр төлөвтэй байгаа.

Дугуйн аялал ихэвчлэн дулааны улиралд явагддаг ч бидний хувьд жилийн дөрвөн улиралд дугуйн аяллыг хийдэг. Өвлийн дугуйн аялал гэхэд Туул голын мөсөн дээр болдог. Хоёрдугаар сарын сүүлээр “Мөсний баяр” дээр Хөвсгөл нууранд хойд зүгээс урд зүг хүртэл хоёр өдрийн дугуйн аялал зохион байгуулдаг. Өвөл мөсөн дээр дугуй унаж байгаа учир дугуй нь зориулалтын буюу хадаастай, гадарга нь хальтирдаггүй байх юм.

Мөн жийптэй, өндөр уул болон хадны авиралт, цанаар аялах зэрэг тусгай зориулалтын болон явган, морин гээд бүх л төрлийн аяллыг аялагч нартаа санал болгодог.

-Монголд энэ жил хэр олон жуулчин ирэхээр байна. Таны харж буйгаар 1,3 сая жуулчин хүлээж авах зорилтод хүрэх болов уу?

-Одоогийн байдлаар 500 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна гэх статистик тоо. Он гартал дөрвөн сарын хугацаа бий. Энэ хугацаанд хэдэн зуугаар жуулчдын тоо нэмэгдэх байх. Жуулчдын тоо нэг саяд хүрэх эсэхийг мэдэхгүй. Уг нь манай улс нэг жилийн хугацаанд нэг сая жуулчин хүлээж авах боломжтой. Зуны гурван сарын хугацаанд нэг сая жуулчин хүлээж авна гэвэл хүндрэлтэй. Говиор аяллаа гэхэд амрах баазуудын ор хоногийн тоо хэд билээ, хүрэлцээ муутай.

-Таны харж байгаагаар аялал жуулчлалын салбарт ямар, ямар асуудлууд байна вэ?

-Тусгай сонирхлын аяллыг хобби руугаа чиглэсэн, дурласан хүмүүс илүү сонгодог. Ерөнхий аяллыг сонирхогчид маш өндөр байгаа. Зүүн өмнөд Азийнхан болон хонконгчууд, солонгосчууд маш ихээр Монголд ирж байна. Европуудын хувьд сүүлийн хоёр жил манайд ирэх нь эрс багассан. Оросоос хамааралтай байж ч болно. Монголд ирэх нислэгийн үнэ нь энд ирээд 10 хоног аялах үнэтэйгээ адилхан болсон нь нөлөөлж буй.

Зарим үед жуулчид маш богино хугацаанд олноор ирж, бөөгнөрөл үүсгэж байна. Амралтын газар, баазууд дээр очиход ор хоногийн тоо хүрэлцэхгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөхгүй байна. Өдөрт туулах киломертийг заасан байдаг. Тухайн жолооч өдөрт 500 километроос дээш явахгүй гэдэг ч түүнээс илүү хол зайнд явуулж байна. Азиуд бага хугацаанд их юм үзэхийг хүсч, тухайн баг хамт олны хүмүүсийг хайрлахгүй байгаа юм. Аялал жуулчлалын холбоо, удирдлагууд хөтөч, хүний нөөц рүүгээ чиглэсэн ажлуудыг хийхгүй бол чадавх муугаас гадна хүн хүчний хомсдолд маш их орж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартыг мөрдөж ажиллахгүй байх зөрчлүүд ч ажиглагдаж байгаа. Тусгай сонирхогчдын аяллын хөтөч бүр ховор.

Жил бүр хамгийн хэцүү нь ариун цэврийн асуудал байсаар ирсэн. Бидний хувьд замд явахад хоёр цаг тутамд жуулчдаа бие засуулах ёстой байдаг ч зогсоход маш хүндрэлтэй, Ариун цэврийн газар олдохгүй. Шатахуун түгээх станцуудын ариун цэврийн өрөөг ашигладаг. Ариун цэврийн өрөө их бохир, зарим нь цоожтой. Дугуйн аяллын хувьд зөөврийн душ, ариун цэврийн өрөөг ашиглаад явчихдаг.

