Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ хичээлийн жилээс 44-өөс дээш сурагчтай 1, 2-р ангид туслах багш ажиллана DNN.mn

 Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг багасгах үүднээс есдүгээр сарын нэгнээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг аж.

Түүнчлэн, сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулна. Эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэхийг Боловсролын сайдын шуурхай хуралдааны үеэр хэлэлцжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулах, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулахыг шуурхайлах зэргийг даалгасан байна.

Categories
гадаад мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Тодруулбал, ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулган хуралдах хугацааг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр болгон сунгаж, хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг нэмээд байна.

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 26-30-ны хооронд хэлэлцэх асуудал, тов, дараалалтай ЭНД дарж танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

Шонхор шувуу барьсан гэх гадаадын иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн.

Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, “Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан” гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Завхан аймаг, Улиастай сум Чигэстэй баг “Улаанхаалга урт нүүрийн ам” гэдэг газар ойн түймэр гарчээ.

Тодруулбал аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35км, Алдархаан сумын төвөөс зүүн зүгт 65км-т ойн түймэр гарсан тухай дуудлага наймдугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт Онцгой байдлын албанд бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход, 0.1га газар  шатаж байсныг бүрэн унтраасан аж. Ойн гал түймэрт нийт 0.1 га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ : Өчигдөр бэртэж гэмтсэн 250 хүүхэд иржээ DNN.mn

Өчигдөр 220 хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд иржээ.

May be an image of text

Яаралтай мэс засалд 16 хүн орсон бол одоогоор 616 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн эрчимт эмчилгээний тасагт 21 хүн эмчлүүлж байгаа аж. Хүүхдийн осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь ахуйн осол, механик гэмтэл ясны сийрэгжилттэй холбоотой байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш Б.Тунгалаг: Иог бол өөрийгөө таних хамгийн том гарц юм DNN.mn

Йогийн багш Б.Тунгалагтай ярилцлаа.


-Та анх яагаад йогоор хичээллэх болов. Йогийг та хэрхэн илэрхийлэх вэ?

Би 2016 оноос анх эрүүл мэндийн шалтгааны улмаас йогоор хичээллэх болсон. Савны гадуур жирэмсэн болоод, шарлаад, зүрх, нуруунд асуудлууд үүссэн. Би залуу хүн, тухайн үедээ яаж эрүүл, өвдөхгүй байх вэ гээд эрэл хайгуул хийж эхэлсэн л дээ. Мэс засалд ороод гарсныхаа дараа г эрийнхээ ойролцоох йогт очсон юм. Мэс засал хийлгэснээс хойш гурваас зургаан сарын дараа йогоор хичээллэж болно гэж багш маань хэлсэн. Гурван сар хүлээхдээ өөрийгөө бэлдсэн. Нуруу, хүзүүний гээд шаардлагатай бүх зургаа авахуулж, арав хоног бариа заслаар явсан. Мөн Гуравдугаар эмнэлэгт зүрхний мэс засалд орох гээд гурван удаа хэвтэж байсан ч ороогүй. Тэр үед н.Батбаатар гээд эмч маш үнэтэй зөвлөгөө өгсөн. “Чи зүгээр л уурлахаа боль, зүрхээ амраа” гэж хэлсэн нь йогоор хичээллэхэд дөхөм болсон. Би яаж уурлахгүй байх шалтгааныг өөртөө бүрдүүлэх вэ гэж их бодсон. Өөрийнхөө сэтгэлийг тайван байлгахын тулд би йогт явах болсноос хойш өдийг хүртэл нэг ч өдөр йогоо тасалж байгаагүй. Жирэмсэн байхдаа ч йогоо хийсээр л байсан. Биеийн булчин нь сулраад ирэхээр хүний бие цэгцрээд ирдэг. Өөрийнхөө жишээгээр харахад нэлээд олон жилийн дадал, зуршил, сахилга баттай байсны үр шим нь таваас дээш жилд илүү мэдрэгддэг юм билээ. Цаашлаад насан туршдаа йогоор хичээллэх нь маш үр дүнтэй гэж боддог. Өөртөө эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй бусдад түгээх нь зүйтэй юмаа гэж бодож, гурав дахь жилдээ йогийн багш хийж байна.

