Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гарааш буулгаж газар чөлөөлсөн талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгана.

Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгаж газар чөлөөлөөд байна. Уг гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.

Сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал, БЗД-ийн 35 дугаар хороонд 2190 өрхийн 6473 хүн амьдардаг. Тус хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай байдаггүй. Иймээс бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг хийлээ. Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгааг УБЗАА-ны Туул, Сэлбэ, Дунд голын тохижилтын хэлтсийн мэргэжилтэн У.Санчир хэлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“UB FOOD FESTIVAL- 2024” болж байна DNN.mn

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB FOOD FESTIVAL- 2024” төв талбайд болж байна.

Наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

May be an image of 4 people, paella and steak

May be an image of food

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 527 мянган жуулчин иржээ DNN.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 527,000 жуулчин ирж, нэг тэрбум ам.долларын орлого оруулжээ.

Орос, Хятад, Солонгос улсын иргэд хамгийн их иржээ.

Categories
мэдээ нийгэм

Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальт бетоноор хучиж эхэллээ DNN.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.

Улаанбаатар хотын баруун хэсгийн төмөр зам, авто замын огтлолцол уулзвар болох Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 90 орим хувьтай үргэлжилж байна.

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламж болж буйгаараа онцлог. Нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, урд туслах зам 252 метр гэх мэт 2 түвшний огтлолцолтой барина. Гарцын үндсэн бүтцийн байгуулалт бүрэн дууссан бөгөөд авто замын асфальт хучилт эхэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн жилийн хугацаанд 8637 ширхэг цахилгаан, суррон дугуйг оруулж иржээ DNN.mn

Монгол Улсын хилээр 2021-2024 оны наймдугаар сарын 15-ны хугацаанд 8,637 ширхэг цахилгаан дугуй орж иржээ.

Энэ хугацаанд 5,474.4 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортолсон байна.

Тодруулбал:

  • 2021 онд 411 ширхэг 561.6 ам.доллар
  • 2022 онд 1,065 ширхэг 1,471.9 ам.доллар
  • 2023 онд 4,625 ширхэг 2,517.9 ам.доллар
  • 2024 онд 2,536 ширхэг 923 ам.долларын цахилгаан дугуй, суррон импортолжээ.
Categories
мэдээ нийгэм

Мал хариулж яваад сураггүй болсон 8 настай хүүг эсэн мэнд олжээ DNN.mn

Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын  Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.

Categories
мэдээ нийгэм

Японы соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно DNN.mn

Японы соёл, аялал жуулчлалын өдөрлөг наймдугаар сарын 24-25-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Наадмын үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой. Япон үндэсний хөгжмийн “Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулахаас гадна “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулсан боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулна.

Японы соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгджээ DNN.mn

2024 он гарсаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар мал, амьтны гоц халдварт өвчний улмаас нийт дөрвөн аймгийн таван сумын таван голомтод хорио цээрийн дэглэм, нэг аймагт хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна.

Тиймээс тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 7-нд гарсан. Энэ хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо,  хүн олноор үйлчлүүлдэг зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт тавин ажиллаж байна. Малын гоц халдварт өвчин нь малаас малд, хүнээр дамжиж малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдах эрсдэлтэй байдаг тул хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулалтад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр НОБГ, ЗӨСҮТ болон НБОГ-ын холбогдох мэргэжилтнүүд хяналт шалгалт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ.

НОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Дээрх НЗД-ын захирамж наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх  хугацаанд Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдал, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албанаас 24 цагаар хяналт, үзлэг шалгалт явуулж байна. Шалгалтын хугацаанд 11 удаагийн үйлдлээр 18 ширхэг тарваганы мах илрүүлж, хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав “ЗӨСҮТ-ийн тандалт судалгааны мэдээллээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын өндөр идэвхтэй байна гэх мэдээлэл гарсан. Сүүлийн 10 гаруй жилд манай улсад тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдэж 9 хүн нас барсан” гэдгийг хэлж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч О.Билгүүн: УИХ, Засгийн газрын гишүүн ямар нэгэн компанитай хамааралтай байхыг хуулиар хориглодог DNN.mn

Өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийн хуульч О.Билгүүнтэй төрийн өндөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн талаар ярилцлаа.