-Наадмын үеэр жуулчдад тасалбар олдохгүй байна гэх асуудал гарч байсан даа.

– Наадмын тасалбар жил бүр тулгамддаг асуудлын нэг. Стадион 12 мянган суудалтай. Жуулчдаас наадмын нээлт үзэх 8000 гаруй хүсэлт ирсэн. Аялал жуулчлал руугаа чиглэсэн 2000 тасалбар гаргасан байдаг. Наадмаас хоёр, гуравхан хоногийн өмнө орой нь дахин тоглоно гэж хэлж байгаа юм. Энэ нь бүр жилийн өмнө яригдах асуудал юм. Наадмаар жуулчиндаа тоглолтуудаа зориулж, давхар тоглох хэрэгтэй. Ирэх жилийн борлуулалт арав, арваннэгдүгээр сард хийгддэг. Эрийн гурван наадмыг дэлхий даяараа сонирхож ирж байна. Даанч тасалбар нь олдохгүй. Шагийн билетийн үнэ нь өссөн. Нэг билетийг 300-400 мянгаар авсан. Билетийн асуудлыг маш эрт тодорхой болгох шаардлага тулгарч байна.

Мөн орон нутгийн нислэгийн асуудлыг дурдахгүй өнгөрч боломгүй. “Айра Монголиа” ХХК дотооддоо нислэг үйлддэг байсан ч болилоо. Одоо “Хүннү эйр” ХХК нислэг үйлдэж байна. Бүргэдийн баяр аравдугаар сард болно. Билет олдохгүй, баларч байна. Цөөхөн компаниуд нислэгийн суудал авсан байна. Автобусаар жуулчдаа аваад явалтай биш. Хэдэн компани нийлж чартер нислэгээр явахаар болоод байна. Чартер нислэг нь энгийн нислэгээс хамгаагүй үнэтэй. Энгийн нислэг нь ирэх, очих 800 мянган төгрөг, чартер нь хоёр талдаа 2,2 сая. Томоохон эвентүүд дээр төр бодлогоор дэмжээд хэд хэдэн орон нутгийн нислэгийг үйлддэг болгомоор байна. Олон жуулчин очлоо гэхэд байрлуулах орон байрын асуудлыг ч бодох ёстой. Бүргэдийн баярт хэдэн мянган жуулчид очих боломж байгаа ч даанч нислэг байхгүй. Нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна. Өвөл тайгын аяллууд эхэлдэг. Нислэгүүд бас л дутагдалтай. Нислэгээ нэмээд өгвөл аялал жуулчлалын компаниуд борлуулж чадна. Монгол Улсыг зорих жуулчдын тоо хэзээ ч буурахгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөж, хариуцлагатай хандаж, жуулчдынхаа сэтгэл ханамжид анхаарч, үйлчилгээгээ тултал үзүүлж, хүний нөөцөө маш сайн чадавхжуулах хэрэгтэй. Нэг асуудал гарахад тухайн компани биш Монголын нэр гарна. Гадныханд үйлчилж байгаа хүмүүс сэтгэлтэй, мэргэшсэн баймаар байна.

Д.Пүрэвдорж: Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг


“Одко трэйвэл” аялал жуулчлалын компанийн жолооч Д.Пүрэвдоржоос зарим зүйлийг тодрууллаа.


-Та хэд дэх жилдээ жуулчлалын компанид жолооч хийж байна вэ?

-Би “Одко трэйвэл” аялал жуулчлалын компанид хоёр дахь жилдээ жолоочоор ажиллаж байна.

-Та одоо хаашаа, аль улсын жуулчинтай явж байна?

-Би Герман улсын гурван жуулчинтай хотоос гараад 13 хоног аялж байна. Говийн нутгаар тойроод яг одоо Хөвсгөл рүү аяллаа үргэлжлүүлж явна. Маршрутын дагуу өнөөдөр (өчигдөр) Тэрхийн цагаан нууран дээр, маргааш (өнөөдөр) Хөвсгөлийн Шинэ- Идэр сумын “Зүүн нуур” гэдэг газар, жуулчны баазад хононо.