Багш болгон өөр. Йог гэдэг зүйл маш өргөн утгатай. Хүмүүс тал талаас нь харж, сайн зүйлийг нь бусдад түгээдэг. Хүн бүр өөр, өөрийн өнцгөөр хүлээж авдаг нь хүний давтагдашгүй шинж чанартай холбоотой. Миний авсан энэ сайхан мэдрэмжийг бусад нь ч гэсэн аваасай гэж хичээлээ заадаг.

Йогийн маш олон тодорхойлолт бий. Анхан, дунд гэхчлэн йог олон түвшинтэй. Хүмүүс зураг хараад л йог гэхээр хөдөлгөөн гэж ойлгож ирдэг. Хамгийн энгийнээр йогийг амьсгал, хөдөлгөөн, сэтгэл гурвын нэгдэл гэж ойлгож болно. Булчин шөрмөс нь чангарсан үед нэг асана буюу хөдөлгөөнд бариад амьсгалаа аваарай, гаргаарай гэхэд л амьсгалаа түгжчихээд байдаг. Энэ нь алдаатай хийж байна, дахин хийх шаардлагатай л гэсэн үг. Хөдөлгөөн хийж байхдаа амьсгалаа ажиглана. Уурласан үед хүний амьсгал дээр буюу хоолойд байгаад байдаг. Амьсгалаа тайван байлгах тусам булчин, шөрмөс сулардаг.

-Йог хийснээр хүний бие болоод сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарах вэ?

Хүн бүр өөр, өөрөөр тайлбарлах байх. Хүний бие организмд цусан хангамж нь сайн, чөлөөтэй урсаж байж гэмээнэ бие болоод сэтгэл санаа нь эрүүл байдаг. Йогийг тууштай буюу удаан хийснээр хүний цусан хангамж зөв урсгалдаа орох бүрэн боломжтой. Бидний амьдралын буруу хэвшил хэдхэн сар йог хийснээр арилахгүй. Йог хийж, өөрийн болгож, уян налархай болсныхоо хэрээр цусны урсгал сайжирч, дор хаяж хөл гарах дулаацах, толгой өвдөхөө больдог. Хүлээлтээ багасгаад тасралтгүй өдөр бүр йог хийх нь зүйтэй. Йог бол өөрийгөө таних хамгийн том гарц юм. Хүмүүсийг заавал йог гэлтгүй насан туршдаа хөдөлгөөнтэй байгаасай гэж хүсдэг.

-Йог хийхэд амьсгалаа хөдөлгөөнтэйгээ хослуулна гэлээ. Тодруулж хэлж өгөөч?

Зөв амьсгал авахад хүчилтөрөгч хамраар ороод хоолой, цээжний хөндий, хэвлий рүү буюу таван цулд очих юм. Өмнө нь хэвлийд орсон хүчилтөрөгч нь нүүрсхүчлийн хий болж, амьсгал гаргахад хэвлийгээс шахагдаад цээжний хөндий, хоолой, хамрын нүхээр буцаж гарах ёстой. Бид йог хийснээр амьсгалын энэ орж, гарч байгаа замыг ажиглах буюу хэвлийн хөндий рүүгээ гүн амьсгалж чадаж байна уу гэдгээ анзаарч, хөдөлгөөнөө хийхдээ бүрэн амьсгалаа авч, гаргаж чаддаг болох хүртлээ суралцана гэсэн үг. Эхний ээлжинд хамраараа амьсгалаа аваад амаараа гаргаж байгаад, дараа нь хамраараа буцаж гаргадаг болох нь чухал. Үүнийг хөдөлгөөнтэйгээ хослуулж, тухайн булчиндаа анхаарлаа хандуулах юм. Анхаарал хаана байна, түүн дээр эрчим энерги урсдаг гэж үздэг. Амьсгалаа мэдэрч сурах нь хамгийн чухал. Товчхондоо амьсгалаа зөв авч, хөдөлгөөнөө зөв хийснээр хүн эрүүлждэг. Олон хөдөлгөөнөөс илүү нарны мөргөл ч юмуу тогтмол нэг хөдөлгөөнөө хийх нь илүү үр дүн үзүүлэх боломжтой.