-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудал үе, үеийн парламентад яригддаг. Сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудал дэгдэж, олны анхаарлыг татлаа. Хууль зүйн талаас харвал юу болоод өнгөрөв?

-УИХ-ын гишүүн бол ард түмний саналаар томилогддог албан тушаалтан. Энэ албан тушаалтны ажил үүргийн онцлог, ямар нөхцөл журмаар ажиллах вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой бий. Товчхондоо, УИХ-ын гишүүн төрийн үйл ажиллагаагаа л эрхэлнэ. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд сурталчилгааны асуудлыг зохицуулсан. УИХ-ын гишүүн аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно гэдэг. Нэгэнт ард түмнээс сонгогдож гишүүний тангаргаа өргөчихөөд хувийн бизнес хийх нь энгийн иргэний нүдээр харахад ч ёс зүйгүй үйлдэл. Харин нийгэмд тустай үйл ажиллагаа байвал сурталчилгаа явуулж болно гэж зөвшөөрдөг. Бусад ямар ч тохиолдолд хориглодог. Гишүүний лайв болон бусад мэдээллүүдээр “Би төрийн ажлаа хийж байгаа. Хувь хүн учраас чөлөөт цаг завтай үедээ юу хийх нь миний эрх” гэж буцаад иргэд рүү дайралт хийх маягтай тайлбар өгсөн байсан. Энэ бол маш буруу. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн биеэ авч явахаас ёс зүйн зарчим эхэлдэг. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хариуцлага тооцсон нь үндэслэлтэй.

-Яг үүнтэй ижилхэн кейс Засгийн газарт бий. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ салбартаа хувийн компанитай. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймагт үхрийн фермертэй. Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин аялал жуулчлалын салбарт томоохон компанитай. Түүндээ төрийн томоохон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэсэн шүүмжлэл гараад байна. Эдгээр тохиолдолд ашиг сонирхлын зөрчил гэж үзэх үү?

-Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь тодорхой албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүд тухайн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхол нь төрийн буюу нийтийн ашиг сонирхолтой харшлах, сөргөөр нөлөөлөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хийснийхээ төлөө хувьдаа ашиг хонжоо олох, эдийн болон эдийн бус давуу байдлыг өөртөө юм уу өөрийн хамаарал бүхий этгээдүүд, ойр дотны хүмүүстээ бий болгохыг ашиг сонирхлын зөрчил гэж үздэг. Таны ярьсан саяны жишээгээр бол хэрэв УИХ-ын гишүүн, сайд нь өөрийн хамаарал бүхий буюу эхнэр нөхөр, хүүхэд, өөрөө, эдгээртэй хамааралтай хүмүүсээр дам байдлаар компаниас компанийн хооронд хувьцаа эзэмших гэх мэт байдлаар ажиллах нь хуулиар бүрэн хориотой. Үүн дээр гол асуудал нь хууль хангалттай байна. Хариуцлага, хориглолт, хязгаарлалт ч байна. Нийтийн албан тушаалд томилогдсон хугацаандаа ийм үйл ажиллагааг явуулж болохгүй гэсэн хориглолтыг дэлгэрэнгүй заачихсан. Албан тушаалаасаа буусны дараа хоёр жилийн хугацаанд тухайн чиглэлээр хувийн байдлаар ажиллахыг ч хязгаарладаг. Гол нь ашиг сонирхлын мэдүүлгийг гишүүн өөрөө өгдөг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар бол УИХ-ын гишүүн өөрөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэдэг. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал надад үүсчихлээ, та бүхэн үүн дээр арга хэмжээ аваач гэж АТГ-т мэдүүлэхээр заачихсан. Харамсалтай нь өөрийгөө барьж өгөх гишүүн битгий хэл жирийн иргэн ч ховор.