-Гадаадын жуулчдаа аялуулаад явж байхад танд болон аялагчдад тулгарч буй ямар асуудлууд байна вэ?

-Янз бүрийн асуудал тулгардаг. Замын шалгалт, авто тээврүүд хэцүү. Хавар зөвшөөрлөө өгөхдөө удаж, хүлээлгэдэг. Танил талтай хүнд амархан зөвшөөрлөө өгчихдөг. Зөвшөөрлөө авахгүй явсан тохиолдолд торгууль их оногдуулдаг. Хөдөө орон нутаг тэр дундаа говийн сумдад бензин олддоггүй, олдсон ч үнэтэй. Амралт, жуулчны бааз, түр хоноглох газруудын хоол, хүнс, үйлчилгээ, ариун цэвэр дээр анхаарах, хөдөө зам дагуу бие засах газрууд, хогийн цэг дутагдалтай байна.

-Солонгосын “JTBC” телевизийн “Монгол дахь шуудан зөөгч” шоу нэвтрүүлгийн оролцогч тус улсын одуудыг аялуулах жолооч нарын бүрэлдэхүүнд та явж байсан гэсэн. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ноднин Солонгосын жүжигчид, телевизийнхнийг Монголд ирж, нэвтрүүлгийн зураг авахад тав хоног хамт явж, аялуулсан. Миний хувьд мэдээж сайхан, сэтгэгдэл өндөр байсан. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин байдлыг гадаадын жуулчдад үзүүлээд, тэдний харж, баясаж байгааг харах бахархалтай сайхан юм билээ.

-Монголд аль улсын жуулчид түлхүү ирж байна. Тэд Монголын ямар газрыг илүү үзэхийг хүсч байна вэ?

-Энэ оныг Монгол Улс “Аялал жуулчлалын жил” болгон зарласан болохоор дэлхийн бүх улсын иргэд манайд жуулчилж ирж байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг их олон компани бий. Европ аялал жуулчлалын 430, Солонгос аялал жуулчлал хүлээн авдаг 128 компани байна гэх мэт судалгаа байна лээ.

Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг. Монгол орны байгалийн бүхий л онгон дагшин газрууд үзэсгэлэнтэй. Өөрсдийнх нь сонирхсон газар руу хүссэнээр нь явдаг. Нас, насны хүмүүс аялахаар ирдэг. Бүр жаахан хүүхдээ дагуулсан хүн, 70, 80 настай ахмад хүмүүс ч ирдэг. Зам дагуу цайны газрууд элбэг болж, орон, орны хоол хийдэг болсон нь давуу талтай.

-Монголоор аялаад буцаж байгаа жуулчдын сэтгэгдэл хэр байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байх шиг байна. Аялж дуусахаараа сэтгэгдлээ илэрхийлдэг. Манайх хавар дөрөвдүгээр сараас эхлэн аравдугаар сар хүртэл жуулчдаа Монгол орноороо тойрон авч явдаг. Миний жуулчин аваад гарах хугацаа харилцан адилгүй. Доод тал долоо хоног, нэг, хоёр хүнтэй ч явах тохиолдол бий. Энэ жилийн хувьд би 30 орчим жуулчин аялуулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Солонгосын визний шалгах хугацааг богиносгожээ DNN.mn

Бүгд найрамдах Солонгос улс руу аяллын журмаар виз мэдүүлэхэд материалыг хоёр сараас илүү хугацаанд шалгадаг байсныг өчигдрөөс эхэлж 40 хоног болгон хугацааг нь богиносгожээ. Энэ талаар Солонгосын элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдээллээ.

Өөрөөр хэлбэл богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз 60 хоног байсныг өчигдрөөс 40 хоног болгосон гэсэн үг. Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз 80 хоногоос дээш байдаг.

Өнөөгийн байдлаар манай улсын дөрвөн мянга гаруй иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Харин Солонгос улсын хоёр мянган орчим иргэн Монголд албан ёсоор оршин суудаг байна.