-Та ихэвчлэн өглөөний йог хичээллүүлдэг. Өглөөний йог хийх нь юугаараа онцлогтой вэ?

Өглөөний йог бүр илүү гайхамшигтай. Яагаад гэвэл хүнийг амьтан гэдэг талаас нь авч үзвэл хоол ундаа урд өдөр нь идлээ. Урд өдөр нь идсэн зүйл нь өнөөдрийн хоол хүнсийг олж идэх нөөц буюу өөх хэлбэрээр хүний биед хуримтлагдаж таргалалт үүсгэдэг юм байна. Тиймээс тэр өөхийг өглөө йог хийснээр шатааж, таргалахгүй, эрүүл байх боломжтой. Уг нь хүн гэдэг амьтан өглөө босоод хөргөгчнөөсөө юм авч иддэг биш хөдөлгөөн хийдэг байсан бөгөөд өвчлөөд байгаагийн цаад шалтгааны нэг нь энэ гэж хэлж болно. Хүн өглөө 05.40-07.40-ийн хооронд босоод биеэсээ бохирдлоо гаргах шаардлагатай. Бохирдол бол шингэн хэлбэртэй шээс, нус цэр, шүлс, нулимс гэх мэт. Эдгээр бохирдлуудыг гаргаснаар өвчний шалтгаан үүсэх нь бага байдаг. Энэ үед бүдүүн, шулуун гэдэс ч эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж, өтгөн буюу бохирдлыг гаргахад бэлэн байдаг. Өглөө бүр бохирдлоо гаргаад сурчихаар өтгөн ч хатах нь багасдаг. Өглөө эрт босох зорилгоо ойлгох нь мэдээж чухал. Энэ цагт дасгал хөдөлгөөн хийдэггүй юмаа гэхэд унтаа, хэвтээ биш сэрүүн, босоо байрлалд ядаж байх хэрэгтэй.

Цаг болгоны йог өөр, өөрийн гэсэн онцлог шинжтэй. Өглөөний йог нь илүү хүнд үр дүнгээ өгдөг. Хүн унтаж амарсан учраас өглөө булчин нь илүү суларсан байдаг. Хүн өглөө сайхан тайван байхдаа бохирдлоо гаргасныхаа дараа йогоор нэг цагийн турш хичээллэхэд тэр үеийнхээ эрчим энергиэ өөрийн биедээ илүү шингээж авдаг. Тиймээс хүн өдрийн турш эрч хүчтэй, бүтээлч байдаг.

Оройны йогт явахад биеийнхээ булчинг суллаж, ядаргаагаа тайлах онцлогтой. Ядаргаагаа тайлахаар өөртөө эрчим энерги нэмж чадахгүй байх талтай. Өглөөний йогт явснаар илүү эрүүл болно. Хүний эрүүл байх тулгын гурван чулуу бол нойр, хөдөлгөөн, хооллолт сэтгэл зүй. Эдгээрийг тэнцвэртэй байлгаж, зэрэг хөрөнгө оруулалт хийж явснаар эрүүл саруул, эрч хүчтэй, баяр баясгалантай байх боломжтой.

-Йогоор хичээллэхэд ямар нэг хоолны дэглэм барих уу?

Хүн эхлээд өөрийгөө ажиглаж сурах хэрэгтэй. Хийн, шар, бадганын аль төрлийнх нь хүн бэ гэдгээ мэдэх юм. Өөрийнхөө хувьд тэнцвэртэй хооллолт гэдэг юу вэ гэдгийг мэдэж, хэвшүүлэх хэрэгтэй.

-Хүүхдийн йогийн талаар тодруулахгүй юу?