-Мэдүүлгээ өгөхгүй бол хариуцлага хүлээлгэх боломж ч байхгүй байх аа?

-АТГ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бусад нийтийн албан тушаалтныг өөрсдөө шалгах бүрэн эрхтэй. Харин гишүүнийг шалгаж болдоггүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаа үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд шалгаж болохгүй, энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж хуульчилсан. Хоёр дахь асуудал нь шалгадаг кейс тохиолдлоо гэж бодоход Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн зүйлчлэлээр авч үздэг. Үүн дээр бас томъёолол дутуу. Жишээ нь, нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол гэсэн хэт ерөнхий томъёо хийчихээр шүүх дээр очоод нотлогддоггүй. УИХ-ын гишүүний кейс дээр гараагүй ч орон нутгийн удирдлагууд, өөр бусад нийтийн албан тушаалтнууд дээр гарч байсан удаатай. Бүр цаашилбал хариуцлагын асуудал байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх нөхцөл саяхныг хүртэл санкц буюу хариуцлага яг адилхан байсан. Сошиалд сэвж, ард түмэн босч байж өөрчлөлт оруулсныг та санаж байгаа байх. Гэтэл үүнийг аль 2019 онд Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн байсан асуудал. -Тодруулахгүй юу? -2019 онд багштайгаа хамт Үндсэн хуулийн 14.1 буюу хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчиж байна. 50 сая төгрөгөөс доош хохирол учруулахаар ял нь 1-5 жил, бас торгох бусад санкцуудтай. 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт 50 саяас дээш хохирол учруулсан ч ялгаагүй дээрхтэй яг адилхан санкцтай. Нэг ёсондоо нийтийн албан тушаалтан таван сая төгрөгийн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн ч торгуулийн ялтай, 500 сая, таван тэрбумаар асуудал гаргасан ч яг адилхан торгуулийн санцктай. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд энэ буруу. Үндсэн нөхцлөөс хүндрүүлсэн нөхцөлийн ял дагаад хүндрэх ёстой. Ийм байхад Эрүүгийн хууль байгаад нэмэртэй юу, шударга ёсны тухай ярих шаардлага байна уу. Ингээд 2019 онд мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцээс “Энэ нь Эрүүгийн хуулийн агуулгыг боловсронгуй болгох асуудал байх тул” гээд тухайн үеийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар руу шилжүүлсэн. Тэндээс бидэнд “Байнгын хороон дээр Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс ийшээ шилжүүлж, хурдан зохицуулъя” гэсэн агуулгатай хариу өгсөн. Гэвч тэнд дарагдаад өнгөрсөн. Харин 2023 онд олон нийт сошиалаар сэвж, ард түмэн босч байж өөрчилсөн. Нэг ёсондоо манай улс төрийн албан тушаалтан битгий хэл зарим мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагууд сошиалаар ажлаа хийх гээд байгаа. Үүн дээр хуульчийн зүгээс харамсаж явдаг. Бид сошиалаар, массын үзэл бодлоор ажил хийх албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс биш. Үүнээс гадна УИХ-ын гишүүнийг үйлдэл дээрээ барихыг шалгасан комиссар, цагдаа өөрөө шоронд ороод явдаг жишиг манайд бий. Энэ асуудлаар бас 2019 онд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогддог төрийн ажил хийдэг хүн. Гэхдээ илүү дархтай байх ёсгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл өгсөн. Гэвч өнөө хэр хариу өгөөгүй.

-Ашиг сонирхлын зөрчилтэй нь нийгэмд ил, олон нийт шүүмжилж байна шүү дээ. Энэ тохиолдолд хууль зүйн гаргалгаа бий юү?