Хүүхдийн йог гэхээр мөн л амьсгал, хөдөлгөөн хоёрын нэгдлийг хэлнэ. Хүүхдүүд томчуудыг бодвол сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван. Хүүхдэд багаас нь амьсгалыг нь зөв дадуулахаар тархины цусан хангамж нь сайжраад илүү юмыг ойлгодог, бүтээлч болдог. Өөрийгөө илүү анзаардаг. Мөн өөрийгөө мэдэрч сурахыг багаас нь хүүхдүүдэд сургах шаардлага бий. Йогийн холбоо, Боловсролын яам хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Хүүхдүүд йог хийхэд одоохондоо мэдэгдэхгүй ч гэсэн цаашдаа маш үр өгөөж өндөртэй зүйл юм. Йогийг хүүхдэд зориулан тоглоомын аргаар явуулж болдог. Йогийн үеэр нэг хүүхэд маш их унтсан тохиолдол гарч байсан. Дэлгэцийн хамаарлаас үүдээд томчуудаас дутахаар гүй стресстэй хүүхдүүд ч байдаг. Йог хийгээд байхаар хүүхэд сайн унтаж, амарч чаддаг болдог. Йогт насны хязгаар байхгүй. Учир нь бүх насны хүнд хөдөлгөөн маш чухал шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны наймдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 27-ноос 2024 оны наймдугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

В.Зеленский: Курск мужид болсон ажиллагаа Орос улс иргэддээ яаж ханддагийг харууллаа DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины тусгаар тогтнолын өдөр тохиож ерөнхийлөгч Владимир Зеленский ард иргэддээ хандан үг хэлэв. Тэрээр “Украины зэвсэгт хүчний Курск муж дахь довтолгооны ажиллагаа нь тус мужийг оросууд эзлэхээс урьдчилан сэргийлж, бидэнд “солилцооны сан”-гаа нэмэх боломж олгосон” гээд Украины удирдагч Оросын нутаг дэвсгэрт явуулж буй ажиллагааны явцыг “маш эерэг” хэмээн үнэлж, уг байлдааны ажиллагаа Киевийн “төлөвлөгөөний дагуу” явагдаж байгааг онцлон тэмдэглэжээ.

Мөн Зеленский “Курск мужид болсон ажиллагаа Орос улс иргэддээ яаж ханддагаа дэлхий нийтэд харууллаа” гэж онцлов. Оросын нутаг дэвсгэрт орсон Украины цэргүүд нутгийн оршин суугчдад ус, хоол хүнс, эм тариа өгч байгаа бөгөөд үүний хариуд орос иргэд “Кадыровынхан бус, та нар энд байгаа нь сайн хэрэг” гэж хэлж байна” гэж хэлжээ.

Тэрээр мөн Кремлийн эхлүүлсэн дайныг хэрхэн дуусгах тухай өөрийн төсөөллийг хуваалцсан байна. Түүний үзэж буйгаар “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээж, Путин болон ОХУ-аас ирэх давтан түрэмгийллээс урьдчилан сэргийлж чадсаны дараа л дайны ажиллагааг зогсоож болно. Иймээс бид юуны түрүүнд ард түмний хохирол, цаг хугацаа алдахгүй байхын тулд Путины дайныг дипломат аргаар зогсоож болох бүх зүйлийг хийх болно. Хэрэв бидний энэ арга амжилтанд хүрэхгүй бол бид Путины армийг манай улсын нутаг дэвсгэрээс хүчээр хөөн гаргах болно” хэмээжээ.Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн “Өнөөдөр манай цоо шинэ зэвсгийн анхны цохилт амжилттай болж, энэ зэвсэг манай байлдааны хэрэглээ боллоо.Украины энэ шинэ зэвсэг бол “Паляница” пуужин-дрон. Энэ бол түрэмгийлэгчийн эсрэг хариу арга хэмжээ авах бидний шинэ арга” гэж хэлэв. Харин Зеленский энэхүү шинэ зэвсгээ ямар зорилгоор, хаана ашигласан талаар тодорхой зүйл хэлээгүй байна. Өнгөрсөн бямба гаригийн шөнө Оросын Воронеж мужийн Острогожский дүүрэгт зэвсгийн агуулах дроны цохилтод өртөн түймэр дэгдэж, дэлбэрэлт дөрвөн цагийн турш үргэлжилсэн билээ.

Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд тусламжийн 125 сая долларын шинэ багц нийлүүлж, ерөнхийлөгч Жо Байден Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Украины тусгаар тогтнолын баярын мэнд хүргээд “Орос улс энэ мөргөлдөөнд ялахгүй. Украины тусгаар тогтносон ард түмэн ялж, АНУ, холбоотнууд болон манай түншүүд Украин ялалтад хүрэх замд нь тэдний хажууд байнга байх болно” гэж хэлжээ.