-Нэгэнт ард түмнээс сонгогдсон учраас ард түмэн эгүүлэн татах нь жам ёсны асуудал байх ёстой. Манай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ шийднэ гэдэг. Иргэд мянга чарлаад, дороо дэвхцээд нэмэргүй гэсэн үг. Бүрэн эрх рүү нь орж шалгаж болохгүй, тиймээс эрүүгийн хариуцлага тооцох боломжгүйгээс өнөөдрийг хүртэл шүүх цагдаа яаж ч чадахгүй байгаа. УИХ-ын гишүүд өөрсдийгөө суудлаасаа босгох эсэхийг өөрсдөө буюу танхим шийддэг. Танхим мэдээж нэг намын олонх.

Нэг ангийн хүүхдүүд, багын найзууд гэдэгтэй адилхан. Засгийн газрын гишүүний хувьд танхимын дарга буюу Ерөнхий сайд сольж болно. Танхимын тэргүүн багаа бүрдүүлж Засгийн эрхийг барина гэхэд иргэд тэр эрх рүү орох боломжгүй байгаа юм. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл, элч мөртлөө иргэд төлөөллийнхөө хүнээр төрийн эрхийг барьж чадаж байна уу гэдэг дээр хэрэгжилт байхгүй. Тиймээс хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгохыг л ард иргэд шаардах ёстой.

Categories
мэдээ

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.08.23) хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг сонсов. Нэр дэвшигч Энэбишийн Золзаяагийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл … Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Нэр дэвшигч Э.Золзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай. Эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль,1988-1994 онд ОХУ Москва хот дахь Нийтийн ахуй, үйлчилгээний улсын академийн инженер техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн Тамгын газар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэгдүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч төрийн албанд 24 жил 7 сар, шүүгчээр 19 жил 9 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажиллаж байгаа хэмээн Л.Энхбилиг дарга танилцуулав. Э.Золзаяа нь холбогдох хуулиудад заасан шалгууруудыг бүрэн хангаж байгаа, хууль зүйн дээд боловсролтой,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдэж, нөөцийн оноогоор нэгдүгээрт жагссан хяналтын шатны шүүхийн шүүгчийн нөөцийн оноотой нэр дэвшигчдээс нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг танилцуулав.

Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу нэр дэвшигч Э.Золзаяа сонгон шалгаруулалт болон шүүхийн хэрэг маргааныг хуваарилах үйл явцын талаар мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын дээд шүүх нь бусад шүүхээсээ ялгаатай, хууль зүйн хувьд доод шатны шүүхүүдэд хэрэг маргаанаа хэрхэн, яаж шийдвэрлэх талаар хуулийн тайлбарыг хийх хэмжээний эрх мэдэлтэй гэдгийг онцлоод дээд шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаатай холбоотой байр суурийг лавлаж, хариулт авсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд “…шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах …” зохицуулалттайг Э.Золзаяа шүүгч дурдаад энэ дагуу үүргээ гүйцэтгэж байгаа хэмээн үзэж буйгаа тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүгч нар Улсын дээд шүүх рүү шилжин ажиллах сонирхол хэр байдгийг, нэр дэвшигчийг Шүүхийн сахилгын хороонд дуудагдаж байсан эсэхийг тодруулсан бол Х.Баасанжаргал гишүүн нэр дэвшигчийг тодорхой хугацаанд Хуульчдын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж байсан тохиолдлын талаар, С.Эрдэнэболд гишүүн Улсын дээд шүүхийн жендэрийн харьцааны талаар лавлаж, үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлээд шүүхийн үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур, итгэл алдарсан байдалтай байгааг дурдан Улсын дээд шүүхийн шүүгчид манлайлал үзүүлж, олон нийтэд шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах чиглэлээр анхаарал хандуулахыг санууллаа.

Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчид хандан үг хэлэв.

Хууль зүйн байнгын хороо ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх саналтай танилцсан бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонссон талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.