Мөн өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Төрийн департамент, Сангийн яам, Худалдааны яамнаас Украинтай хийж байгаа дайнд Орост тусалж буй компани, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөн Орос, Хятад болон бусад улсын 400 гаруй хуулийн этгээд, хувь хүнийг шинээр хоригт хамруулж буйг зарлав. АНУ-ын Сангийн яамны орлогч дарга Уолли Адейемо“Орос улс эдийн засгаа Кремлийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлчилгээний хэрэгсэл болгон хувиргасан. Иймээс дэлхийн бүх компаниуд, санхүүгийн байгууллагууд болон эрх баригчид Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг дэмжихээс зайлсхийх хэрэгтэй” гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ. Шинэ хориг арга хэмжээний жагсаалтад орсон 123 компанийн 63 нь ОХУ-ынх бол 42 нь БНХАУ-ынх байгаа аж. Олон улсын судлаачид энэ үйл явдлыг “Украинд зэвсгээс илүү ач холбогдолтой тусламж” гэж дүгнэжээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Украины ерөнхийлөгчид утсаар ярьж “Тусгаар тогтнолын өдрийн баярын мэнд хүргээд “Фронтод болон гэртээ бас гадаадад байгаа бүх украинчуудад хандан хэлэхэд: Украинчуудын хоёр дахь гэр болоод буй Их Британи өнөөдөр байгаатай адил цаашид ч үргэлж та нартай хамт байх болно” гэж мэдэгджээ. Бас Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт “Канцлер Олаф Шольц Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж тусгаар тогтнолын өдрийн баяр хүргээд Герман улс Украинтай цаашид ч тогтвортой, гуйвашгүй эв нэгдэлтэй байх болно гэж хэлсэн” хэмээн мэдээлжээ.Украины баяраар Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда, Литвийн ерөнхий сайд, хадагтай Ингрида Симонитенар айлчилж, Киевийн София талбайд болсон Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулсан арга хэмжээн дээр Украйн хэлээр “Та өөрийн нутаг дэвсгэр, улс төрөө хамгаалж, бидний эх орон болох Литва, Польш нар манай улсуудыг төдийгүй Европ тив болон бүх ардчилсан ертөнцийг хамгаалж байна. Та бүхэнд итгэл, тэвчээр, мэдээж ялалт хүсэн ерөөе” гэж хэлжээ.

Литвийн ерөнхий сайд Ингрида Симоните “Киев энэ намар Литвээс 5000 орчим дрон хүлээн авахаас гадна есдүгээр сарын эхээр Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин, дроноос хамгаалах хэрэгслийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Вильнюс радарын тоног төхөөрөмж, мина илрүүлэх төхөөрөмж худалдан авахад зориулж 35 сая еврог Украинд хуваарилж байна” гэж мэдэгдэв. Мөн тусгаар тогтнолынхоо өдрөөр Украин 115 Азовын дайчдаа Курск мужид олзлогдсон Оросын 115 хугацаат цэргээр сольж авав. Харин энэ үеэр Оросын төрийн телевизүүд Владимир Путин ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимов болон түүний нэгдүгээр орлогч Сергей Рудский нарын илтгэлийг сонсож буй бичлэгийг дамжуулав. Харин Оросын төрийн телевизүүд анх удаа тэдний юу ярьж буйг бус зөвхөн дүрсийг нь дамжуулав.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн ястай мах 17500 төгрөгөөр худалдаалагдаж байна DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 2024 оны наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар.

Махны дундаж үнэ

2024 оны наймдугаар сарын 19-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14616 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17513 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буурч 17513 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар буурч 20295 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4082 төгрөг, дээд зэрэг нь 3116 төгрөг, I зэрэг нь 2402 төгрөг, II зэрэг нь 1512 төгрөгийн үнэтэй байна.

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, I зэрэг нь 2300 төгрөг, II зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

“Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.7 хувиар буурч 1903 төгрөг, монгол байцай 8.8 хувиар буурч 2005 төгрөг, монгол сонгино 4.0 хувиар буурч 3631 төгрөг, хүрэн манжин 6.6 хувиар буурч 3545 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлээд буй. Тухайлбал, Нийслэлийн сонгуулийн 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж, оролцох эрхээ авсан.

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжлэх юм.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчид баримт бичгээ 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлнэ